Хэвлэлийн мэдээ

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд цахим худалдааг хөгжүүлэхэд анхаарч байна

2023 оны зургаадугаар сарын 08

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас (ХХБХ) хийсэн үнэлгээнээс үзэхэд Монгол Улс найдвартай дижитал экосистемийн суурийг тавихад ахиц гаргаж, цаашдын сорилтуудыг даван туулах замын зураглалаа боловсруулсан байна.

Монгол Улс газар зүйн сорилтуудаа даван туулж, зэс, нүүрс, төмрийн хүдэр болон алт олборлолтоос ихээхэн хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд цахим арилжааг чухалчилж байна.

Далайд гарцгүй бөгөөд уулархаг газар нутагтай тус улс нь дэлхийн хамгийн сийрэг хүн амын суурьшилтай улсуудын нэг юм. Монголын алслагдмал бөгөөд уулархаг газар нутаг нь уламжлалт худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулдаг.

“Дижитал шийдлүүд нь эдийн засгийн төрөлжилтийн бүхий л талбарт, тэр дундаа худалдаанд нэн шинэ гарцыг нээж өгч байна” гэж Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлсэн юм.

Тэрээр мөн, “Монгол Улс цахим худалдаанд нээлттэй байх замаар худалдааны чадавх боломжоо бүрэн ашиглах нь туйлын чухал” гэсэн байна.

НҮБ-ын ХХБХ Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийхэд Засгийн газартай нягт хамтран ажиллалаа.

Зургадугаар сарын 08-ны өдөр олон нийтэд танилцуулсан энэхүү үнэлгээ, тайлан нь Зүүн Азийн орнуудын цахим арилжааны хүчирхэг экосистемийн суурийг тавихад гаргасан ахицыг танилцуулж, үлдсэн сорилтуудыг даван туулах үйл ажиллагааны замын зураглалыг санал болгож байна.

Улаанбаатар хотноо тус үнэлгээний тайланг танилцуулах үеэр НҮБ-ын ХХБХ-ын Технологи, логистикийн газрын захирал Шамика Н. Сириманне “Үр нөлөөтэй хэрэгжүүлсэн тохиолдолд энэхүү үнэлгээ нь Монгол Улсад бараанд суурилсан эдийн засгаа шинэ түвшинд гаргаж, дижитал шилжилтээ хурдасгахад нь туслах бодлогын зөвлөмжүүдийг өгч байна” гэж хэлсэн юм.

Цахим худалдааны дэд бүтэц, холболт, технологийн дэвшлийг ашиглах байдал

Монгол Улс цахим арилжааны ирээдүйн зорилгуудад нь том түлхэц үзүүлэх талбаруудад ахиц гаргаад байна. Тус улс нь ялангуяа хот, суурин газруудад мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) дэд бүтцээ бэхжүүлж, интернэт холболтыг нэмэгдүүлжээ.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын өгөгдлөөс үзэхэд Монгол Улсад 100 хүнд ногдох гар утас хэрэглэгчдийн тоо 2017 онд 80 байсан бол 2021 онд 116 болж өссөн байна. Түүнчлэн гар утас хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь 4G/LTE сүлжээнд холбогджээ.

Мөн хугацаанд 15 ба түүнээс дээш настай, онлайнаар бараа худалдан авдаг хүн амын нийт хүн амд эзлэх хувь 7-гоос 42 хувь болж өссөн нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн өндөр өсөлтүүдийн нэг болсон гэж Дэлхийн Банкнаас мэдээлсэн байна.

 

Тайлбар: UNCTAD: Percentage of people aged 15+ who bought something online, selected LLDCs, 2017 and 2021.

Монголын залуучуудын дунд дижитал бичиг үсэг тайлагдсан байдал мөн өссөн байна. Залуучуудын тал нь МХХТ-ийн ерөнхий ур чадварыг эзэмшсэн байна гэж НҮБ-ын Хүүхдийн Сангаас (НҮБХС) мэдээлжээ.

Тус үнэлгээгээр мөн дотоодын худалдан авалтад цахим банк, мобайл банк, цахим хэтэвч болон QR кодоор төлбөр төлөх зэрэг дотоодын дижитал төлбөр төлөлтийг өргөн хэрэглэдэг болсныг онцолсон байна.

Хот, хөдөөгийн хуваагдал ба логистикийн сорилтууд

Монгол Улс олон чухал талбарт ахиц гаргасан хэдий ч, сорилтууд, ялангуяа хот, хөдөөгийн биет болон дижитал хуваагдал буюу тэгш бус байдал оршсоор байна.

Монголын хөдөө, орон нутгийн иргэдэд МХХТ-ийн найдвартай дэд бүтэц болон интернэт холболтын хүртээмж хязгаарлагдмал хэвээр байна. Мөн хүн амын зарим хэсэгт боломжийн үнэтэй санхүүгийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байна.

Түүнчлэн, Монгол орны өргөн уудам, хүн ам сийрэг газар нутаг нь цахим арилжаанд логистикийн сорилт учруулдаг.

Монгол Улсад хөдөө орон нутаг хатуу хучилттай авто замын сүлжээнд бүрэн холбогдоогүйгээс гадна хаягжилтын нэгдсэн систем байхгүй байна. Эдгээр хүчин зүйлс нь тээвэрлэлтийн хязгаарлагдмал сүлжээ болон цаг агаарын эрс тэрс нөхцөл байдалтай хавсарч, бүтээгдэхүүн хүргэлтийг хүнд бэрх бөгөөд өндөр зардалтай болгож байна.

Хязгаарлагдмал санхүү ба хил дамнасан төлбөр тооцооны систем

КОВИД-19 цар тахал нь Монгол Улсад дотоодын худалдан авалтад цахим төлбөр төлөлтийн хэрэглээ нэвтрэх үйл явцыг хурдасгасан боловч хил дамнасан дижитал төлбөр төлөлтийн сонголт цөөн бөгөөд хураамж нь өндөр хэвээр байна.

Дижитал болон технологийн гарааны бизнесүүдэд санхүүжилтийн хүртээмж хязгаарлагдмал байгаа нь бас нэгэн сорилт болж байна. Тэд голчлон өөрийн санхүүжилт, хувь хүний зээл, мөн тэтгэлэг, татварын хөнгөлөлт зэрэг засгийн газрын дэмжлэгт түшиглэдэг.

Хамтын санхүүжилт (crowdfunding) болон эхлэлийн үйл ажиллагааг дэмжих сан (venture capital) зэрэг санхүүжилтийн бусад сонголтууд ховор бөгөөд хараахан зохицуулалтгүй байна.

Монгол Улсад цахим арилжаатай холбогдох олон төрлийн хууль байгаа хэдий ч, тус үнэлгээгээр онлайн орчинд хэрэглэгчдийг хамгаалж, онлайн залилан болон өгөгдлийн нууцлалтай холбогдох асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хууль эрх зүйн тогтолцоогоо бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.

Цахим худалдааны хөгжилд үзүүлэх түлхэц

НҮБ-ын ХХБХ-ын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ нь Монголын дижитал хөгжлийн аяллын түүхэн үе болж, үндэсний цахим арилжааны стратегийн суурийг тавьж байна.

Үнэлгээний тайланг танилцуулах үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг “Цахим худалдааны бэлэн байдлын тайлан нь Монголын цахим арилжааны экосистемийн дүн шинжилгээг хийж, цаашдын хөгжлийн замын зураглалыг гаргаж өгснөөр Монгол Улсад цахим арилжаа хурдтай хөгжих өөрчлөлтийн нэгэн хүч болж байна” гэж хэлсэн юм.

Мөн арга хэмжээний үеэр Монголын хамгийн том онлайн худалдааны төвүүдийн нэг Shoppy.mn-ийн хамтран үүсгэн байгуулагч Цэвээний Мэндбаяр Монголын бизнесүүдэд шинэ үүд хаалгануудыг нээж өгөх цахим арилжааны хүчин чадлыг онцолж байлаа.

Ц. Мэндбаяр “Цахим арилжаа нь Монголын болон олон улсын бизнесүүдийг холбож, дотоодын жижиглэн худалдааны бизнесүүдийг бүхий л чадавх боломжоо бүрэн ашиглах чадалтай болгож байна” гэж хэлсэн юм.

Тус үнэлгээ нь засгийн газрын яамд болон агентлагууд, цахим арилжааны компаниуд, эрдэм шинжилгээний байгууллагууд болон хөгжлийн түншүүдийг зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэхэд уриалж байна. Үнэлгээний зөвлөмжүүд нь салбар дамнасан шинжтэй бөгөөд амжилттай хэрэгжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийнхний уялдуулсан хүчин зүтгэлийг шаардах юм.

НҮБ-ын ХХБХ нь Монгол Улсад зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Тус байгууллага нь Монгол Улсын өсөж буй дижитал эдийн засгийн чадавх боломжийг бүрэн нээж, нийт Монголчуудад дижитал гэрэлт ирээдүйг цогцлоож өгөхийн тулд Бүгдэд зориулсан цахим худалдаа санаачилга болон хөгжлийн түншүүдийн дэмжлэгийг эрчимжүүлэх үүрэг амлалттай ажиллаж байна.

Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг Бүгд Найрамдах Солонгос Улс, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Швейцарын Холбооны Улсын дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн юм.

 

Энэхүү мэдээ нь UNCTAD-ын вэбсайт дээр хэвлэгдсэн болно.

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ЮНСТАД
Худалдаа, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурал

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд