НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийн анхдугаар хуралдаанд хэлсэн үг
ТХОТЗ нь УИХ, засгийн газар, хувийн хэвшил, ИНБ, эрдэмтэд, ОУ-ын санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн түншүүдийг хамарсан шинэ түншлэлийг бий болгож байна.
Монгол Улсын Их Хурлын дарга, Эрхэмсэг ноён Занданшатар танаа,
УИХ-ын эрхэм гишүүд, түнш байгууллагууд, эрхэм нөхөд өө,
Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөл (ТХОТЗ)-ийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр болсон Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний дээд түвшний анхдугаар чуулганаар Монгол Улсын Их Хурал ТХОТЗ-ийг байгуулах тухай зарлаж байсныг та бүхэн санаж байгаа. Энэхүү санаачилгыг урагшлуулан, ТХОТЗ-ийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж буй УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хорооны дарга Эрхэмсэг хатагтай Х.Булгантуяад онцгой талархал илэрхийлье.
Тогтвортой хөгжлийн зорилгын 2030 оны хөтөлбөрт “Үндэсний парламентууд нь хууль тогтоомжийг соёрхон баталж, төсөв батлахад чухал үүрэг гүйцэтгэж, мөн өгсөн амлалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь хяналт тавьж ажиллах үүрэгтэй” гэж тодорхойлсон байдаг. УИХ-ын гишүүд нь ард түмэн болон төрийн институциудийг холбогчийн үүрэг гүйцэтгэж, хөгжлийн явцаас хэнийг ч орхигдуулахгүй байх үүднээс хүн төвтэй бодлого, хууль тогтоомжийг сурталчлан таниулж, соёрхон батлах онцгой байр суурьтай байдаг билээ.
Тухайлбал, ТХЗ-ын санхүүжилтийг боломжтой болгож, хамгийн үр дүнтэй байдлаар зарцуулах зэргээр, хөгжлийн үр нөлөөг хангахад парламентын үүрэг оролцоо чухал байдаг гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Парламентууд хариуцлагын гол институцийн хувьд, тогтвортой хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхдээ, татвар төлөгчдийн зүгээс бүрдүүлж өгч буй улсын хөрөнгө нөөц, Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ), гадаадын зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг улс орны бүх хөрөнгө нөөцийг хамгийн үр дүнтэй байдлаар ашиглахыг нь дэмжих ёстой. 2021-2025 он хүртэл Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан үндэсний хэмжээнд томъёолсон ТХЗ-уудыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцооны (ҮСНТ) стратегийг эцэслэн боловсруулж байгаа нь Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой юм.
ТХЗ-ыг улс орондоо нутагшуулах, үр дүнд хүргэх талаар тухайн улсын гүйцэтгэх засаглал нь үүрэг амлалт хүлээдэг. Үүний дагуу, Монгол Улсын Засгийн газар нь мөн хууль тогтоомж, төсвийн хэрэгжилтийн явц, хэрэгжилттэй холбоотой бүхий л тайланг Тогтвортой хөгжлийн үндэсний зөвлөлөөрөө дамжуулан албан ёсоор хариуцан ажиллаж байна. Иймд, УИХ-ын зүгээс Засгийн газартай нягт хамтран ажиллаж, ТХЗ-ын хэрэгжилтэд үр дүнтэй хяналт тавих, ялангуяа Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцооны стратеги болон одоогоос нэг жилийн өмнө Үндэсний зөвлөлөөс дэвшүүлсэн ТХЗ-ын үндэсний зорилт, үзүүлэлтүүдийг баталж, цаашид сурталчилан таниулах чиглэлээр хамтран ажиллана гэж би найдаж байна.
Өнөөдөр нээлтээ хийж буй Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөл нь парламентын гишүүд, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, олон улсын санхүүгийн байгууллагууд болон бусад хөгжлийн түншүүдийг хамарсан шинэ түншлэлийг бий болгож байна. Энэ нь ТХЗ-д хүрэхэд хувь нэмрээ оруулж буй янз бүрийн оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааны үр дүнтэй платформ болж, Монгол Улсын Их Хуралд тус улсын хөгжлийн үр нөлөөг бэхжүүлэх, Монгол Улсыг тогтвортой, уян хатан тэсвэртэй, хүртээмжтэй хөгжлийн замд нь оруулах чиглэлээр бидний өгсөн амлалтад хяналт тавихад нь туслах болно.
Монгол дахь НҮБ нь Монгол Улсын Их Хуралд ТХЗ-ыг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд тусгахад шаардлагатай бүхий л дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд, тамгийн газрын албан хаагчдыг чадавхжуулах, бүс нутгийн, үндэсний болон аймаг, орон нутгийн түвшинд ТХЗ-уудтай үйл ажиллагаагаа уялдуулж, улмаар энэ тогтолцоог бэхжүүлж чадах парламентын шинэлэг, шалгарсан арга, практик туршлага, журмуудыг байгууллагын түвшинд боловсронгуй болгох зэрэгт дэмжлэг үзүүлэх болно.
Төгсгөлд нь, дараах зүйлийг та бүхэнд онцгойлон хүргэхийг хүсэж байна. 2030 он гэхэд Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудаа биелүүлсэн эсэх талаараа дүгнэлт хийх тэр цаг үед УИХ-ын гишүүн, ИНБ, хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүд, хөгжлийн агентлагуудын тэргүүдийн хувьд та бид өнөөгийн албан тушаалаа хашсан хэвээр байж ч магадгүй, эсвэл халаагаа өгсөн ч байж магадгүй. Харин өнөөдөр бид ТХОТЗ-ийн гишүүний үүрэг хүлээсний хувьд Монгол Улсыг тогтвортой хөгжлийн замд нь удирдан оруулахад бид бүгд хувь хүнийхээ болон төлөөлж буй байгууллагуудынхаа хувьд хийж гүйцэтгэж чадах бүхнээ зориулах цаг гэдгийг сайтар тунгаан бодох нь зүйтэй.
Баярлалаа.