Монгол улс дахь НҮБ-ын 2017-2018 ажлын үр дүнгийн тайлан
Эдүгээ НҮБ-ын системийн 15 байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллан 2017-2021 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ (ХТХ)-г баталсан билээ. Энэхүү ХТХ нь тус оронд НҮБ-ын системийн байгууллагуудаас 2017-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны суурь үндэслэл болно. Түүнчлэн жил бүр НҮБ болон Монгол Улсын Засгийн газар хамтран энэхүү ХТХ-ний хэрэгжилт, ахиц дэвшилд үнэлгээ өгч дараа дараагийн жилүүдэд тавих тэргүүлэх зорилтуудаа тодорхойлж хамтран ажиллах юм.
Тайлангийн хугацаанд НҮБ-ын системийн байгууллагууд нийт 61.1 сая ам.долларын хөрөнгийн санхүүжилтийг босгосон бөгөөд үүнээс 43.23 сая ам.долларын хөрөнгийг 49 хэрэгжүүлэгч түншүүдтэйгээ (IP) хамтран 18 аймаг, нийслэл хотод хэрэгжүүлж байгаа 82 төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд зарцуулсан байна. Эдгээр үйл ажиллагаа нь Тогтвортой хөгжлийн нийт 17 зорилгоос 16 зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг дэмжихэд зарцуулагдсан бөгөөд үүний талаас илүү хувь нь буюу 23 сая ам.долларын хөрөнгийг ТХЗ 2 – Өлсгөлөнг эцэслэх, ТХЗ 3 - Эрүүл мэндийг дэмжих, ТХЗ 5 - Жендэрийн эрх тэгшбайдлыг хангах, ТХЗ 15 – Хуурай газрын эко системийг хамгаалах, болон ТХЗ 16 - Энхтайван, Шударга ёсыг цогцлоох зэрэг Тогтвортой хөгжлийн таван зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулсан байна.