Хэвлэлийн мэдээ

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түркийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хэвлэлийн бага хурал

2026 оны тавдугаар сарын 12

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолкер Түркийн илгээлт.

Зургийг: © UNRCO Mongolia

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссар сүүлийн 26 жилийн хугацаанд Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм. Энэ хугацаанд тус улс болон түүнийг хүрээлэн буй геополитикийн орон зай асар их өөрчлөгдөн шинэчлэгдсэн байна.

Монгол Улс нь гайхамшигт түүхтэй, далайд гарцгүй газар зүйн байршилтай бөгөөд хөгжлийн өвөрмөц сорилтуудтай нүүр тулж, мөн боломжуудыг бий болгож байна. Монгол Улс эдгээр саад бэрхшээлийг ухаалгаар даван туулж, ардчиллын бат бөх уламжлалыг хөгжүүлж, бүс нутагтаа яриа хэлэлцээ, дипломат ажиллагааг нэгтгэн зангидагч болон тодорчээ. Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүс нутгийн статус болон цаазын ялыг бүрмөсөн халсан нь бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц сайн жишиг юм.

Өчигдөр орой Гандантэгчинлэн хийдэд зочлох үедээ энэ улсын түүхэнд буддын шашинтнууд шашин шүтлэгийн улмаас хавчигдаж байсан түүхэн баримтууд, тэрхүү түүхийн явцад өнөөдрийг хүртэл хадгалагдан ирсэн нигүүлсэхүйн сэтгэлгээг сонсоод гүнээ сэтгэл хөдөллөө. Нигүүлсэх болон билэг оюуныг дээдлэх үзэл баримтлал нь хүний эрхийн үзэл санаатай гүнээ нийцдэг бөгөөд Монгол Улсын өмнө тулгараад буй сорилтуудыг даван туулж, ирээдүйн замаа тодорхойлох луужин нь болох юм.

Миний бие Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газрыг төлөөлөн Засгийн газар, иргэний нийгэм болон Хүний эрхийн Үндэсний Комисстой олон жилийн турш хамтран ажиллаж, хүний эрхийн тулгамдсан асуудлууд, тэр дундаа бизнес ба хүний эрх, дижитал эрин үед дасан зохицох зэрэг олон санаачилгыг хэрэгжүүлж ирсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар энэхүү хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаад миний бие туйлын таатай байна. Бид өчигдөр Гадаад хэргийн сайдтай цаашдын хамтын ажиллагааны замын зураглалд гарын үсэг зурж, өөрсдийн зорилго чиглэлээ албажуулсан болно. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газартай хамтран ажиллах хүсэл зорилгоо илэрхийлж буй нь хүний эрх бол олон талт, ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэх арга зам болохыг хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл юм. Дэлхий дахины зарим нөлөө бүхий

тоглогчид хүний эрхийг илт үгүйсгэж, улмаар хил дамнасан хавчин мөрдөх зэргээр хүний эрхийг хөсөрдүүлж буй энэ цаг үед Монгол Улсын эерэг амлалт, тууштай байдал онцгойрч байна. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн тогтолцоог хөшүүрэг болгон ашиглаж, бодит үр дүнд хүрч болохыг харуулж байна.

Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон хамтын ажиллагааны замын зураглал, зорилгын илэрхийлэл нь Улаанбаатар хотноо Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг байгуулах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх алхмуудыг тодорхойлсон болно. Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс энэхүү санаачилгын талаарх тууштай, эерэг амлалтууд сонссоноо сайшааж байна. Бид энэхүү төвийг тогтвортой ажиллуулахад шаардлагатай олон талын хувилбар, боломж нөхцөл, нөөц бололцоог нарийвчлан судлахаар Засгийн газартай хамтран ажиллахын зэрэгцээ шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг дайчлахын тулд уг санаачилгыг бусад талуудад сурталчлан таниулахад анхаарч ажиллана.

Монгол Улс хууль эрх зүйн хүрээнд хүний эрхийг хамгаалах бат бөх тогтолцоо, үлгэр жишээ болохуйц Хүний эрхийн Үндэсний Комисс, мөн идэвхтэй иргэний нийгмийн байгууллагуудаараа бахархдаг. Түүнчлэн бүс нутагтаа анхдагч болох Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тухай бие даасан хуулийг батлан гаргасан билээ.

Иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзах үед хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр батлан гаргасан хууль тогтоомж, бодлогыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тэдгээрийн хэрэгжилт, хууль сахиулах ажиллагааг илүү хүчтэй, тууштай болгох тал дээр зарим тулгамдсан асуудлаад хэвээр байгааг мөн анзаарлаа.

“Бид ардчилсан орон зайг зүй ёсны зүйл мэтээр хүлээж авах боломжгүй тийм бүс нутагт амьдарч байна” гэж Монголын хүний эрх хамгаалагчдын нэг надад хэлсэн. Үнэхээр энэ орон зай нь институцийн хяналт, тэнцвэрийг бэхжүүлэх замаар байнга идэвхтэй хамгаалах ёстой талбар юм. Хүний эрхийн төлөөх ажил хэзээ ч дуусдаггүй, байнгын үйл явц байдаг билээ.

Нийгмийн гэрээний суурь үндэс болсон хараат бус шүүх засаглал, хууль дээдлэх ёсны институцүүдэд итгэх олон нийтийн итгэлийг хадгалах нь нэн чухал юм. Монгол Улс ирээдүйд тэмүүлсэн залуу хүн амтай бөгөөд тэд дэлхийн бусад орны "GenZ" үеийнхний адил ирээдүй хойч болон байгаль эх дэлхийдээ санаа зовниж байна. Засгийн газрууд иргэдийн дуу хоолойг сонсож, богино хугацааны улс төр, эдийн засгийн ашиг хонжоо харахаас илүүтэй үе хоорондын урт хугацааны үр нөлөөг тооцож ажиллах нь нэн чухал юм.

Тухайлбал, эдийн засгийн болон дэд бүтцийн хурдацтай хөгжил нь хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээтэй хамт хийгдэх ёстой бөгөөд үүнийг олон талтай,

ялангуяа нүүдэлчин малчдын бүлэг гэх мэт дэд бүтцийн томоохон төслүүдэд хамгийн их өртөж болзошгүй олон нийтийн оролцоо, зөвлөлдөөний үндсэн дээр хэрэгжүүлэх шаардлагатай.

Засгийн газрын зүгээс эдийн засгийн бодлого, төсвийн үйл явцад хүний эрхийн дүн шинжилгээ хийх сонирхолтой байгаад миний бие таатай байна. Бидний "Хүний эрхэд суурилсан эдийн засаг" гэж нэрлэдэг энэхүү хандлага нь төсөв, санхүүгийн бодлогыг хүний эрхийн бүхий л хүрээнд (эдийн засаг, нийгэм, соёл, иргэний, улс төр, байгаль орчин болон хөгжих эрх) тулгуурлан боловсруулах, нөөцийн хуваарилалт нь тэгш бус байдлыг бий болгох эсвэл гүнзгийрүүлэхээс сэргийлэх, мөн шүүх засаглал, ХЭҮК зэрэг хүний эрхийг хамгаалах баталгаа болсон төрийн институцүүдийг дэмжихэд туслах юм.

Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын тогтвортой хөгжилд заналхийлж буй гол хүчин зүйл юм. Энд "зуд" хэмээн нэрлэдэг хатуу ширүүн өвлийн уур амьсгал, ган гачиг, үер усны гамшиг, хүчтэй шуурга, шороон болон элсэн шуурга зэрэг уур амьсгалтай холбоотой байгалийн гамшгийн давтамж, хамрах хүрээ улам нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь хүний эрхийн олон асуудалд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй юм. Монгол Улс энэ оны наймдугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) даргалж буй нь эдгээр асуудлуудад анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээ авахыг шаардах чухал боломж юм.

Бизнес ба хүний эрхийн тухайд Монгол Улс 2023 онд Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан нь чухал санаачилга байлаа. Томоохон төслүүдэд оролцож буй бизнес эрхлэгчдэд шүүмжлэлтэй хандаж эрх нь зөрчигдөж болзошгүй хүний эрх хамгаалагчид, тэр дундаа байгаль орчны эрхийг хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах нь нэн чухал байх болно.

Иргэний нийгмийн нэгэн төлөөлөгчийн хэлснээр авлига бол тус улсын хөгжилд саад болж буй хамгийн том гацаа юм. Хүн амын итгэлийг олж авах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн тулд авлигын эсрэг илүү хүчтэй арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлагатай байна.

Миний хийсэн олон удаагийн хэлэлцүүлгийн үеэр дижитал технологи болон сошиал медиа нь нийгэмд, ялангуяа залуучуудад үзүүлж буй нөлөө, мөн улс төрийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаад санаа зовниж буй нь олонтоо хөндөгдлөө. Энэ бол дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй сорилт бөгөөд улс бүр өөр өөр хариу арга хэмжээ авч байна. Монгол Улс цахим орчныг хэрхэн зохицуулах, түүний дотор хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилгоор цахим орчны аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ үед хүний эрхийн өмнө хүлээсэн үүрэг амлалтууд нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хамгаалал хоёрын

тэнцвэрийг хангахад чухал жишиг болох юм. Миний бие болон манай байгууллага үүнд туслахад бэлэн байна.

Жендэрийн тэгш байдлыг хангах талаар Монгол Улсад чухал алхмууд хийгдсэн бөгөөд 2024 оны сонгуулиар парламентын эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 25.4 хувьд хүрч нэмэгдсэн төдийгүй 2028 оны дараагийн сонгуульд үүнээс ч илүү амбицтай зорилтуудыг дэвшүүлжээ. Хэвшмэл ойлголтууд, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, түүнчлэн хүүхэд хамгааллын асуудал, ялангуяа цахим орчин дахь хамгаалалт нь нэн тэргүүний анхаарал хандуулах салбарууд юм. Засгийн газрын зүгээс хөдөө орон нутагт орхигдож болзошгүй байгаа эрэгтэйчүүдийн хүний хөгжлийн ялгааг арилгах санаачилгуудыг мөн эхлүүлээд байна. LGBTQI хүмүүсийн эрхэд халдсан урсгал нэмэгдэж буй энэ үед тэдний хувьд Монгол Улс нээлттэй орчин байсаар ирсэн. Энэхүү бүлэг хүмүүсийг үзэн ядалтын үг хэллэг, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах нь чухал юм.

Энэ улсын анд нөхрийн хувьд би Монгол Улсыг хууль тогтоомж, бодлогодоо хүний эрхийн хамгаалалтыг тусган бэхжүүлэх замаар бүс нутагтаа болон олон улсад түүчээлэгч хэвээр байхыг уриалж байна. Миний бие болон манай байгууллага энэхүү замд Монголын ард түмнийг үргэлж дэмжин зөвлөж, хамт байхад бэлэн байна.

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд