Хэвлэлийн мэдээ

Монгол Улсын Хөгжлийн банк тогтвортой санхүүжилтийг нэвтрүүлэхээр НҮБ-ын хамтарсан хөтөлбөртэй хамтран ажиллаж байна

2021 оны тавдугаар сарын 07

  • Улаанбаатар, 2021 оны 5 сарын 7 – Монгол Улс Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ)-даа хүрэхэд ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай бөгөөд цар тахлын улмаас энэ хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Монгол Улсын Хөгжлийн Банкны үйл ажиллагааг ТХЗ-уудтай уялдуулах нь санхүүжилтийн хэрэгцээг хангахад шаардлагатай системийн нэг чухал өөрчлөлт бөгөөд үндэсний хөгжлийн зорилгууддаа хүрэхэд ихээхэн түлхэц үзүүлэх юм.
UB
Тайлбар: Ulaanbaatar
Зургийг: © UNDP Mongolia

“НҮБ-ын ТХЗ хамтарсан сан”-гийн санхүүжилтээр Сангийн яамтай хамтран хэрэгжүүлж буй НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд, Хөгжлийн банк үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмыг нэвтрүүлэх чадавхыг бэхжүүлэх семинарыг өнөөдөр зохион байгууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд тогтвортой санхүүжилтийг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэх зөвлөмж, төлөвлөгөө боловсруулж, тогтвортой зээлийн үйл ажиллагааны журмын төсөл, журам хэрэгжүүлэх зааварчилгаа, эрсдэлийн үнэлгээний аргачлал зэргийг Хөгжлийн банктай хамтран боловсруулсан бөгөөд энэ нь тогтвортой санхүүжилтийг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэх суурийг тавьж байгаа юм.

Хөгжлийн банк нь улс орны санхүүгийн системд онцгой үүрэг, байр суурь эзэлдэг тул зээлийн үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн шалгуур үзүүлэлтийг ашигласнаар ТХЗ-д хүрэхэд эерэг нөлөө бий болгож, сөрөг нөлөөг бууруулах боломжтой юм. Энэ нь цаашдаа тус банкны хувьд хөрөнгө оруулагчдын хүрээг өргөжүүлэх, хөрөнгө татах боломжийг нэмэгдүүлэх, нэр хүндээ хадгалах зэрэг олон ач холбогдолтой юм.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх тус банк нь тогтвортой банк болж хөгжих, цаашид тогтвортой санхүүжилтийг үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх чиглэлд тууштай хамтран ажиллахаа дурдлаа.

“Хөгжлийн банкны үйл ажиллагааг ТХЗ-уудтай уялдуулах нь Монгол Улсын нийт санхүүжилтийн тогтолцоог тогтвортой санхүүжилт руу хандуулахад чухал үүрэгтэй бөгөөд ирэх жилүүдэд үндэсний тогтвортой хөгжлийн санхүүжилтийн стратегийг хэрэгжүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн зорилгууддаа хүрэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ” хэмээн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич семинарын нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Энэ хүрээнд хийгдсэн ажлын тайланг 2021 оны 6 дугаар сард нийтлэхээр төлөвлөж байна.

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд