Монгол Улс дахь НҮБ-ын 2024 оны онцлох үйл явдлын тойм
2024 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө бидэнтэй хамтран ажилласанд та бүхэндээ талархлаа илэрхийлж, энэ оны онцлох мөчүүдээсээ хуваалцаж байна.
Жендэрийн тэгш байдлыг хангахад гаргасан ахиц дэвшил: Монгол Улсын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд жендэрийн тэгш байдлыг хангахад томоохон ахиц гарч, Их хурлын гишүүнээр 32 эмэгтэй сонгогдож нийт гишүүдийн 25.4 хувийг бүрдүүлж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлд том ахиц гарсныг энэ үзүүлэлт илэрхийлж байгаа юм. Монгол Улс дахь НҮБ нь ийм ахиц дэвшилд хүрэхийн төлөө НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан олон жил Монгол Улсын тууштай түнш нь байж ирсэн.
Эмэгтэйчүүдийг чадавхжуулахад үзүүлсэн НҮБ-ын дэмжлэг: Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улс дахь НҮБ хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг тус улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрөгч Наймдугаар сард зохион байгуулж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөө тууштай байгаагаа дахин нотлов. Чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед тэргүүтэй дэлхийн улс орнуудын эмэгтэй удирдагчид оролцож, Монгол Улсын гаргаж буй санал санаачилгууд жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө олон улсын тавцанд манлайлал үзүүлж байгааг сайшаан тэмдэглэсэн. Сэдэвчилсэн зургаан салбар хуралдааныг НҮБ-ын системийн байгууллагууд удирдан зохион байгуулсан бөгөөд тус чуулганаас гарсан зөвлөмжүүд нь Бээжин+30 чуулганыг амжилттай зохион байгуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж өгөв.
Монгол Улс дахь НҮБ-ын тогтвортой хөгжлийн төлөөх бодлогын нөлөөлөл: Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын хоёр дахь удаагийн илтгэлийн бүс нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогын зөвлөмжийн дагуу шинэ Засгийн газар нь Үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх үндсэн зорилго агуулж бүс нутгийн хөгжлийг дэмжихийг эн тэргүүнд тавьж ирэх дөрвөн жилд нийт бүс нутагт хүн амын амьдрах таатай нөхцлийг жигд бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр (2024-2028)-ийн тэргүүлэх дөрвөн зорилт болон Монгол Улс дахь НҮБ-ын Хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх гурван чиглэл нь өөр хоорондоо харилцан нягт уялдаатай болсон.
Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хүмүүнлэгийн тусламж: Олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Монгол Улс дахь Хүмүүнлэгийн баг нь 2023-2024 онд зудад нэрвэгдсэн эмзэг бүлгийн малчдад туслахад шаардагдах хөрөнгийн 80 орчим хувийг буюу 10.6 сая ам.долларыг амжилттай татан төвлөрүүлсэн. Өвөлжилт хүндэрч 8.1 сая гаруй толгой мал хорогдож, олон мянган малчид амьжиргаагаа залгуулах эх үүсвэргүй болсон билээ. Монгол Улс дахь НҮБ нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан НҮБ-ын Онцгой байдлын төв сангаас 1.55 сая ам.долларын хөрөнгийг дайчлан 25,000 гаруй малчдад тусламж үзүүлэв.
Хөгжлийн хэнийг ч орхихгүйн төлөө: НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра Монгол орны умард зүгийн алслагдсан Тайгын бүс нутагт цаа буга маллан амьдарч буй цаатан айлуудын хотонд зочиллоо. Энэ нь өвөрмөц үндэстний цөөнх болох цаатан хүмүүсийн хотонд биеэр зочилсон НҮБ-ын өндөр албан тушаалтны анхны айлчлал болсон юм. Төв суурингаас мянга гаруй километрийн алсад тусгаарлагдсан цаатан овгийнхон нь харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсролын суурь үйлчилгээ, ус, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжийн хүртээмж үгүй, хязгаарлагдмал, туйлын хоцрогдсон хүн амын бүлэгт орж байна. Энэхүү айлчлалынхаа дараа, Цаатан хүүхдүүдийн чанартай боловсрол эзэмших эрхийг хамгаалахын тулд юуны түрүүнд дотуур байрны таагүй нөхцөл байдлыг яаралтай сайжруулах шаардлагатай байгааг Ноён Мишра цохон тэмдэглэсэн.
Цахим шилжилтийг тууштай дэмжсэн нь: Цахим шилжилтийг бодит ажил болгох чиглэлд Монгол Улс ахиц дэвшил гаргаж, НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд дэлхийд 74-р байрт жагсаж байсан бол 2024 онд 46-д эрэмбэлэгдэв. Монгол Улс дахь НҮБ нь цахим хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн Цахим хөгжлийн яриа хэлэлцээ, Мэдээлэл харилцаа, технологийн Үзэсгэлэн, Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайлан боловсруулах зэрэгт идэвхтэй оролцож дэмжин ажиллав. Мөн хөгжлийн түншүүдийн дэмжлэгийг зохицуулах үндсэн зорилго бүхий Цахим хөгжлийн Ажлын хэсгийг байгуулж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай уг ажлын хэсгийг хамтран ахлан ажиллаж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2024 онд төрийн цахим үйлчилгээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж эхлэв.
