НҮБ-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ НҮБ-ын байранд зочиллоо
2024 оны аравдугаар сарын 24
Улаанбаатар хот, 2024 оны 10-р сарын 24 – НҮБ-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ НҮБ-ын байранд хүрэлцэн ирснийг НҮБ-ын хамт олон талархан хүлээн авлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд НҮБ-ын байранд анх удаа зочилж байгаа нь Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг ахиулах талаарх НҮБ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны түншлэлийг онцлон харуулсан чухал үйл явдал боллоо.
Монгол Улс нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг анхлан дэмжин баталсан, улмаар манлайлан хэрэгжүүлж буй улс орнуудын нэг юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газар нь “Алсын хараа-2050” хэмээх урт хугацааны хөгжлийн баримт бичгийг баталсан нь 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөртэй нягт уялдсан юм.
Улмаар, Ерөнхий сайдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газар, НҮБ хамтран 2023 онд гарын үсэг зурсан “2023-2027 он хүртэлх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгүүд нь хоорондоо нягт уялдаа холбоотой юм.
“Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Цахим Монгол” зэрэг хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болж буйг НҮБ-ын ажилтнуудад хандан хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэлээ.
Тэрээр НҮБ-ын Хамтын ажиллагааны хүрээ, түүний үр нөлөөг сайжруулахын тулд НҮБ-тай түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын тогтолцоо, ялангуяа Суурин зохицуулагч болон НҮБ-ын Улс орны багийн манлайлсан хөгжлийн хамтын ажиллагаа нь сайн зохицуулалттай хамтын дэмжлэг үзүүлж буйг онцоллоо.
Хорин дөрвөн агентлагийн төлөөлөл бүхий Монгол Улс дахь НҮБ-ын тогтолцоо нь Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, ялангуяа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх явцад гарсан зарим онцлох үр дүнг Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа албаны төлөөлөгчдөд танилцууллаа. Монгол хүн бүрийн чадавхыг бүрэн дүүрэн хагжүүлэхийн тулд хүний хөгжил, сайн сайхны төлөөх хамтын ажиллагаа нь Монгол дахь НҮБ-ын хамтын ажиллагааны нэн тэргүүний зорилт юм. НҮБ-ын тогтолцооны хоёр дахь тэргүүлэх чиглэл нь Монгол Улсын ногоон, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд чиглэж байна. Энэ нь эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг байгаль орчныг хамгаалах үйл явцтай тэнцвэржүүлэхийг зорьж байна. Хамтын ажиллагааны гурав дахь тэргүүлэх чиглэл нь хүн төвтэй, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх, эрх зүйт ёс, хүний эрхийг хамгаалахад чиглэгддэг.
Даян дэлхийн цахим гэрээ, Ирээдүй үеийн талаарх тунхаглалыг агуулсан “Ирээдүйн төлөө гэрээ” баримт бичгийг НҮБ-аас саяхан баталсныг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишра мэндчилгээндээ онцлон тэмдэглэв. Тэрээр цааш нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан цахим өөрчлөлтийг эрчимжүүлэх, ирээдүй хойч үе болох залуучуудыг чадавхжуулах зорилтууд нь Ирээдүйн төлөө гэрээний тэргүүлэх чиглэлүүдтэй бүрэн нийцэж буйг онцлон тэмдэглэв.
“Ирээдүйн төлөө гэрээ” нь тэгш бус байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн сорилтыг шийдвэрлэхийн тулд хөдөөгийн болон бүсчилсэн хөгжлийг хурдасгах, Монгол Улсын цахим шилжилтийн хөтөлбөрийг урагшлуулах, улмаар Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих боломжийг олгож байна” буйг ноён Тапан Мишра онцлов. Монгол Улс дахь НҮБ-ын тогтолцоо нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор ТХЗ-ын төлөөх хүчин чармайлтыг эрчимжүүлэх, мөн Ирээдүйн төлөө гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа, түншлэлээ улам бүр бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Жил бүрийн 10 дугаар сарын 24-нд тэмдэглэдэг НҮБ-ын өдөр нь НҮБ болон түүний түншлэгчдийн хувьд хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байх, даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжлийг хангах тус байгууллагын эрхэм зорилгод тууштай байгаагаа дахин нотлох сайхан боломж юм.