Өгүүлэл
Цар тахлаас чанагш: Монгол Улсын хүнсний тогтолцоог өөрчлөн сайжруулах нь
Монгол Улсын хүнсний тогтолцоог илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах боломж болгон хувиргах боломжтой.
Read more
Latest
Хэвлэлийн мэдээ
2021 оны наймдугаар сарын 22
Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр Увс аймгийн Малчин суманд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
Дэлгэрэнгүй
Хэвлэлийн мэдээ
2021 оны наймдугаар сарын 11
Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-аас гаргасан уриалга
Дэлгэрэнгүй
Хэвлэлийн мэдээ
2021 оны долдугаар сарын 08
“Монгол Улсын Хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг
Дэлгэрэнгүй
Latest
Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн зорилгууд
Тогтвортой хөгжлийн зорилгууд нь дэлхий дахинаа ядуурлыг устгаж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, энэ дэлхийн өнцөг булан бүрт буй хүн бүр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжийг олгоход дуудсан уриалга юм. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь дараах Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:
Өгүүлэл
2021 оны хоёрдугаар сарын 02
Хөл хорионы үеийн цахим сургалтын чанар хүртээмжийг сайжруулах нь
“Манай анги нийт 20 сурагчтай бөгөөд тэдний 13 нь малчин айлын хүүхдүүд” хэмээн нийслэл хотоос 1000 гаруй км-ийн алсад орших Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын дунд сургуулийн тавдугаар ангийн багш Бямбаа ярьж байв.
Малчин айлын олон мянган хүүхдүүд ойролцоох сумын төвийн сургуулийн дотуур байранд амьдарч суралцдаг билээ.
Гэвч КОВИД-19 цар тахлын аюул дэгдсэн 2020 оны нэгдүгээр сараас хойш Монгол Улсын хэмжээнд бүх шатны сургуулиуд хаалгаа барьж, 900 мянган хүүхэд зайнаас теле хичээлээр суралцах дэглэмд орсон билээ. Тэр цагаас эхлэн монгол хэл, математик, байгалийн ухааны зэрэг бүхий л хичээлийг үндэсний хэмжээний телевизийн сувгуудаар зааж эхэлсэн. Телевизийн сувгууд сурагчдын анги, насны бүлгээр ангилан холбогдох хичээлүүдийг нэвтрүүлж байна. Мөн удалгүй хичээлүүдийг цахим хэлбэрээр заах аргыг давхар ашиглах болсон.
Гэвч бүх хүүхэд теле болон цахим хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй байгааг судалгаа харуулжээ.
“Сургууль хаагдсан үед малчдын хүүхдүүд теле хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй байна” гэж Бямбаа багш хэлж байна. Тэрээр ихэнх малчдын хүүхдүүд өвлийн улиралд гэрийнхэнтэйгээ отроор өвөлждөг болохоор бүр ч илүү хүндрэлтэй болохыг дурьдлаа.
2020 оны есдүгээр сард хүүхдүүд хичээлдээ ороод удаагүй байтал дотоодод халдвар дэгдсэнээс шалтгаалан дахин хаасан билээ. Сургууль хаалттай байх тусам хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна.
Малчин айл өрхүүд нарны зай хураагуур, жижиг оврын эрчим хүчний үүсгүүрийг ашиглах нь нэмэгдсэн хэдий ч тэдгээр нь малчдын эрчим хүчний найдвартай эх үүсвэр болж төдийлэн чадахгүй байна. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэргүй байна гэдэг нь теле хичээл авах боломжгүй гэсэн үг юм. Тог цахилгаангүй өрхүүдийн хувьд интернет бол бүр ч хүртэшгүй тансаг хэрэглээ болж байна.
Тэгш бус нөхцөл
Теле хичээлийн чанар, хүртээмжийн талаар бас дутагдалтай талууд ажиглагдлаа. НҮБ-ын Хүүхдийн сангаас саяхан явуулсан судалгааны дүнгээс үзэхэд уг судалгаанд хамрагдсан нийт хүүхэд, эцэг эхчүүдийн таван хувь нь теле хичээл үзэх зурагт, электрон тоног төхөөрөмжгүй байсан бол судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн арван зургаан хувь нь зурагт, тоног төхөөрөмжтэй хэдий ч теле хичээлд оролцохгүй байгаа дүн гарсан. Хүүхдүүдийнхээ сургалтад хяналт тавих боломжгүй, завгүй ажилтай эцэг эхчүүдийн, эсвэл бага орлоготой болон малчин өрхийн хүүхдүүд ихэвчлэн теле хичээлд хангалтгүй оролцож байгааг судалгаа харуулжээ.
Мөн теле хичээл нь багш хүүхдүүдтэй харилцан ярилцах боломжгүй бөгөөд хичээлийн агуулга нь бага насны хүүхдүүдийн анхаарал, сонирхлыг татах талаар дутмаг байгаад зарим эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна. Түүнчлэн, теле хичээлүүд нь тусгай хэрэгцээтэй хүүхдүүд, үндэстний цөөнхийн хүүхдүүдийн боловсролын хэрэгцээг хангаж чадахгүй байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд НҮБ нь Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран цахим сургалт явуулах нөхцөл боломжийг сайжруулахад чиглэсэн илүү харилцан үйлчлэл бүхий хүртээмжтэй загвар ашиглах чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.
НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын хамтарсан төслийн хүрээнд цахим сургалтыг хүргэх эн тэргүүний хэрэгцээг тодорхойлох, цахим сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулгад эрүүл мэндийн боловсрол зэргийг тусгаж өргөжүүлэх, Монгол Улсын боловсролын талаар баримтлах бодлогыг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэж, алсын зайн болон цахим сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах талаар ажиллав.
НҮБ-ын Хүүхдийн сан нь өндөр чанар бүхий цахим сургалтын агуулгыг хөгжүүлэх, цахим сургалтын технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Үүний үр дүнд сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдүүдэд сонирхлыг нь татах интерактив цахим хичээл үзүүлэх боломжийг бүрдүүлсэн нь сайн шийдэл болсон юм. Цахим хичээлээр хүүхдүүд сурсан мэдсэнээ бататгах дасгал ажлыг бие даан хийх боломжтой.
“Хөдөө орон нутгийн дийлэнх хүүхдүүд зурагтаар бус ухаалаг гар утас болон бусад электрон тоног төхөөрөмж ашиглан хичээлдээ оролцож байна” хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэмдэглэсэн. Тэрбээр цааш нь, “Энэ нь хичээлийн агуулгыг танилцуулж байгаа арга барилд ихээхэн өөрчлөлт хийх шаардлага байгааг илэрхийлж байна” гэж хэлэв.
Тоглонгоо суралцах нь
“Миний хүү бага зэргийн аутизмтай учир түүнд теле хичээл үзэх тун амаргүй байсан” гэж гуравдугаар ангийн нэгэн сурагчийн ээж Т.Одцэцэг ярьж байлаа. “Гэсэн хэдий ч цахим сургалтын платформд тавигдсан хичээлүүд нь манай хүүхдэд хичээлийн сэдвүүдийг ойлгож, бие даан ажиллахад нь илүү хялбар болгож байна” гэлээ.
“Цахим хичээлээ үзээрэй хэмээн дуудахад хүү маань маш их баярладаг” хэмээн сургуулийн өмнөх насны буюу 4 настай хүүхдийн ээж Б.Уянга ярьсан юм. “Ялангуяа миний хүүд цаасан онгоц хийх дасгал маш их таалагдсан. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд тоглонгоо суралцдаг юм байна” гэв.
Интерактив цахим сургалтын талаар багш нар ч бас ам сайтай байгаа. “Манай ангийн хүүхдүүд шинэ контентуудыг илүү их сонирхож байгаа” хэмээн Жавзандолгор багш ярьж байлаа.
НҮБ-ын хамтарсан төслийн хүрээнд боловсруулахаар төлөвлөсөн нийт 104 хичээлээс одоогоор 86 нь бэлэн болж https://econtent.edu.mn сайтад тавигдсан. Үлдсэн хичээлүүдийг тун удахгүй боловсруулж дуусна. Энэ сайтыг 11-р сарын 25-нд нээснээс хойш тус сайтад 100 гаруй мянган хүн зочилсон байна.
НҮБ-ын Хүүхдийн сан нь цаашид боловсролын агуулгыг илүү өргөн хүртээмжтэй болгохыг зорьж байна. Сургалтын агуулга хөгжүүлэгчид ч аудио хичээлүүдийг боловсруулж, сонсох төхөөрөмж байхгүй хүүхдүүдийг радио хүлээн авагчаар хангах талаар ажиллаж байна.
Тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зайнаас суралцах нөхцөлийг бүрдүүлэх, мөн үндэстний цөөнхийн хүүхдүүд эх хэлээрээ зайнаас суралцах боломжоор хангах зорилго тавин ажиллаж байна. Одоогоор казах, тува хүүхдүүд эх хэлээрээ хичээл үзэх боломжтой болсон төдийгүй хичээлийн бүх агуулгыг дохионы хэлээр дамжуулж эхэлсэн. Үүний зэрэгцээ, НҮБ-ын Боловсрол, шинжлэх хаан, соёлын байгууллага нь тус улсын Засгийн газартай хамтран бүх нийтээр тэгш, хүртээмжтэй суралцах боломж нөхцөлийг хангахын тулд мэдээлэл харилцааны технологийн шийдлийг ашиглахаар хамтран ажиллаж байна.
Цар тахлын дараа
“Бидний зорилго бол хэнийг ч орхигдуулахгүй байх явдал” хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава тэмдэглэв. Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сан нь цахим сургалтын платформоор дамжуулан хүн амын эрүүл мэнд, бэлгийн боловсролыг дэмжин ажиллаж байна.
“КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэхэд нь Монгол Улсад НҮБ-аас үзүүлж буй дэмжлэгээ үргэлжлүүлнэ” хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэллээ. Тэрбээр цааш нь, “Энэхүү санаачилга нь цар тахлын үед ч, түүнээс хойш ч Монгол Улсын боловсролын салбарт хийх шинэчлэлийн хөдөлгөгч хүч болсоор байх болно” гэв.
1 of 3
Өгүүлэл
2021 оны хоёрдугаар сарын 19
Кoвид-19-ийн вакцин итгэл найдварыг бий болгож байгаа боловч бүхнийг шийдэх шидэт зүйл биш юм
Ковид-19-ийн цар тахал дуусах болоогүй байна. Дэлхий дахинд Ковид-19-ийн 100 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 2 сая гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Энэ бол зүгээр нэг тоо биш, үүний цаана хүмүүс байгаа. Халдвар авсан, эндсэн хүн бүр өөрийн гэсэн нэр, өөрийн гэсэн түүхтэй. Тэдгээр хүмүүс хэн нэгний аав, ээж, хүүхэд, ах, эгч эсвэл өвөө, эмээ нь юм.
Бид цар тахал гарснаас хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ өвчний талаар олон туршлага хуримтлууллаа. Вирусийн тархалтыг удаашруулах, зогсооход юу хийх шаардлагатайг бид мэддэг болсон. Амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, хүн хоорондын зай барих нь халдварын тархалтыг зогсоож, олон хүний амь нас эндэхээс сэргийлж байна. Хэдийгээр хөл хорио тогтоох, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх зэрэг хөл хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээ нь нийгэм, эдийн засгийн үр дагавар ихтэй ч бүх нийтээрээ дагаж мөрдсөн тохиолдолд халдварын тархалтыг зогсооход үр дүнтэй арга гэдгийг бид мэддэг боллоо. Гэвч цар тахлыг бүрэн зогсооход хялбар биш байна. Харамсалтай нь цар тахал дуусах болоогүй байна.
Ковид-19-ийн цар тахалтай хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа энэ үед вирустэй тэмцэх нэмэлт арга хэмжээ бидэнд итгэл найдварыг авчирч байна. Бид Ковид-19-ийн шинэ, аюулгүй, үр дүнтэй вакцины хөгжүүлэлтийн талаар өөдрөгөөр харж байгаа ч хүмүүс вакцин болон дархлаажуулалтын талаар олон асуулт тавьж байна. Эдгээр асуултад хялбар хариулт өгөх боломжгүй байна.
Бид 2021 оны ирэх саруудад вакцины эрэлт хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ хэт давна хэмээн таамаглаж байна. Тиймээс халдварт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй эрүүл мэндийн ажилтнууд, тэргүүн шугаманд ажиллаж байгаа албан хаагчид, хүндээр өвдөх эрсдэлтэй настангуудыг нэн түрүүнд вакцинд хамруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Ингэж эрэмбэлэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ачаалал үүсэхээс сэргийлж, хүмүүсийн амь насыг хамгаалах зорилготой. Ковакс механизмаар дамжуулан дээр дурдсан зорилтот бүлгийн хүн ам буюу Монгол Улсын нийт хүн амын 3 хувийг дархлаажуулах вакциныг ирэх саруудад аль болох хурдан оруулж ирж хангахаар зорин ажиллаж байна.
Үүний дараа энэ оны сүүлээр нийт хүн амын 20 хувь болох архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг хүндээр өвчлөх эрсдэл бүхий зорилтот бүлгийг дархлаажуулах вакциныг ханган нийлүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн ихэнх улс орнуудад хүн амаа дархлаажуулахад тодорхой цаг хугацаа шаардагдаж байна. Вакцины үйлдвэрлэл, хүргэлттэй холбоотой асуудлууд нь дархлаажуулалт хийх цаг хугацааг тодорхойгүй болгож байна.
Улс орны засгийн газар, ДЭМБ болон түншлэгч талууд хамтран Монгол Улс болон дэлхийн бусад улс орнуудад эхний ээлжийн вакциныг аль болох хурдан хугацаанд оруулж ирэхээр шаргуу ажилласаар байна. Гэхдээ вакцин дангаараа цар тахлыг таслан зогсоож чадахгүй. Вакцинжуулалтыг бидний өнөөгийн байнга хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй хавсруулан авч хэрэгжүүлснээр цар тахлын хариу арга хэмжээг бэхжүүлэх нэмэлт чухал хэрэгсэл болох юм.
Одоо мэдэгдэж байгаагаар Ковид-19-ийн эсрэг вакцинууд нь өвдөхөөс сэргийлэх боловч халдвар авахаас сэргийлж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь та вакцин хийлгэснээр өөрөө өвдөхөөс сэргийлэх боловч вирусийг бусдад тарааж болзошгүй гэсэн үг юм. Мөн ямар ч вакцин 100% үр дүнтэй байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс вакцин хийлгэсэн ч одоогийн бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна.
Хүн амын дундах халдварын тархалт, дэгдэлт бүртгэгдэж байгаа улс орнуудад хүн хоорондын зай барих, гарын эрүүл ахуйг сахих, өвдсөн тохиолдолд гэртээ байх, олон хүнтэй газраар явахгүй байх зэрэг өнгөрсөн хугацаанд дагаж мөрдсөн бүх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Халдварын тархалтыг зогсоосон, хязгаарласан улс орнуудад халдвар тархаж, дэгдэлт гарах эрсдэл байнга байсаар байна. Тиймээс бид энэ нөхцөл байдалд бэлэн байдлаа ханган, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Дархлаажуулалтад хамрагдсан хүн ам нэмэгдэж байгаа ч бид хамгаалах арга хэмжээгээ сулруулах ёсгүй. Цар тахлын улмаас газар бүрт хүмүүс туйлдан ядарч байна. Дэлхийн бүх улс орон аюулгүй болтол аль ч улс дангаараа аюулгүй болох боломжгүй юм. Улс орон бүр ихэнх хүн амаа дархлаажуулалтад хамруулах хүртэл халдварын тархалтыг удаашруулах, сэргийлэх зорилгоор өнөөгийн авч буй арга хэмжээгээ үргэлжлүүлэн бэлэн байдлаа хангах хэрэгтэй.
Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг хүн бүр үргэлжлүүлэн даган мөрдөж, бидний хамтдаа авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нийт хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тунгаан бодохыг Монгол Улсын ард түмнээс хүсэж байна. Цар тахлын үйл явцад нөлөөлөх хүч хүн бүрт байгаа.
Бидэнд хийх ажил маш их байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран Ковид-19-ийн цар тахлын эсрэг нягт хамтран ажилласаар байх болно. Бид бүгд хамтдаа.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такеши Каса
1 of 3
Өгүүлэл
2021 оны гуравдугаар сарын 23
Тэд бол манлайлагчид
Уянга 3 хүүхдийн ээж төдийгүй, хувиараа бизнес эрхлэгч. Тэрээр “Үр минь” брэндийн үүсгэн байгуулагч ба 2017 онд өөрийн бизнесээ 500,000 төгрөгтэйгээр эхэлж байжээ. Түүнийг бизнесээ эхлэх үед хүүхдүүд нь төрөөд удаагүй, нялх балчир байсан хэдий ч шантралгүйгээр 4 жилийн турш бизнесээ тасралтгүй үргэлжлүүлж байна.
Заримдаа хүмүүс түүнд "Бага насны 3 хүүхдийн хажуугаар, хувийн бизнес хийх нь хэцүү юм биш үү, одоохондоо больсон нь дээр юм биш үү" гэж хэлдэг ч, тэрээр "Xүүхдүүд маань миний мөрөөдлөөсөө хойш суух шалтгаан биш, харин ч урагш тэмүүлэх шалтгаан болдог" хэмээн ярьсан юм.
“Хүүхдүүд бидэнд тэвчээр хатуужлаас эхлээд бусдын төлөө байх гэх мэт маш олон зүйлийг сургадаг. Миний бодлоор эмэгтэйчүүд энэ чанараараа бизнесийн талбарт ч ялгарч чаддаг гэж боддог" хэмээн Уянга ярьж байна. Уянга бизнесээ эхлүүлснээс хойш том жижиг олон бэрхшээлтэй тулгарсан ч шантрах, орхих, болих талаар огт бодож байгаагүй гэв.
Уянга ээжтэйгээ өссөн ба өрх толгойлсон ээжүүд ямар бэрхшээл туулдгийг маш сайн мэддэг. Тиймээс ч ганц бие ээжүүд төдийгүй ямар ч насны ээжүүдтэй хамтран ажиллахдаа үргэлж баяртай байдаг. Тэдэнтэй уян хатан нөxцөлөөр хамтран ажиллахыг үргэлж хичээдэг хэмээн ярив.
Энэ жил цар тахлын хүнд үед Уянга, "Гоолингоо" бизнес групптэй хамтран гэртээ хүүхдээ харж буй 500 гаруй ээжид хувийн бизнесээ хэрхэн эхлүүлэх талаар сургалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд тус сургалтад хамрагдсан 5 оролцогч сургалтаас сурч мэдсэн зүйлээ ашиглан өөрсдийн бизнесээ эхлүүлээд байгаа аж.
Ирээдүйн төлөвлөгөөнийх нь талаар асуухад Уянга компаниа үндэсний хэмжээнд өргөжүүлэн тэлээд зогсохгүй 100 хувь дотоодын түүхий эд, материал ашигласан Монгол улсын нэр хүндрийг өргөсөн брэндийг гаднын зах зээлд экспортлохыг зорин ажиллаж байгаагаа бахархалтайгаар ярьсан юм.
МҮОНТ-ийн Гэр бүл сувагт өгсөн Уянгын ярилцлага
Дэлгэрцэцэг багаасаа л цагдаа болохыг мөрөөддөг байжээ. Учир нь түүний аав цагдаагийн байгууллагад 32 жилийн турш тасралтгүй ажилласан нэгэн эрхэм бий. Дэлгэрцэцэг бага наснаасаа аавынхаа хэрхэн ажиллаж, бусдад хэрхэн хүндлэгдэж буйг харж өссөн бөгөөд энэ нь түүний мэргэжил сонголтод нөлөөлсөн гэв.
Дэлгэрцэцэг 2008 оны намар мөрөөдлөө биелүүлж Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст жижүүрийн цагдаагаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн. Түүнээс хойш 10 гаруй жилийн турш цагдаагийн албан хаагчаар ажиллаж байна. Түүнчлэн, Дэлгэрцэцэгийн гэр бүлийн хүн мөрдөн байцаагчаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст ажиллаж байгаа бөгөөд тэд гэр бүлээрээ олон нийтийн аюулгүй байдлын төлөө зүтгэж байна.
Дэлгэрцэцэгийн сэтгэлийг хамгийн ихээр зовоодог зүйл бол Монгол улсад гэр бүлийн хүчирхийллийн тоо буурахгүй, тасралтгүй өсч байгаа явдал хэмээн тэрээр хэлсэн бөгөөд “эхнэр нөхөр хоёр бие биенээ илүү сайн ойлголцож, тэдний харилцаа хүчирхийлэл болж хувирахаас өмнө сайтар ярилцаж асуудлаа шийдвэрлэж сурах хэрэгтэй” гэж тэрээр зөвлөж байна. Гэр бүлийн уур амьсгалаа сайн сайхан байлгахыг хичээж, алхам бүрээ анхаарч чадвал гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл аяндаа байхгүй болно гэдэгт Дэлгэрцэцэг итгэдэг.
Тэрээр архины хамаарал гэр бүлийн хүчирхийлэл ихсэхэд томоохон түлхэц болж байгааг бас онцлов.
Монгол Улс 2020 оны 11-р сараас эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжин цагдаа болон бусад төрийн албан хаагчдыг дайчлах замаар хатуу хөл хориог тогтоосон билээ. Энэ үеэс эхлэн одоог хүртэл Дэлгэрцэцэг болон түүний гэр бүлийн хүн тасралтгүй эргүүлд гарч ажилласаар байна.
Дэлгэрцэцэг болон түүний нөхрийн хувьд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг, хүүхдээ асрах цаг, цар тахлын үед улам хомс болж буй. Тэд цар тахлын эсрэг олон нийтийг аюулгүй байлгахын төлөө ажиллаж байгаа олон мянган хүмүүсийн төлөөлөл билээ. Цар тахлын хүнд хэцүү үед өглөө үүрээс эхлэн, үдэш бүрий болтол Дэлгэрцэцэг нөхрийн хамт ажил үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хооронд тэдний том охин гэрийн ажлыг хариуцан, нялх дүүгээ харж хандахад аав ээждээ тусалж байгаа аж.
Дэлгэрцэцэг болон түүний нөхөр "Залуу хосуудад бие биедээ хүндэтгэлтэй хандах харилцаа байгаа цагт гэр бүл аливаа асуудлыг даван туулж чадна" гэж үздэг ажээ. Тэд завгүй хуваарьтай ажилладаг тул тэдэнд баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр хамтдаа байх боломж тэр бүр байдаггүй. Гэсэн хэдий ч үүнд хэн нэгэн нь бухимдах, уурлах асуудал гаргадаггүй. Бие биенийхээ ажилд үргэлж хүндэтгэлтэй ханддаг хэмээн ярилаа.
Дэлгэрцэцэг бусад хүмүүсээс өөр ажлын санал авч байсан удаа цөөнгүй бий гэв. Гэвч тэр насан туршийн мөрөөдлөө орхихыг хүсэхгүй байгаа бөгөөд ажилдаа чин сэтгэлээсээ дуртай. Тэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалахад өөрийнх нь гүйцэтгэх үүрэг маш их гэдэгт итгэдэг.
МҮОНТ-ийн Гэр бүл сувагт өгсөн Дэлгэрцэцэгийн ярилцлага
Одончимэг бусдад туслах хүслээсээ үүдэн Нийгмийн ажилтан гэх мэргэжлийг сонгон ажиллаж эхэлжээ. Тэрээр сүүлийн 14 жилийн хугацаанд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд өдөр бүр өөрийн хариуцдаг хорооныхоо хүнд нөхцөлд амьдарч буй эмзэг бүлгийн хүмүүст, тэр дундаа ганцаараа амьдардаг ахмад настнууд, өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүчирхийлэлд өртөгсөд болон үйлдэгчдэд туслалцаа үзүүлж байна.
Одончимэгийн өдөр тутмын ажил нь олон цагаар гадуур явах ба айлуудаар очиж эргэх, нөхцөл байдалтай танилцаж үнэлэх, шаардлагатай тусламж үзүүлдэг байгууллагуудтай иргэдийг холбох явдал юм.
Үүнээс гадна, Одончимэг гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлууд дээр ажиллахдаа тэдний амьдралын нөхцөл байдалд мэдрэмжтэй хандаж, даван туулагч болон хүчирхийлэгчийн аль алиныг ойлгон, туслахыг хичээдэг. Жил ирэх тусам хүчирхийлэлд өртсөн хүмүүс өөрсдийгөө хамгаалуулах зорилгоор дуудлага өгөх нь нэмэгдэж, энэ талын илрүүлэлт сайжирч байгааг тэр онцлов.
Гэсэн хэдий ч хүчирхийлэлд өртөгчдийн эрхийг хамгаалсан холбогдох хууль тогтоомжийн талаар олон нийтийн дунд мэдлэгийн зөрүү байсаар байгааг тэр онцлов. Нийгмийн ажилтнууд болон бусад анхан шатны албан тушаалтнууд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тал дээр шуурхай ажиллах шаардлагатай байгааг тэрээр онцлов.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл илт нэмэгдэж байгаа нь COVID-19 хөл хорионы үеэр түлхүү ажиглагдсан байна. Одончимэг тусламж хүсч буй хүчирхийллийг даван туулагч хүмүүст нийгмийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүчирхийлэл үйлдэгчидтэй идэвхтэй хамтран ажиллахыг хичээдэг.
Тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зан үйлийн эмгэг болон архины хамааралтай хүмүүст хандлага, зан үйлийг нь өөрчлөхөд нь туслах, дэмжлэг үзүүлэх сургалтыг санаачлан зохион байгуулахаас гадна дэмжих бүлгийг хороондоо үүсгэн байгуулжээ. "Эхэндээ амаргүй ажил байсан хэдий ч эерэг үр дүнгүүд эхнээсээ гарч эхэлсэн" гэдгийг тэр онцлов. Ажилдаа сэтгэлээсээ хандан, санаачлага гарган ажиллаж чадвал нийгэмд сайн сайхан өөрчлөлтүүд гарсаар байх болно гэдэгт Одончимэг итгэдэг.
Тэрээр шөнийн цагаар эсвэл амралтын өдрүүдэд ажиллах тохиолдол тун элбэг. Гэвч тэр бүрт "Xэцүү байна, энэ ажлыг больё гэсэн бодол төрдөггүй, харин ч бусдын төлөө энэ ажлыг хийж байна гэж бодохоор урам зориг авдаг" хэмээн ярилаа.
Одончимэг нийгмийн ажилтан байж, хүмүүст амьдралаа сайн сайхан болгоход туслах нь түүний хувьд нэр төрийн хэрэг гэж үздэг.
МҮОНТ-ийн Гэр бүл сувагт өгсөн Одончимэгийн ярилцлага
--------
Эмэгтэйчүүдийн манлайллыг алдаршуулах, тэмдэглэх сарын аяны хүрээнд НҮБ-ын Хүн амын сангаас ХНХЯ болон МҮОНТ-ийн Гэр бүл сувагтай хамтран бэлтгэв. Энэхүү нийтлэл анх НҮБ-ын Хүн амын сангийн вэбхуудаснаа нийтлэгдсэн болно.
1 of 3
Өгүүлэл
2021 оны зургаадугаар сарын 18
Цар тахлаас чанагш: Монгол Улсын хүнсний тогтолцоог өөрчлөн сайжруулах нь
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа нарын хамтран туурвисан нийтлэл
Хоол хүнс бол зөвхөн иддэг зүйл төдий бус, харин бидний соёл, эдийн засаг, мөн байгаль ертөнцтэй харилцах харилцааны үндэс суурь билээ. Мэргэжилтнүүд “хүнсний тогтолцоо” гэж бүхэлд нь нэрлэдэг, бидний хоол хүнсээ үйлдвэрлэх, боловсруулах, хэрэглэх үйл ажиллагаа хүний амьдралын бүхий л хүрээнд нөлөөлж байдаг. Эдгээр үйл ажиллагаа зөв зохистой байвал хүнсний тогтолцоо нь хүнсний аюулгүй байдал, хоол хүнсийг хангаж, бидэнд өсч төлжих, идэвхтэй, эрүүл чийрэг байх нөхцөлийг бүрдүүлдэг. Харин хүнсний тогтолцоо доголдох үед үүдэн гарах хямрал нь бидний боловсрол, эрүүл мэнд, эдийн засагт, мөн хүний эрх, энх тайван, аюулгүй байдалд заналхийлдэг бөгөөд хамгийн сул дорой, эмзэг хүмүүст илүүтэй нөлөөлдөг.
“Хүнсний тогтолцоо” гэж юу билээ? Энэ нэр томъёо тариалах, өсгөн үржүүлэх, хоол хүнс бэлтгэхээс эхлээд хэрэглэх хүртэлх бүхий л шатанд оролцдог хүн бүр, үйл явц бүрийг багтаадаг бөгөөд хог хаягдлаараа юу хийж байгаа маань хүртэл энд хамаатай. Энд тариаланчид, малчид, боловсруулагчаас эхлээд дэлгүүрийн кассчин хүртэл, тээрмээс хөргүүртэй ачааны машин, цаашилбал айл хөршүүдийн хүнсний хаягдлаараа бордоо хийх төхөөрөмж хүртэл багтана. Хэдэн зуун мянган монголчууд хүнсний тогтолцооны хүрээнд амьдралаа залгуулж байна. 2020 оны байдлаар хөдөө аж ахуйн салбар дангаараа ажлын байрны 24 хувийг эзэлж, Монгол Улсад үйлдвэрлэсэн нийт нэмүү өртгийн 12 орчим хувийг бүрдүүлж байв[1].
КОВИД-19 цар тахлын зүгээс хүнсний тогтолцоонд учруулж буй дарамт нь уг тогтолцооны эмзэг байдал, сорилт бэрхшээлүүд болон тэдгээрийн хүмүүс, гариг ертөнц, хөгжил цэцэглэлтэд үзүүлэх нөлөө харилцан уялдаа холбоотой болохыг бидэнд тодорхой харууллаа. КОВИД-19 цар тахлаас шалтгаалсан хүнсний тогтолцооны доголдлын улмаас олон хүн, ялангуяа цар тахлаас өмнө ч хүнд байдалд байсан хүмүүс ажилгүйдэл, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдлээ. НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаын судалгаанаас үзэхэд, КОВИД-19-ийн хямралын үеэр Монгол Улсын нийт өрхийн 72 хувь нь хоол хүнсээ танахад хүрсэн байна.
Үүнээс ч олон хүний хоол хүнс, шим тэжээлийн аюулгүй байдал алдагдахад КОВИД-19 түлхэц өгсөн байж болох ч энэ нь асуудлын суурь шалтгаан биш юм. Монгол Улсын хүнсний тогтолцоо КОВИД-19 цар тахлаас ч өмнө хэдийн доголдсон байсан. 2018 оны байдлаар нийт хүн амын 28.4 хувь нь ядуу амьдарч, бараг дөрвөн монгол хүн тутмын нэгийнх нь хүнсний баталгаагүй байдал дунд буюу ноцтой түвшинд хүрсэн байв. Гэтэл үүний зэрэгцээ таргалалттай, эсвэл хоол хүнстэй холбоотой өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Монголчуудын 55 хувь нь илүүдэл жинтэй, 20 хувь нь таргалалттай байна. Монгол Улсад цагаас эрт нас баралт 32 хувь байгаа нь бага орлоготой орнуудын дунд хоёрдугаарт орох үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ бид хоол хүнсний нэлээд хэсгийг хаягдал болгон хаяж байна. Зуны улиралд Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын 36 хувийг хүнсний хаягдал эзэлдэг[2].
Уур амьсгалын өөрчлөлт хүнсний тогтолцоонд ихээхэн нөлөөлж, зуд, ган, үер, салхи шуурганы давтамж нэмэгдэж, улам ширүүсч байна. Жишээлбэл, Монгол Улсад хамгийн хүнд өвлийн нэг 2021 онд тохиож, 1.5 сая толгой мал хорогдлоо. Гэхдээ өнөөгийн хүнсний тогтолцоо асуудлын бас нэг хэсэг юм. Монголын Улсад хүлэмжийн хийн 49 хувийг хөдөө аж ахуйн салбар дангаараа ялгаруулж байна.
2019 оны 10 дугаар сарын 16-нд Дэлхийн хүнсний өдрөөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хүнсний тогтолцооны асуудлаар дээд хэмжээний чуулга уулзалтыг 2021 онд хуралдуулахаар зарлалаа. Хүнсний тогтолцоог сайжруулан хөгжүүлэх асуудал улс орнуудын Тогтвортой хөгжлийн зорилт 2030-ыг хэрэгжүүлэх хүчин чармайлтын төвд байх ёстойг улам бүр хүлээн зөвшөөрснөөр энэхүү шийдвэр гарсан билээ. Жишээлбэл, 2019 оны Дэлхийн Тогтвортой Хөгжлийн Тайланд хүнсний тогтолцоо, хооллолтын хэв маяг бол дэлхий даяар илүү тогтвортой замналд шилжин орохыг түргэтгэх эхлэлийн гол цэг гэж тодорхойлсон байна[3]. Түүнчлэн Тогтвортой Хөгжлийн Улс төрийн өндөр түвшний 2018 оны Чуулга уулзалтаас гарсан Сайд нарын тунхаглал[4] нь НҮБ-ын гишүүн орнууд болон оролцогч бүх талуудад хүнсний тогтвортой тогтолцооны хандлагыг хэрэгжүүлэхийг уриалсан билээ.
Монгол Улс үлдсэн хугацаанд Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлье гэвэл хүнсний тогтолцоогоо өөрчлөх ёстой. Хоол хүнсээ хэрхэн үйлдвэрлэж, боловсруулж, зах зээлд нийлүүлж, хэрэглэж, хог хаягдлаа хэрхэн устгаж байгаагаа бид нэн даруй эргэн харах шаардлагатай болжээ. Бид КОВИД-19-ийн хямралыг Монгол Улсын хүнсний тогтолцоог илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах боломж болгон хувиргах хэрэгтэй байна.
Хүнсний тогтвортой тогтолцоонд шилжих бага бус, хэдийнээ хэрэгжээд эхэлсэн нөөц боломж Монгол Улсад бий. Энд технологийн шинэчлэл, эдийн засгийн урамшууллын стратеги, хэрэглээ уялдаа холбоотой бөгөөд оролцоотой засаглал, мөн зан үйлийн өөрчлөлт шаардагдана. Хөдөө аж ахуйг тогтвортой эрчимжүүлж, хөдөө аж ахуйн үнэ цэнийн сүлжээг бэхжүүлснээр нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжин, импортын хүнсний бүтээгдэхүүнээс хамааралтай байдлыг бууруулж, улмаар өсөн нэмэгдэж буй хүн амын хүнсний хэрэгцээг хангах, хөдөөгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд туслах болно. Хүнсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн нөөцийн менежментийн асуудлыг харилцан уялдаатай шийдвэрлэхэд бодлого, институцийн уялдаа холбоо амин чухал үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газраас эдгээр нөхцөл байдал, сорилтыг харгалзан үзэж, иргэдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах зорилго бүхий ‘Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн’ үндэсний хөтөлбөрийг 2019 онд баталсан билээ. Хүнсний тогтвортой тогтолцооны талаар үндэсний хөгжлийн бодлогод, түүний дотор Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын “Алсын хараа-2050” болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдэд тусгаад байна.
