Хүртээмжтэй ирээдүйн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах Монгол Улсын хүчин чармайлт
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлажээ.
Энэ жил тус өдрийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриатайгаар тэмдэглэж байна.
Уг уриа Монголд амьдарч буй 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн (ХБХ), үүний дотор багтаж буй 12 мянга гаруй хүүхдэд тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлооход дэмжлэг үзүүлж буй Монгол дахь НҮБ зорилтод нийцэж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй нийгмийг бий болгох нь
Монгол Улс өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсний нэг нь 2016 онд батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль” юм. Үүнээс хойш Монгол Улсын Засгийн газар болон олон нийт тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгохын төлөө шинэ санаачилгуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн 2023 оны тайланд тус улсын ХБХ-т зориулсан эрх, оролцоо, хөгжлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилгууд, тэр дундаа үндэсний зөвлөлүүдийг байгуулж, тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлэх төдийгүй хөдөлмөрийн хуульд оруулсан өөрчлөлтүүд, зорилтот бүлэгт үзүүлж буй дэмжлэг зэргийг өндөр үнэлсэн байна.
Гэсэн хэдий ч, хөгжлийн бэрхшээл хүмүүс өдөр тутамдаа нийгмийн харилцаанд ороход хүндрэл бэрхшээлтэй тулгарсан хэвээр байна. Энэ нь тэднийг нийгмээс тусгаарлаж, хэн нэгнээс хараад байхад хүргэж байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, авьяас чадвар, нийгэмд оруулж буй хувь нэмэр маш чухал. Харамсалтай нь тэдний олонх нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралаас тусгаарлагдсан хэвээр байна. Тиймээс Монгол Улс дахь НҮБ-аас ХБХ-т тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгоход дэмжлэг үзүүлж, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна” хэмээн НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра хэллээ.
Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь: Урам зоригтойгоор амжилтаа ахиулж буй У.Даваадоржийн түүх
Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-д хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан хүртээмжтэй ажлын байрыг бий болгоно хэмээн заасан байдаг. Гэвч салбар хоорондын уялдаа холбоо сул байдгаас ихэнх ажлын байрны орчин нөхцөл эдгээр хүмүүст тохиромжгүй хэвээр байгаа юм.
Иймд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос хуулийн хэрэгжилтэд анхаарч, ХБИ-ийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангахыг уриалсан.
Үүнээс гадна тэдэнд тохирсон сургалтын орчин, тусгайлсан мэргэжлийн сургалтын хөтөлбөр хомс учраас мэргэжилтэй болоход хүндрэлтэй байдаг байна.
Тиймээс хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах үе шаттай цогц төсөлд нийт 27 сурагч хамрагдан амжилттай төгсжээ.
Хөтөлбөрийн хүрээнд ХБИ-ийг архив, бичиг хэргийн ажилтан, цахим үйлчилгээний ажилтан, үйлчилгээний ажилтан гэсэн гурван чиглэлээр МСҮТ-д сургажээ.
Тэдний нэг болох У.Даваадоржийн түүх олон хүнд итгэл найдвар өгөх нь лавтай. Тэрбээр, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсанаар өдгөө Монголын тэргүүлэгч байгууллагуудын нэг болох “Хаан банк”-д зээл төлөлтийн мэргэжилтнээр ажиллаж байна.
У. Даваадорж 11 жилийн өмнө мотоциклын осолд орж, хүнд бэртэл авсны улмаас хөдөлмөрийн чадамжаа алджээ. Гэсэн ч тэрбээр бууж өгөлгүй, өөрийгөө дайчилж чадсаны үр дүнд хүссэн амьдралаа өөрийн гараар бүтээж яваа нэгэн юм.
Түүний хувьд сүүлийн жилүүдэд тэргэнцэртэй сэлэмний спортод дурлаж, шаргуу хичээллэх болжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон “Тэргэнцэртэй сэлэмний УАШТ”-д тэрбээр гуравдугаар байр эзэлжээ.
Хүртээмжтэй ажлын байрыг бий болгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрхэн өөрийгөө дайчилж, хөгжүүлж чаддагийг У.Даваадоржийн түүх харуулж бана.
"Би өөрийн хувьд хамгийн сайхан амьдралаар амьдарч байна. Мөн ХБХ-т илүү сайхан ирээдүйг бий болгох нь миний зорилго юм" хэмээн тэрбээр хэлж байна.
Хөдөлмөрийн тухай хуулиар, 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь дөрөв ба түүнээс дээш хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч энэ заалтын биелэлт дутмаг байдаг бөгөөд ялангуяа, алслагдсан хөдөө орон нутагт огт хангагддаггүй байна.
Хүртээмжтэй нийгмийг бий болгох нь: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны эрх”-ийн талаар мониторингийн үр дүн
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хорооны 2023 оны тайланд дурдсанаар, Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст (ХБХ) зориулсан тохиромжтой орон сууц хангалттай бус байгаа нь тулгамдсан асуудал хэвээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэтгэвэр, тэтгэмж нь амьжиргааны өртгийг нэмэгдүүлэх, хэрэгцээг хангахад анхаарч ажиллах шаардлага тулгарч байгаа юм.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын ХБХ-ийн хорооноос эдгээр хүмүүст олгодог тэтгэмжийг инфляц болон амьдралын чанартай уялдуулан шинэчлэх, мөн тэдний орлогод нийцсэн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Гэвч Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууцны хүртээмж муу байна. Учир ХБИ-ийн ихэнх нь улсын дунджаас бага орлоготой байдгаас хотын захын гэр хороололд амьдрах нь түгээмэл. Гэсэн ч эдгээр байршилд төвлөрсөн дулаан, усан хангамж зэрэг нэгдсэн системд холбогдоогүй байдаг нь тэдний амьдрах орчныг улам хүндрэлтэй болгодог байна.
НҮБ-ын ХБХ-ийн хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу НҮБ-ын Суурин зохицуулагч ХБХ-ийн орон байраар хангагдах эрхийг хэрэгжүүлэх талаар уриалж, ХБХ-ийн төлөөлөгчидтэй эл асуудлаар санал бодлыг нь сонссон юм.
Тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл болох Я. Авирмэдийн тэргүүлсэн Түгээмэл хөгжил ТББ НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын дэмжлэгээр 2022 онд ХБХ-ийн орон байрны хүртээмжтэй байдлын талаар мониторинг хийсэн. Улмаар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үндсэн эрх, наад захын хэрэгцээг хангахуйц орон сууцны хүртээмжгүй байдал нь тэднийг орон байрны хувьд хэр ялгаатай нөхцөлд байгааг тогтоосон аж.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн орон байрны эрхийн хэрэгжилт бусдаас 10-20 хувь доогуур байгааг тодорхойлсон. ХБХ-ийн асуудлыг тэдний өөрсдийн оролцоогүйгээр шийдвэрлэхгүй байхыг сануулж, "Бидэнгүйгээр бидний тухай юу ч бүү шийд," хэмээн Я. Авирмэд онцолж байна. Тэрээр, ийнхүү ХБХ-ийн орон байрны хүрэлцээ, хангамжийн талаар судалгаа, мониторингийн үр дүнд эл асуудалд Засгийн газрын анхаарлыг хандуулж чаджээ.
Улмаар, Монгол Улсын Засгийн газар ХБИ-ийн орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, баригдаж буй түрээсийн орон сууцны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ногдох квотыг 5 хувь байсныг 15 хувь болгон нэмэгдүүлжээ. Хэрэгжилт нь хэдий удаашралтай байгаа ч хүн бүрд орон байр, амьдрах орчны тэгш хүртээмжтэй байдлыг дээшлүүлэхэд чухал санаачилга болсон гэж үзэж байна.