Дэлхийн удирдагчид одоо болон ирээдүйн аливаа сорилтуудыг шийдвэрлэхийн тулд Олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах учиртай.
НҮБ-ын ЕНБД-ын нийтлэл: Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт яагаад чухал вэ? Бид юу хүлээх вэ?
Нью-Йорк хотноо энэ сард болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтаар улс орнуудын удирдагчид олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хийх шинэчлэлийн талаар тохиролцох хэлэлцээрүүдийг үргэлжлүүлнэ.
Энэ үзэгдэл бидний эргэн тойронд илхнээ ажиглагдсаар байна. Харгис хэрцгий зөрчил мөргөлдөөн, хүчирхийлэл нь аймшигт зовлон зүдгүүрийг бий болгож, геополитикийн хуваагдал газар авч, тэгш бус, шударга бус байдал энд тэндгүй бий болж, итгэл найдварыг алдагдуулж, гомдол дургүйцлийг гүнзгийрүүлж, популизм, хэт даврах үзлийг өдөөж байна. Ядуурал, өлсгөлөн, ялгаварлан гадуурхалт, доромжлол, арьс өнгөөр алагчлах зэрэг олон жилийн ужгирсан сорилтууд хэлбэрээ өөрчлөн гарах боллоо.
Үүний зэрэгцээ бид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эмх замбараагүй байдал, байгаль орчны доройтол, ёс зүй, хууль эрх зүйн орон зайд хөгжиж буй хиймэл оюун ухаан зэрэг технологийн болоод олон шинэ аюул заналхийлэлтэй тулгарч байна.
Энэ бүх сорилтыг шийдвэрлэх гарц чухамхүү бид бүхний гарт байгаа гэдгийг Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт ил тод харуулж байна. Гэхдээ зөвхөн олон улсын удирдагчид л хамтаар хийж чадах системийн эрс шинэчлэл бидэнд хэрэгтэй байна.
Олон улсын хэмжээнд шийдвэр гаргах үйл явц нь цаг хугацааны эргэлтэд зогсонги байдалд орчихоод байна. Дэлхийн олон улсын байгууллагууд, арга механизм нь аль 1940-өөд оны үед буюу даяарчлал эхлэхээс өмнө, колоничлолыг халах үйл явцаас ч өмнө, хүний эрхийн түгээмэл тунхаглал, жендэрийн эрх тэгш байдлыг өргөнөөр хүлээн зөвшөөрч эхэлсэн үеэс ч өмнө, хүн төрөлхтөн сансар огторгуйд аялж эхлэхээс ч өмнө, кибер орон зайн талаар сураг ч үгүй байсан тэр үед байгуулагдсан билээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Дэлхийн II дайнд ялалт байгуулагчид давамгайлах байр сууриа өнөөдөр ч эзэлсээр байгаа төдийгүй тус зөвлөлд Африк тив бүхэлдээ байнгын суудал үгүй хэвээр байна. Дэлхийн санхүүгийн байгууллагууд гэхэд л хөгжиж буй орнуудад ээл муутай төдийгүй тэднийг хүндрэлд орох үед нь аюулгүй байдлыг нь хамгаалах боломж нөхцөлөөр хангахгүй байгаагаас тэдгээр орнууд өрийн хямралд орж, ард түмэндээ хөрөнгө оруулах боломж үгүй болж байна.
Дэлхийн түвшний олон улсын байгууллагууд нь иргэний нийгэм, хувийн хэвшил хийгээд хөгжлийн томоохон оролцогчдод маш хязгаарлагдмал орон зайг үлдээж байна. Ирээдүйг маань залгамжлан авч явах залуу үеийнхний оролцоо тун хязгаарлагдмал байгаа нь өнөөгийн бид хойч үеийнхнийхээ эрх ашгийг үл тоомсорлож буйн илэрхийлэл болж байна.
Асуудал маш тодорхой. Өвөө эмээ нарт нь зориулж бүтээсэн системээр бид ач зээ нартаа тохирох ирээдүйг бүтээж чадахгүй билээ. Ирээдүйн асуудлаарх дээд түвшний энэхүү чуулга уулзалт нь XXI зууны шаардлагад нийцсэн шинэлэг олон талт хамтын ажиллагааг сэргээх бодит боломж юм.
Бидний дэвшүүлж буй шийдэлд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зэрэг олон улсын байгууллагууд болон арга механизмыг шинэчлэн байгуулж зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн Энх тайвны төлөөх шинэ хөтөлбөр багтаж байгаа юм. Энх тайвны төлөөх шинэ хөтөлбөр нь дэлхий ертөнцөө цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэр зэвсгээс ангижруулах хүчин чармайлтаа шинэ шатанд гаргаж, аюулгүй байдлын үндсэн тодорхойлолтод жендэрт суурилсан хүчирхийлэл, бүлэглэлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг тодорхой тусгаж илүү өргөжүүлнэ. Энэ нь дайны шинж төрх өөрчлөгдөх, шинэ технологийг зэвсэг болгон ашиглах зэрэг эрсдэл байгааг хүлээн зөвшөөрч, ирээдүйн амгалан тайван байдалд маань учрах аюул занал хэмээн үзнэ. Тухайлбал, хүний оролцоогүйгээр үхэл, амьдралыг шийдвэрлэж болзошгүй Мөхлийн аюулд хүргэх автомат зэвсгийг хуулиар хориглох дэлхий нийтээр дагаж мөрдөх хэлэлцээртэй болох нь нэн чухал байна.
Олон улсын санхүүгийн байгууллагууд нь дэлхий дахины өнөөдрийн хэрэгцээг тооцсон, орчин цагийн гол сорилтууд болох өрийн хямрал, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг чиглэлд илүү хүчтэй хариу арга хэмжээг манлайлан авч хэрэгжүүлэх чадвартай байх шаардлагатай. Энэ нь өрийн хямралыг даван туулах, олон талт хөгжлийн банкуудын зээлийн чадавхийг нэмэгдүүлэх, бизнесийн загвараа өөрчлөх зэрэг бодит алхмуудыг хийж, боломжийн хүүтэй хувийн санхүүжилтийг хөгжиж буй орнууд хүртэх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг юм.
Ийм санхүүжилт үгүйгээр бидний ирээдүйд заналхийлж буй хамгийн том аюул болох уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хямралыг хөгжиж буй орнууд даван туулж чадахгүй. Эх дэлхийг маань сүйрэлд хүргэх малтмал хатуу түлшний хэрэглээнээс татгалзаж, цэвэр бөгөөд сэргээгдэх эрчим хүчинд шилжихэд нь хөгжиж буй орнуудад ихээхэн хөрөнгө нөөц хойшлуулшгүй хэрэгтэй байна.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх ахиц дэвшлийг хурдасгах гол хөшүүрэг нь Олон улсын санхүүгийн байгууллагуудын тогтолцоог шинэчлэх явдал хэмээн өнгөрсөн жил улс орны удирдагчид онцлон тэмдэглэсэн.
Түүнчлэн энэхүү дээд түвшний чуулга уулзалт нь дэлхийн хэмжээнд нөлөөлөх болсон шинэ технологид онцгой анхаарал хандуулж, дижитал хуваагдлыг арилгах арга замыг эрэлхийлж, хүн бүрт нээлттэй, чөлөөтэй, аюулгүй дижитал ирээдүйн төлөөх нийтлэг зарчмуудыг тогтоох асуудлыг хөндөх хэрэгтэй байгаа юм.
Эдгээр дэвшүүлсэн саналд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал маш тодорхой тусгагдсан. Хүний бүх эрх болоод соёлын олон янз байдлыг хүндэтгэж, эмэгтэйчүүд, охидын бүрэн оролцоо, манлайллыг хангахгүйгээр дэлхийн хэмжээнд шийдвэр гаргах тогтолцоог шинэчлэх боломж үгүй юм. Эмэгтэйчүүдийг эрх мэдлээс хязгаарлан холдуулж байгаа хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн уламжилж ирсэн саад тотгорыг арилгахын тулд дорвитой хүчин чармайлт гаргахыг Бид шаардана.
1940-өөд оны үеийн энхийг сахиулагчдын байгуулсан олон улсын байгууллагууд нь Дэлхийн III дайнаас урьдчилан сэргийлэхэд тусалж чадсан төдийгүй олон улс орон колоничлолоос ангижирч тусгаар тогтнолоо олоход хувь нэмэр оруулсан. Гэвч тэдгээр байгууллагууд дэлхий дахины өнөөгийн хөгжлийн дүр төрх, сорилтыг хараахан тооцож чадаагүй нь ойлгомжтой.
Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт нь XXI зууны болон дэлхий ертөнцийн олон туйлт хэрэгцээ шаардлагад нийцсэн даян дэлхийн хамтын ажиллагааны илүү үр дүнтэй, хүртээмжтэй шинэлэг байгууллагууд, арга механизмыг бий болгох чухал боломж гэж үзэж байна.
Улс орны удирдагчдад хандан энэхүү боломжоо чандлан ашиглахыг уриалж байна.
***