НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газар

НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх Хөгжлийн тусламжийн хүрээ (НҮБ ХТХ/UNDAF) баримт бичиг нь Монгол Улс дахь НҮБ-ын системийн үйл ажиллагааны удирдамж юм. Өнөөгийн хэрэгжүүлж буй НҮБ-аас 2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх Хөгжлийн тусламжийн хүрээг Монгол Улсын Засгийн газартай харилцан зөвшилцөж 2016 онд гарын үсэг зурж баталгаажуулсан. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх болон нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахад анхаарах үүднээс ХТХ-ны хэрэгжилтийг 2022 он хүртэл сунгасан болно. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болох Алсын Хараа 2050-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, түншлэлийг бэхжүүлэх зорилготой. 

НҮБ-ын ХТХ нь Монгол Улсыг тогтвортой хөгжлийн зорилгоо хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх стратегийн дараах чиглэлийг тодорхойлсон. Тухайлбал,  (1) хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих; (2) нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш хүртээмжтэй нийгмийн үйлчилгээг бий болгох, (3) олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг бэхжүүлэх зэрэг болно.

НҮБ-аас 2017-2022 онд Монгол Улсад үзүүлэх Хөгжлийн тусламжийн хүрээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын системийн байгууллагууд дараах давуу талаа түшиглэнэ.

  • Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж ирсэн нэр хүнд, олон арван жилийн турш амжилттай хамтран ажилласан туршлага;
  • Олон улс хооронд зуучлах, хамтын ажиллагааг өрнүүлэх, нэгтгэх  чадвар;
  • ТББ-ууд, иргэний нийгэм (бүх шатны)-ийн  итгэлийг хүлээсэн;
  • Мэдлэг мэдээлэл, олон улсын стандарт;
  • Хараат бус байдал, төвийг сахисан байдал;
  • ТХЗ-ыг хэрэгжүүлэх  стратегийн дэмжлэг (мэдлэг туршлага, тайлагналт);
  • Хөгжлийн нарийн төвөгтэй асуудлаар олон улс орнуудын болоод бүс нутгийн хэмжээний мэдлэг туршлагыг олж авах боломж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх чанарын норм, стандартын баталгаа.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч

Ноён Тапан Мишра нь 2019 оны 9-р сараас Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч (НҮБ СЗ)-ийн албан үүргийг гүйцэтгэж байна.  НҮБ-ын Суурин Зохицуулагч нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар томилогддог, тухайн Улс орон дахь НҮБ-ын Хөгжлийн системийн  хамгийн өндөр албан тушаалтан  бөгөөд тус улсыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улс дахь НҮБ-ын Хамтарсан багийг удирдана. Энэ албан тушаалд томилогдохоос өмнө буюу 2015-2019 онд ноён Мишра БНАСАУ дахь НҮБ-ын Суурин Зохицуулагчийн албыг мөн хашиж байсан.

Ноён Тапан Мишра 2003 оноос хойш НҮБ-ын системд ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт Сургалтын Зөвлөх, Удирдлагын товчооны Хүний нөөцийн албанд Сургалтын нөөцийн төв (СНТ/LRC)-ийн орлогч дарга, 2007-2013 онд Сургалтын нөөцийн төвийн захирал, даргын албыг тус тус хашиж байсан. Үүнээс хойш Бизнесийн шийдлийн биржийн Ахлах зөвлөхөөр Улс орны багууд болон Төв албадад хэд хэдэн чиглэлийн ажил үүрэг гүйцэтгэж байсны зэрэгцээ  Хүний хөгжлийн илтгэлийн алба болон Бодлого, хөтөлбөрийг дэмжих товчоонд 2015 он хүртэл буюу НҮБ-ын Суурин Зохицуулагчийн албанд томилогдох хүртлээ ажилласан байна.

НҮБ-ын системд ажиллаж эхлэхээсээ өмнө ноён Мишра нь Энэтхэг Улсад хувийн болон төрийн байгууллагуудад ажиллаж байсан. Тэрээр хөдөлмөрийн гараагаа 1984 онд Энэтхэг Улсын Бхаратын газрын тосны корпорац (Бирмийн Шелл корпорац)-ийн хүний нөөцийн мэргэжилтнээс эхэлсэн бөгөөд улмаар Энэтхэг Улсын Хойт Бүсийн Аж үйлдвэрлэлийн харилцааны газрын даргын албыг хашиж, Мумбай дахь Бүх Энэтхэгийн Сургалтын төвийн менежер, Зохион байгуулалттай сургалт, өөрчлөлтийн менежментийн Дотоод сургагч дасгалжуулагчаар ажиллаж байсан. Түүнчлэн Инфосистем Манлайллын  Институтийн Факультетийн гишүүнээр, Гургаон дахь Авьяасыг хөгжүүлэгч компани (Grow Talent Co.Ltd)-д дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ (Зөвлөх үйлчилгээ).

Ноён Мишра нь Жамшедпүр (Jamshedpur) дахь Энэтхэг Улсын тэргүүлэх  Бизнесийн сургуулийн Удирдлагын  инститүтэд (XLRI) ахисан түвшний сургалтыг дүүргэсэн бөгөөд Энэтхэгийн Мумбай хот дахь Удирдлага судлалын Нарсии Монжий Инститүт (NMIMS), АНУ дахь Колумбын Их Сургуулийн Олон улсын харилцаа, төрийн бодлого, засаглалын сургууль зэрэг нэр хүндтэй байгууллагуудад Хүний нөөцийн менежментийн хичээл заах зэргээр эрдэм шинжилгээний салбарт идэвхтэй ажиллаж байсан.

Tapan Mishra

Тапан Мишра

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч