2023-2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичигт гарын үсэг зурав.
Монгол Улсын Засгийн Газар болон Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага ирэх таван жилийн хугацаанд НҮБ болон Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааг стратегийн чиглэлээр хангах үндсэн баримт бичигт гарын үсэг зурлаа.
2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (ТХХАХ) нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын Хараа 2050” бодлогод тусгагдсан үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл болон НҮБ-ын хөгжлийн тогтолцооны шинэчлэлтэй нягт уялдсан юм. Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ нь Монгол Улсыг хүртээмжтэй, гамшигт тэсвэртэй, тогтвортой хөгжил бүхий эрүүл, аюулгүй орчин, хууль дээдлэх ёс, хүний эрхийн харилцан шүтэлцээг хангасан улс болон хөгжихөд хувь нэмэр оруулан, хамтран ажиллахаа батламжлав.
НҮБ-ын өндөр дээд түвшний айлчлалууд
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Түүний энэхүү айлчлал нь Монгол Улсыг НҮБ-ын үнэ цэнтэй түнш, “энх тайвны бэлгэ тэмдэг” бөгөөд НҮБ-ын үйл ажиллагаанд асар чухал хувь нэмэр оруулагч гэдгийг онцолсон үйл явдал боллоо. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруа энэ оны 6-р сард Монголд айлчилж, Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хуралд оролцсон юм. Түүнчлэн, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейгийн Монгол Улсад хийсэн айлчлал НҮБ болон Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан болон соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц боллоо.
ТХЗ-уудыг үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилго болгох нь
НҮБ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг тус хөгжлийн хөгжлийн тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллалаа. Төр, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн төлөөлөл болох 150 гаруй түнш байгууллагууд Нийслэлийн төв талбайд нэг дор цуглаж, ТХЗ-уудад чиглэсэн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан юм. SDG Open Day өдөрлөг нь Монгол улс нь ТХЗ-ыг хэрэгжүүлэх чиглэлээр өнөөг хүртэл хийж бүтээсэн ололт амжилтыг танилцуулахын зэрэгцээ 2030 хүртэл хийх хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжсэн үйл явдал байв. ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгахын тулд ТХЗ-ыг нутагшуулж, тэдгээрийн үндэсний хэмжээний зорилтууд болон шалгуур үзүүлэлтүүдийг бий болгохыг ихээхэн чухалчилдаг. Тухайлбал, Дархан-Уул, Орхон, Дундговь зэрэг аймгууд энэхүү ТХЗ-уудыг бүс нутгийнхаа хөгжлийн төлөвлөгөөнд нутагшуулан тусгах ажлыг эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэргээр манлайлан оролцож байна.
"Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улс амжилттай оролцлоо
Монгол Улсын боловсролын салбарт анх удаа Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулсан тус салбарын оролцогч талуудын үндэсний хэмжээний хэлэлцүүлгээр боловсролын салбарын шинэчлэл хувьслын талаар өргөн хүрээнд хэлэлцлээ. НҮБ-ын Суурин Зохицуулагчийн манлайлал дор НҮБ-ын Хүүхдийн Сан болон ЮНЕСКО-гоос дэмжлэгтэйгээр Монгол Улс 2022 оны 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн үеэр зохион байгуулагдсан “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалт дээр боловсролын салбар дахь цахим шилжилтийн дутагдалтай талуудыг арилгахад чиглэсэн өвөрмөц санаачилгаа амжилттай танилцуулсан юм.
Глобал цахим шилжилтийн яриа хэлэлцээ
Монгол дахь НҮБ Монгол Улсын Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамтай (ЦХХХЯ) хамтран 5 тивийн 30 гаруй улсын 400 гаруй оролцогчдыг хамруулсан 'Глобал дижитал хэлэлцүүлэг' цахим арга хэмжээг дэлхийд анх удаа зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр нийтдээ 800 орчим оролцогчид үндсэн болон салбар хэлэлцүүлэгт оролцсон. Уг арга хэмжээ нь Монгол болон бусад оролцогч орнуудын хувьд ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгахын тулд улс орныхоо түвшинд дижитал шилжилтийг хэрэгжүүлж буй туршлага, тулгарч буй сорилт бэрхшээлүүд болон оновчтой шийдлүүдийг харилцан солилцох талбар болсон юм.
КОВИД-19-ийн олон эх сурвалжит тандалтын тогтолцоог бий болголоо
Монгол дахь НҮБ Монгол Улсын КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байна. ДЭМБ-ын Монгол улсын хэмжээнд нийт 700 гаруй улсын эрүүл мэндийн байгууллагууд болон 28 хувийн өмчит эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээний өдөр тутмын нэгдсэн мэдээлэл, датад үндэслэн яаралтай нөхцөлд эмнэлгийн орны зохицуулалт хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөц бололцоог тодорхойлох зэрэг чухал шийдвэрүүдийг гаргах үйл явцад ашиглаж байна.
Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал
Монгол Улс “Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт Олон улсын бага хурлыг 2022 оны 6-р сард Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Нийт 30 гаруй улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүд оролцсон уг бага хурал нь дэлхийн энхийг сахиулах ажиллагаан дахь жендэрийн ялгаатай байдлыг бууруулахад энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарал хандуулав. Монгол Улсын хувьд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны уриалгыг дагаж, 2027 он гэхэд энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийнхээ хувь хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэх амлалт өгсөн байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаа ба залуучуудын оролцоо
Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг тэргүүлэх түншүүдийн хамт Монгол дахь НҮБ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, гараг дэлхийгээ аврах арга хэмжээнд залуучуудын оролцоо, манлайллыг дэмжихэд чиглэсэн далайцтай олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Монгол дахь НҮБ-ын Нийгэмлэгийн Байгаль орчны манлайллын хөтөлбөрийн дэмжлэгтэй залуучуудын төлөөлөл Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний 27-р бага хурал (COP27) дээр Монголын залуучуудын дуу хоолойг тодотгон хүргэсэн юм. Энэ оны 8-р сард Эрдэнэт хотод зохион байгуулагдсан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр: Уур амьсгалын өөрчлөлт ба хотууд” форум зэрэг хурал зэрэг нь бид салбар дундын зохицуулалтыг бэхжүүлж, ногоон санхүүжилт, технологи, инновац болон шийдлүүдийг хэрхэн дэмжиж ажилласны жишээ юм.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэв
Хүний суурь эрх болох жендэрийн эрх тэгш байдал нь Монгол дахь НҮБ-ын тэргүүлэх зорилго байсаар ирсэн билээ. Орон даяар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжихийн тулд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн манлайллаар Монгол дахь НҮБ нь нэн шаардлагатай чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны үр шимийг орон нутагтаа болон нийт нийгэмдээ жинтэй нөлөөлөл үзүүлэх боломжтой манлайлагч эмэгтэйчүүд болон улс төрчид, залуу сонгогчид, улс төрийн намын гишүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг 27,000 гаруй хүн шууд хүртсэн байна.
Үүний зэрэгцээ, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд бүхий оролцогч талуудыг уриалан, Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг хамтран хэрэгжүүлсээр, эл гэмт хэргийг таслан зогсоохын төлөө хүн нэг бүр хүчтэй дуу хоолойгоо өргөхийг уриалсан юм. Үүний дүнд, 260 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 34,000 гаруй хүн энэ жилийн аянд нэгдэж, жендэрийн хэвшмэл ойлголтыг таслан зогсооход чиглэсэн янз бүрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, олон нийтийн цахим сүлжээ, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт сүлжээ болон бусад сувгаар 1.3 сая гаруй хүнд шууд хүрч ажиллалаа.
НҮБ-ын агентлагуудын хүч хавсарсан хамтарсан хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж дууслаа
Бидний онцлох амжилтуудын нэг болох НҮБ-ын тогтолцооноос Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн дэмжлэгийг өөр хоорондоо уялдсан, нэгдмэл байдлаар хэрэгжүүлсэн томоохон хөтөлбөрүүдийг онцолж байна. Үүний нэг нь Монгол Улсад ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө нөөцийг дайчлах, уялдуулах, хөшүүрэг болох Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх хөтөлбөр юм. Монгол Улсын ТХЗ-ыг хариуцсан гол институц болох Тогтвортой хөгжлийн үндэсний хороо 8-р сарын 12-ны өдөр хуралдаж, Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратегийн төслийг бүрэн дэмжсэн бөгөөд Сангийн яаманд батлуулахаар хүргүүлээд байна.
2020-2022 онд ОУХБ тэргүүлэн, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ХААБ зэрэг НҮБ-ын тус дөрвөн агентлаг хамтран Цочролд тэсвэртэй нийгмийн хамгааллын 2 жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр үндэсний хэмжээнд малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг 5 хувиар нэмэгдүүлсэн байна. Гэхдээ, НҮБ-ын тус хамтарсан хөтөлбөрийн зорилтот газар болох Завхан аймгийн 5 суманд малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамрагдалт 10 хувиар нэмэгдсэн байна.