Төсвийн төлөвлөлтийг хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулахад дэмжлэг үзүүлэв: Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан төслийг хэрэгжүүлж, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг бэхжүүлэн үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдуулахад чухал үүрэг гүйцэтгэв. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн стандартыг дэмжих, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт (МБСБ)-ыг дэмжих, Мэргэшлийн үндэсний хүрээ, ажил мэргэжлийн индексийг боловсруулан батлах, экспортод чиглэсэн ингэний сүү, малын дотор махны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
Монгол Улсын Нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн кампанит аян: Монгол Улс дахь ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2024 онд Монгол Улсад Хүний хөхөнцөр вирусийн (HPV/ХХВ) эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох умайн хүзүүний хорт хавдартай тэмцэх чиглэлд томоохон ахиц дэвшил болсон. ДЭМБ-ын зүгээс шаардагдах техникийн туслалцаа үзүүлж, бодлого боловсруулах, эрүүл мэндийн ажилтнуудыг сургахад дэмжлэг үзүүлж байгаа бол НҮБ-ын Хүүхдийн сан вакцин худалдан авч, тэнцвэртэйгээр хуваарилах чиглэлд дэмжлэг үзүүлэв. Энэхүү хамтын хүчин чармайлтын үр дүнд хүн амын дархлаажуулалтын тогтолцоог мэдэгдэхүйц бэхжүүлж, Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтад үндэсний хэмжээнд хамрагдвал зохих охид, хөвгүүдийн 21 хувь нь хамрагдаж, умайн хүзүүний хорт хавдараас ангид Монгол Улс болох зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулав.
Хүний эрхийг хамгаалах, Монголын ард түмний сайн сайхны төлөөх НҮБ-ын системийн байгууллагуудын нөлөөлөл сурталчилгаа, хүчин чармайлт: Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг нь хөдөлмөрийн эрхийг хамгаалах болон шилжин сууршигчдын албадан хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах, чадавхжуулах чиглэлээр нөлөөлөл сурталчилгаа, бодлогын дэмжлэг үзүүлэв. ОУХБ-ын дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн эрхээ маргаан шийдвэрлэх механизмаар дамжуулан хамгаалах чиглэлээр залуучуудыг эрх мэдэлжүүлэн чадавхжуулав. Мөн ОУШХБ хилийн чанад дахь Монгол иргэдийн сонгуулийн эрхийг нь дэмжих, идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор дэмжин ажилласны үр дүнд УИХ-ын 2024 оны сонгуульд 77%-ийн өсөлттэй буюу нийт 9,768 хилийн чанад дахь иргэд саналаа өгсөн. Цаашлаад, Монгол Улс дахь НҮБ нь НҮБ-ын Хүн амын сангийн манлайлал дор Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг кампанит ажлыг идэвхтэй өрнүүлж, нэгдмэл дуу хоолойгоо өргөсөн. НҮБ-ын Хабитат байгууллага болон ДЭМБ хамтран хүлэмжийн хий бага ялгаруулах, нийгмийн эрх тэгш байдлыг хангах, олон улсын стандартууд болон НҮБ-ын зөвлөмжийг дагаж мөрдөхөд анхаарч, Монгол Улсад хүн төвтэй, эрүүл, аюулгүй хот байгуулалтын бодлогыг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна.
Эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлэв: Монгол Улс дахь НҮБ нь тус улсын эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. НҮБ-ын ХХААБ-аас 2024 оныг Олон улсын Тэмээн овогтын жил болгон зарласан бөгөөд зөвхөн Монгол Улс төдийгүй бусад орны хүн амын амьжиргааг тэтгэх, нэмүү өртөг шингэсэн тэмээн сүргийн ашиг шимийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд тэмээн сүргийг хамгаалахад анхаарал хандуулах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн. Үүний зэрэгцээ Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Экспортыг хөгжүүлэх төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр тус улсын мах үйлдвэрлэлийн нэр бүхий гурван компани махыг халал аргаар бэлтгэж, олон улсын халал чанарын шаардлагуудыг хангасан баталгаажуулалтын гэрчилгээ авсан. Үүний үр дүнд эдгээр үйлдвэрүүд халал аргаар бэлтгэсэн махаа Персийн булангийн зах зээлд экспортлох боломж бүрдэж, Монгол Улс дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэж, эдийн засгаа бэхжүүлж эхлэв.
НҮБ-ын өдрийг Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтдаа тэмдэглэсэн нь: НҮБ-ын хамт олны хувьд маш чухал өдөр болох НҮБ анх үүсэн байгуулагдсан түүхэн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ордонд зочилж, бусад зочид төлөөлөгчдийн хамт Монгол Улс болон НҮБ-ын хамтын ажиллагааны 63 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ үеэр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Монгол Улс дундаас дээш орлоготой орон болж хөгжих замналд НҮБ үнэлж баршгүй дэмжлэг үзүүлж ирснийг онцолж, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөө цаашид ч тууштай ажиллахаа дахин нотлов.