Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөл байгуулагдлаа
2022 оны гуравдугаар сарын 23
- Улаанбаатар – Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ-аас Тогтвортой Хөгжлийн олон талт зөвлөл (ТХОТЗ-ийг байгуулсан бөгөөд өнөөдөр уг зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, албан ёсоор нээлтээ хийлээ.
Энэхүү хуралдааныг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г. Занданшатар тогтвортой хөгжлийн зорилго нь салбар дундын өргөн хүрээтэй ойлголт бөгөөд төр дангаараа хэрэгжүүлэх боломжгүй, харин ИНБ, хувийн хэвшил, олон улсын болон эрдэм шинжилгээний байгууллагууд гээд олон талын оролцоо нэн чухал болохыг тэмдэглэлээ. Тэрбээр, мөн өнөөг хүртэл оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх шаардлагатайг ч онцоллоо.
ТХЗОТЗ-ийн анхдугаар хуралдаанд Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, гишүүд, Монгол Улсын Засгийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд, мөн хувийн хэвшил, иргэний нийгэм, боловсролын байгууллагын төлөөлөл оролцов.
Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөл нь УИХ-ын ТХЗ-ын дэд хороонд дараах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ. Үүнд:
- Тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжсэн хууль, тогтоомжийг боловсруулах, шинэчлэх, батлахад парламентад дэмжлэг үзүүлэх;
- Тогтвортой хөгжлийн зорилгод үзүүлэх улсын төсвийн нөлөөллийг үнэлэхэд парламентад туслах;
- Тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн хууль, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих парламентын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
- Тогтвортой хөгжлийн зорилгод тулгарах хөгжлийн сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх асуудлаар парламентад туслах;
- Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийн тулд боловсруулсан хууль тогтоомжид иргэдийн үзэл бодол, ашиг сонирхлыг тусгах асуудлаар зөвлөгөө өгөх;
- Тогтвортой хөгжлийн зорилгын талаар олон нийтэд хамтран мэдээлж, олон нийтийн оролцоог дэмжих явдал юм.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра уг хуралдаанд оролцож, ТХЗ-ын хэрэгжилтийг хангахын тулд хөгжлийн бодлого төлөвлөлтийн уялдаа сайжруулах талаар бодлого боловсруулах түвшинд анхаарал хандуулж, манлайлж буй УИХ-д талархлаа илэрхийллээ.
Тэрбээр, Тогтвортой хөгжлийн зорилго 2030 баримт бичигт уг зорилгуудад хүрэхийн тулд хууль эрх зүйн орчныг бий болгож, шаардлагатай төсвийг баталж, мөн хэрэгжилтэд нь хяналт тавих зэрэгт улс орны парламент ихээхэн үүрэгтэй болохыг онцолсон юм.
Мөн 2030 гэхэд МОнгол Улс ТХЗ-ыг биелүүлэх чиглэлээр өгсөн амлалтаа биелүүлэхэд нь НҮБ-ын зүгээс бусад оролцогч талуудын хамтаар хүчээ нэгтгэн дэмжихэд бэлэн байгааг нотоллоо.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн уг хуралд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүлээн авна уу.