Jargal de Facto: НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнтэй хийсэн ярилцлага
Дефакто ярилцлагын ээлжит зочноор НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн уригдлаа
Д. Жаргалсайхан: – Та Монголд ирээд бараг нэг жил хагас орчим болсон байна, тийм үү? Таны албан тушаал ч харьцангуй шинэ албан тушаал юм байна. Учир нь өмнө нь Монгол Улс дахь суурин зохицуулагчийн ажлыг 1961 оноос хойш Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр хариуцаж хэрэгжүүлж ирсэн байдаг. НҮБ нь манай улсын хувьд, ялангуяа манай улсын хүнд цаг үед маш чухал түнш байсаар ирсэн. Одоо бид Суурин зохицуулагчтай болсон бөгөөд та хоёр дахь суурин зохицуулагч нь болж байна. Тэгэхээр Монголд ажилласан энэ хугацаанд хамгийн том ололт амжилтаа юу гэж үзэж байна вэ? Мөн Монголд танд тулгарсан хамгийн том сорилт юу байсан бэ?
Яап ван Хиердэн: – Би “амжилт” гэж нэрлэх эсэхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ Монгол орны түүх, соёл, үзэсгэлэнт байгальтай танилцаж, энд олон салбарын мэргэжилтнүүд болон хүмүүстэй уулзан янз бүрийн асуудлаар ярилцаж байгаа нь үнэхээр сонирхолтой байна. Хэрэв амжилттай хэрэгжиж байгаа нэг зүйлийг онцлох бол бид хөгжлийн түншүүдийг сар бүр тогтмол нэг дор цуглуулж, хөгжлийн асуудлыг хэлэлцэж байгаагаа маш ач холбогдолтой зүйл гэж бодож байна. Энэ уулзалтад Монголд байгаа олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид, олон улсын төрийн бус байгууллагуудын удирдлагууд, хөгжлийн байгууллагуудын төлөөлөгчид болон улс орнуудын элчин сайдын яамдын дэд тэргүүнүүд оролцдог. Сар бүр бид бүхэн тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбоотой сэдвээр олон асуудлыг ээлжлэн хэлэлцдэг. Учир нь бид аль салбарт илүү хурдацтай ажиллах шаардлагатай байгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Нэг сард “хүн ба энх тайван” гэсэн сэдвээр ярьсан бол, дараагийн сард “хөгжил цэцэглэлт”, түүний дараа сард нь “эх дэлхий” зэрэг сэдвүүдээр ярилцсан. Мөн улирал тутамд элчин сайд нарын түвшний уулзалтыг зохион байгуулж байгаа нь ч бас ач холбогдолтой. Бид зарим арга хэмжээ, хүлээн авалт дээр таарч уулзаж ярилцдаг ч нэг баг болж, Монгол Улсад тулгарч буй хөгжлийн сорилт, боломжуудын талаар хамтдаа илүү гүнзгий ярилцах хэрэгцээ бүгдэд нь байдаг. Хэрэв одоогоор гаргасан амжилтаа нэрлэ гэвэл эдгээр хөгжлийн түншүүдийн уулзалтуудыг зохих түвшинд шинэчлэн зохион байгуулж, нэгтгэн зохицуулж байгаагаа нэрлэж болно. Учир нь Суурин зохицуулагчийн гол үүргүүдийн нэг нь хөгжлийн оролцогч талуудыг нэгтгэж, хэнийг ч орхигдуулахгүй илүү сайн ирээдүйг хамтдаа бүтээхэд оршдог.
Д. Жаргалсайхан:– Харин сорилтын тухайд? Ямар нэг төсөөлж байгаагүй сорилттой тулгарсан болов уу?
Яап ван Хиердэн – Үнэндээ надад томоохон сорилт тулгараагүй юм байна. Би чадавхжсан баг хамт олон, сайн зохион байгуулалттай НҮБ-ын Удирдлагын багт ирж ажиллах болсондоо өөрийгөө их азтай гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газартай ч нягт сайн хамтын ажиллагаатай. Дээр нь Монголчууд их зочломтгой хүмүүс. Засгийн газрын бодлого шийдвэрүүд ч бидний зүгээс чухал гэж үздэг тэргүүлэх зорилтуудтай нягт уялдсан. “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн баримт бичгийг уншихад НҮБ-ын тэргүүлэх чиглэлүүдтэй маш их нийцэж байгаа. Ядуурал, тэгш бус байдлыг бууруулах хүсэл зориг танай улсын хөгжлийн бодлогод тод тусгагдсан. Харин одоо үүнийг бодит ажил болгохын тулд хамтран ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тиймээс Суурин зохицуулагчийн хувьд ажиллаж буй улс орон маань нэлээд таатай, зарим улс оронд байдаг шиг зөрчил мөргөлдөөн, хүмүүнлэгийн томоохон хямрал байхгүй байна шүү дээ.
Д. Жаргалсайхан:– Та сая тэгш бус байдлын тухай ярьлаа. Манай улсын эдийн засгийн өсөлт статистикийн хувьд өндөр үзүүлэлттэй байдаг. Сүүлийн жилүүдэд бараг 5 хувийн өсөлттэй, нэг хүнд ногдох орлого 7000 ам.долларт хүрсэн мэдээлэл байна. Гэвч хүн амын гуравны нэг орчим нь байнга ядуурлын түвшинд байсаар байна. Энэ нь маш парадокс нөхцөл. Ийм нөхцөлд НҮБ юу хийж байна вэ?
Яап ван Хиердэн – Ядуурал гэдэг нь ажлын байрны хомсдолоос үүдэлтэй хүн ам тогтвортой орлого бүхий ажил эрхлэх боломжгүй байгаатай холбоотой. Монгол Улс уул уурхайгаас их хэмжээний орлого олж байгаа учраас дундаас дээш орлоготой улс болсон. Гэхдээ уул уурхай өөрөө хангалттай ажлын байр бий болгож, амьжиргааг дэмжихгүй байна. Тиймээс эдийн засгаа солонгоруулахын төлөө бид бүхэн хамтран ажиллах хэрэгтэй. Засгийн газар ч, иргэний нийгэм, хувийн хэвшил бүгд эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай гэдгийг сайн ойлгож байгаа. Гэхдээ ойлгох нэг хэрэг, хэрэгжүүлэх өөр хэрэг. Эдийн засгийг хэрхэн төрөлжүүлэх вэ? Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, хөнгөн болон хүнд үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж бий. Мөн аялал жуулчлалаас илүү их орлого олох боломжтой ч үүнийг тогтвортой байдлаар хийх хэрэгтэй. Учир нь бүх газраа жуулчдад хязгааргүй нээгээд, 10 жилийн дараа буцаад ирэхэд байгаль нь сүйдсэн байвал утгагүй шүү дээ. Би заримдаа АНУ-ыг жишээ болгон ярьдаг. Би тэнд найман жил амьдарсан. Тэр хугацаанд хүүхдүүд маань өсөж том болсон юм. Бид тэндэхийн нэлээдгүй олон байгалийн цогцолбор газруудаар аялсан ба тэдгээр газрууд бид нарын бага нас, магадгүй манай аав ээжийн бага насандаа очиж байсан үеийнхээс ч дутахааргүй, бүр илүү үзэсгэлэнтэй хэвээр байсан. Учир нь тэдгээр байгалийн үзэсгэлэнт газруудыг маш сайн хамгаалж, зөв менежменттэй авч явж чадсан байна шүү дээ. Тиймээс Монгол Улс ч онцгой, үзэсгэлэнт байгальтай орныхоо хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ жуулчдын тоо, урсгалыг зөв удирдах шаардлагатай гэж боддог.
Д. Жаргалсайхан:– Непал улсын сайн жишээ ч байдаг.
Яап ван Хиердэн –Тиймээс аялал жуулчлалын зөв бодлого хэрэгтэй. Магадгүй илүү сайн менежмент ч хэрэгтэй. Одоогоор байгалийн цогцолбор газруудын менежмент харилцан адилгүй байна. Олон ТББ-ууд эдгээр газрыг хамгаалахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа. Мөн тусгай хамгаалалттай бүсүүд ч бий. Их Говийн дархан цаазат газарт очих завшаан надад нэг удаа тохиосон юм. Тэнд бид яг цагийн өмнө явсан Мазаалайн мөрөөр орсон. Тэндэхийн байгаль хамгаалагчид тус орчныг хамгаалж, сайжруулахын төлөө ямар их ажил хийж байгааг харах үнэхээр гайхалтай байсан. Мөн газрын доройтол, цөлжилтийн талаар ярихад нэг сонирхолтой зүйл анзаарагдсан нь орчны бүсээс хамгаалалтын зурвас хүртэл, цаашлаад Их Говийн дархан цаазат газрын цөм хэсэг рүү ороход газрын доройтол, цөлжилт харьцангуй бага байсан. Энэ нь эмзэг экосистем бүхий газарт хамгаалалт үр дүнтэй байдгийг харуулж байна. Тусгай хамгаалалттай бүсүүд нь зөвхөн биологийн олон янз байдлыг хамгаалаад зогсохгүй байгаль орчны доройтлыг бууруулахад ч чухал нөлөөтэй.
Д. Жаргалсайхан:– Энэ асуудлыг бид COP17-той холбон дараа нь дахин ярилцъя. Тэгш бус байдлын нэг шалтгаан нь зөвхөн эдийн засгийн төрөлжилт биш, мөн засаглалын асуудалтай холбоотой. Транспэрэнси Интэрнешнлийн авлигын индексээр Монголын үзүүлэлт улам муудсаар байна. НҮБ-д ч мөн адил илүү өргөн хүрээтэй Дэлхийн засаглалын индекс гэж бий. Тэр үзүүлэлтээр ч Монголын нөхцөл байдал сайн харагдахгүй байна. Энэ нь авлигын түвшинтэй холбоотой гэж хүмүүс үздэг. Нийгэмд авлига, ялангуяа шүүх засаглалтай холбоотой авлига тогтмол, гүнзгий оршсоор байна гэсэн ойлголт хүчтэй байна. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ? НҮБ-аас Монголын төрийн засаглалыг сайжруулах чиглэлээр юу хийж байна вэ?
Яап ван Хиердэн – Мэдээж зөв зүйл хийж, зөв бодлого боловсруулах нь нэг хэрэг. Харин түүнийг хэрэгжүүлэх нь өөр асуудал. НҮБ-ын хувьд Монгол Улс ардчилалд шилжих үйл явцад ч хамт байсан. Та надад сая 1990 оны зураг үзүүлсэн нь сонирхолтой байлаа. НҮБ нь Монголын ард түмэн, Засгийн газартай маш ойр хамтран ажиллаж, энэ шилжилтийг амжилттай даван туулахад дэмжиж ирсэн. Миний бодлоор энэ шилжилт нэлээд амжилттай болсон гэж хардаг. Гэхдээ мэдээж засаглалын томоохон шилжилтийг хийх маш хэцүү үйл явц байсан нь тодорхой. Өнөөдөр Монгол ардчилсан улс. Хүчирхэг ардчилалтай орон. Гэхдээ ардчилсан тогтолцооны хувьд шинэ тутам хэвээр тул томоохон сорилтууд оршсоор байна. Тийм ээ, авлигын төсөөллийн индекс сайжрахгүй, харин ч муудаж байгаа нь харамсалтай. Цөөн хэсэг нь хэт баяжиж, олонх нь хоцорч үлдэх нь Монгол улсад ч, хэнд ч ашиггүй.
Д. Жаргалсайхан:– – Яг тийм зүйл болж байна.
Яап ван Хиердэн – Энэ нь нийгмийн эв нэгдэлд ч сөргөөр нөлөөлнө. Иргэдийн бухимдлыг нэмэгдүүлж, бүр илүү ноцтой нөхцөл байдал үүсгэж болзошгүй. Тиймээс бид олон чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай. Жишээ нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр сайн засаглал, хүн төвтэй засаглалыг бэхжүүлэх чиглэлээр УИХ болон бусад институцтай хамтран ажилладаг. Энэ хамтын ажиллагааны үр дүн бас өнөөгийн нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий парламент бүрэлдсэн явдал гэж үзэж байна. Өнгөрсөн сонгуулиар УИХ-д сонгогдсон гишүүдийн 25.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүн сонгогдсон байна. Энэ бол том ахиц. Гэхдээ энэ нь мэдээж хангалтгүй. Авлигатай үр дүнтэй тэмцэх байгууллага хэрэгтэй. Авлигатай тэмцэх газрыг анх байгуулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэмжлэг үзүүлсэн. Одоо тэр байгууллагыг үр дүнтэй ажиллах боломж, чадамжаар хангах хэрэгтэй. Энэ нь шүүхийн тогтолцоотой ч шууд холбоотой. Үүнээс гадна НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) зэрэг байгууллагууд Хууль зүй, дотоод хэргийн яам, цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Бид мэдлэг, чадавхаар дэмжиж чадна. Гэхдээ бодит хэрэгжилт нь Монголын ард түмэн, удирдлагуудаас ихээхэн шалтгаална.
Д. Жаргалсайхан:– Энэ олон жилийн хугацаанд олон төсөл хэрэгжсэн гэж ойлгож байна. Та зөв хэллээ. НҮБ ардчилалд шилжсэн цагаас хойш Монголын сайн түнш байсаар ирсэн. Харин өнөөдөр иргэдийн үзэж байгаагаар манай тогтолцооны хамгийн сул хэсэг нь шүүх засаглал болоод байна. Шүүхийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ямар ажил, төсөл НҮБ-аас хэрэгжүүлсэн бэ?
Яап ван Хиердэн – Би энд болгоомжтой байх нь зүйтэй. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг нэг бүрчлэн нэр цохож нэрлэх боломжгүй байна. Гэхдээ НҮБ-ын систем өргөн цар хүрээгээрээ Монголын Засгийн газарт хууль эрх зүй, засаглалын шинэчлэлийг дэмжиж ирсэн туршлагатай. Хэрэв илүү хяналт, тэнцвэрийн сайн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай бол дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн гүйцэтгэх засаглал, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хоорондын зааг ялгаа илүү тод, бие даасан байх шаардлагатай. Эдгээр хяналт-тэнцвэрийн механизмыг хадгалах нь маш чухал. Монгол Улс ардчилсан засаглалын эхний үе шат дээр явж байгаа тул бодлого, хууль дүрмийг бодит амьдрал дээр үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна. Авлигатай тэмцэхэд хамгийн чухал асуудлын нэг нь хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай юм. Энэ асуудал зөвхөн Монголд биш, бусад оронд ч байдаг. Ихэвчлэн “цагаан захтны гэмт хэрэгтнүүд” байгаа бөгөөд өөр хүн байсан бол шийтгэгдэх байсан нөхцөлд ял хариуцлагаас мултардагаараа онцлог байдаг. Энэ бол дэлхий нийтэд тулгарч буй сорилт бөгөөд Монголд ч мөн адил байна.
Д. Жаргалсайхан:– Энэ утгаараа засаглалыг сайжруулах тухай ярихад одоо “цахим засаглал” гэдэг шинэ технологи бий болсон.
Яап ван Хиердэн –Тийм.
Д. Жаргалсайхан:– НҮБ ерөнхийдөө, ялангуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад цахим засаглалын чанар, үр ашгийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
Яап ван Хиердэн – Миний бодлоор энэ бол маш сайн хэрэгсэл. Гэхдээ эцсийн дүндээ энэ бол ердөө л хэрэгсэл хэвээрээ. Илүү сайн хэрэгсэлтэй, илүү сайн бодлоготой боллоо гээд авлига өөрөө алга болохгүй. Эцэст нь хүмүүс, удирдах албан тушаалтнууд өөрсдөө зөвхөн хувийн ашиг сонирхлоо бодохоо больж, илүү нийтийн эрх ашгийг энэ тэргүүнд тавих ёстой. Мөн сонгогдсон удирдагчид үнэхээр “нийгэмдээ үйлчлэх сэтгэлгээ”-тэй байх хэрэгтэй. Албан тушаалаа ашиглаж өөрийн эрх мэдэл, нөлөөгөө нэмэгдүүлэх хэрэгсэл болгох ёсгүй.
Д. Жаргалсайхан:– Гол асуудал нь тэр хэрэгслийг ашиглах ёстой хүмүүсийг хэрхэн үр дүнтэй ажиллуулах вэ гэдэгт байгаа юм байна, тийм үү?
Яап ван Хиердэн – Тийм. Энэ нь хяналт-тэнцвэрийн тогтолцооны тухай асуудал мөн. Гэхдээ түүнээс ч гүнзгий. Энэ бол нийгмийн ДНХ-тэй холбоотой асуудал.
Д. Жаргалсайхан:– Яг тийм. ДНХ. Та зөв хэллээ. НҮБ-ын олон агентлаг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь бусад агентлагуудын гол зохицуулагч байсан. НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага гэх мэт олон байгууллага бий. Мөн “One UN” буюу “Нэг НҮБ” гэсэн ойлголт байдаг. Энэ олон байгууллагууд ер нь хэрхэн уялдаж ажилладаг вэ?
Яап ван Хиердэн – Нэгдсэн Үндэстний Байгууллага 1945 онд дэлхийн II дайны асар их сүйрлийн дараа байгуулагдсан. Гэхдээ үүнээс өмнө ч зарим төрөлжсөн агентлагууд аль хэдийн бий болсон байсан. Сүүлийн 80 жилийн хугацаанд бид маш том бүтэц тогтолцоог бий болгосон. Заримдаа би үүнийг бүр “спагетти шиг төвөгтэй бүтэц” гэж хэлдэг. НҮБ-ын бүтцийг ойлгоход туслах НҮБ-ын дүрэм тусална. НҮБ бол олон хөтөлбөр, сан, төрөлжсөн агентлагууд, бүс нутгийн комиссууд, чиг үүргийн комиссууд, яам хэлтсүүд болон бусад олон байгууллагаас бүрдсэн маш төвөгтэй тогтолцоо. Энэ бол ойлгоход амаргүй бүтэц. Байгууллага бүр өөрийн гэсэн бүрэн эрх, үүрэгтэй бөгөөд улс орнуудын хэрэгцээнд өөр өөр байдлаар хариу үзүүлдэг. Тэгвэл энэ бүхнийг хэрхэн нэгтгэх вэ? Ийм олон гишүүнтэй “гэр бүл”-ийн нөөц боломжийг хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглах вэ? Байгууллагуудыг хоорондоо өрсөлдөх биш, харин бие биеэ нөхөж ажиллах нөхцлийг хэррхэн бүрдүүлэх вэ? Энэ бол Суурин зохицуулагчийн үүрэг. Тиймээс бид “One UN” буюу “Нэг НҮБ” гэсэн ойлголтыг улам их ярьж эхэлсэн. Энэ нь шинэ ойлголт биш, нэлээд удаан хэрэглэгдэж ирсэн нэр томьёо. Үүнтэй холбоотойгоор 2018 онд Суурин зохицуулагчийн системийн шинэчлэл хийгдсэн. Өмнө нь НҮБ-ын аль нэг байгууллагын төлөөлөгч Суурин зохицуулагчийн үүргийг давхар хашдаг байсан бол шинэчлэлийн дараа Ерөнхий нарийн бичгийн даргад шууд тайлагнадаг, бие даасан, төвийг сахисан албан тушаал бий болсон. Энэ өөрчлөлтийг хийх шаардлага үнэхээр үүссэн байсан. Учир нь та нэг байгууллагын суурин төлөөлөгч атлаа бүх НҮБ-ын багийг зохицуулж байгаа тохиолдолд бусад байгууллагын хувьд таныг төвийг сахисан, шударга зохицуулагч гэж хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байх болно.
Д. Жаргалсайхан:– Төвийг сахих тухай ярихад Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн хоёр их гүрний дунд оршдог. Энэ ч утгаараа эрчим хүч, логистик зэрэг олон сорилтыг даван туулж байна. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн хардаг вэ?
Яап ван Хиердэн – Геополитикийн өнцгөөс харахад энэ нь миний хувьд Монголд ирэхийг хүссэн шалтгаануудын маань нэг байсан. Хоёр том гүрний дунд яагаад Монгол Улс ардчилсан улс хэвээр байж чадсан бэ гэдгийг ойлгох сонирхол надад их байсан. Тэр хоёр хөрш орон бол бидний ойлголтоор ардчилсан орнууд биш. Би ингэснээр нэг нь нөгөөгөөсөө дээр гэж хэлж байгаа юм биш, зүгээр л бодит байдлыг хэлж байна. Монгол Улс яаж ийм нөхцөлд ардчиллаа хадгалж байгааг харах үнэхээр сонирхолтой байсан. Мөн “гуравдагч хөрш”-ийн бодлогоо хөгжүүлж, нөгөө талаас хоёр хөрштэйгээ ч сайн харилцаатай байж чаддаг нь улс төрийн хувьд маш сонирхолтой санагдсан. Монгол Улс энэ утгаараа маш онцгой, сонирхолтой орон. Энэ бол олон талыг нэг дор цуглуулж чадах төвийг сахисан орон зай юм. Ийм л төвийг сахисан улсад бид жишээ нь “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г хийж чадна шүү дээ. Түүнийг Монголоос өөр төвийг сахисан орчинд хийе гэвэл хаана зохион байгуулж чадах билээ дээ. Мөн Монголд хүний эрхийн бүс нутгийн төв байгуулах талаар ч яригдаж байсан. Үүнийг одоо болтол хийхгүй явж байгаа гол саад нь санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа юм. Гэхдээ энэ нь Монгол Улс зөвхөн өөртөө төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт ч чухал төвийг сахисан орон зай болж байгааг харуулж байна. Эдийн засгийн хувьд Монгол бол далайд гарцгүй орон. Энэ бол маш том сорилт. Далайд гарцгүй орнуудыг өөр хоорондоо илүү нягт холбогдоход нь дэмжлэг үзүүлдэг НҮБ-ын тусгай байгууллага бий. Хагас жилийн өмнө Туркменистанд томоохон арга хэмжээ болсон. Тэнд далайд гарцгүй орнуудыг хэрхэн эдийн засгийн интеграцчилд холбох талаар ярилцсан юм. Тэр форумд Монгол улс манлайлан оролцохыг хараад би маш баяртай байсан. Учир нь энэ асуудал бол Монголын хувьд үнэхээр том сорилт шүү дээ. Яагаад гэвэл гуравдагч хөршүүдтэйгээ худалдаа хийхийн тулд заавал хоёр хөршөөрөө дамжин өнгөрөх шаардлагатай болох учраас юм.
Д. Жаргалсайхан:– Гуравдагч хөршийн бодлогын нэг чухал хэсэг нь Монгол Улс цэрэг армийн хувьд хамгийн хүчтэй хоёр том гүрний дунд оршдог хэдий ч өөрийн гэсэн цомхон армитай бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцдог явдал юм. Та энхийг сахиулах ажиллагааны ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Яап ван Хиердэн – Юуны өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллага Монголын энхийг сахиулагчдын үйл хэрэгт ихээхэн сэтгэл хангалуун байдаг. Бид Монголын энхийг сахиулагчдыг сахилга бат, ур чадвар, энхийн төлөөх үйлсээрээ үүрэг албаа гүйцэтгэж буй газар орон бүрдээ үлгэр жишээ ажиллаж байна. Саяхан Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаатай холбоотой нөхцөл байдал үүссэн. Тэнд Монголын энхийг сахиулагчид тухайн бүсэд амьдарч байсан ойролцоогоор мянга орчим хүний аюулгүй байдлыг хамгаалж чадсан. Тэд үүнийг маш мэргэжлийн түвшинд хийсэн. Монголын энхийг сахиулагчид орон нутгийн иргэдийн дунд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг нь Монгол Улсын талаар маш эерэг сэтгэгдэл төрүүлдэг шүү.
Д. Жаргалсайхан:– Хамгийн чухал зүйл нь тэр байх. Харин одоо Монголын асуудал руугаа эргэн анхаарал хандуулахад, та Улаанбаатарын агаарын бохирдлыг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж хардаг вэ? НҮБ энэ чиглэлээр юу хийж байна вэ?
Яап ван Хиердэн – Үнэнийг хэлэхэд энэ асуудлыг харьцангуй хурдан шийдэх боломжтой гэж би боддог. Агаарын бохирдлын маш том хэсэг нь гэр хорооллоос үүдэлтэй. Улаанбаатарын хүн амын тал орчим нь гэр хороололд амьдардаг бөгөөд ихэнх нь өвөлдөө дулаан байхын тулд нүүрс түлдэг. Хотын төвд бид агаарын бохирдлыг муу байна гэж мэдэрдэг. Харин гэр хороололд очвол бүр ч хүнд нөхцөл угтдаг. Ялангуяа тэнд амьдарч байгаа хүүхдүүд, гэр бүлүүд хамгийн их өртөж байна. Агаарын бохирдлоос болж хүүхдүүд өвчилж байна. Зарим нь удаан хугацаанд өвдөх аюултай. Үүнийг хурдан шийдэх нэг арга нь сэргээгдэх эрчим хүчний шийдэл бөгөөд үүнийг туршилтын хэлбэрээр аль хэдийн хэрэгжүүлж үзсэн. Бид шинэ цахилгаан станц баригдахыг хүлээх шаардлагагүй. Шинэ шугам сүлжээ, батарей хүлээх шаардлагагүй. Гэрүүд дээр нарны эрчим хүчний систем суурилуулж болно гэдгийг харсан. Энэ нь тийм ч өндөр өртөгтэй биш, ойролцоогоор 4000–5000 ам.долларын зардалтай. Нарны самбараас гарах эрчим хүчийг нүүрстөрөгчийн кредитийн тоолууртай холбож, хэрэглээг нь бүртгэдэг. Эхэндээ Азийн сангаас энэ шийдлийг туршиж эхэлсэн, одоо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад байгууллагууд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Хувийн хэвшил ч мөн оролцож байгаа. Энэ шийдэл нь өвлийн улиралд гэрүүдийг дулаан байлгаж чадна гэдгийг төслийн хүрээнд нотолсон. Өөрөөр хэлбэл бодит үр дүнтэй шийдэл. Одоо энэ төслийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.
Д. Жаргалсайхан:– Та бүхэн үүнийг аль эрт эхлүүлсэн. Харин өргөжүүлэх чиглэлээр юу хийж байна вэ?
Яап ван Хиердэн – Энд л гол асуудал бий. Одоо бид хөгжлийн түншүүдтэй энэ талаар маш идэвхтэй ярилцаж байна. Учир нь үр дүнтэй туршилтуудыг бид илүү түгээн дэлгэрүүлэх шаардлагатай. Энэ бол маш амжилттай болсон туршилтын нэг. Тэгэхээр асуудал нь “энэ үр дүнтэй байна уу?” гэдэгт биш, харин “үр дүнтэй байхад яагаад өргөжүүлэхгүй байна вэ?” гэдэгт байгаа юм. Хариулт нь санхүүжилт. Санхүүгийн нөөц дутагдаж байна. Агаарын бохирдол 200 мянга орчим өрхөд, ялангуяа гэр хорооллын өрхүүдэд маш хүчтэй нөлөөлж байгааг бид мэдэж байгаа. Мөн хангалттай хөрөнгө байвал энэ асуудлыг нэг эсвэл хоёр жилийн дотор мэдэгдэхүйц шийдвэрлэх боломжтой гэдгийг ч мэдэж байна. Ийм хурдан шийдэх боломжтой. Гэхдээ бодит байдал дээр үнэхээр нэг, хоёр жилийн дотор шийдэгдэх эсэхийг би хэлж мэдэхгүй байна.
Д. Жаргалсайхан:– Монгол ба НҮБ-тай холбоотой хамгийн сүүлийн асуулт. Энэ жил COP17 болно. Ойролцоогоор 10 мянган хүн ирнэ гэж төлөвлөж байгаа. Улаанбаатар хотын тээвэр, дэд бүтэц энэ ачааллыг даах уу? Тус арга хэмжээний бэлтгэл ажлыг хэр зэрэг хангагдсан гэж та үзэж байна вэ?
Яап ван Хиердэн – Өчигдөр би COP17 зохион байгуулах талбай дээр танилцах боломж олдсон. Ажил үнэхээр урагшилж байгааг харахад надад сайхан байсан. Гэрээний дагуу бүх байгууламж наймдугаар сарын эхний долоо хоногт бэлэн болно гэж ойлгосон. Үндсэн байгууламжийн ажил буюу угсармал бүтцийг угсрах ажил тавдугаар сарын 20-ноос эхлэх байх. Гэхдээ суурь дэд бүтэц нь одоо бэлэн болсон байна. Усны шугамыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбосон. Мөн би “энэ дэд бүтцээс дараа нь юу үлдэх вэ, хүмүүс хэрхэн ашиг хүртэх вэ?” гэж асуусан. Зам, зогсоол зэрэг ажлууд маш чанартай, мэргэжлийн түвшинд хийгдсэн байсан. COP17 наймдугаар сарын сүүлээр болохтой холбоотойгоор мод, бут сөөг нэмэлтээр тарих ажил ч хийгдэнэ. Үүний дараа ойролцоогоор 10 хоногийн дараа ихэнх түр байгууламжуудыг буулгана гэж ойлгосон.
Үүний дараа энэ газар нь одоогийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өргөтгөл болж, Монголын иргэд байгальд амарч, зугаалах боломжтой цэцэрлэгт хүрээлэн болж үлдэх юм.
Д. Жаргалсайхан:– Тэгэхээр Монгол Улс энэ арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж чадна гэж үзэж байна уу?
Яап ван Хиердэн – Бэлтгэл ажлын хувьд нэлээд саадтай байсан. Нэлээд төвөгтэй үйл явц болж байгаа ч эцэстээ амжилттай дуусгана гэдэгт би итгэлтэй байна.
Д. Жаргалсайхан:– Одоо НҮБ-ын тухай ерөнхийд нь ярья. Ялангуяа хөгжингүй орнуудын удирдагчид НҮБ-ын үр нөлөө, үр ашигт эргэлзэх болсон нь нууц биш. Та ийм шүүмжлэлд ямар байр суурьтай байдаг вэ?
Яап ван Хиердэн – Бид бүхэн энэ асуудлыг маш нухацтай авч үзэж байгаа. Одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ажлаа эхлэхдээ НҮБ-ыг шинэчлэх чиг үүрэгтэй ирсэн. Түүнээс өмнө нь ажиллаж байсан Бан Ги Мүн ч НҮБ-ыг илүү үр ашигтай, нэгдмэл бөгөөд илүү нөлөөтэй болгохын төлөө ихээхэн ажилласан. Гэхдээ манай байгууллага сүүлийн 80 жилийн хугацаанд асар их зүйл хийж бүтээснийг мартаж болохгүй. НҮБ бол бид бүгдийн хамтдаа нэгддэг орон зай. Энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхийн асуудлаар дэлхийн хэмжээний хамтарсан яриа хэлэлцээ өрнөдөг цорын ганц талбар. 193 гишүүн улс дипломат харилцааны хүрээнд энд хамтран ажилладаг. Тийм ээ, НҮБ-ын зарим хэсэг хангалттай сайн ажиллахгүй байгаа. 2024 онд НҮБ-ын “Ирээдүйн төлөөх пакт” баримт бичиг батлагдсан. Энэ нь 2024 оны есдүгээр сарын Ерөнхий Ассамблейн дараа гарсан баримт бичиг бөгөөд 193 гишүүн улс бүгд баталсан. Энэ баримт бичиг нь “Даян дэлхийн цахим гэрээ” болон “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал” гэсэн хоёр хавсралттай. Энэ нэгдсэн хэлэлцээрт ирээдүй хойч үеийн төлөө институцын хувьд хэрхэн бэхжиж, дэлхийн хэмжээнд илүү сайн зохицуулалт хийх шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хурдасгах, уур амьсгалын санхүүжилтийг дэмжихийн тулд санхүүгийн механизмуудаа шинэчлэх шаардлагатайг онцолсон. Түүнчлэн энх тайван, аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх хэрэгтэйг хүлээн зөвшөөрсөн. Аюулгүйн Зөвлөлийг харахад өнөөдөр шаардлагатай хэмжээнд үр дүнтэй ажиллахгүй байна. Мөн сансрын засаглалын асуудал гарч ирнэ. Үүнийг хэрхэн зөв зохицуулах талаар одооноос бодох шаардлагатай. Хиймэл оюун ухааны ёс зүй, зохицуулалтын асуудал ч мөн адил маш чухал болж байна. Эдгээр асуудал “Даян дэлхийн цахим гэрээ”-ын гол хэсэг болсон. Үүнд интернетийг хүн бүрд хүртээмжтэй байлгахын зэрэгцээ аюулгүй цахим орчин бүрдүүлэх тухай тусгасан. Мөн хамгийн чухал нь залуучууд шийдвэр гаргах үйл явцын нэг хэсэг байх ёстой гэдгийг дэлхий нийтээрээ улам тодорхой ойлгож, хүлээн зөвшөөрч эхэлсэн. НҮБ-ын тогтолцооны үр ашиг, үр нөлөөг дахин үнэлэх ажил одоо ид явагдаж байна. – Одоогоор олон судалгаа, үнэлгээ хийгдэж байна. Үүнийг бид “НҮБ 80” санаачилга гэж нэрлэдэг. Энэ хүрээнд НҮБ-ын төрөлжсөн айгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг эргэн харах судалгаанууд хийгдэж байгаа. Өөр өөр байгууллагууд өөр өөр чиг үүрэгтэй. Гэхдээ бодит байдал дээр зарим тохиолдолд тэдгээр чиг үүрэг давхцах, бүр хоорондоо өрсөлдөх асуудал гардаг.
Д. Жаргалсайхан:– Ерөнхийлөгч Трамп “Энхийн Зөвлөл” гэх санаачилга дэвшүүлж, Монгол болон өөр 40 орчим улс нэгдсэн. Зарим хүмүүс үүнийг олон талт хамтын ажиллагаанд сорилт болж байна гэж үздэг. Үүний зэрэгцээ АНУ-аас НҮБ-д олгодог санхүүжилт танагдсан. АНУ-ын санхүүжилтгүйгээр НҮБ хэвийн ажиллаж чадах уу?
Яап ван Хиердэн – “Энхийн Зөвлөл”-ийн тухайд тэд Газын зурвастай холбоотой тодорхой мандаттайгаар байгуулагдсан. Харин НҮБ бол үүнээс хамаагүй өргөн хүрээний байгууллага. НҮБ бол бүс нутгийн болон бүсийн доторх байгууллагууд, батлан хамгаалах байгууллагуудтай хамтран ажилладаг. Тиймээс “Энхийн Зөвлөл” бол НҮБ-аас гадуурх өөр нэг байгууллага гэж ойлгож болно. Гэхдээ үүнийг НҮБ-тай харьцуулах боломжгүй. Учир нь НҮБ бүх нийтийн гишүүнчлэлтэй. Бид НҮБ-ын дүрэмд захирагддаг бөгөөд олон улсын эрх зүйг хамгаалах нь бидний гол зорилгын нэг. Энэ хүрээнд Нидерландад байрлах Олон улсын эрүүгийн шүүх, Олон улсын шүүх зэрэг байгууллагууд ажиллаж байна. Мөн Хүний эрхийн зөвлөл, хүний эрхийн байгууллагууд ч ажилладаг.
Д. Жаргалсайхан:– Одоо Иран, Израил, АНУ-тай холбоотой мөргөлдөөн буюу дайны асуудал байна. Ийм асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэрлэх ёстой ч зарим орны зөрчилдөөнөөс болоод тус байгууллага ямар ч шийдвэр гаргаж чадахгүй болсон мэт харагдаж байна.
Яап ван Хиердэн – Тийм.
Д. Жаргалсайхан:– Тэгвэл дараагийн хамгийн зөв алхам юу вэ?
Яап ван Хиердэн – Аюулгүйн зөвлөлд шинэчлэл хийх хэрэгтэй. Бид энэ талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. “Ирээдүйн төлөөх пакт”-ийг хэлэлцэх үеэр ч энэ асуудал маш их яригдсан. Энэ бол маш эмзэг сэдэв. Гэхдээ юу үнэн бэ гэвэл Аюулгүйн зөвлөл өнөөдөр ажиллах ёстой хэм хэмжээндээ ажиллахгүй байна.
Д. Жаргалсайхан:– Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх талаар гишүүн орнуудын дунд урьдчилсан тохиролцсон загвар бий юу?
Яап ван Хиердэн – Энэ талаар хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Д. Жаргалсайхан:– Нэг тодорхой, энгийн загвар байхгүй гэсэн үг үү?
Яап ван Хиердэн – Тийм. Гэхдээ НҮБ өөрөө эцсийн шийдвэр гаргадаг байгууллага биш. Бидний хийж чадах зүйл бол яриа, хэлэлцүүлэг өрнөх орон зайг бүрдүүлэх, түүнийг дэмжих явдал. Эцсийн дүндээ Аюулгүйн зөвлөлийн ирээдүйн хэлбэрийг НҮБ-ын 193 гишүүн улс өөрсдөө тохиролцож шийдэх ёстой.
Д. Жаргалсайхан:– Хөгжил буурай орнуудын өмнөөс НҮБ хүний эрх, хөгжлийн асуудлыг чанга ярьдаг ч бодит байдал дээр НҮБ сонгож ханддаг, сул жижиг улсуудад шахалт үзүүлдэг хэрнээ хүчирхэг орнууд бодит хариуцлага бага хүлээдэг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Та үүнтэй санал нийлэх үү?
Яап ван Хиердэн – Миний бодлоор тийм биш. Жишээ нь Ерөнхий Ассамблейг авч үзье. Тэнд улс бүр нэг саналтай. Та Хятад байсан ч, Монгол байсан ч адилхан нэг санал өгдөг. Тиймээс НҮБ-ын индэр бол хүн ам цөөн, эдийн засгийн хувьд сул орнууд ч хүчирхэг орнуудтай адил дуу хоолойтой байх боломжтой орон зай юм. Хэрэв НҮБ-ын бүтэц, бодлогын хүрээ, НҮБ-ын дүрэм, хүний эрхийн мандатыг харвал зөв зарчмууд дээр суурилсан байдаг. Харин асуудал нь хэрэгжилт дээрээ байдаг. Тэр хэрэгжилтийг хийдэг хүмүүс нь бид өөрсдөө буюу гишүүн орнууд юм.
Д. Жаргалсайхан:– За тэгвэл хамгийн сүүлд, арай хувийн өнгө аястай асуулт асууя. Үндсэрхэг үзэл өсөж, геополитикийн хуваагдал нэмэгдэж, олон талт хамтын ажиллагаанд хүмүүсийн итгэл буурч байгаа энэ үед НҮБ-д яагаад найдах ёстой вэ? Залуучуудад НҮБ-ын талаар юу гэж хэлэх вэ?
Яап ван Хиердэн – НҮБ бол бид бүгдийн нэг дор цуглардаг газар. Дэлхийн хэмжээнд, бүх улсуудыг хамруулан, хүн бүрд хамаатай асуудлуудаар ярилцах боломжтой ганц талбар бол НҮБ юм. Төгс тогтолцоо юу гэж асуувал мэдээж үгүй. Би тэгж бодохгүй байна. Энэ бол төгс бус тогтолцоо. Тиймээс бид үүнийг улам бэхжүүлж, сайжруулах хэрэгтэй. Гэхдээ хэрэв НҮБ гэж байгаагүй бол бид түүнийг заавал шинээр бий болгох шаардлагатай болох байсан. Учир нь дэлхий нийтээрээ нэг дор цугларч ярилцах газар зайлшгүй хэрэгтэй.
Д. Жаргалсайхан:– Өнгөрсөн 60–80 жилийн хугацаанд дэлхий томоохон хэмжээний шинэ дайнаас зайлсхийж чадсан нь ийм бүтэц байсантай холбоотой гэж хэлж болно, тийм үү? Эцсийн дүндээ энэ бүхэн илүү үр ашигтай, мөргөлдөөн багатай, ялангуяа шашин, геополитикийн зөрчилтэй нөхцөлд илүү сайн ажиллах НҮБ-ын шинэ бүтэц бий болгох хэрэгтэй байгаа юм. Монгол Улс ч гэсэн хоёр их гүрний дунд оршдог, хүн ам цөөн ч газар нутаг том орон. Бид ч мөн илүү сайн ирээдүй, илүү үр ашигтай НҮБ-ыг бий болгохын төлөө байдаг хүмүүсийн нэг хэсэг.
– Тийм ээ. Тийм ч учраас бид Монголд үнэхээр дуртай.
– Баярлалаа.