Тогтвортой Хөгжлийн төлөөх Үндэсний Форумыг нээж Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишрагийн хэлсэн үг
Тогтвортой хөгжлийн үндэсний чуулганаар ТХЗ-ыг хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүд, үндэсний үүрэг амлалтын төслийг хэлэлцэн, бататгах юм.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд эрхэмсэг ноён Чимэдийн Хүрэлбаатар,
Эрхэм хүндэт түнш, зочид төлөөлөгчид болон НҮБ-ын хамтран зүтгэгчид ээ,
Эрхэмсэг хатагтай, ноёд та бүхний амар амгаланг эрэн мэндчилье!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Монгол Улсын Эдийн Засаг, Хөгжлийн Яам хамтран зохион байгуулж буй Тогтвортой Хөгжлийн төлөөх Үндэсний Форумд та бүхнийг хүндэтгэн, үг хэлэх болсон минь нэр төрийн хэрэг билээ. Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулахад зохих дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар болон Гадаад Харилцааны Яаманд гүн талархал илэрхийлье!
Монгол Улс дахь ТХЗ-уудын хэрэгжилтийн хурдасгууруудын талаарх өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож буй нийт оролцогч, илтгэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Найман жилийн тэртээ дэлхий дахины удирдагчид тогтвортой хөгжлийн төлөөх даян дэлхийн хөтөлбөрт нэгдэж, 2030 он гэхэд Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэх үүрэг амлалт өгсөн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 онд энэхүү үүрэг амлалтад нэгдсэн юм. 2030 Хөтөлбөр нь ердийн бодлогын хүрээ бус, дэлхий даяар олон зуун сая хүний амьдралыг сайжруулах бодлогын бодит төлөвлөгөө юм. КОВИД-19 цар тахлын хямрал болон Украйны дайн дэгдээсэн геополитикийн зөрчилдөөний улмаас урьд өмнө байгаагүй их хямрал нүүрлэсэн сүүлийн 2 жилийн хугацаанд, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг гуравласан хямрал нь ТХЗ-уудын хэрэгжилтэд ихээхэн хохирол учруулж, удаан хугацааны сөрөг нөлөөлөл үзүүлж байна.
ТХЗ-ууд болон 2030 Хөтөлбөрийн цөм нь тэгш байдал, эрх чөлөө, шударга ёсыг хүн бүрд хүргэх түгээмэл, хуваагдашгүй байх зарчимд суурилсан хүний эрх юм. Энэ онд 75 жилийн ой нь тохиож буй Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал (ХЭТТ) нь хүний эрхийг хамгаалах даян дэлхийн хүсэл эрмэлзэл бөгөөд ТХЗ-уудын үндэс суурь болно. Иймд энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ бид хүний эрхийг дээдэлж, тогтвортой хөгжлийг зорихдоо хэнийг ч орхигдуулахгүй байх үүрэг амлалтаа дахин бататгах ёстой.
Энэ оны эхээр НҮБ-ын Эдийн Засаг, Нийгмийн Асуудал Эрхэлсэн Газар (ЭЗНАЭГ) НҮБ-ын Статистикийн байгууллагатай хамтарч, хамгийн сүүлийн үеийн өгөгдөл, тооцоололд тулгуурлан 2030 Хөтөлбөрийн явцын цогц үнэлгээг хийж, Тогтвортой Хөгжлийн Зорилгууд 2023 тайланг бэлтгэжээ. Уг тайлангаас үзэхэд ТХЗ-уудын шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний 50 гаруй хувь нь сул буюу хангалтгүй, 30 гаруй хувь нь зогсонги байдалд орсон эсвэл ухарсан үзүүлэлттэй байна. Үүнд ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийн зорилгууд багтаж байна. Гурван улс тутмын нэг нь өрийн дарамтыг давж чадахгүйд хүрэх эрсдэлтэй байна. Цар тахлын үеэр хөгжингүй орнууд төсөв, мөнгөний хүрээг тэлэх бодлого баримталж, цар тахлын өмнөх үеийн өсөлтийн замдаа эргэн оржээ. Гэвч хөгжиж буй орнууд ингэж чадаагүй бөгөөд энэ нь зарим талаараа мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэх эрсдэлтэй холбоотой байна.
Уг тайланд дэлхий дахины ахиц дэвшил удаашралтай хэдий ч хамгийн ядуу, хамгийн эмзэг улс орнууд урьд өмнө тохиож байгаагүй глобал сорилтуудын хамгийн сөрөг үр нөлөөтэй тулж байгааг анхааруулсан байна. Түүнчлэн, ТХЗ-уудыг хэрэгжүүлж, 2030 он гэхэд хүмүүс хийгээд гараг дэлхийд утга төгөлдөр ахиц дэвшлийг авчрахын тулд нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай талбаруудыг цохон тэмдэглэжээ.
Эрхэм хүндэт зочдоо,
Хатагтай ноёд оо,
Монгол Улс бол хэтийн зорилгоо Алсын Хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогоороо цогц тодорхойлсон цөөхөн улсын нэг билээ. Алсын Хараа 2050-д тодорхойлсон 9 тулгуур багана нь ТХЗ-уудтай төгс уялдсан хөгжлийн чиг баримжааг бататгасан байдаг. Алсын Хараа 2050-ын зорилтуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс 2030 он гэхэд ТХЗ-уудыг амжилттай биелүүлэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, 2030 он гэхэд ТХЗ-уудыг биелүүлэх нь Алсын Хараа 2050-ын хэрэгжилтийн тэн хагас нь болно.
Дэлхийн бусад олон орны нэгэн адилаар Монгол Улс ТХЗ-уудын хэрэгжилтэд ихээхэн сорилт учруулсан КОВИД-19 цар тахал, геополитикийн зөрчилдөөн (Украйн-Оросын дайн), хоёр жил үргэлжилсэн Хятадын хилийн хаалт зэрэг гаднын гуравласан хямралд өртсөн юм. Монгол Улс 2022 оноос эхлэн эдгээр сорилтын заримыг нь амжилттай даван туулсныг энд онцлох нь зүйтэй.
Энэ жилийн Форум нь 2030 Хөтөлбөрийн дунд хугацаанд зохион байгуулагдаж байна.
Монгол Улс хоёр дахь удаагийн Үндэсний Сайн Дурын Илтгэлээ (ҮСДИ) 2023 онд бэлтгэж, өнгөрөгч 7 дугаар сард Нью-Йорк хотноо Улс төрийн өндөр түвшний форумд амжилттай танилцуулсан юм. Уг ҮСДИ-ээр ТХЗ-уудыг Монгол Улсад үр нөлөөтэй хэрэгжүүлж буй ахиц дэвшил, сорилт бэрхшээл, боломжуудыг шинжилсэн. Одоогийн ахиц дэвшлээс үзэхэд Монгол Улсын хувьд ядуурлыг устгах зорилго ухралттай, янз бүрийн хэмжээс дэх тэгш бус байдал ихэссээр байна. Монгол Улсын хөгжилд олон төрлийн эмзэг байдал нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, байгалийн гамшигт үзэгдэлд хүчтэй өртөж байна.
Цар тахлаас хойш эдийн засгийн өсөлт болон экспорт сэргэх хандлагатай болсон боловч, хязгаарлагдмал тооны худалдааны түншүүд бүхий экспортын ашигт малтмалаас хараат байдал үргэлжилсээр байгаа учир эдийн засгаа тогтвортой бөгөөд даван туулах чадвартай болгохын тулд эдийн засгаа нэн яаралтай төрөлжүүлэх шаардлага үүсэж байна. ТХЗ-ууд нь угтаа хүн бүрд хөгжил хийгээд тогтвортой ирээдүйг авчрах зорилготой билээ. Эдгээр хөгжлийн сорилтуудыг даван туулахын тулд Монгол Улс бодлогын нэгдмэл арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд ТХЗ-уудын шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг үндэсний түвшинд тодорхойлох хэрэгтэй.
Монгол Улс 2019 онд ТХЗ-уудын үндэсний шалгуур үзүүлэлтүүдийн хүрээг боловсруулсан бөгөөд түүнээс хойш уг хүрээнд хэд хэдэн өөрчлөлт хийжээ. НҮБ сүүлийн дөрвөн жил орчмын хугацаанд Тогтвортой Хөгжлийн Үндэсний Хороо (ТХҮХ), Тогтвортой Хөгжлийн Олон Талт Зөвлөл (ТХОТЗ) зэрэг олон төрлийн бүтцээр дамжуулан уг хүрээг хөгжүүлэхийг тогтмол дэмжиж ирсэн. ЭЗХЯ 2022 оны эхээр байгуулагдсанаас эхлэн хоёр дахь удаагийн ҮСДИ-ийн ТХЗ-уудын ахиц дэвшлийн шинжилгээнд үндэсний хүрээг тусгах, мөн үндэсний шалгуур үзүүлэлтүүд, зорилтот түвшнийг бодлого, хөтөлбөрүүдэд нэгтгэхэд ихээхэн ахиц гарсан юм.
Монгол Улсын Засгийн Газар саяхан ТХЗ-уудын 169 зорилтоос 146-г нь үндэсний онцлогтоо тохируулан 10 жилийн зорилтот хөтөлбөрүүдийн төсөлд тусгасанд миний бие ихэд талархаж байна. ЭЗХЯ уг хөтөлбөрүүдийн төслийг удахгүй УИХ-д өргөн барих бөгөөд УИХ түүнийг намрын чуулганаар хэлэлцэж, батлах болов уу гэсэн хүлээлттэй байна. ТХЗ-уудын шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг үндэсний онцлогтоо тохируулан үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд суулгаж, хангалттай санхүүгийн эх үүсвэр болон хяналт үнэлгээний (мониторинг) механизмаар дэмжих нь 2030 Хөтөлбөрийн хэрэгжилтэд тун чухал юм.
Үлдсэн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг хэрэгжүүлэхийн төлөө НҮБ нь төрийн байгууллагуудтай цаашид хамтран ажилласаар байх болно. Бид мөн ТХЗ-уудын шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийгхэмжих өгөгдлийн бэлэн байдлыг сайжруулахад ҮСХ-той үргэлжлүүлэн хамтран ажиллахыг зорьж байна.
Хэрэгжилтийг дэмжиж, зохицуулж, хянан удирдаж, хувийн хэвшлийн олон талт оролцогчдыг дайчлах институтийн зохион байгуулалтыг бий болгох нь ТХЗ-уудын хэрэгжилтийг дэмжих эхний алхмуудын нэг болдог. Үр нөлөөтэй, эгэх хариуцлагатай бөгөөд хүртээмжтэй институтүүд нь ТХЗ-уудыг биелүүлэхэд туйлын чухал юм. Харилцан дэмжих үйл ажиллагаануудын үр өгөөжийг бүрэн хүртэж, ТХЗ-ууд хоорондын зайлсхийх аргагүй сөрөг нөлөөллийг чадварлагаар зохицуулахын тулд бид институтийн болон бодлогын баригдмал байдлаа өөрчлөх шаардлагатай.
Монгол Улсын Засгийн Газар 2022 оны 3 дугаар сард ТХЗ-уудын хэрэгжилтийг, түүний дотор бодлого төлөвлөлт, санхүүжилт болон хяналт үнэлгээг хянан удирдаж, Монгол Улсад ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгахын тулд бэлэн байгаа бүх нөөцийг дайчлах үр нөлөөтэй зохицуулалтын механизм болгож ТХОТЗ-ийг байгуулсан. Гэвч эл платформ байгуулагдсан цагаасаа хойш хараахан бүрэн ажиллагаанд ороогүй бөгөөд чадавх, хариуцлага хүлээх чадавхийг нь бэхжүүлэхэд хүчирхэг манлайлал болон хүчин чармайлт шаардлагатай юм.
ТХЗ-уудыг Монголд нутагшуулах Засгийн Газрын хүчин чармайлтыг ЭЗХЯ манлайлж, удирдан зохицуулах гол үүргийг гүйцэтгэдэг. Ерөнхий Сайдын тэргүүлдэг Тогтвортой Хөгжлийн Үндэсний Хороо (ТХҮХ) 2022 онд татан буугдсан бөгөөд чиг үүргийг нь ЭЗХЯ гүйцэтгэж байна. Бид ЭЗХЯ-ыг олон талт оролцогч талуудын оролцоотой платформ байгуулж, ТХҮХ-ны чиг үүргийг дахин идэвхжүүлэхийг дэмжиж байгаа билээ.
Хатагтай, ноёд оо,
Бусад улс орон ТХЗ-уудыг нутагшуулан хэрэгжүүлэх талаар нийтлэг сорилтуудтай тулгарсаар байгаа тул Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2023 оны 9 дүгээр сард Нью-Йорк хотноо ТХЗ-уудын Дээд хэмжээний уулзалт зарласан билээ. Уг уулзалт нь хөгжлийн замналаа өөрчилж, 2030 он хүртэл ахиц дэвшил гаргахад шаардагдах ололт амжилт, хүсэл зоригоо баталгаажуулах боломж олгоно. Гишүүн орнууд ТХЗ-уудын ахиц дэвшлээ дахин үнэлж, төрийн тэргүүн, удирдагчид нь ТХЗ-уудын Дээд хэмжээний уулзалтад Нью-Йорк хотноо 10 өдрийн турш ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгах үүрэг амлалтаа дахин бататгана.
ТХЗ-уудын Дээд хэмжээний уулзалт дахьМонгол Улсын бэлтгэл ажлыг ЭЗХЯ хариуцаж, ТХЗ-уудын үндэсний хурдасгууруудыг тодорхойлж, үндэсний үүрэг амлалтын төслийг бэлдсэн юм. Уг хурдасгууруудын талаар хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, ИНБ-ууд, эрдэмтэн судлаачид, залуучууд, орон нутгийн төлөөлөл, сэтгүүлчид зэрэг оролцогч талуудтай өргөн хүрээнд зөвлөлдсөн бөгөөд уг хүчин чармайлтад идэвхтэй оролцсон тэдгээр оролцогч талуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнөөдрийн арга хэмжээ нь үндэсний үүрэг амлалтын төсөл болон цаашдын үйл ажиллагааны талаарх оролцогч талуудын саналыг хэлэлцэж, дахин бататгах чухал үйл явдал юм.
Өнөөдөр ТХЗ-уудыг хурдасгах Монгол Улсын үүрэг амлалтын талаар сонирхолтой бөгөөд ач холбогдол өндөртэй олон хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсыг ТХЗ-уудын хурдасгууруудаа хэрэгжүүлэхэд нь оролцогч талуудтай түншилж, үргэлжлүүлэн дэмжих НҮБ-ын үүрэг амлалтыг дахин бататгая.
Миний бие, НҮБ-ын нэрийн өмнөөс, энэхүү Үндэсний Форумыг хамтран зохион байгуулж буй ЭЗХЯ-нд талархаж буйгаа илэрхийлж байна. Түүнчлэн, Үндэсний Форумыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж, тогтвортой хөгжлийн практикаа сурталчлан танилцуулж байгаа АПУ, Голомт банк, Хаан банк, Инвескор, Эм Си Эс Кока Кола зэрэг хувийн хэвшлийн байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Төгсгөлд нь, ТХЗ-ууд бол эдийн засгийн болон геополитикийн хуваагдлыг арилгаж, итгэлцлийг сэргээж, эв нэгдлийг дахин цогцлоох дэлхий нийтийн санал нэгдсэн замын зураглал юм. Ахиц дэвшил гаргажгүй бол тэгш бус байдал ихэссээр, хуваагдмал дэлхий ертөнц бий болох эрсдэл нэмэгдэнэ. 2030 Хөтөлбөрийн хувьд ямар ч улс орон бүтэлгүйтэж болохгүй юм.
Энэ цаг үе бол Монгол Улсыг тогтвортой, даван туулах чадвартай, тэгш хамруулсан замд оруулах амлалтаа биелүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран ажиллах шийдвэрлэх мөч юм.
Иймийн тул, миний бие 2030 он гэхэд ТХЗ-уудыг хэрэгжүүлэхийн төлөө “Үйлдлээрээ нэгдье!” хэмээн бүх Монголчуудад уриалж байна.
Баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье!