НҮБ залуучуудын хөгжилд: Залуусыг ирээдүйд эрэлттэй, шинэ цагийн ур чадварт сургах нь
НҮБ-ын байгууллагууд Монгол Улсын тогтвортой хөгжлийг түүчээлэгч залуучуудыг 21р зуунд эрэлттэй шинэ ур чадвараар дэмжин ажиллаж байна.
Монгол Улсыг залуучуудын орон гэж нэрлэдэг нь учиртай. Боломж, сорилт хосолсон Монгол Улс шиг хөгжиж буй улсын хувьд цаашид хүндээ ээлтэй, эдийн засгийн хувьд тогтвортой, ногоон ирээдүйд тэмүүлсэн улс байх эсэх нь залуусын хөгжил, оролцооноос ихээхэн хамаарна.
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд нэлээд ахицтай ажиллаж буй. Гэвч ядуурал, боловсролын тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт зэргээр зайлшгүй анхаарах ёстой нийгмийн чухал асуудлуудыг дорвитой шийдвэрлэх шаардлагатай байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэж, эерэг өөрчлөлт авчрахын тулд залуусынхаа оюуны хөгжил, ур чадварт хөрөнгө оруулах хэрэгтэй гэдгийг Монгол дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра онцолж байна.
Тиймээс НҮБ болон НҮБ-ын харьяа байгууллагууд өнгөрсөн хугацаанд залуусыг өсөж хөгжих боломжоор хангах, дижитал ур чадварт сургах, хүсэл мөрөөдлөө олоход нь туслах олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ. Энэ хичээл зүтгэлийн үр шимийг нь хүртсэн залуус ч нэмэгдсээр. Бид тэдгээр залуусын төлөөллөөр дамжуулж, залуу үе хэрхэн ирээдүйд бэлдэж байгааг онцоллоо.
НҮБ-ын Хүүхдийн Сан: Дижитал үндэстэн болох зорилгыг өнгөлж яваа код хөгжүүлэгч охид
“Би IT инженер болох зорилготой” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэлтэй ярих энэ охиныг Г. Анужин гэдэг. Тэрбээр энэ жилийн “Код бичих охидын хөтөлбөр”-т шалгарсан 30 сурагчийн нэг. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлдэх зорилготой уг хөтөлбөр түүнийг мөрөөдлөө бодитоор харж, хичээгээд үзэх урам зориг өгсөн хэмээн ярьж байна.
Учир нь Г. Анужин багаасаа л компьютер, гар утасны аппликэйшин сонирхдог хүүхэд байж. Гэвч бусад охидын адилаар хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй явсаар ахлах ангийн сурагч болжээ. Тиймээс битүүхэндээ тэнцэх болов уу гэсэн айдастай бас догдлолтойгоор хөтөлбөрт өргөдлөө илгээсэн гэнэ.
Гурав дахь жилдээ хэрэгжиж буй “Код бичих охидын хөтөлбөр”-ийг энэ жил НҮБ-ын Хүүхдийн Сан дэмжин ажилласан юм. Орон даяар шалгаруулалт явуулж 6000 гаруй өргөдөл ирснээс ийнхүү хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн 30 охиныг сонгон авчээ. Тэд зуны хоёр сарын хугацаанд мэргэжлийн багш нарын чиглүүлэг дор код бичих ур чадварт суралцаад зогсохгүй ШИМТ (шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи) мэргэжлийн суурь ойлголт, англи хэлний чадварт суралцжээ. Хөтөлбөрийн туршид салбартаа манлайлж буй эрхмүүд охидын ментороор ажиллаж, технологийн салбарын ирээдүйн боломжуудыг бодитоор харахад тусалсан төдийгүй Монголдоо тэргүүлэх технологийн компаниудад зочилсон нь үзсэн мэдлэгээ улам бататгах боломжийг олгосон байна.
Монгол орны өнцөг бүрээс ирсэн охид хамтдаа кемпэд байрлаж, идэвхтэй суралцахын сацуу бие биетэйгээ нөхөрлөж, дурсамж дүүрэн хоёр сарыг өнгөрөөжээ. Г. Анужин
“Найзууд минь дандаа хөдөө орон нутгаас ирсэн. Хамгийн гайхалтай нь бүгдээрээ IT инженер болно гэсэн бат итгэлтэй, өөрийгөө дайчилж чаддаг охид байсан. Орон нутагт мэдээлэл зүйн хичээл хомс ордог ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж байгаа найзуудаа хараад улам их урам зориг авсан” хэмээн ярив.
Хөтөлбөрийн үеэр охид сурсан мэдсэнээ ашиглан өөрсдөө вэбсайт угсарч сурсан тухайгаа баяртай ярьж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэмжин ажилласан энэхүү хөтөлбөр охидод код бичих ур чадварт заагаад зогсохгүй Монгол Улсыг дижитал үндэстэн болоход оруулж буй томоохон хувь нэмэр билээ. Магадгүй хэдэн жилийн дараа эдгээр охид цахиурын хөндийд цахиур хагалж ч мэдэх юм.
НҮБ-ын Хүн Амын Сан: Монгол орны алслагдсан сумдад ирээдүйн инженерүүд бэлтгэгдэж байна
Монгол орны хойд хязгаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумд байрлах Залуучуудын хөгжлийн төвийн байнгын үйлчлүүлэгч бол Э. Энх-Үжин охин юм. Угаас сэргэлэн, аливаа зүйлийн учир зүйг олохдоо сайн тэрбээр робот угсрах сургалтад хамрагдаж 20 төрлийн робот угсарч сурчээ.
НҮБ-ын Хүн амын сан өсвөр үе, залуучуудад амьдрах ухааны боловсрол олгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өсөж хөгжих орон зайг бий болгохоор Залуучуудын хөгжлийг төвийг 2013 оноос байгуулж эхэлсэн түүхтэй. Энэхүү санаачилгыг Монгол Улсын Засгийн Газар үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр өдгөө алслагдсан сумдад нийтдээ 45 Залуучуудын хөгжлийн төв залууст үйлчилж байна.
Хүүхэд залууст хүсэл мөрөөдлөө хөглөх боломж олгож буй энэ төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр НҮБ-ын Хүн амын сан Юнител групптэй хамтран 12 аймагт “Юнител Хаб”-ыг байгуулжээ. Энэхүү төв нь залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхээр робот угсрах, код бичих, электроникийн анхан шатны ур чадвар заадаг. Түүнчлэн өсвөр насныханд технологийн инновац ашиглан эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх төсөл хэрэгжүүлдэг аж.
Дээрх сургалтуудад нийт 700 гаруй өсвөр үеийнхэн хамрагдаж, програмчлалын хичээлд хамрагдсанаас 110 нь охид байгаа нь олзуурхууштай. Тэдний нэг нь Э.Энх-Үжин охин.
“Өмнө нь хичээл дээр онол л үздэг байсан бол одоо электроникийн эд материалтай харьцаж, роботоо угсарч, өөрийнхөө гараар бүтээж, заримдаа бүтэлгүйтдэг ч түүнээсээ суралцаж байгаа нь энэ сургалтын хамгийн гоё нь” гэж Э. Энх-Үжин охин хэлсэн юм.
НҮБ-ын Хүн амын сангаас сургалт заах багш нараа чадавхжуулахад анхааран сургалтад хамруулдаг нь хичээлийг үр дүнтэй, сонирхолтой, өгөөжтэй болоход тусалдаг ажээ.
Энэхүү санаачилгын ачаар Монгол орны өнцөг булан бүрд ирээдүйн инженерүүд бэлтгэгдэж байна. -50 градусын тэсгим хүйтэн өвлийг ажралгүй Залуучуудын хөгжлийн төвөө зорин ирж буй хүүхэд залуусын ирээдүй тодоос тод гэрэлтэж байна.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага: Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд залуусын оролцоо
Монголын үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх Залуучуудын хорооны гишүүн Б.Санжаа болон түүний баг “Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн хакатон”-ы ялагчаар тодорсон юм. Европын Холбооны санхүүжилтээр НҮБХХ, ХХААБ, ОУХБ хамтран хэрэгжүүлж буй Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих санаачилгын хүрээнд зохион байгуулсан энэхүү хакатон 18-34 насны залуучуудын хөдөлмөрлөх эрхийн тухай ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьжээ.
Б.Санжаа “Хөдөлмөрлөх эрх, үүргээ мэддэг байх нь үнэхээр чухал гэдгийг өөрийн туршлагаар олж мэдсэн” хэмээн хэлж байна.
Учир нь тэрээр анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээгээ уншилгүй гарын үсэг зурж байжээ. Гэтэл 6 сарын дараа цомхотголоор ажлаасаа халагдаж, хөдөлмөрийн маргаантай нүүр тулсан аж.
Б.Санжаа болон түүний багийнхан хакатоны туршид сэдвээ боловсруулж, судалгаа хийж байхдаа хөдөлмөрийн маргааны асуудал залуучуудын дунд түгээмэл болохыг анзаарчээ. Мөн залуус зохистой хөдөлмөрийн талаар ойлголт мэдлэг дутмаг учраас хэт бага цалин хөлсөөр эсвэл хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллах асуудалтай тулгардаг байна.
Тиймээс Б.Санжаа болон түүний багийнхан CU франчайз дэлгүүрт буй ажиллаж буй залуусыг мэдлэгжүүлж, тэдэнд хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрлөх эрх үүргийн талаар ойлголт өгөх төсөл боловсруулан хакатонд түрүүлсэн юм. Ингээд 2000 ам.долларын гарааны санхүүжилт авч төслөө зургаан сарын хугацаанд хэрэгжүүлжээ.
Төсөл хэрэгжүүлэх хугацаанд Баянзүрх дүүргийн СU сүлжээ дэлгүүрийн ажилтнуудаас Хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудын тухай суурь судалгаа авч, улмаар нийт 30 салбарын менежерүүдийг сургалтад хамруулж, чадавхыг нь бэхжүүлжээ.
Б.Санжаа “Залуус асуудал байгааг мэдэж байгаа бол зүгээр хараад суух биш, эвлэлдэн нэгдэж түүнийг шийдвэрлэхийн төлөө дуу хоолойгоо хүргэх нь чухал гэдгийг өөрийн биеэр маш сайн мэдэрсэн. Ирээдүйд ажлын байр залуусаас олон талын мэдлэг мэдээлэлтэй байхыг, дижиталд ур чадварт суралцсан байхыг шаардаж байгаа цаг үед залуучууд өөрсдөө идэвх санаачилгатайгаар эвлэлдэн нэгдэж, олон улсын байгууллагаас өгч буй боломжийг ашиглаж, хамтран ажиллаж, дуу хоолойгоо хүргэж байх нь чухал” болохыг онцолсон юм.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр: Ирээдүйн чиг хандлагыг #STEM4All салбарын мэргэжлүүд тодорхойлно
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан #STEM4All сургалтад А.Ариунтуяа хамрагдаж, нэгэн сонирхолтой бөгөөд үр дүнтэй өдрийг өнгөрүүлжээ.
“Физикийн хичээл төрөл бүрийн туршилтаар дүүрэн, зугаатай байж болдгийг мэдээгүй юм байна” хэмээн ярихдаа нүд нь гэрэлтэж байв.
Дунд ангидаа жүжигчин болно гэж бодож явсан тэрбээр ахлах ангид ороод шинжлэх ухааны хичээлүүдийг сонирхон судалж эхэлсэн аж. Жүжигчин бол эмэгтэй хүнд тохиромжтой мэргэжил гэсэн хэвшмэл ойлголтоор хэлбэржсэн түүний бодлыг энэхүү санаачилга эвдэж, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь хүчтэй нөлөөлсөн байна. Энэ жил төгсөх ангийн сурагч болж буй А. Ариунтуяа сургуулиа төгсөөд анагаах ухааны чиглэлээр мэргэжил эзэмшихээр шийджээ.
#STEM4All бол А. Ариунтуяа шиг мянга мянган залуусыг шинжлэх ухааны салбарт дурлуулж, ирээдүйд эх орондоо инновац, технологийн хөгжлийг авчрах чадварлаг мэргэжилтэн болгон бэлтгэх зорилготой олон улсын санаачилга юм.
Технологийн хувьсал маш хурдтай өрнөж буй өнөө үед ШИМТ (шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи) салбарын мэргэжлүүдийг таниулах замаар ирээдүйн сорилтуудыг давах, мөн боломжуудыг ашиглахад залуу үеэ бэлтгэж буй хэрэг билээ. Учир нь ирэх 20 жилд 180 сая гаруй ажлын байр автоматжиж, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны 90 хувь нь технологи суурьтай болж хувьсах төлөвтэй байна.
НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага: Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад залуусын хувь нэмэр
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Ж.Гантуяа багаа ахлан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Ази номхон далайн орнуудын дунд зохион байгуулсан СКАЛА хакатонд түрүүлсэн юм. Дэлхий нийтэд тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд залуусын оролцоог дэмжих, тэдний санал санаачилгыг дэмжих зорилготой энэхүү хакатонд “SPLICING” багийнхан мал аж ахуйн менежментийг сайжруулах гар утасны аппликэйшний төслөөрөө тэргүүлж, 2000 ам.долларын гарааны санхүүжилт авсан байна.
Малчдад зориулсан уг аппликэйшн нь малын тоо толгой, дата мэдээлэлд үндэслэн малын ашиг шим буюу гарцыг хамгийн өндөр түвшинд байхаар тооцоолон сүргийн зохист бүтцийг автоматаар тооцоолж өгөх юм. “Малчид сүргийнхээ зохистой харьцааг хамгийн ихдээ 5 жилээр тооцоолж чаддаг болчихвол бэлчээрийн доройтлын асуудлыг цэгцлэх боломжтой гэж харж байна. Хамгийн гол нь тэдэнд хүртээмжтэй, инновацлаг шийдэл хэрэгтэй” хэмээн Ж.Гантуяа судлаач онцолж байна.
“SPLICING” багийнхан санаагаа хөгжүүлж, утасны аппликэйшнээ хэрэглээнд оруулахаар НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ELEVATE сантай хамтран ажиллаж байна. Энэхүү төслийн ач холбогдол зөвхөн технологийн инновацаар хязгаарлагдахгүй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд малчдыг чадавхжуулахад оршиж буй.