Хэвлэлийн мэдээ

Рияд хотод болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн Талуудын 16 дугаар Бага хурал (COP16)-ын үйл хэргийг залгамжлуулах Түүхэн аялал Улаанбаатар хотноо болох Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг зорин хөдөллөө.

2026 оны тавдугаар сарын 29

Бонн/Анталья хот. 2026 оны 5-р сарын 13. Цөлжилттэй тэмцэх тухай  НҮБ-ын конвенц (ЦТНҮБК, UNCCD) өнөөдөр Турк Улсын Анталья хотоос Торгоны замын жингийн цувааг эхлүүллээ. Энэхүү аялал нь Евразийн улс орнуудын бэлчээрийн экосистем, нүүдлийн мал аж ахуй, бүс нутгийн өвөрмөц соёл, амьдралын хэв маягийг  дэлхий дахинаа таниулах зорилготой бөгөөд Рияд хотноо болсон Талуудын 16 дугаар Бага хурал (COP16)-ын үйл хэрэг, амлалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-тай  залгамжлуулан холбох дэлхийн хэмжээний санаачлага юм. 

“Бэлчээр ба мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил – 2026”- ийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү санаачилга нь бэлчээрийн мал аж ахуйн экосистемийн үйлчилгээ нь хүнсний аюулгүй байдлыг хангах, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын хямралыг сааруулах, эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэхэд юугаар ч орлуулашгүй чухал болохыг дэлхий дахинаа таниулна.  Хэдийгээр бэлчээрийн мал аж ахуй нь байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд зохицон тогтвортой оршсоор ирсэн ч  түүний экологийн болоод эдийн засгийн үнэ цэн төдийлэн гүйцэд ойлгогдоогүй салбар юм. Ялангуяа, дэлхийн бэлчээр нутгийн дийлэнх хэсгийг  бүрдүүлдэг боловч газрын доройтолд ихээхэн өртөмтгий хуурай газрын бүс нутгийг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд бэлчээрийн мал аж ахуй онцгой ач холбогдолтой.   

Их түүхт Торгоны замын дагуу өрнөх энэ удаагийн жингийн цуваа нь дэлхийн олон улс орноос хүрэлцэн ирэх бэлчээр ашиглагчид, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид, кино найруулагчид, эрдэмтэн судлаачид, түнш байгууллагуудыг түүх өгүүлэх өвөрмөц аялалд нэгтгэх болно. Цуваанд нэгдэгсэд тал хээр нутаг, говь цөл, тэгш өндөрлөгүүдийн бэлчээр нутгаар  аялахдаа орон нутгийн иргэд, малчидтай уулзаж,  уламжлалт мэдлэг, шинжлэх ухааны орчин үеийн дэвшилд суурилсан газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн туршлага, шийдлүүдийг баримтжуулж, эдгээр түүхийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, silkroadcaravan.org вэбсайт болон бүрэн хэмжээний баримтат киногоор дамжуулан дэлхий нийтэд түгээнэ. 

“Бэлчээр нутаг нь дэлхийн газрын гадаргуугийн талаас илүү хувийг эзэлж, олон тэрбум хүний амьжиргааг тэтгэж байгаа боловч зарим бүс нутагт бэлчээр нутаг халуун орны ойн устгалаас ч илүү хурдацтайгаар элэгдэж, сүйдэж байна. Рияд хотноо болсон Талуудын 16 дугаар Бага хурал (COP16)-аас Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Талуудын 17 дугаар Бага хурал (COP17) хүртэлх залгамж холбоог хангах Торгоны замын жингийн цуваа нь бэлчээр нутаг болон түүнийг хамгаалагчдыг дэлхий нийтийн анхаарлын төвд хүргэж, газрын нөөцийг сэргээх, ган гачигийг сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ирээдүйг бүтээх үүрэг хариуцлагыг хуваалцана” хэмээн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Турк Улсын Анталия хотод болсон нээлтийн ёслолын үеэр онцлон тэмдэглэв. Уг нээлтийн ёслолд бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид, оролцогч улс орнууд болон түншлэгч талуудын  төлөөлөл оролцов.  

Торгоны замын жингийн цувааны албан ёсны нээлтийн арга хэмжээг зохион байгуулагч тал болох Турк Улсын  Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Хасан Сувер хэлэхдээ: “Турк Улсаас  эхэлж Монгол Улс хүртэл үргэлжлэх энэхүү гүн агуулгатай, бэлгэ ерөөлтэй аялал нь улс орнуудын түүх, соёлын хэлхээ холбоог бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг олон нийтэд таниулах,  бэлчээр нутгийг хамгаалах, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн тогтвортой амьжиргааг дэмжих, газрын нэгдсэн менежментийг хөгжүүлэх зэрэг асуудлыг дэлхийн түвшинд сурталчлах зорилготой чухал арга хэмжээ болж байна Турк Улсын Эрзурум хотоос  5-р сарын 6-нд гараагаа эхэлсэн Торгоны замын жингийн цуваа Малатья, Газиантеп хотуудыг  дамжин өнөөдөр Анаталья хотноо хүрэлцэн ирээд байна. Энэ аялал Турк орны газар зүйн бүс нутаг, бэлчээрийн экосистемийн олон янз байдал, үнэ цэнийг мэдрүүлсэн гайхалтай аялал байлаа. Аялалын туршид бэлчээр нутгуудаар явж, зураг авч, ярилцлага хийж, орон нутгийн иргэд, малчидтай олон арван уулзалт хийсэн. Энэ бүхэн бэлчээрийн экосистем нь зөвхөн байгалийн нөөц төдийгүй нүүдэлчдийн соёлын өв, эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадавх, нийгмийн тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг болохыг дахин гэрчлэх боломж олгосон” хэмээн онцлон тэмдэглэв. 

Мали Улсын уран бүтээлч, дуучин, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн сайн үйлсийн элч Инна Моджа Торгоны замын жингийн цуваанд нэгдэж Турк Улсаар 1000 гаруй км замыг аялжээ. Тэрээр хэлэхдээ: “Газар нутгаараа хүйн холбоотой өөр өөр соёл, уламжлал, мэдлэгийг хуримтлуулж  буй  энэхүү санаачилгад нэгдсэндээ миний бие туйлын баяртай байна. Энэ аялалын туршид бид өөр өөр бүс нутгийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн дуу хоолойг сонсож, хүмүүс бид газар нутгаасаа хэр гүнзгий хамааралтай болохыг таниулах болно. Торгоны замын жингийн цуваа нь 2026 оны Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилд дэмжлэг болж, бэлчээр нутаг, нуудлийн мал аж ахуй эрхлэгчдийг нүдээр харж, чихээр сонсож, үнэ цэнийг нь өргөхөд хувь хэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдлээ. 

Турк Улсаас гараагаа эхэлсэн Торгоны замын жингийн цуваа нь БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ, Узбек зэрэг Евразийн хэд хэдэн улс орноор дамжин аялна. Түүнчлэн, удахгүй 6 дугаар сарын 17-нд тохиох “Бэлчээр нутаг: Хүлээн зөвшөөрье, Хүндэтгэе, Нөхөн сэргээе” уриатай Ган гачиг, цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрөөр Торгоны замын жингийн цувааны үзэл санааг дэмжсэн тодорхой арга хэмжээ зохион байгуулахыг дэлхийн улс орнуудад хандан уриалж байна. Торгоны замын жингийн цуваа нь 2026 оны 8-р сарын 17-ноос 28-ны хооронд Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд ирж нэгдсэнээр  өндөрлөнө.  

Евразийн бэлчээр нутаг  (тал хээр) нь Хар тэнгисийн сав газраас  Монгол орны тэгш өндөрлөгүүд болон БНХАУ-ын Зүүн хойд хэсэг хүртэл 8000 гаруй километр үргэлжлэх дэлхийн хамгийн том хуурай газрын экосистем юм. Дэлхийн нийт бэлчээр нутгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг, мөн дэлхийн  газрын  гадаргуугийн зургаагаас илүү хувийг эзэлдэг энэхүү бүс нутаг нь хуурай, хагас хуурай уур амьсгалтай, уул нуруудаар тусгаарлагдсан өргөн уудам задгай талбайнуудаас бүрдэх бөгөөд нутгийн оршин суугчдын  амьжиргааны гол эх үүсвэр нь бэлчээрийн мал аж ахуй юм.  

Риядаас Улаанбаатар хүрэх замнал 

2024 онд Саудын Арабын Рияд хотод болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 16 дугаар Бага хурлаар (COP16) тогтоосон эрхэм үйлсийг Торгоны замын жингийн цуваа үргэлжлүүлсээр байна. Тус бага хурлаар улс орнууд бэлчээр нутгийг хамгаалах асуудлаарх конвенцын анхны шийдвэрийг баталсан билээ. Уг шийдвэр нь Талууд бэлчээрийн тогтвортой менежментийг хангах зорилтыг бодлого, хөрөнгө оруулалтынхаа тэргүүлэх чиглэл болгож, бэлчээрийн даац хэтрэлт, талхагдлаас сэргийлэх, бэлчээр ашиглалт, хамгаалалт, газар зохион байгуулалтын шийдвэр гаргах үйл явцад малчдын оролцоог хангах, тэднийг ялгаварлан гадуурхахаас сэргийлэх зэргийг уриалсан билээ. COP16-ийн Даргалагч орон Саудын Арабын Вант Улс нь энэхүү Торгоны замын жингийн цувааг зохион байгуулахад идэвхтэй дэмжлэг үзүүлж, газар нутгийн ашиглалт, ган гачигтай тэмцэх асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэвээр байна.  

“Талуудын 16 дугаар Бага хурал (COP16)-аар анх удаа бэлчээрийн тогтвортой менежментийг тусгайлан дэмжихээр улс орнууд тохиролцолд хүрсэн нь маш чухал алхам болсон. COP16-ийн даргалагч орны хувьд бид энэхүү хүрсэн амжилтаа  хадгалахын төлөө тууштай хэвээр байгаа бөгөөд бэлчээр болон бусад газрын сөрөн тэсвэрлэх чадавхийг сайжруулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих амлалтаа бодит үйлс болгохоор түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна” хэмээн Саудын Арабын Ургамалан бүрхэвчийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх Үндэсний төвийн Гүйцэтгэх захирал Ахмед Салех Аль-Аяда онцлон тэмдэглэв.  

Монгол Улсын Улаанбаатар хотод зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17) нь бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оролцоог хангасан засаглалын хүрээг бэхжүүлэх, өргөн хүрээнд үр дүнд хүрэхийн тулд хөрөнгө оруулалт, бодлого, практик үйл ажиллагааг уялдуулахад гол анхааралаа хандуулах чухал боломжийг олгоно.  

“Торгоны замын жингийн цувааг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-д нэгдэхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэхийг бид тэсэн ядан хүлээж байна. Аялалын туршид цуглуулж нэгтгэсэн санал бодол, мэдлэг туршлага, шийдлүүд нь дэлхийн хэмжээний бодлогын хэлэлцүүлэгт үнэтэй хувь нэмэр оруулах нь эргэлзээгүй. Монгол Улс нь бэлчээрийн тогтвортой менежментийг сайжруулах, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх, бэлчээрийн экосистемийн үнэ цэнийг таниулах, нүүдлийн мал аж ахуйг  бодлогоор хүлээн зөвшөөрүүлэх зэрэг чухал үр дүнд хүрэхийг зорьж байна” хэмээн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй, амьтны генетик, нөөцийн бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын ажилтан Энхтөрийн Уянгаа хэлэв.  

Бэлчээр нутаг нь дэлхийн хамгийн чухал боловч бүрэн гүйцэд үнэлэгдээгүй экосистемүүдийн нэг хэдий ч хоёр тэрбум орчим хүний амьжиргааг тэтгэж, дэлхийн хүнсний хангамжийн зургааны нэг хувийг бүрдүүлж, мал, амьтны тэжээлийн дийлэнх хэсгийг хангаж байна. Түүнчлэн энэ бүс нутаг нь дэлхийн хэл, соёлын олон янз байдлын дөрөвний нэг орчмыг бүрдүүлсэн, биологийн олон янз байдлын өлгий нутаг юм.  Гэтэл эдгээр бэлчээр нутгийн хөрсний үржил шим нь буурч, усны нөөц хомсдон,  нүүрстөрөгч шингээх чадвар нь багассанаас ашиг шим нь буурч, сөрөн тэсвэрлэх чадавх нь суларсан зэргээс шалтгаалан бэлчээр нутгийн тал хувь нь хэдийнээ доройтсон, цаашдаа ч доройтох эрсдэл байна.  

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

UNCCD
United Nations Convention to Combat Desertification

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд