Хэвлэлийн мэдээ

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч итгэмжлэх захидлаа барилаа

2025 оны нэгдүгээр сарын 23

Улаанбаатар хот – Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн Монгол Улсын Гадаад харилцааны сайд, эрхэмсэг хатагтай Батмөнхийн Батцэцэгт 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр итгэмжлэх захидлаа өргөн барилаа.  

Mr Hierden presents letter of credence
Тайлбар: НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгт итгэмжлэх захидлаа барилаа

Ноён ван Хиердэн нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн НҮБ-ын Хөгжлийн системийн шинэчлэлийн хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг төлөөлөн Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй НҮБ-ын системийн байгууллагуудыг тэргүүлэн ажиллахаар томилогдсон хоёрдахь Суурин зохицуулагч юм.

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг ноён ван Хиердэнийг Монгол Улсад тавтай морилохыг урьж, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд үр дүнтэй түншлэл, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, эмхлэн байгуулагдаад удаагүй Хамтарсан Засгийн газар улс орныхоо хөгжлийг хурдасгахад чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж буйг онцлон дурьдлаа.

Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа, тэр тусмаа НҮБ-тай харилцах хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж буйг цохон тэмдэглэв. 

“Монгол Улс, НҮБ-ын харилцаа маш амжилттай өрнөж байгаа. Үүний нэг тод жишээ нь 2022 онд болсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн айлчлал юм. Тэрээр манай улсад зочлохдоо Монгол Улс хэрхэн энхийг эрхэмлэсэн, бүс нутагтаа ардчилал, хүний эрхийг дээдэлсэн улс гэдгийг харж, танилцсан” хэмээв. 

RC Hierden meets Minister Battsetseg
Тайлбар: Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

Найрсагаар хүлээн авсан эрхэмсэг сайд Б. Батцэцэгт НҮБ-ын Суурин зохицуулагч хариу талархлаа илэрхийлэхдээ Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэхэд оруулж буй түүний үүрэг, оролцоо, түүний дотор эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангахад Монгол Улсад төдийгүй олон улсын түвшинд үзүүлж буй манлайллыг нь талархан дэмжиж буйгаа илэрхийллээ.  

Мөн ноён ван Хиердэн Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд ихээхэн ахиц гаргаж, ялангуяа 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж 25,4%-д хүрсэн онцгой амжилтыг цохон тэмдэглэв. Тэрээр Хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь илүү өргөн хүрээнд ойлголцолыг бий болгож, олон талын дуу хоолойг нэгтгэсэн хүртээмжтэй шийдвэр гаргах давуу талтай гэдгийг ч мөн тэмдэглэн хэлэв.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалах үйлсэд оролцож буй Монгол Улсын оролцоонд талархаж буйгаа тэрээр мөн илэрхийллээ. 

“Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Миний Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнтэй хамтран хөгжлөөс хэнийг ч үлдээхгүйгээр сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө ажиллахад бэлэн байна” гэв.

Ноён ван Хиердэнийг товч намтартай энд танилцана уу. Мөн цаг үеийн мэдээ мэдээллийг нигмийн сүлжээнд X (Twitter): JaapVanHierden хаягаар хүлээн авна уу.

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд