НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад айлчиллаа
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Улаанбаатар, 2026 оны 5 сарын 13 — НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа хүрээнд, тэрээр төр засгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хүний эрхийн сэдвээр олон нийтэд илтгэл тавихдаа “хүний эрх бол тогтвортой хөгжлийн төв” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Төрийн засгийн удирдлагатай хийсэн уулзалтууд
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Ф. Түрк Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Сайнбуянгийн Амарсайхан болон Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар талууд ардчилсан засаглал, хүний эрх, тогтвортой хөгжлийн асуудлаар санал солилцож, олон улсын хэм хэмжээнд нийцсэн эрхзүйн шинэчлэл, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх талаар санал нэгдлээ.
Тэрээр төрийн байгууллагад итгэх олон нийтийн илгэлийг бэхжүүлэх, ялангуяа нийгмийн гэрээний үндэс болсон хараат бус шүүхийн тогтолцоо, эрхзүйт ёсыг бэхжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэв.
Фолькер Түрк Монгол Улсад хүний эрхийг хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулсан хүчтэй тогтолцоог бий болгож, бие даасан Үндэсний Хүний Эрхийн Комиссыг байгуулж, идэвхтэй оролцоотой иргэний нийгмийн байгууллагууд бэхжиж буйг өндрөөр үнэлэв. Түүнчлэн бүс нутагтаа анх удаа хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах тухай хуулийг баталсан орон болсоныг онцлов.
Гадаад харилцааны сайдтай хийсэн уулзалтын үеэр Дээд Комиссар Монгол Улс хүний эрхийн асуудлаар олон улсын түвшинд олон талт яриа хэлэлцээрт идэвхтэй оролцож буйг сайшаалаа. Талууд Улаанбаатар хотноо НҮБ-ын Бүсийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах тухай замын зураглалыг тодорхойлсон баримт бичигт гарын үсэг зурлаа.
Хүндэтгэлийн лекц: Хүний эрх даян дэлхийн сорилтуудын шийдэл болох нь
Түүний айлчлалын онцлох үйл явдлын нэг нь Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулсан хүндэтгэлийн лекцэд хүндэт зочин, илтгэгчээр оролцож, бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, хууль эрхзүйн оюутан залуустай хүний эрхийн асуудлаар ярилцсан явдал байлаа. Тэрээр илтгэлдээ “Хүний эрх бол илүү энх тайван дэлхий, илүү хүчирхэг, тэсвэртэй нийгмийн суурь юм” гэж цохон тэмдэглэв.
Тэрээр мөн уур амьсгалын өөрчлөлт, цахим шилжилт, тэгш бус байдал зэрэг шинэ тутам үүсэж буй сорилтуудыг хүний эрхэд суурилсан арга барилаар шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.
Илтгэлийг бүрэн эхээр нь эндээс татаж авна уу.
Иргэний нийгмийн төлөөлөлтэй санал солилцов
Дээд комиссар Түрк иргэний ИНБ-ын төлөөлөгчидтэй уулзахдаа эмзэг, гадуурхагдсан бүлгийн дуу хоолой болж, хариуцлага, шударга ёсыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг тэдний үйл хэргийг сайшаан тэмдэглэв. Монголын ИНБ-ын төлөөлөгчид байгаль орчныг хамгаалах, жендэрийн тэгш эрхийг хангах, иргэний орон зайг бэхжүүлэх, ил тод байдлыг дэмжих зэрэг олон асуудлыг хөндөж ярилцлаа. Дээд комиссар иргэний нийгмийн байгууллагууд үндэсний хөгжилд бодитой хувь нэмрээ чөлөөтэй оруулах аюулгүй орон зай, орчныг бүрдүүлэхийг НҮБ-ийн зүгээс ямагт дэмжих болно гэдгийг бататгав.
НҮБ-ын хамт олон болон дипломат төлөөлөгчидтэй уулзав
Фолькер Түрк Монгол Улс дахь НҮБ-ын удирдлагын баг болон тус улс дахь дипломатуудтай уулзаж, хүний эрхийг хангах талаар хамтын ажиллагаа, Монгол Улсын хөгжлийг тэргүүлэх зорилтуудыг дэмжихэд хамтын дэмжлэгээ бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Буддын сүм хийдэд зочилж, соёлын өв, уламжлалтай танилцав
Монголын Буддын шашины төв Гандантэгчилэн хийдэд зочилж, тэргүүн хамба лам Д. Жавзандоржтой шашин, гүн ухаан, соёлын сэдвээр ярилцахдаа шашны удирдагчид энх тайван, нигүүлсэл, энэрэхүй, хүний эрхэм чанарыг дээдлэн бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэлээ.
Айлчлалаа дүгнэж хэвлэлийн бага хурал хийв
Хоёр өдрийн айлчлалаа дүгнэж зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр тэрээр найрсгаар хүлээн авч, үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлсэнд талархлаа илэрхийлэв.
“Монголын ард түмний анд нөхрийн би Монгол Улсыг хууль тогтоомж, бодлогодоо хүний эрхийг хамгаалахыг бэхжүүлж, хэрэгжилтийг хүчирхэгжүүлэх замаар бүс нутагтаа болон олон улсад хүний эрхийн түүчээ хэвээр байхыг уриалж байна” гэж хэлэв.
Эцэст нь, НҮБ-аас Монгол Улсын хүний эрхийн үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг цогцлоох үйлсэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ дахин нотлов.
Мэдэгдэлийг бүрэн эхээр нь.