Мөн салбар бүрт оролцогч талууд хүнсний тогтвортой тогтолцоог дэмжих чиглэлээр ажиллаж, зан үйлээ өөрчилж эхэлсэн нь сайшаалтай. Хүнсний тогтолцоо бол хүмүүсийг гариг ертөнцтэй холбох хамгийн хүчтэй холбоосын нэг мөн гэдгийг Засгийн газар болон бусад оролцогч талууд улам ихээр ойлгох болж, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгохын зэрэгцээ байгаль орчныг хамгаалсан арга барилаар нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсч байна. Монгол Улсын Засгийн газар бүсийн түвшинд болон хувийн хэвшлийн хүрээнд хүнсний тогтолцооны талаарх хэлэлцүүлгүүд зохион байгуулсан бөгөөд залуустай болон иргэний нийгэмтэй хийсэн бие даасан хэлэлцүүлгүүдэд олон тал идэвхтэй оролцож байгаа нь ч үүнийг нотлон харууллаа.
2021 оны 7 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулж буй үндэсний хүнсний тогтолцооны талаарх хэлэлцүүлгүүд нь энэхүү өргөжин тэлж буй хөдөлгөөнд тулгуурлан Тогтвортой Хөгжлийн Зорилт 2030-ийн хэрэгжилтийг түргэтгэхэд олон нийтийн хүчийг дайчлах болон хариуцлагатай үүрэг амлалт авах таатай боломж бүрдүүлж байна. Монгол Улсын үндэсний хүнсний тогтолцооны талаарх хэлэлцүүлгээс гарсан баримт нотолгоо, санаа бодол, үүрэг амлалтууд нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сард зарлан хуралдуулах Дэлхийн хүнсний тогтолцооны асуудлаарх дээд хэмжээний Чуулга уулзалтад хувь нэмэр оруулах болно. Мөн хамгийн чухал нь Монгол Улсын хувьд үндэсний хүнсний тогтолцоогоо өөрчлөн сайжруулах, Тогтвортой хөгжлийн бүх зорилтыг хангахад ахиц дэвшил гаргах хөшүүрэг болохуйц шинэлэг арга хэмжээ, шийдэл, стратегийг олох, хэрэгжүүлэхэд нь туслах болно.
[1] Why Food Systems Matter https://summitdialogues.org/overview/dialogues-and-the-food-systems-summit/why-food-systems-matter/
[2] ADB, Mongolia: Ulaanbaatar Community Food Waste Recycling Project https://www.adb.org/sites/default/files/project-documents/51102/51102-001-pam-en.pdf
[3] Independent Group of Scientists appointed by the Secretary-General, Global Sustainable Development Report 2019: The Future is Now – Science for Achieving Sustainable Development, (United Nations, New York, 2019). https://sustainabledevelopment.un.org/content/documents/24797GSDR_report_2019.pdf
[4] Ministerial declaration of the 2018 high-level political forum on sustainable development, convened under the auspices of the Economic and Social Council, on the theme “Transformation towards sustainable and resilient societies” https://www.un.org/ga/search/view_doc.asp?symbol=E/HLS/2018/1&Lang=E
1 of 5
Өгүүлэл
2021 оны тавдугаар сарын 26
Монгол Улсын цэнхэр дуулгатнуудад талархъя
Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг 5 сарын 28-29-ний өдрүүдэд тэмдэглэж байна.
НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оролцуулсан алба хаагчдынхаа тоогоор дэлхийд 23-рт жагсаж буй Монгол Улсын хувьд энэ өдөр чухал ач холбогдолтой өдөр юм. 2021 онд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой, Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй нь энэхүү өдрийг тэмдэглэх учрыг улам илүү өргөн агуулгатай болгож байна.
"Монгол дахь НҮБ-ын нэрийн өмнөөс нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах, энхийг дэмжих зорилгоор дэлхийн хамгийн хүнд хэцүү цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн, одоо гүйцэтгэж буй Монгол Улсын нийт энхийг сахиулагчдад гүн талархал илэрхийлж, тэдний даян дэлхийд энх тайвныг тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна" гэж НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра баярын илгээлтдээ онцлов.
“2014 онд Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур муж дахь цэргийн хээрийн эмнэлэгт монгол эмч, сувилагчдын хамтаар НҮБ-ын ажилтнууд болон энгийн иргэд гээд нийт 6000 гаруй хүмүүст эмнэлгийн тусламж хүргэж ажилласандаа бахархалтай байна” гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 2 шатлалын эмнэлэгт жагсаал анги тоо бүртгэгчээр ажилласан Ахлагч Б. Дуламсүрэн өгүүллээ.
Тэрбээр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон нийт 732 монгол эмэгтэй алба хаагчдын нэг юм. Өнөөг хүртэл дэлхийн зөрчил мөргөлдөөнтэй бүс нутгуудад Монгол улс нийтдээ 18,000 гаруй энхийг сахиулагчдыг илгээсэн.
Одоогийн байдлаар Монгол Улсаас Абиеэ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Бүгд Найрамдах Өмнөд Судан, Баруун Сахар, Йеменд явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 орчим цэрэг, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
“БНӨСУ болон бүс нутагт байгаа тоолж баршгүй олон иргэд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд итгэж, найдаж ирсэн бөгөөд одоо ч өөрсдийн аюулгүй байдлаа даатгасан хэвээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын үнэнч үүрэг гүйцэтгэл нь НҮБ болон Монгол Улсын аль алиных нь бахархал юм,” гэж НҮБ-ын Энхийн ажиллагаа хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан-Пьер Лакруа баярын илгээлтдээ онцолжээ.
“БНӨСУ-д Хуягт тээвэрлэгчдийн ротод цуваа хамгаалалт болон энгийн иргэдийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байхдаа Засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэлийнхэн хүчээр цэрэгт элсүүлэхээр энгийн 3 иргэнийг барьцаалж авч явсныг зогсоож, гэрт нь аюулгүй хүргэж чадсандаа би ямагт бахархдаг” гэж Сьерра Леон болон Өмнөд Судан улсад 2009, 2016-2017 онуудад тус тус алба хаасан Ахлах ахлагч Г. Цасбаяр ярьлаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн ажиглагч офицер Ахмад Ч. Сэрээнэн НҮБ-ын мандат доор 2019-2021 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь НҮБ-ын UNMISS ажиллагаанд оролцсон бөгөөд тэрбээр, дэлхий нийтээр Ковид-19 цар тахал тархсан хүнд цагт зөрчил мөргөлдөөнтэй бүс нутагт үүрэг гүйцэтгэхдээ цар тахлын аюулын талаар орон нутгийн удирдлага болон иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж, тэдний дунд цар тахлын аюул тархахаас урьдчилан сэргийлэх, халдварын тархалттай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлсэндаа бахархалтай байна гэв.
Энэ жилийн Энхийг сахиулагчдын олон улсын өдрөөр НҮБ-ын зүгээс залуу энхийг сахиулагчдын гүйцэтгэж буй үүрэг оролцоонд өндөр ач холбогдол өгч байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илгээлтдээ залуу энхийг сахиулагчид, түүний дотор залуу эмэгтэй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолсон юм.
"Эрч хүч, шинэлэг санаагаар дүүрэн, улс төрийн үйл явцад утга учиртай төлөөлөл, оролцоог хангахын төлөө уйгагүй хөдөлмөрлөж буй нийт залуучуудад үлгэр дуурайлал болж явдаг энхийг сахиулагч залуучуудаа би биширч явдаг" гэж Жан-Пьер Лакруа хэлэв.
Дашрамд хэлэхэд, НҮБ-ын Ерөнхий ассемблей нь 1948 онд НҮБ-ын анхны энхийг сахиулах үүрэг гүйцэтгэгч НҮБ-ын Энхийг сахиулах байгууллага (UNTSO) Палестинд үйл ажиллагаагаа эхлүүлсэн болох 5-р сарын 29-ны өдрийг НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон юм.
Тэр цагаас хойш 1 сая гаруй эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд НҮБ-ын 72 энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, олон сая хүнд шууд нөлөөлж, тоо томшгүй олон хүний амь насыг авран хамгаалжээ. Эдүгээ, НҮБ-ын Энхийг сахиулах 12 ажиллагаанд 89,000 гаруй иргэний, цэрэг, цагдаагийн алба хаагч оролцож байна.
Энэ сарын 27-ны өдөр НҮБ-ын Төв байранд 1948 оноос хойшхи хугацаанд амь эрсэдсэн 4000 гаруй энхийг сахиулагчид, тэдний дунд өнгөрсөн жил НҮБ-ын далбаан дор алба хаах үедээ амь насаа алдсан 130 цэрэг, цагдаа, иргэний энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүллээ.
Холбоо барих:
Д. Соёлмаа
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын мэдээлэл харилцааны ажилтан, и-мэйл: Soyolmaa.dolgor@un.org
Дуглас Коффман, НҮБ-ын мэдээлэл харилцааны хэлтэс -+1 917 361- 9923, e-mail: coffmand@un.org; or
Хектор Калдерон, Энхийн ажиллагааны хэлтэс +1 917 226 5219 e-mail: hector.calderon@un.org
1 of 5
Өгүүлэл
2021 оны тавдугаар сарын 20
Хөрс хамгаалал нь оновчтой шийдэл
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкирын нийтлэлийг толилуулж байна.
“Цөлжилт” гэдэг үгийг сонсоод танд юу бодогдоно вэ? Арвин их тариалангийн талбайг элсэн манхан аажмаар хучиж байх мэт? Сахарын цөл болон Говь цөл, Африк, Азийн нутаг дэвсгэрийг булаан эзэлж байх мэт? Гол мөрөн, булаг шанд хатаж ширгэж байгаа мэт? Мэдээж эдгээр нь их үзэгдлийн нэгээхэн хэсэг билээ. Гэхдээ цөлжилтийн гол үр дагавар нь газрын доройтол бөгөөд үүний улмаас газрын хөрс маш ихээр эвдэрч, амь амьдралыг тэтгэх чадвараа алдана гэсэн үг юм.
Хөрс бол зөвхөн шороо биш юм. Хөрс эрүүл байж гэмээ нь эх дэлхий маань эрүүл байх нь зайлшгүй. Бидний хөл доор гишгэгдэн байгаа газарт маань ургамал, амьтад, нүдэнд үл үзэгдэх олон түмэн бичил биетнүүдийн амьдралын далд ертөнц өрнөн байгаа билээ. Чухам эдгээрээс бидний амьдрал ихээхэн хамааралтай. Тэр бүр хайхраад байдаггүй энэхүү их нөөц баялаг нь хөдөө аж ахуй болон хүнсний үйлдвэрлэлийг гол тэжээн тэжээгчид юм. Энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг шингээж зохицуулахаас гадна ургамал, амьтад, хүн төрөлхтний эрч хүчийг хэвээр хадгалахад тус дэм болж өгдөг.
Өнөөгийн байдлаар манай дэлхийн газар нутгийн тавны нэгээс илүү хувь нь, түүний дотор хөдөө аж ахуйн зориулалттай нийт газар нутгийн талаас илүү хувь нь хөрсний доройтолд ороод байна. Жилд 12 сая гаруй га газар нутаг цөлжилт, газрын доройтол, хуурайшилтад нэрвэгдэж байна. Энэ байдал ялангуяа, хөгжиж буй орнуудын амьдрал ядуу, хөдөө орон нутагт оршин суугч 3 тэрбум гаруй хүмүүсийн амьдрал ахуйд маш хүндээр тусч байна. Үүний зэрэгцээ газар нутгийнхаа орчин нөхцөлийг үл хайхарч шууд тариалангийн талбай болгон хувиргаж байгаагаас үүдэлтэйгээр агаар мандалд нүүрсхүчлийн хий болоод азотлог ислийг ялгаруулахад хүргэж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгаж, биологийн олон янз байдлыг алдагдуулж, халдварт өвчин дэгдэхэд нөлөөлж байна. Энэ бүхэн нь ундны усны хангамж, амьжиргаанд аюул учруулаад зогсохгүй, байгалийн гамшиг, байгалийн гамшигт үзэгдлийг даван туулах та бидний эрч хүч, чадавхыг эрсдэлд оруулж байна.
Хэрэв бид одоо л амжиж дорвитой алхам хийхгүй бол нөхцөл байдал улам л уруудах болно. Ирэх 25 жилийн хугацаанд газрын доройтлын уршгаар дэлхийн хүнсний үйлдвэрлэл 12 хувиар буурч, дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 хувиар өсөхөд хүргэж болзошгүй юм. Бид хэт тайвшрах юм бол Тогтвортой хөгжлийн зорилгод хэзээ ч хүрч чадахгүй болно.
Гэхдээ найдлага тасрах болоогүй бөгөөд хамтын хүчээр хийж бүтээх ажил олон байна. КОВИД-19 халдвараас сэргийлэх вакциныг маш хурдтайгаар хөгжүүлж чадсаны нэгэн адил хүсэл зорилго, нөөц бололцоогоо дайчлан гар нийлж хүчээ нэгтгэж чадвал хүн төрөлхтөн гайхамшгийг бүтээж болохыг бид мэдэрсээр байгаа.
2030 он гэхэд 350 сая га доройтсон газар нутгийг нөхөн сэргээх замаар 13-26 гигатонн хүлэмжийн хийг агаар мандлаас цэвэрлэх боломж бий. Газар нутгийг нөхөн сэргээх чиглэлээр өндөр ур чадвар шаардахгүй, хөдөлмөр ихээр шингээх төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах нэг ам.доллар тутмаас наад зах нь 9 ам.долларын эдийн засгийн үр ашгийг бүтээх боломж байна. Газар нутгийг нөхөн сэргээснээр олон салбарт ногоон ажлын байр бий болгоод зогсохгүй илүү шим тэжээллэг хүнс тариалах, ундны усны аюулгүй байдлыг хангах, биологийн олон янз байдлыг устах аюулаас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох боломжийг бүрдүүлнэ.
Жимс, хүнсний ногооны найдвартай хангамж үргэлж шаардагдаж байдаг хот суурины оршин суугчид, үзэсгэлэнт далдуу модоор хүрээлэгдсэн тусгай хамгаалалттай газрын наран шарлагын газарт жуулчдад үйлчилж бизнес эрхлэн амьжиргаагаа залгуулж байдаг арлын зочид буудлын эзэд, байгалиас гаралтай эмийн зүйлээс амь амьдрал нь үргэлжийн хамааралтай эмнэлгийн өвчтөнүүд хэн нь ч байлаа гэсэн нэг л зүйл маш тодорхой байна. Хорвоо ертөнц дээр хэн ч бай, юу ч бай газартай холбоогүйгээр оршин тогтнох боломжгүй гэсэн ганц үнэн.
Тэгэхээр та газар шороо, хөрсөө хамгаалахын тулд юу хийж чадах вэ? Хамгийн энгийн нэг алхам бол хоол хүнсээ хог хаягдал болгохгүй байх явдал юм. Учир нь бидний хаяж буй хоол хүнсийг үйлдвэрлэхийн тулд тариаланчид маань ихээхэн газар ашиглаж тэр хэмжээгээрээ хөрсийг нь ямар ч үр ашиггүйгээр доройтуулсаар байх болно. Хэрэв та хот суурин газрын оршин суугч бол дээвэр дээрээ ногоон цэцэрлэг, таримал ногоон байгууламж байгуулах зэрэг шинэлэг аргуудыг ашиглан хотоо ногоон болгохын төлөө нутгийн удирдлагуудтайгаа хамтран ажиллах боломжтой.
НҮБ-ын ажлын нэг чухал хэсэг бол газрын доройтлыг нөхөн сэргээх явдал юм. Ирэх саруудад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенц (UNCCD), Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенц (UNFCCC), Биологийн олон янз байдлын тухай Конвенц (CBD) зэрэг Риогийн гурван Конвенцын хэрэгжилтийг хэлэлцэх томоохон чуулга уулзалтуудыг нэг жилд багтаан анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ нь байгаль дэлхийнхээ нөхцөл байдал, эрүүл байдлыг хэрхэн сайжруулах, улмаар оршин тогтнолоо хамгаалахын тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодох онцгой боломж юм.
Миний хувьд энэ оны 5-р сарын 20-нд Нью-Йорк хот дахь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимд цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх өндөр түвшний чуулга уулзалтыг зохион байгуулна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалт нь өмнөх ололт амжилтдаа тулгуурлан, хамтын хүчин чармайлт шаардлагатай хэсгийг олж тодруулан, Риогийн гурван Конвенцын хэрэгжилтийг хэлэлцэх гурван том чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хурдавчлуулахыг гол зорилгоо болгож байна. Энэ уулзалт бидэнд газрын доройтол бодитой нүүрлэж байгаа бөгөөд нэн хойшлуулшгүйгээр тэмцэх хэрэгтэй гэдгийг сануулах болно. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилт гэсэн гурван тусдаа асуудлууд нь өөр хоорондоо ямар нарийн уялдаа холбоотой болохыг ойлгуулах болно. Үүгээрээ дэлхийн хэмжээний хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг илэрхийлэх болно.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь НҮБ-ын гишүүн 193 улс орон бүгд адил тэгш оролцоотой цорын ганц байгууллага юм. Иймээс хил хязгаарт баригдалгүй, бид бүгд нийтэд хамаатай асуудлыг шийдвэрлэх үүнээс илүү сайн газар гэж үгүй билээ. Бидний оршин буй эх дэлхийтэй маань холбоотой, бидний амь амьдралыг тэтгэгч хөрст алтан дэлхийнхээ төлөө цаг алдах эрх бидэнд үгүй юм. Өндөр түвшний чуулга уулзалт хийснээр нэг шөнийн дотор байдлыг сайжруулж чадахгүй нь мэдээж хэрэг. Гэхдээ бид бүгдээрээ санал нэгдэж, шилдэг туршлагаа хуваалцаж, бодит алхмуудыг хамтдаа тодорхойлсноор нэгдсэн нэг зорилгын төлөө өөрчлөлт хийж чадна. Эцсийн эцэст бид цөлжилт, газрын доройтол, хуурайшилт даамжрахаас өрсөж сэргийлэх том алхамыг чхийж чадна – үүнээс өөр сонголт үгүй. Үүний тулд бид хамтарч ажиллах нь нэн чухал. Бид урьдын хэвшсэн зарим дадал зуршлаа ч өөрчлөх хэрэгтэй. Таны дэмжлэг НҮБ-д тун чухал гэдэгт миний бие маш итгэлтэй байна.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу: www.un.org/pga/75/event/high-level-dialogue-on-desertification-land-degradation-and-drought/
1 of 5
Өгүүлэл
2021 оны дөрөвдүгээр сарын 26
Тапан Мишра: Бид нийгмээрээ хүчирхийлэл дарамтыг үл тэвчих соёлыг бий болгох ёстой
-Монгол Улс дахь хүний эрхийн асуудлаар таны байр суурийг уншигчдадаа хуваалцмаар байна. Төрөөс хүний эрхийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Хүний эрхийг хамгаалах асуудал бол бидний үндсэн чиг үүргийн нэг бөгөөд энэ нь хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн суурь үндэс юм. Монгол Улсад хүний эрхийг хамгаалахыг хөхиүлэн дэмжихийн төлөө бид үргэлж чармайж байдгаа дахин илэрхийлэх завшаан тохиосонд би тун баяртай байна.
Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байгаад миний бие талархалтай байдаг. Хамгийн сүүлийн үеийн томоохон ажил бол Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар бүс нутагтаа Монгол Улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хуулиар хамгаалдаг анхны улс болж байна.
Хүний эрхийн нөхцөл байдал, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ НҮБ-ын гишүүн орнууд хэрхэн биелүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх “Хүний эрхийн төлөв байдлын хэлэлцүүлэг (UPR)”-ийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс зохион байгуулдаг билээ. Монгол Улс энэ хэлэлцүүлэгт Хүний эрхийн төлөв байдлын үндэсний тайлангаа боловсруулан гурван удаа буюу 2010, 2015, 2020 онуудад оролцсон юм.
Энэ завшааныг ашиглан дээрх тайлангуудад тэмдэглэсэн олон сайн жишээ, туршлагаас энд онцолмоор байна. Тухайлбал, Монгол Улс цаазаар авах ялыг түдгэлзүүлэх, халах тухай шийдвэр гаргасан. Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулсанаар өнөөг хүртэл хараат бусаар ажиллаж, Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч байгааг уг тайланд сайшаасан. Жендэрийн тэгш байдлыг хангаж, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг устгах чиглэлээр ахиц гарган, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиудыг тус тус баталлаа. Өнгөрсөн онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталж, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгох зэрэг олон жишээг дурдахдаа таатай байна.
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайлангийн дүнг Хүний эрхийн зөвлөл 2021 оны гуравдугаар сард баталж, дэлхийн бусад улс орноос Монгол Улсад хандаж 190 зөвлөмж ирүүлсний 170-ыг нь Монгол Улс хүлээн зөвшөөрсөн. Эдгээр зөвлөмж нь гол төлөв хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн чиг баримжаа болоод хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд цөөнх болж байгаа хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, залуучууд зэрэг нийгмийн тодорхой бүлгүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлэхэд анхаарахад чиглэсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, мөлжлөг, бэлгийн дарамт, эрх мэдлээ урвуулан ашиглахыг устгаж, хохирогч, хүчирхийллийг даван туулагч, гэрчийг дэмжих талаар дорвитой алхам хийхийг зөвлөсөн. Мөн Эрүүгийн хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжоо яаралтай шинэчлэн, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хууль тогтоомжоор хамгаалах чиглэлд анхаарлаа хандуулахыг зөвлөмж болгосон.
-Та сая бэлгийн хүчирхийлэл, дарамттай холбоотой асуудлын талаар ярилаа. Сүүлийн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний эрхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөж, олон нийтээрээ шүүмжлэн хэлэлцэж байгааг та анзаарсан байх. Тухайлбал, цэргийн ангиуд дээр болсон явдал байна. Бас бэлгийн болон бусад төрлийн дарамт үзүүлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг асуудлууд байгаа. Энэ асуудалд НҮБ ямар байр суурьтай байна вэ?
-Тийм ээ, Монголын нийгэмд өрнөж буй үйл явдлыг бид маш анхааралтай ажиглаж байна. НҮБ-аас хүчирхийллийг “үл тэвчих” бодлогыг баримталдаг бөгөөд гэр бүл, олон нийтийн газар, ажлын байр, ер нь хаана ч бүх төрлийн дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, тэр дундаа бэлгийн дарамт, эрх мэдлээ урвуулан ашиглах байдлыг эрс буруушааж байдгийг дахин хэлье. Энэхүү жигшүүрт үзэгдлийг таслан зогсоохын төлөө НҮБ дараах дөрвөн чиглэлийн стратегийг баримталж ажилладаг. Нэгдүгээрт, хохирогчийн эрх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах, хоёрдугаарт, мэдээлэх, мөрдөн шалгах үйл ажиллагааг бэхжүүлэх замаар гэмт этгээдэд ял завших боломж олгохгүй байх, гуравдугаарт, гишүүн орнууд, иргэний нийгэм, бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, дөрөвдүгээрт, мэдээлэл харилцаа, боловсрол, ил тод байдлыг хангахад чиглүүлэх зэрэг болно.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран Төрийн захиргааны байгууллагуудын ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар хийсэн 2018 оны судалгаанаас харахад нийт хохирогчдын 98 хувь нь эмэгтэйчүүд байсан.
Түүнчлэн 2021 онд дээрх хоёр байгууллага хамтран 3000 төрийн захиргааны албан хаагчдын дунд явуулсан судалгааны дүнг харахад судалгаанд оролцогсдын гуравны нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад ямар нэгэн байдлаар өртөж байсан байна. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн бөгөөд хүлээн зөвшөөрөхийн аргагүй асуудал юм.
