ололт амжилтыг олон нийтэд танилцуулахаар зохион байгуулсан томоохон хэмжээний нээлттэй өдөрлөг
Энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан ТХЗ нээлттэй өдөрлөгөөр Засгийн газар, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм зэрэг бүх оролцогч талуудын төлөөлөл болох 150 байгууллагууд хуран цуглаж, ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн өөрсдийн сайн туршлага, ололт амжилтаа бахархалтайгаар сурталчлан таниуллаа.
Өдөрлөгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, мөн Монгол Улс дахь элчин сайдууд, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд болон олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хүндэт зочид оролцсон юм.
Өдөрлөгт оролцогчдын асрууд маш баялаг, өргөн хүрээг хамарсан байлаа. Тэдний дунд хог хаягдлыг ангилан цуглуулах, дахин боловсруулах чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагаас аваад хөдөлмөрийн эрх, зохистой хөдөлмөр эрхлэх эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулахаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд оролцлоо.
Талбайн төв хэсэгт байх Digital Hub хөл хөдөлгөөн ихтэй асруудын нэг байлаа. Төрийн олон төрлийн үйлчилгээний цахим талбар болох e-Mongolia зэрэг үйлчилгээнээс эхлээд цахим шилжилтийг илүү хүртээмжтэй болгох зорилготой олон төрлийн дижитал санаачилгуудыг нэг дор сонирхож болохоор байв. Энд хүүхэд залуус виртуал орчинд ТХЗ-уудтай танилцаж, суралцаж байлаа.
ТХЗ-5 буюу Жендэрийн эрх тэгш байдлын асарт зөвлөх үйлчилгээ болон хууль, эрх зүйн зөвлөгөө өгч байв.
Мөн сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах чиглэлийн үйл ажиллагааг танилцуулсан асрууд, энхийг сахиулагч цэнхэр дуулгатны асруудад ч олны хөл тасрахгүй байлаа.
Энэхүү нээлттэй өдөрлөгт дор хаяж 5,000 гаруй хүн зочилж, ТХЗ-уудын талаар ойлголт авч, цаашдын үйл ажиллагаануудад оролцох урам зоригтой болсон гэдэгт итгэлтэй байна.
Хог хаягдлыг дахин боловсруулах, ангилан ялгах кампанит аян
Хог хаягдлыг ангилан цуглуулах, дахин боловсруулах кампанит аян энэ өдөрлөгийн гол онцлох арга хэмжээ байв. 16 настай, ахлах сургуулийн сурагч Бүх сурагчид нь хог хаягдлаа ангилж, дахин ашигладаг Улаанбаатар хотын Эрдмийн Өргөө сургуулийн сурагч Баяржаргалын Намуунаа сургуулийнхаа сайн туршлагаас танилцуулж, хуванцар хог хаягдлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, зочдод хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулах, дахин ашиглах талаар ярьж өгсөн юм.
Тус сургуулийн сурагчид гараар хийсэн цаас, тоглоом, багаж хэрэгсэл зэрэг зориулалтыг нь өөрчилж, дахин ашигласан эд зүйлсээ танилцуулж байв. Тэд хүмүүст хэрхэн цаасан хог хаягдлаа дахин боловсруулж, флаш карт болон бусад хэрэгцээт зүйлсийг хийхийг заасан юм.
“Эцэг эхдээ заахад хэцүү байсан ч, би хичээл чармайлтаа харуулахын тулд цагийн ажил хийж, гэрийнхээ хогийг ангилах өнгө өнгийн хогийн уут болон хогийн сав худалдаж авсан. Одоо манай аав ээж хоёр гэртээ хогоо төвөггүй ялгадаг болсон” гэж Намуунаа бахархалтайгаар ярив.
Боловсролыг чухалчлав
ТХЗ 4 буюу Чанартай боловсролыг дэмжихээр хувь нэмрээ оруулж оролцогчдын асрууд бүтээлч байдлаар үйл ажиллагаагаа танилцуулж, ирсэн зочдод өөрсдөө оролцож туршиж үзэх олон сонирхолтой хөтөлбөртэй байсан нь олны талархлыг хүлээж байв.
“Бүх нийт боловсролын төлөө” ТББ-аас тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл нь боловсрол болж хувирсан гэдгийг харуулсан гэрэл зургуудыг дэлгэн танилцууллаа. Тэд Монгол Улс хүн бүрд хүртээмжтэй бөгөөд тэгш чанартай боловсрол олгохын төлөө илүү ихийг хийх шаардлагатай гэсэн мессежийг түгээж байсан юм.
Хувийн хэвшил болон иргэний нийгмийг төлөөлсөн Tomyo EdTech, Faro Foundation зэрэг бусад байгууллагууд цахим бичиг үсгийн боловсролын ялгаатай байдлыг арилгах замаар боловсролыг илүү хүртээмжтэй болгох санаачилгуудаараа олон зочдыг татаж байлаа.
Жендэрийн эрх тэгш байдал ба оролцоо
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн асар эрх зүйн зөвлөгөө болон сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээ авах, мөн гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, нөлөөллийн ажлыг ч танилцуулж байв.
Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Батын Чулуундолгор хэлэхдээ, “Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийг дэмжсэн маш завгүй бөгөөд үр бүтээмжтэй нэгэн өдрийг өнгөрүүллээ. Бид хэрхэн манай байгууллагын гишүүн болж болох, хаана тэргэнцрээ засуулж болох гэх мэт олон асуултад хариулт өглөө” гэсэн юм.
Түүнчлэн, ЛГБТ төвийн гишүүд асар барьж, олон нийттэй харилцаж, мэдлэг, ойлголтыг нь дээшлүүлж, үл ялгаварлал болон оролцоог дэмжиж ажилласан юм.
Хөдөлмөрийн яармаг, тэтгэлэгт хөтөлбөр
Ажил олгогчид ажил хайгчдыг холбон өгч, ажлын байрны шаардлагуудыг тодорхойлох, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг хэрэгцээт үйлчилгээг үзүүлсэн нь өдөрлөгийн нэгэн онцлох арга хэмжээ байлаа.
Тэтгэлэгт хөтөлбөрийн асар нь дотоодын болон олон улсын 15 гаруй тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэргүй мэдээлэл өгч үйлчилсэн хамгийн эрэлттэй асруудын нэг байв.
“ТХЗ-ын манлайлагч” шагналын эзэд тодорлоо
ТХЗ нээлттэй өдөрлөгийн төгсгөлд ТХЗ-ууд болон Алсын Хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө гоц сайн санаачилга гаргаж ажилласан ТХЗ-ын түүчээлэгчдэд шагнал гардуулсан юм. Өдөрлөгийн зохион байгуулагчид цаашид илүү их үйл ажиллагааг урамшуулан дэмжих зорилгоор хувь хүний, хамтын болон байгууллагын санаачилгуудыг алдаршуулж, дотоодын санаачилгуудыг сайшаах энэхүү шагналыг гардуулсан билээ.
ТХЗ-ын манлайлагчид:
Байгаль орчны мэдээлэл сургалтын төвөөс удирдсан Эко-сургууль, цэцэрлэгүүд санаачилга нь “ТХЗ-ын Манлайлагч эрдэм шинжилгээний байгууллага” шагналыг хүртсэн юм. Эко-сургууль, цэцэрлэгүүд санаачилга нь сургуулиуд дээр зан үйлийн өөрчлөлтийг бий болгож, байгаль орчны боловсрол олгох замаар дотоодын сургууль, цэцэрлэгүүдийн 30 гаруй хувьд хүрч ажилласан байна.
Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь нүүдлийн мал аж ахуйн соёл болон бэлчээрийн экосистемийг хамгаалахын төлөө малчдын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх замаар бэлчээрийг нөхөн сэргээх тасралтгүй хүчин зүтгэлээрээ “ТХЗ-ын манлайлагч иргэний нийгмийн байгууллага” шагналыг хүртлээ.
Монгол адууны диваажин санаачилга нь тогтвортой хөгжлийн төлөөх “ТХЗ-ын манлайлагч” иргэн шагналыг хүрсэн юм. Тус санаачилга нь Монголчуудын нүүдлийн ахуй соёлыг хадгалах, сурталчлан таниулах, өв соёлыг хадгалж, орон нутгийн аялал жуулчлалын нөөц боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг юм.
Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг технологийн дэвшлээр дамжуулан шаардлагатай хүнд хүргэж буй Blind Care аппликэйшн нь хувийн хэвшлийнхний дундаас “ТХЗ-ын манлайлагч” шагналын эзэн боллоо. Blind Care бол танилцуулагдсан цагаасаа хойш 10,000 гаруй хэрэглэгчид сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд буй үнэ төлбөргүй апп юм. Энэхүү апп нь Монгол улсад хамгийн тулгамдаж буй нийгмийн асуудлуудын нэг болох сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг даван туулахад тусалдаг.
Шагналд тодорхойлсон олон гайхалтай санаачилгуудаас шүүгчдийн зөвлөл хувийн хэвшлийн 2 санаачилгыг нэмж шагнасан юм. Үүнд Эм Си Эс Кока Кола компанийн ус, ундааны хуванцар савыг цуглуулж, дахин боловсруулах санаачилга болон сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн ухаалаг системүүд болон аялал жуулчлалын дэд бүтцээр тоноглогдсон ногоон тосгоныг Говь нутагт байгуулах инженерчлэлийн төсөл болох Шамбала 2056 санаачилга багтсан байна.
Эдгээр иргэд, олон нийт, хувийн хэвшлийн сайн туршлага, ололт амжилтыг олон нийтэд танилцуулж, алдаршуулах нь цаашид илүү олон байгууллага, хөдөлгөөн идэвхтэй оролцож, нийгэмдээ түүчээлэх урам зориг өгч, оч асаахыг зорьсон юм. Ийнхүү тэдний манлайлал, хамтын хүч чармайлт нь Монгол Улсын ирээдүйг улам илүү ногоон, илүү тогтвортойгоор хөгжин цэцэглэхэд хөтлөнө гэдэгт Монгол Улс дахь НҮБ итгэлтэй байгаа билээ.
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра ТХЗ-уудыг хэрэгжүүлэх оролцогч талуудын бүхий л гайхалтай ажил, санаачилгуудад тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Энэхүү хүчин чармайлтаараа бид Монгол Улсад хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжлийг авчирч чадна гэдэгт би бат итгэлтэй байна” гэсэн юм.
Энэхүү нийтлэлийг НҮБ-ын СЗГ-ын Мэдээлэл харилцааны ажилтан Д. Соёлмаагийн дэмжлэгтэйгээр Б.Халиун бэлтгэв.
ТХЗ нээлттэй өдөрлөгийн онцлох гэрэл зургууд