ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН
2023 оны есдүгээр сарын 07
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлээ НҮБ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулахаар бэлтгэж байна.
Улаанбаатар хот -- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ивээл дор улс орны тэргүүд 4 жил тутам цуглан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн төлөөх хүчин чармайлтаа нэгтгэн хэлэлцэж, цаашдын хэрэгжилтийг хурдасгах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Тогтвортой хөгжлийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалт” энэ 9 дүгээр сарын 18-19-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын Засгийн газраас тус Дээд хэмжээний уулзалтад танилцуулах Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний үүрэг амлалт, хурдасгуур буюу тэргүүлэх чиглэлийг өнгөрөгч 7-8 дугаар сард Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийн дүгнэлт, зөвлөмж болон хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтуудтай уялдуулан тодорхойлоод байна. Үүнд:
- Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх
- Инновац, шинжлэх ухаан, технологид суурилсан дижитал шилжилтийг бүрэн хийх
- Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангах
- Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох: Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, аюул, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх
- Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах
- Нэмүү өртөг шингэсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх (хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр)
- Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
- Жендерийн эрх тэгш байдлыг хангах
- Үр дүнтэй засаглал, бодлогын уялдаа холбоог сайжруулах
- Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих
- Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
Түүнчлэн, тус үүрэг амлалт, тэргүүлэх чиглэлд олон талын оролцоог хангах зорилгоор төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутаг болон залуучуудын төлөөлөлтэй 6 удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг тусгасан.
Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Тогтвортой хөгжлийн төлөөх ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-ыг 9 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулна.
Чуулганд Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцоно.
Мөн түүнчлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгохыг эрмэлзэж буй үндэсний олон компаниуд энэхүү чуулганыг дэмжин оролцож, өөрсдийн тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга, сайн туршлагуудаа танилцуулна.
Энэ үеэр НҮБ-аас дэлхийн улс орнуудад хандан Тогтвортой хөгжлийн зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж, бодит үр дүнд хүрэх үйл ажиллагаа, санаачилга, хөдөлгөөн өрнүүлэхийг уриалсан "ҮЙЛДЛЭЭРЭЭ НЭГДЬЕ" кампанит аяныг зохион байгуулж байна.
Холбоо барих:
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам |
НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газар |
Б.Баянзул, Хэвлэлийн төлөөлөгч Имэйл: bayanzulb01@gmail.com Утас: 88011161 |
Д.Соёлмаа, Мэдээлэл, харилцааны ажилтан Имэйл: soyolmaa.dolgor@un.org Утас: 94111220 |