-Тэгэхлээр хүчирхийлэгчдэд хариуцлага тооцохын тулд бид юу хийх ёстой вэ. Цаашид хүний эрхийн ийм зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хүний эрхийг ноцтой зөрчсөн ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулахад чиглэсэн хүчтэй нөлөөллийн ажил, сурталчилгаа хийх шаардлагатай гэж харж байна. Хүн амын дунд бэлгийн хүчирхийлэл, дарамт гэж юу болох талаар ойлголтын маш их зөрүү байгаа нь ажиглагдаж байна. Ойлголт тодорхойлолт ялгаатай бүрхэг байх тусам үзэгдлийн зааг ялгаа бүдгэрч байдаг. Жишээ нь, бэлгийн “дарамт” гэдгийг ихэвчлэн жендэрт суурилсан “хүчирхийлэл” гэж үзэж байна. Тийм ч учраас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид хүчирхийлэл, дарамт шахалтыг “нэг удаа, эсвэл олон удаа давтагдсан, бие махбод, сэтгэлзүй, бэлгийн болон эдийн засгийн хохиролд хүргэх зорилготой, хохиролд хүргэсэн, эсвэл хүргэх магадлалтай хүлээн зөвшөөрч үл болох зан байдал, үйлдэл, эсвэл заналхийлэл” гэж тодорхойлсон байдаг. Энэ нь үнэндээ бие махбодын хүчирхийлэл, хэл амаар доромжлох, дээрэлхэх, танхайрах, бэлгийн дарамт үзүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгөх гэх мэт бусад олон асуудлыг хамруулж байна.
Бид нийгмээрээ хүчирхийлэл дарамтыг үл тэвчих соёлыг бий болгох ёстой.
Үүнийг ч Монголын олон нийт улам бүр ойлгон ухамсарлаж, зохих арга хэмжээ авахыг зүй ёсоор шаардаж байгаад бид талархалтай байна. Байгууллагууд ч ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөөтэй байж зайлшгүй шаардлагатай сургалт, сурталчилгааны кампанит ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй.
Бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьж мэдээлэх нь маш хүнд, эмзэг сэдэв төдийгүй сэтгэлийн хүнд шархыг дахин сэдрээдэг учир хохирогчид нийгэм, систем тэднийг элдэв өшөө авалт, учирч болзошгүй хор хөнөөлөөс хамгаална, тэдний нэхэмжлэлийг хуулийн дагуу зохих ёсоор нь шалгаж шийдвэрлэнэ гэдэгт итгэж чаддаг байх ёстой. Иймээс ч хохирогчийн гаргасан гомдлыг аюулгүй, үр дүнтэй хянан шийдвэрлэх тогтолцоог төр, хувийн хэвшил зэрэг бүхий л салбарт бий болгох нь нэн чухал юм. Түүнчлэн хохирогчид, даван туулагчдаас мэдээлэл хайж тэдэнд сэтгэл зүйн дарамт учруулахын оронд гэмт этгээдүүдийг олж илрүүлэх, шударгаар нотлох тал дээр илүү нухацтай ажиллаж, дорвитой өөрчлөлт хийх ёстой.
Засгийн газар хүчирхийлэл үйлдэгчдэд чиглэсэн хууль сахиулах ажиллагаагаа эрс сайжруулж, хохирогч, хүчирхийлэгч нь хэн болохоос үл хамааран сэжиг бүхий хэргүүдийг нарийвчлан шалгаж, зохих арга хэмжээг шуурхай авч байх хэрэгтэй.
Ил гарч буй эмэгтэйчүүдийг хамгаалж, тэднийг хэвшмэл ойлголт, гутаан доромжлолоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Засгийн газрын хохирогч хамгаалах үйлчилгээнд хүмүүс бүрэн итгэдэг орчныг бид бий болгох ёстой. Засгийн газар дарамт, хүчирхийллийн хохирогчдод нэн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэхэд үргэлжлүүлэн хөрөнгө оруулах шаардлагатай байна.
-Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын үүрэг, оролцоо юу вэ?
-НҮБ нь энэ чиглэлээр олон ажил хийж ирсэн. Чухамдаа бидний үйл ажиллагаа бүхэлдээ хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн байдаг. Гэсэн хэдий ч бид илүү их зүйлийг хийж охид, эмэгтэйчүүдийн эсрэг аливаа хүнлэг бус үйлдлийг таслан зогсоохын төлөө Засгийн газар болон бүх түншүүдтэйгээ хүчээ нэгтгэх ёстой.
Олон жилийн турш НҮБ-ын системийн байгууллагууд жендерийн эрх тэгш байдлыг хангах, Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нөлөөлөл сурталчилгааны ажил хийж ирсэн. Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар хэд хэдэн судалгаа хийсэн нь энэ талаар бодитой тоо мэдээлэлтэй болж, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр ажлын дийлэнх нь охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид амьдрах эрхийг хамгаалсан бодлогын орчин бүрдүүлэхэд чиглэж, улмаар хохирогч хамгааллын тогтолцоог бий болгон, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг боллоо. Түүнчлэн бид бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулж, 2008 оноос хойш хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах, туслах үйлчилгээ үзүүлж байна. Мөн тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх, квот тогтоох замаар нийгэм, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн тав дахь буюу жендерийн тэгш байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн.
Эцэст нь, бид Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх чиглэлээр гурван талт түншүүд болох Засгийн газар, ажил олгогч, ажилчдын байгууллагуудад дэмжлэг үзүүлж байна. Монгол Улс хэдийгээр ОУХБ-ын 190-р конвенцод нэгдэж ороогүй байгаа ч хөдөлмөрийн хуулиа энэхүү конвенцын үзэл санаанд нийцүүлэхийг зөвлөсөн байгаа. Конвенц нь хөдөлмөрийн хүрээнд дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, жендерийн мэдрэмжтэй цогц, хүртээмжтэй хандлага, соёлыг бий болгоход сургалт, арга зүйгээр хангахын чухлыг тэмдэглэсэн болно. Монгол Улсын Их Хурал Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ хаврын чуулгандаа багтаагаад батална гэдэгт найдаж байна.
Энэ дашрамд хэлэхэд НҮБ-ын зүгээс Дарамт, хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцыг сурталчлах, хэрэгжүүлэх, түүнд нэгдэн ороход бүх талын дэмжлэг үзүүлэхдээ бэлэн байгаагаа илэрхийлье.
О. Ариунцэцэг
Энэхүү ярилцлага анх Өдрийн сонины 2021 оны 4 сарын 26-ны дугаарт нийтлэгдсэн болно.
1 of 5
Өгүүлэл
2021 оны дөрөвдүгээр сарын 21
Хүн ба Эх дэлхийн төлөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах цаг нь яг одоо
Хүн төрөлхтөний хувьд нэн онцгой гэж хэлж болох энэ жил уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр зоригтой арга хэмжээ авах цаг нь болсон.
Дэлхий нийтээрээ шинжлэх ухааны няцаашгүй баталгаанд тулгуурлан бид нэгэн шийдэлд хүрээд байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг байнгын сүйрэл болохоос аврахын тулд бид дэлхийн дулаарлыг 1.5°C хэмд хязгаарлах ёстой юм.
Үүний тулд, бид энэ зууны дунд үе гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээг тэг буюу шингээлтээс хэтрүүлэхгүй барих шаардлагатай. Дэлхийн эдийн засгийн гуравны хоёр орчим хувийг бүрдүүлдэг улс орнууд үүнийг хийхээр амлалт авсан. Хэдийгээр уг амлалт урам зориг өгч буй ч, улс орон, хот, бизнес, санхүүгийн байгууллага нэг бүр энэхүү эвсэлд нэгдэж, ялгарлын хэмжээг шингээлтээс хэтрүүлэхгүй барих шилжилтийг хийх тодорхой төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
КОВИД-19 цар тахлыг даван туулахын тулд олон их наядаар тоологдох ам.долларыг дайчилж байгаа энэ үед Засгийн газрууд энэхүү урт хугацааны зорилгоо бодит үйл ажиллагаатай даруй нийцүүлэх нь түүнээс ч илүү хойшлуулшгүй ажил болоод байна. Эдийн засгийг сэргээх нь бидний ирээдүйгээ өөрчлөн бүтээх боломж юм.
Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үндэсний төлөвлөгөөгөө гаргаж, таван жил тутам сайжруулж байх үүрэг хүлээсэн Парисын хэлэлцээрийг амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүчирхэг тогтолцоотой. Хэрвээ энэ чиглэлд дорвитой арга хэмжээ авахгүй бол эх дэлхийгээ сүйрүүлэх аюул ойрхон байгааг бид харж байна. Иймд, НҮБ-ын зүгээс энэ оны 11-р сард Глазгоу хотод зохион байгуулах Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцэд нэгдсэн Талуудын 26 дугаар Бага Хурлыг (COP26) гишүүн бүх улс орнуудыг оролцуулан хуралдуулахтай холбоотой энэ чиглэлд шийдвэртэй бөгөөд үр дүнтэй арга хэмжээ авах цаг мөн.
Үндэсний хэмжээний шинэ төлөвлөгөөнүүд нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2010 оны түвшинээс дор хаяж 45 хувиар бууруулах ёстой. Улс орнуудын олонх нь төлөвлөгөөгөө аль хэдийнээ танилцуулсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сэргээгдэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар тодорхой бодлого тодорхойлсон.
Гэхдээ, одоогийн байдлаар, эдгээр төлөвлөгөө нь ялгарлыг 1-ээс доош хувиар бууруулахаар байна. Энэ бол хүмүүс болон эх дэлхийн хувьд чухамхүү түгшүүрийн улаан дохио юм.
Хэдэн сарын дараа, АНУ-аас зохион байгуулах Дэлхийн улс орны төр, засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаас эхлэн Засгийн газрууд, ялангуяа, энэхүү хямралын дийлэнхэд холбоотой хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг улс орнууд амлалт үүргээ эрс нэмэгдүүлэх ёстой.
Цахилгаан эрчим хүчний салбарт нүүрс ашиглахыг зогсоох нь дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд барих зорилгод нийцэх цорын ганц чухал алхам юм. Эрчим хүчний салбарт хамгийн бохир, хамгийн их бохирдол үүсгэдэг малтмал түлшийг ашиглахгүй байх яаралтай арга хэмжээ авах нь эх дэлхийд маань уур амьсгалын эсрэг тэмцэх боломжийг олгоно.
Дэлхий даяар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нүүрсний хэрэглээ 2030 он гэхэд 2010 оны түвшингээс 80 хувиар буурсан байх ёстой. Энэ нь хөгжингүй эдийн засагтай улс орнууд 2030 он, бусад улс 2040 он гэхэд нүүрс ашиглахаа зогсоох үүрэг хүлээх ёстой гэсэн үг юм. Дэлхийн хаа нэгтээ нүүрс шатаадаг цахилгаан станц барих шалтгаан байна гэж үгүй. Дэлхийн нийт нүүрсээр ажилладаг цахилгаан станцын гуравны нэгийнх нь үйл ажиллагаа явуулах зардал нь шинээр сэргээгдэх эрчим хүчний гаргах болон хадгалах байгууламж барихаас илүү өндөр өртөгтэй болжээ. Иймд COP26 бага хурал нь нүүрсэнд цэг тавих талаар дохио өгөх ёстой.
Дэлхий нийтээр цэвэр агаар, сэргээгдэх эрчим хүч рүү шилжихдээ шударга байдлыг хангах нь чухал. Энэхүү шилжилтэд өртсөн үйлдвэрүүд болон эдийн засгийн албан бус салбарт ажиллагсдыг ажлын байраа өөрчлөх, эсхүл шинэ ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх ёстой. Бид мөн эмэгтэйчүүд, охидын өөрчлөлтийг залах, түүний дотор засаглах болон шийдвэр гаргахад тэгш эрхт оролцогч болж чадах асар их хүчийг дайчлах ёстой.
Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөөлж байгаа улс орнууд түүний сөрөг нөлөөлөлд хамгийн ихээр өртөж байна. Хэрэв бид хариу арга хэмжээгээ урагшлуулахгүй бол арлын олон жижиг улс орнууд оршин тогтнохоо болино. Хөгжингүй улс орнууд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд жил тутам 100 тэрбум ам. доллар хөрөнгийг дараах аргаар дайчлан зориулах ёстой. Үүнд:
Уур амьсгалын санхүүжилтийн өнөөгийн түвшинг 2 дахин нэмэгдүүлэх;
Уур амьсгалын санхүүжилтийнхээ тал хувийг дасан зохицох үйл ажиллагаанд зориулах;
Нүүрсний олон улсын санхүүжилтийг зогсоох;
Малтмал түлшинд олгодог татаасыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх.
Зургадугаар сард зохион байгуулагдах Их долоогийн (G7) дээд хэмжээний уулзалт дэлхийн хамгийн чинээлэг улс орнуудад энэ чиглэлээрх үйл ажиллагаагаа идэвхжүүлж, COP26 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлыг амжилттай болгох санхүүгийн амлалт өгөх боломж олгоно.
Засгийн газрууд удирдан чиглүүлэх үүрэг хүлээхийн хамт бүхий л түвшний шийдвэр гаргагчид чухал үүрэг гүйцэтгэнэ.
Миний бие, COP26 Бага Хурлыг зохион байгуулагдах хүртэлх хугацаанд, өрийн түвшний эрэмдэг байдал, улсын төсөвт үзүүлж буй асар их дарамтыг анхааралдаа авахын сацуу КОВИД-19-өөс сэргэх, хөгжиж буй улс орнуудын хямралыг даван туулах эдийн засагт шилжихийг санхүүжүүлэх тодорхой бодлоготой болсон байхыг олон талт болон улс орнуудын хөгжлийн бүх банкуудаас хүсч байна.
Олон улс орны засаг захиргаа, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 2050 он гэхэд ялгаруулалтын хэмжээг шингээлтээс хэтрүүлэхгүй байх байх үүрэг хүлээсэн бөгөөд өөрсдийн бизнесийн загвартаа дүн шинжилгээ хийж байгаа билээ. Би бүгдийг ч бас тодорхой амлалт өгч, үүрэг хүлээх, бодлогоо тодорхойлохыг хүсч байна.
Миний бие, ертөнцийн өнцөг булан бүр дэх залуучуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, биологийн олон янз байдлыг хамгаалах, хүн төрөлхтний байгальд үзүүлэх дайсагналыг зогсоох, Тогтвортой Хөгжлийн Зорилгод хүрэх хүчин чармайлтаа эрчимжүүлэх асуудлаар дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.
Цаг явсаар, нөр их хөдөлмөр шаардагдах ч цагаан тугаа өргөх цаг нь одоо биш. НҮБ эв санааны нэгдэл, итгэл найдварын цэнхэр далбаагаа мандуулсаар байх болно. Олон улсын Эх дэлхийн өдрийг тэмдэглэж буй энэ өдөр, мөн ойртож буй нэн чухал саруудад, бүх улс үндэстэн, бүх ард түмэн дуу хоолойгоо өнөөдөр нэгтгэхийг уриалж байна.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2021 оны наймдугаар сарын 22
Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр Увс аймгийн Малчин суманд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны 1-р сарын 14-ний өдөр Увс аймгийн Малчин сумын нутагт зудын гамшгийн үнэлгээ хийж явсан УИХ-ын гишүүн асан Ш. Отгонбилэг болон НҮБ-ын ажилтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл бүхий багийнхны нисдэг тэрэг осолдож, есөн хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт үйл явдал болсныг монголчууд мартаагүй.
Энэ жилийн Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр НҮБ-ын баг хамт олон уг эмгэнэлт үйл явдлаар амиа алдагсдын гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг уг осол болсон газарт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Увс аймгийн Малчин сумын удирдлага, НҮБ-ын Хүн Амын Сангийн тэргүүн Каори Ишикава, НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар Суурин төлөөлөгч Спэсиос Хакизимана болон уг ослоор амиа алдсан НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Б.Баярмаа агсны гэрийнхний төлөөлөл оролцлоо.
Энэ жилийн Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр НҮБ нь дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эсрэг бэлэн байдлаа нэмэгдүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулахыг уриалж байна.
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг уурын ган зуд, ой хээрийн түймэр, үер усны аюул зэрэг гамшигт үзэгдлийн эрч давтамж нэмэгдэж байгаа бөгөөд аливаа гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аль болох хохирол багатай даван туулах нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.
“Ямар ч гамшиг тохиолдоход эмэгтэйчүүд, охид хамгийн их хохирдог. НҮБ-аас Монгол Улсад өнөөгийн цар тахал, байгалийн гамшгийн үед өртсөн иргэд, ялангуяа эмэгтэйчүүд, охидын эрүүл мэнд, аюулгүй байдал, нэр төрийг дэмжих олон нийтэд сурталчлах ажлыг үргэлжлүүлэх болно” гэж Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава тэмдэглэлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 2001 оны зудын гамшиг нүүрлэсэн жил малчдад туслахаар яваад амиа алдсан энэрэнгүй үйлстнүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугаа хурааж хүндэтгэл үзүүллээ. Тус ослоор өөд бологсдын дунд:
Ш.Отгонбилэг – УИХ-ын гишүүн (Монгол);
Хатагтай Сабин Мецнер-Страк – НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалт (UNDAC) багийн ахлагч, НҮБ-ын Хүмүүнлэгийн Үйл Хэргийг Зохицуулах Газар (OCHA)-ын Ази, Номхон далай дахь Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга (Герман)
Ноён Жерард Ле Клэр – UNDAC багийн гишүүн, Их Британий Жерси муж дахь Төлөвлөлт ба Байгаль орчны хэлтэсийн Байгаль орчны үйлчилгээний захирал (Британи)
Ноён Мэттью Гирвин – НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь хөтөлбөрийн ажилтан (АНУ)
Б.Баярмаа – Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөрийн ажилтан (Монгол)
Ноён Такахиро Като – NHK телевизийн сурвалжлагч (Япон)
Ноён Минору Масаки – NHK телевизийн зураглаач (Япон) нар байв.
Ноён Ц.Батзориг – "Гамма" агентлагийн гэрэл зурагчин (Монгол)
Ноён Д.Отгон – нисдэг тэрэгний техникч (Монгол)
Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр НҮБ-ын мандатын доор хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож яваадаа НҮБ-ын ажилтнууд бид үргэлж бахархалтай байдаг гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар Суурин Төлөөлөгч Спэсиос Хакизимана хэлэв.
Увс аймгийн засаг дарга Ч. Чимэд дахин хэзээ ч ийм гамшигт осол гаргахгүйн тул бид төр засаг, ард иргэд болон бүх талууд хамтран ажиллах нь чухал болохыг онцоллоо.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2021 оны наймдугаар сарын 12
Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-аас гаргасан уриалга
Улаанбаатар хот -- НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд тусгайлсан тогтоол гарган жил бүрийн 8 дугаар сарын 12-ныг Олон улсын Залуучуудын өдөр болгон тэмдэглэхээр зарласан билээ. Түүнээс хойш дэлхий дахинаа Залуучуудын өдрийг өргөнөөр тэмдэглэх болсон төдийгүй Монгол Улс 8 дугаар сарын 25-ыг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болжээ. Тиймээс жил бүр энэ өдрийг тохиолдуулан эерэг өөрчлөлтийг авчрах гол хүч болох залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагааг онцлохын зэрэгцээ тэдэнд тулгарч буй сорилт бэрхшээл, боломжийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарах болсон.
НҮБ нь залуучуудад чиглэсэн хөрөнгө оруулалтыг чухалчлан үзэж, тэдний хөгжилд холбогдох амин чухал асуудлыг хөндсөн ярилцаа хэлэлцээрт тэдний оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн билээ.
“Залуучууд 2030” буюу залуучуудын талаарх НҮБ-ын стратеги нь тэдний эрүүл мэнд, эрхийг хамгаалах, улс орныхоо болон өөрсдийн ирээдүйг удирдан чиглүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Залуучууд эрүүл байж, боловсрол эзэмшин өөрсдийн бие махбод, аж амьдралын эзэн байх ёстой бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд бүр илүү хамаатай юм. Учир нь Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь хүүхэд, залуус тул тэдэнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг одоо хийхгүй бол Монгол Улсын ирээдүй эрсдэлд орно.
Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах, ялангуяа шийдвэр гаргахад залуучуудыг оролцуулах, тэднийг чадавхжуулахад хөрөнгө оруулах, чанартай боловсрол, ажлын байраар хангах зэрэг биелээгүй амлалт, нөхөөгүй орон зай байсаар байна. Тухайлбал, залуучууд эрхээ эдлэх үүд хаалгыг нээх, үүргээ ухамсарлан хариуцлагатай хандахад чиглүүлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн зэрэг эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэх зэрэгт ялгаатай байдал, хоосон орон зай оршсоор байна. Эдгээр асуудлыг бодлого, хэрэгжүүлэлтийн төвшинд сайтар анхаарснаар залуу хүн бүрийн боломжийг бүрэн нээж, улмаар ядуурлыг арилгах, эх дэлхийгээ хамгаалах, бүх нийтийн хөгжил дэвшлийг хангах НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болох нь гарцаагүй.
2021 оны Олон улсын залуучуудын өдрийг “Хүнсний тогтолцооны шинэчлэл: Хүний болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйд залуучуудын оролцоо, инновацийг дэмжих нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж буй бөгөөд залуучуудын утга төгөлдөр оролцоог хангахгүйгээр хүнсний тогтолцоог шинэчлэх дэлхий нийтийн хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй болохыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Хоол хүнс нь зөвхөн бидний идэж уудаг зүйлс биш. Хүнс нь хүмүүс бидний байгальтай харилцах харилцаа, эдийн засаг, соёлын үндэс суурь юм. Тэрчлэн хүнсний тогтолцоо нь бидэнд тулгарч буй дэлхий нийтийн томоохон сорилт болох ядуурал, хүнсний аюулгүй байдал, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн хомстол, эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал зэргийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Эдгээр асуудлын үндэс суурь нь хүнсний тогтолцоотой тодорхой төвшинд холбоотой байдаг. Өнөөдрийн хувьд дэлхийн бусад улсын адилаар Ковид-19 цар тахал нь угаас эмзэг, сул дорой байгаа хүнсний тогтолцоонд нөлөөлж, улмаар хүмүүс, эх дэлхий, хөгжил дэвшилд сорилт авчирч байна.
Монгол Улсын хувьд хүн амзүйн бүтцэд нийцүүлэн, залуучуудын оролцоог ханган, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хөгжил, нийгмийн эерэг өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал, технологийн шинэчлэлийг удирдан чиглүүлэх боломж дүүрэн байна. Өнөөгийн өсвөр үе, залуучууд 2030 он гэхэд насанд хүрэгчдийн эгнээнд шилжих бөгөөд эрүүл, боловсролтой, ажилтай, өөртөө итгэлтэй, хариуцлагатай дэлхийн иргэнийг харахыг бид хүсэж байна.
Олон Улсын Залуучуудын Өдрийг тохиолдуулан НҮБ-аас Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил, хүн бүхэнд хандан хүүхэд залуучуудыг дэмжих, эрүүл мэнд, боловсролд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн үйлст тэднийг тэгш хамруулж, идэвхтэй оролцуулахыг уриалж байна. Энэ ташрамд Монгол Улсын болон дэлхий нийтийн хүнсний тогтолцоог шинэчлэх үйлсэд идэвхтэй оролцохыг өсвөр үеийнхэн, залуучуудад уриалж байна.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2021 оны долдугаар сарын 08
“Монгол Улсын Хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг
Монголын хүнсний салбарын гол оролцогчид хүнсний тогтолцоог тогтвортой хөгжүүлэх талаар хэлэлцлээ
Монгол Улсын Засгийн Газар, НҮБ хамтран Монгол Улсын “Хүнсний тогтвортой тогтолцоо” үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг 7 сарын 8-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт хүнсний салбарын гол тоглогчид нэг дор цуглан, Монгол Улс 2030 он гэхэд хүрэхээр зорьж буй Тогтвортой хөгжлийн зорилгоо биелүүлэхийн тулд хүнсний тогтолцоогоо хэрхэн хөгжүүлэх талаар арга зам, гарц шийдлийг тодорхойлохоор нээлттэй хэлэлцлээ.
Уг арга хэмжээ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зарлан хуралдуулах Дэлхийн хүнсний тогтолцооны дээд хэмжээний чуулга уулзалтыг угтан зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Хэлэлцүүлгээр Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэхийн тулд хүнсний тогтолцоогоо шинэчлэхэд түлхэц өгөх шинэ санаа, шинэлэг гарц шийдэл, стратегийг тодорхойлох бөгөөд энэхүү шийдвэр, үр дүнгээ 2021 оны 9-р сард болох НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтад танилцуулах болно.
“Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлэх нь хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил бий болгоход ихээхэн хувь нэмэртэй. Үүнд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага гээд олон талын оролцоо чухал. Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэж Монгол улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн нэг хүнд ногдох малын тоо зэргээр дэлхийд дээгүүрт ордог ч малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспорт хангалтгүй байгаа нь цогцоор нь шийдээгүйтэй холбоотой гэж үзэж байгаагаа дурдав.
“Монгол Улсад тогтвортой хүнсний тогтолцоонд шилжих асар их боломж нөөц байна. Тэр үйл явц хэдийнэ эхэлсэн” хэмээн НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра онцоллоо. Тэрбээр, хүнсний тогтвортой тогтолцоонд шилжих нь оролцогч талуудын зан төлвийг өөрчлөхөд чиглэсэн харилцан уялдаатай эдийн засгийн хөшүүрэг, технологийн инновац нэвтрүүлэхийг шаардаж байна. Ингэснээр хүнсний салбарын шинэчлэлийн үр дүнд хүн амыг шим тэжээлтэй, эрүүл хүнсээр хангаж, иргэдийн амьжиргаа, амьдралын чанар сайжирна гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтууддаа хүрэхийн тулд хүнсний тогтолцоондоо эрс өөрчлөлт хийх шаардлагатай гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа үзэж байна.
Тэрбээр, “Хоол хүнсээ хэрхэн үйлдвэрлэж, боловсруулж, зах зээлд нийлүүлж, хэрэглэж, хог хаягдлаа хэрхэн устгаж байгаагаа бид нэн даруй эргэн харах хэрэгтэй. Бид Ковид-19-ийн хямралыг Монгол Улсын хүнсний тогтолцоог илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах боломж болгон хувиргах хэрэгтэй” гэв.
Үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг угтан зургаан бүсийн хэмжээнд болон хувийн хэвшил, залуучууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан 11 салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, хүнсний тогтолцооны шинэчлэлд оролцогч талуудын дуу хоолой, саналыг сонссон болно.
Эдгээр цуврал хэлэлцүүлгээр Монгол Улсын одоогийн хүнсний тогтолцооны нөхцөл байдал, түүнд тулгарч буй бэрхшээл, боломжийг тодорхойлж, ирэх 10 жилд тогтвортой хүнсний тогтолцоог бий болгох үйл ажиллагаа, мөн үүний тулд ойрын 5 жилд ямар арга хэмжээ авах талаар дараах үндсэн 3 чиглэлээр ярилцсан юм. Үүнд:
Аюулгүй, тэжээллэг хүнсээр хүртээмжтэй хангах, тогтвортой хэрэглээг дэмжих
Амьжиргааны тэгш байдлыг ахиулах ба зах зээл
Байгаль ээлтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эмзэг байдал, цочрол, дарамтад тэсвэртэй байдлыг бий болгох сэдвийг хамарсан юм
Хүнсний тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг: https://bit.ly/2SX2vJ2
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2021 оны долдугаар сарын 02
Хурдан морь унаач хүүхдүүдийн талаар НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын багийн мэдэгдэл
Бид Монгол Улс хүүхдийн эрхийг дээдлэн, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж, тэдний сайн сайхны төлөө бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлдгийг сайшаан дэмжиж ирсэн билээ.
Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцод Монгол Улс нэгдсэн орсноос хойш хорин жилийн хугацаанд монгол хүүхэд бүрийг хүүхдийн хөдөлмөрөөс, тэр дундаа аюулгүй байдал, эрүүл мэнд, ёс суртахуунд нь хохирол учруулж болзошгүй бүх төрлийн хөдөлмөр эрхлэхээс хуулийн хүрээнд хамгаалсан юм. Эдгээр олон улсын хэм хэмжээг Монгол Улсын дотоодын хууль тогтоомждоо тусгасан бөгөөд үүний дотор хүүхдийг хүчирхийлэх, мөлжихийг хориглодог Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, саяхан Монгол Улсын Их хурлаар баталсан Хөдөлмөрийн тухай хуулийг дурдаж болно.
НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын баг нь НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдээс ирүүлсэн удаа дараагийн ажиглалт, зөвлөмжид үндэслэн 2019 оны 12 сарын 20-нд мэдэгдэл гаргаж, улмаар 12 сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал илгээсэн билээ. Уг мэдэгдэлд дурдсанчлан хурдан морь унаач хүүхэд гэмтэх, улмаар амь насаа алдах нөхцөл байдал үүсэж байгаад туйлын их харамсаж байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт Нэгдсэн Үндэсний Байгууллага гүнээ найдаж байна.
НҮБ-аас Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, эцэг эх, асран хамгаалагч, морины эзэд, уяач, бизнес эрхлэгч, олон нийтэд хандан Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг уриалж байна. Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй Монголын бүх хүүхдэд сайн сайхан ирээдүйг бий болгож, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн аливаа санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж ажиллахдаа хэзээд бэлэн байх болно.
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ УДИРДЛАГЫН БАГ
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2021 оны зургаадугаар сарын 11
"Хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгая!" уриалга, ил захидал
Хүүхдийн хөдөлмөр гэхээр та юу боддог вэ? Танд юу төсөөлөгдөж байна?
Ээж аавдаа туслан аяга, тавгаа угааж, гэрээ цэвэрлэж байгаа хүүхдүүд бодогдож байна уу? Эсвэл, барилга дээр ажилладаг, гудамжинд наймаа хийдэг, гуйлга гуйдаг, машин угаадаг, мал хариулдаг, бусдыг зугаацуулж, эсвэл хөлсөөр морь унадаг хүүхдүүд төсөөлөгдөж байна уу?
Хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд асар их эрсдэлийг бий болгодог төдийгүй, хүүхдийг хөгжих, ирээдүйд зохистой хөдөлмөр эрхэлж, сайхан амьдрах боломжийг нь хулгайлан, боловсрол, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүй, нийгэмших байдалд нь асар их саад учруулдаг. Хүүхдийн хөдөлмөр нь үе дамжсан ядуурлыг улам гүнзгийрүүлж, хүүхэд бүрийн Хүүхдийн эрхийн конвенцоор олгосон эрхийг бүрэн хангаж чадахгүй байна.
Дэлхий даяар сүүлийн 20 жил хүүхдийн хөдөлмөр тууштай буурч байсан билээ. Гэтэл ОУХБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2021 онд хамтарч хийсэн судалгаагаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо анх удаагаа 160 сая болон өслөө. Энэ нь 10 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж буй гэсэн үг юм. Тэдний бараг тал хувь нь буюу 79 сая нь хүнд, хортой хөдөлмөр эрхэлж байна.
Монгол Улсад 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна. Ихэнх хүүхэд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй боловч 15-17 насны хүүхдүүд барилга, уул уурхайн салбарт аюултай ажил эрхлэх нь түгээмэл байна. Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд мөн албан бус салбарт олноор ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр (2012 он) Монгол улсад 2000-аад онд хүүхдийн хөдөлмөрийг бууруулахад ихээхэн ахиц дэвшил гарч, аюултай ажил эрхэлж буй хүүхдүүдийн тоо дөрөв дахин, тэр дундаа охидын тоо ес дахин буурсан боловч эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож буй 10-14 насны хүүхдүүдийн тоо нэмэгджээ.
Монгол Улс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцод 2001 онд нэгдэн орж, насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг 2016 онд, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг 2012-2016 онд батлан хэрэгжүүлсэн. Хүүхдийн хөдөлмөрийн судалгааг 2006, 2009, 2012 онуудад тус тус гүйцэтгэн, Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2021 онд Хүүхдийн санг байгуулан хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийг устгах олон санал санаачилгуудыг хэрэгжүүлж байна. Эдгээрийн заримыг олон улсад сайн туршлага хэмжээн үзэж, бусад улс орнуудад түгээн дэлгэрүүлж байгаа билээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2021 оныг Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн дэлхийн өдрөөр хүүхдийн хөдөлмөрийг устгах чиглэлээр авсан арга хэмжээгээ дүгнэж, цаашид авах арга хэмжээгээ ярилцах түүхэн боломж олдож байна. Энэ жилийн дэлхийн өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай ОУХБ-ын 182-р конвенцыг дэлхийн бүх улс орон соёрхон баталснаас хойш тэмдэглэж буйгаар онцлог бөгөөд Ковид-19 нөхцөл байдалтай холбоотойгоор өмнө гаргасан ахиц дэвшлээ хадгалж үлдэх хүндхэн сорилт тулгарсан цаг үед тохиож байна.
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг арга хэмжээ авахыг бид хамтдаа уриалж байна.
Бид, хүүхдийн хөдөлмөрийн суурь шалтгаан болсон олон асуудлуудтай тэмцэх хэрэгтэй байна. Тухайлбал, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, ядуурлыг устгах, хүүхдэд өмч мэт хандах хандлагыг өөрчлөх, эмзэг, цочролд өртөмхий байдлыг бууруулах, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эцэг эх, насанд хүрэгчдэд чиглэсэн зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, сургуулиас хөдөлмөр эрхлэх шилжилтэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгахад онцгой анхаарах хэрэгтэй байна.
Бид, хүүхэд бүр бага насаа аз жаргалтай өнгөрөөн, мэдлэг боловсролтой, ур чадвар эзэмшин хөдөлмөрийн харилцаанд хөл тавих боломжийг нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлтаа нэгтгэх ёстой.
Бид, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, тэр дундаа хүнд, аюултай хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн насны доод хязгаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулахыг олон нийтэд уриалж байна.
Бид, нийгмийн хамгааллын арга хэмжээг сайжруулж, илүү оновчтой болгох, амьдрал, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, төсвийн хүний эрхэд суурилсан үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэх, мэдээлэл цуглуулах ажлыг боловсронгуй болгож нотолгоонд суурилсан үндэслэл бүхий бодлого, шийдвэр гаргахыг дэмжиж буй бөгөөд хүн бүрийн хандлага, сэтгэлгээнд өөрчлөлт хийхийг уриалж байна.
Бид, албадан хөдөлмөр, орчин үеийн боолчлол, хүний наймаа, хүүхдийн хөдөлмөрийг дэлхий даяар устгахын төлөө Тогтвортой хөгжлийн зорилт 8.7-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Дэлхийн түншлэлд нэгдэж, амлалт авч, хэрэгжүүлэхийг Засгийн газар, бизнес эрхлэгчид, ард иргэдээсээ хүсэж байна.
Өнөөдөр – 2021 он. Хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах тухай тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд бидэнд ердөө л дөрвөн жил үлдээд байна.
Бид яг одоо арга хэмжээ авах ёстой: Хүүхдийн хөдөлмөрийг устгая!
1 of 5
Latest Resources
1 / 4
Мэдээлэл
2021 оны тавдугаар сарын 19
Мэдээлэл
2019 оны арван хоёрдугаар сарын 05
1 / 4



