Хэвлэлийн мэдээ

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэлийг боловсруулж эхэллээ

2022 оны арван нэгдүгээр сарын 22

Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) хамтран Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн үйл явцыг тайлагнах Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийг бэлтгэх талаарх зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улс 2023 оны 7 дугаар сард НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Улс төрийн дээд хэмжээний уулзалтад хоёр дахь удаагийн сайн дурын илтгэлээ танилцуулах улс орнуудын нэгээр товлогдсон юм.

Үндэсний сайн дурын илтгэл (ҮСДИ) нь ТХЗ-ын хэрэгжилтийн явц, гарсан ахиц дэвшил, тулгарч буй сорилт бэрхшээлийг үнэлж дүгнэж, тайлагнах арга хэрэгсэл болдог.

Энэхүү сайн дурын илтгэлийг бэлтгэх ажлыг удирдах үүрэг хүлээсэн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х. Батжаргал зөвлөгөөнд оролцогчдод хандан “аливаа бодлого, шийдвэрт олон талын оролцоог бодитой хангаж, харилцан зөвшилцөх нь хэрэгжилтэд ахиц гаргах гол үндэс” болохыг онцоллоо.

Иймд, бүхий л оролцогч талууд болох Засийн газар, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг өргөнөөр оролцуулсан энэхүү уулзалтаар уг илтгэлийг боловсруулах ажлын цар хүрээ, зураглалыг тодорхойллоо.

Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра энэхүү хоёрдугаар илтгэл нь 2019 онд танилцуулсан анхдагч илтгэлээс хойших гаргасан ахиц, үр дүнг тод харуулна гэдэгт найдаж буйгаа онцлов.

Ковид-19 цар тахал Монгол улсын нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлж, ялангуяа хөгжлийн үр шимээс хоцрогдох эрсдэл бүхий хүн амын эмзэг бүлэгт ихээхэн хүндээр туссан.

Үүний зэрэгцээ, дэлхий дахинаа нүүрлээд буй хямрал ч мөн Монгол улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд ихээхэн нөлөөлснийг НҮБ-аас хийсэн саяхны судалгаа нотоллоо.

Иймд, сүүлийн жилүүдэд тохиосон олон тооны хямрал тус улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд хэрхэн нөлөөлснийг энэ тайланд тусгана. Монгол Улс хямралыг даван туулж, эдийн засгаа тогтвортой сэргээхэд бүхий л талуудтай хамтран ажиллаж, ихээхэн хүчин зүтгэл гаргах шаардлагатай тулгарч байна.

ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх Үндэсний сайн дурын илтгэл нь Монгол улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийг бодлогод тусгагдсан хүртээмжтэй, тогтвортой хөгжилд хүрэхэд чиглэсэн ахиц дэвшил, хүндрэл бэрхшээлийг бүрэн зургаар харуулсан баримт бичиг болох юм.

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд