Өгүүлэл
2026 оны аравдугаар сарын 20
Баялгийг хүн бүрийн сайн сайхны төлөө: Монгол Улсын хөгжлийн боломжууд
Монголын тухай ярихдаа хүмүүс хамгийн түрүүнд ашигт малтмалын арвин их нөөцтэй улс гэж онцлох нь олонтаа. Энэ нь ч зүй ёсны хэрэг юм. Монгол Улсын байгалийн баялаг нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэн, тус улсыг дундаас дээш орлоготой орнуудын эгнээнд хүргэсэн. Гэсэн хэдий ч адилхан анхаарал хандуулах ёстой өөр нэгэн асуудлыг хөндөхгүй байж болохгүй. Энэхүү өсөлтөөс үүдсэн боломжоос дийлэнх монголчууд төдийлөн хүртэж чадахгүй байна. Тэгш бус байдал, ядуурал ужигарсаар байна. Хот, хөдөөгийн хөгжлийн үр дүн асар их зөрүүтэй байна. Хөдөө орон нутгийн иргэдэд уур амьсгалын цочрол, газрын доройтолд илүү өртөмтгий хэвээр байгаагийн зэрэгцээ чанартай үйлчилгээ авах боломж нь хязгаарлагдмал байна. Эдгээр тэгш бус байдал нь эрүүл мэнд, боловсролын салбарт илүү ажиглагдаж, хүн бүр өөрийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах боломжийг хумигдуулж байна.Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Монгол Улсын Засгийн газар 2028-2032 онд хэрэгжүүлэх Нэгдсэн үндэстний байгууллагын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны шинэ хүрээг хамтран тодорхойлж эхэлж байгаа энэ цаг үед бидний өмнө тулгарч буй гол асуулт тун энгийн хэмээн миний бие үзэж байна. Монгол Улс ашигт малтмалын нөөц баялаг, байгалийн капитал, хүний чадавхаа хэрхэн орон нутаг бүрт хүрсэн, хэнийг ч орхигдуулаагүй хамтын хөгжил цэцэглэлт болгон хувиргах вэ?Миний хувьд, асуултын хариулт нэгэн тодорхой зорилгоос эхэлнэ. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын дөрөвний нэг орчим хувь нь болох ядуурал, олон хэмжээст хомсдолд өртсөн хэвээр байгаа хүмүүст зохистой, тогтвортой амьжиргаанд хүрэх замыг олоход нь туслах явдал юм. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд нийт монголчуудын дөрөвний нэгээс илүү хувь нь олон хэмжээст ядууралд нэрвэгдсэн бөгөөд ядуурал ялангуяа хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт илүү төвлөрч байна. Олон өрх ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр, эсвэл доогуур орлогоор амьдарч байгаа нь бодлогын оновчтой шийдэл, зорилтот хөрөнгө оруулалтаар хүмүүсийн амьдралыг мэдэгдэхүйц хэмжээгээр сайжруулах шаардлагатайг харуулж байна. Ийм хөрөнгө оруулалт нь хүмүүсийн эрүүл мэнд, боловсрол, ур чадварыг бэхжүүлж, улмаар тэдэнд шинээр гарч ирж буй эдийн засгийн боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.Үндсэндээ энэ бол зөвхөн ядуурлыг бууруулах хэрэг биш юм. Энэ бол хүмүүсийн сонголтыг өргөжүүлэх тухай юм. Эцсийн дүндээ, боломж гэдэг нь хүмүүс өөрсдийн ирээдүйг тодорхойлоход хэрэг болох эрүүл мэнд, мэдлэг, ур чадварыг эзэмших, өөртөө итгэх итгэлтэй байх тухай юм. Монгол Улс асар их нөөц баялагтай орон. Дэлхий дахинд эрэлт ихтэй эрдэс баялгийг эзэмшигч төдийгүй дэлхийн хамгийн гайхамшигт байгалийн тогтоцууд ч энд бий. Мөн нүүдэлчдийн баялаг соёл, дэлхий дахинаа чухал ач холбогдол бүхий биологийн олон янз байдлыг хадгалж үлдсэн орон юм. Авьяас чадвар, хүсэл тэмүүллээр дүүрэн залуучууд хүн амын дийлэнхийг бүрдүүлж байна. Гол сорилт нь Монгол Улсад боломж буй эсэхэд бус, харин эдгээр боломжуудыг улс орны өнцөг булан бүрд, илүү олон хүнд хүртээж, одоогийн болоод ирээдүй хойч үеийнхэнд ашиг тусыг нь хүртээхийг баталгаажуулахад оршино.Ийм ч учраас эдийн засгийг төрөлжүүлэх асуудал нь Монгол Улсын хөгжлийн дараагийн үе шатны гол цөм байх ёстой. Энэхүү төрөлжүүлэлт нь тус улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгаж, илүү ногоон, хямралд тэсвэртэй эдийн засгийг цогцлоох учиртай. Уул уурхайн салбар нь эдийн засгийн чухал тулгуур хэвээр байх болно. Гэсэн хэдий ч уул уурхайн салбар дангаараа нийт монголчуудад хангалттай боломж бүрдүүлж чадахгүй бөгөөд улс орны ирээдүйн хөгжил цэцэглэлт нь түүхий эдийн зах зээлийн мөчлөгийн хэлбэлзлээс бүрэн хамааралтай байх ёсгүй. Уул уурхайгаас олох орлого нь ажлын байр бий болгох, тэгш бус байдлыг бууруулах, эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх салбаруудад хөрөнгө оруулах өвөрмөц боломжийг олгодог. Энэхүү баялгийн тодорхой хэсгийг боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ур чадварыг сайжруулахад чиглүүлж, хүний капиталд хөрөнгө оруулалт хийх замаар төрөлжсөн, сөрөн тэсвэрлэх чадвартай эдийн засгийн үндэс суурийг тавих хэрэгтэй. Мал аж ахуй, газар тариалангийн салбар бол үүний нэг жишээ юм.Олон зууны туршид нүүдэлчин малчид Монгол Улсын соёл, эдийн засаг, үзэсгэлэнт байгалийн тогтоцыг хадгалж ирсэн билээ. Гэвч өнөөдөр олон мянган малчин өрх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, зуд турхан, бэлчээрийн доройтол, түүнчлэн зах зээл, үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал зэрэг улам бүр хүндэрч буй сорилтуудтай тулгарч байна. Хот суурин газар руу шилжин суурьших нь ихэнх тохиолдолд хүссэн сонголт бус, харин нөхцөл байдлаас үүдэлтэй зайлшгүй шаардлага болон хувирч байна.Зорилго нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах явдал байж болохгүй. Хүмүүс хаана ч өөрсдийн сонгосон боломжийг эрэлхийлэх эрх чөлөөтэй байх ёстой. Ялангуяа малчид, хөдөө орон нутгийн иргэдэд бодит сонголт хийх боломжийг бүрдүүлэх нь чухал.Энэ нь хөдөө орон нутагт эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээ, цахим харилцаа холбоо, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулна гэсэн хэрэг юм. Түүнчлэн Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр, алслагдсан байдлыг цахим шилжилт, гар утасны үйлчилгээ, инновацийн шийдлээр даван туулж хүмүүс хаана ч амьдарч байсан боломжийг тэдэнд ойртуулахыг илэлхийлж буй хэрэг юм.Энэ нь хөдөөгийн иргэд өөрсдийнхөө хэдийнээ үйлдвэрлэж буй зүйлээс илүү өндөр нэмүү өртөг шингэсэн үнэ цэнийг авч үлдэхэд туслах юм. Монгол Улсын баялгийн дийлэнх хэсэг нь анхан шатны түүхий эд хэлбэрээр боловсруулалтгүй хөдөө орон нутгаас гарч байна. Цаашдын ирээдүй зөвхөн ноос, ноолуур, мах, сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд бус, харин өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэсвэртэй өртөгийн сүлжээг бий болгоход оршино. Тухайлбал, сүүгээр бяслаг болон төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүн, ноосоор дээд зэрэглэлийн хувцас, арьс ширээр олон улсад өрсөлдөхүйц брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, махыг дотоод, гадаадын зах зээлд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүн болгон боловсруулах боломжтой. Ийнхүү нэмүү өртөг шингээх нь ажлын байр бий болгож, орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ баялгийн илүү их хэсгийг орон нутагт нь үлдээх нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ хямралыг сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд эрүүл экосистем зайлшгүй шаардлагатай. Малчдын ирээдүйн сайн сайхан байдал нь Монголын бэлчээрийн эрүүл байдлаас шууд хамаарна. Энэ нь олон бүс нутагт бэлчээрийн менежментийг сайжруулах, доройтсон газарт учрах ачааллыг бууруулах, мал сүргийн бүтцийг оновчтой болгох, мал аж ахуй эрхлэлтийн тогтвортой арга барилыг нэвтрүүлэх зэргийг шаардана. Бэлчээр нутаг эрүүл байх нь зөвхөн байгаль орчны зорилт биш, харин амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх үндэс суурь юм. Энэ нь намайг хоёр дахь итгэл үнэмшил рүү минь хөтөлж байна. Монголын ирээдүйг зөвхөн хүн төвтэйгөөр бүтээж болохгүй, байгаль төвтэйгээр ч мөн бүтээх ёстой.Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулсан нь хөрс, газрыг нөхөн сэргээх нь зөвхөн байгаль орчныг хамгаалахаас хамаагүй өргөн хүрээтэй асуудал гэдгийг бидэнд санууллаа. Газрыг нөхөн сэргээнэ гэдэг нь амьжиргаа, даван туулах чадвар, нэр төр, итгэл найдварыг сэргээнэ гэсэн үг юм. Эрүүл экосистем нь усны аюулгүй байдал, хүнсний тогтолцоо, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадвар, эдийн засгийн боломжуудын суурь болдог. Хүн төрөлхтөн, байгаль дэлхий хоёр өрсөлдөгчид биш юм. Тэд хамтдаа мандаж, эсвэл хамтдаа мөхдөг.Монгол Улсад байгальд эерэг нөлөөтэй хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч байр суурь эзлэх хосгүй боломж бүрдэж байна.Тус улсын өргөн уудам тал хээр, өвөрмөц зэрлэг ан амьтад, тэдгээрийн нүүдлийн зам болон тусгай хамгаалалттай газар нутаг нь экологи, эдийн засгийн асар их үнэ цэнтэй хосгүй баялаг юм. Байгалийн эдгээр тогтоц, орчныг хамгаалах нь ирээдүй хойч үеийнхэндээ оруулж буй хөрөнгө оруулалт мөн. Түүнчлэн энэ нь өндөр үнэ цэнтэй боловч жуулчдын урсгал багатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оруулж буй хөрөнгө оруулалт болно. Энэхүү загвар нь Монгол Улсын өвөрмөц дүр төрх, гоо үзэсгэлэнг хадгалахын зэрэгцээ тогтвортой амьжиргааг дэмжих боломжийг бүрдүүлнэ.Ийм учраас газар ашиглалт, дэд бүтэц, уул уурхайн салбарт Монгол Улсын хийх сонголт маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлтийг үргэжлүүлэн хөтлөх боломжтой. Гэвч энэ нь байгаль орчин, нийгмийн хариуцлагатай байх ёстой бөгөөд хөдөлмөрийн хатуу чанд стандартыг мөрдөж, салбаруудад ажиллаж буй хүмүүст зохистой ажлын байрны боломжийг олгох учиртай. Уул уурхайн үйл ажиллагааг хаана, хэрхэн явуулах тухай шийдвэрүүд нь шинжлэх ухаан, урт хугацааны төлөвлөлт, байгалийн экосистемийн үнэ цэнд суурилсан байх ёстой. Өнөөдөр бий болж буй эдийн засгийн боломжууд нь биологийн олон янз байдал, усны нөөц, ирээдүйн аялал жуулчлалын нөөц бололцоог хохироох замаар олдох ёсгүй. Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд өнөөгийн ашиг орлого болон урт хугацааны хөгжил цэцэглэлтийн тэнцвэрийг хангах шаардлагатай.Байгалиа хамгаалах уу, эдийн засгаа хөгжүүлэх үү гэдэг сонголтын өмнө Монгол Улс тулж ирээгүй нь сайн хэрэг.Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлаас гарсан зөвшилцөл, Тал хээрийн бүсийн Үйл ажиллагааны хөтөлбөр болон Хамтын ажиллагааны шинэ хүрээг тодорхойлох оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтууд нь хөгжлийн өөр нэгэн шинэ замыг зааж байна. Энэхүү зам нь газрын нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадвар, иргэдийн амьжиргаа, биологийн олон янз байдлыг хамгаалах, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг цогцоор нь нэгтгэсэн юм. Энэ нь газар нутгийг нөхөн сэргээх нь орон нутгийн иргэдийг чадавхжуулж, ядуурлыг бууруулах нь байгаль хамгаалалтай салшгүй холбоотойгоор зэрэгцэн явах боломжтойг хүлээн зөвшөөрсөн хөгжлийн гарц юм. Энэхүү алсын харааг хэрэгжүүлэхэд дан ганц хөрөнгө оруулалт хангалтгүй. Үүнд уялдаа холбоо бүхий бодлого стратеги, хүчирхэг институц, салбар хоорондын үр дүнтэй зохицуулалт шаардлагатай болно. Энэ хүрээнд түншлэлүүд болон дараагийн Хамтын ажиллагааны хүрээ нь бидний хүсэл эрмэлзлийг бодит үр дүн болгон хөрвүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.НҮБ энэхүү алсын харааг дэмжихэд бэлэн байна. Үүнийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын өмнөөс бэлэн шийдэл тулгах замаар бус, харин түншүүдийг нэгтгэх, бодлогын шинэчлэлийг дэмжих, мэргэжлийн туршлага болон хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх, мөн шинэ зоримог санаачилгуудыг бодит ажил хэрэг болгоход шаардлагатай инститүцийн чадавхыг бэхжүүлэх замаар дэмжлэг үзүүлэх юм. Иймд, дараагийн Хамтын ажиллагааны хүрээнд төсөөлж буй бидний дараах зорилт зоримог хэдий ч хэрэгжих боломжтой. Үүнд: Эрдэс баялгийн нөөцөө чанартай боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон хүн бүрд нээлттэй тэгш боломжоор дамжуулан хүний хөгжилд хөрвүүлж чадсан Монгол УлсЭрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс хөгжлийн боломж, манлайлал болон эдийн засгийн өсөлтийн үр шимийг ижил тэгш хүртэж, хуваалцдаг Монгол УлсХөдөө орон нутгийн иргэд нь өөрийн гэсэн бодит сонголт, боломжтой болсноор амьдрал ахуй нь өөдлөн дэвжсэн Монгол УлсЭрүүл бэлчээр нь иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой амьжиргааг тэтгэж байдаг Монгол УлсБиологийн олон янз байдал, зэрлэг ан амьтан, байгалийн үзэсгэлэнт тогтоцыг хойч үедээ өвлүүлэн үлдээдэг Монгол УлсИлүү хүртээмжтэй, төрөлжсөн, тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрсэн Монгол УлсЭцэст нь, хөгжил цэцэглэлтийн үр шим орон нутаг бүрд хүрч, хэн ч хөгжил дэвшлээс орхигддоггүй Монгол УлсМиний бодлоор, энэ бол Монгол Улсын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох замнал бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага энэхүү замналыг дэмжиж байгаадаа бахархалтай байна.