Монгол Улсын Ерөнхийлөгч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Өдрийг Монгол Улс дахь НҮБ-ын хамт олонтой тэмдэглэн өнгөрүүллээ
2023 оны аравдугаар сарын 24
2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, Улаанбаатар хот – Дэлхий нийтээрээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Өдрийг тэмдэглэж буй энэ өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын байранд анх удаа зочлон саатсан сайхан үйл явдлаар Монгол Улс дахь НҮБ-ын хамт олон эхлүүлж байна. Эл үйл явдал нь Монгол Улсын зүгээс дэлхий дахины хамтын ажиллагаа, энх тайван болон тогтвортой хөгжлийг дэмжих Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын чиг үүрэг, ач холбогдлыг өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм.
Энэ үеэр Ерөнхийлөгч У. Хүрэлсүх уран барималч А. Очирболдын “Ухамсар” нэртэй уран баримлыг Монгол Улс дахь НҮБ-ын хамт олонд бэлэглэлээ. Энэхүү баримал нь хүн төрөлхтөн сайн сайхан бүхнийг замнах атлаа хорвоогийн шунал хүсэл хийгээд хүсэл тачаалтай зөрчилдөж байна хэмээх утга агуулгыг илэрхийлдэг ажээ. Энэхүү барималын эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт бэлэглэсэн бөгөөд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны дэргэд сүндэрлэж байдаг.
1945 онд НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болж, хууль ёсны байдал, эрх мэдэл, хэм хэмжээний нөлөөллөөрөө дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн анхны бөгөөд цор ганц байгууллагыг байгуулсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Тэр цагаас хойш НҮБ нь мөргөлдөөнийг зогсоох, энх тайвныг цогцлоох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах, хүний эрхийг дэмжих зэрэг даян дэлхийн сорилтуудыг даван туулахад тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэх ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх айлчлалынхаа үеэр “НҮБ бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг манай улсын хөгжил дэвшилд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй манай чухал түнш гэж бид үздэг.
Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан шинэчлэлийн бодлогыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд НҮБ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” гэж хэлсэн юм.
Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэн цагаас хойш НҮБ-ын чиг үүрэг, үйл ажиллагаа Монгол Улсад үр шимээ өгч, Алсын Хараа 2050 болон Шинэ Сэргэлтийн Бодлогод тусгагдсан үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилгууд болон Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг (ТХЗ) ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
ТХЗ-ууд нь ядуурлыг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалж, хүн нэг бүрд хөгжил цэцэглэлтийг авчрахад чиглэсэн дэлхийн хэмжээний зорилгууд юм. НҮБ нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тэгш бус байдал төдийгүй эрүүл мэнд болон геополитикийн хямралууд зэрэг сорилтуудыг нэн яаралтай шийдвэрлэх, эдгээр зорилгод чиглэсэн ахиц дэвшлийг хурдасгахын тулд засгийн газар, иргэний нийгэм болон хувийн хэвшилтэй тууштай хамтран ажилладаг.
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч ноён Тапан Мишра хэлэхдээ “Энэхүү онцгой өдрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай НҮБ-ын хамт олонтой хамтдаа тэмдэглэж байгаад би ихэд талархалтай байна. Энэ нь ТХЗ-уудыг биелүүлэхийн төлөөх Монгол Улсын үүрэг амлалт болон НҮБ-ын эрхэм зорилгод өгч буй ач холбогдлыг илтгэн харуулж байна. Түүнчлэн дэлхий ертөнцийг илүү сайхан болгохын төлөө Монгол Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй НҮБ-ын ажилч хичээнгүй хамт олонд мөн мэндчилгээ дэвшүүлье. НҮБ-ын эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн төлөөх Та бүхний бүхний хоёргүй сэтгэл, хичээл чармайлт нь НҮБ-ын амжилт ололтын үндэс билээ” гэсэн юм.
Амар тайван, хөгжин цэцэглэсэн дэлхий ертөнцийг бүтээх итгэл найдварыг иш үндэс болгосон байгууллагын хувьд бид дэлхий даяар олон хямрал нүүрлэж буй энэ цаг үед хоёргүй сэтгэлээр зүтгэх учиртай.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улс болон дэлхий дахинд тогтвортой ирээдүйг цогцлоохын төлөө үүрэг амлалтаа дахин шинэчилцгээе. Бид хамтдаа Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг биелүүлж, хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүйгээр хүн бүр эрх тэгш, боломжоор дүүрэн амьдрах ертөнцийг бий болгож чадна.