Хэвлэлийн мэдээ

НҮБ Монгол Улсын хамтын ажиллагаа хөгжлийн тусламжаас хөгжлийн хамтын ажиллагаанд шилжих болно

2021 оны арван нэгдүгээр сарын 19

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурлаар НҮБ-аас Монгол Улсад 2023 – 2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг хэлэлцлээ.

Энэхүү хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнгөрсөн жарны туршид бэхжүүлж ирсэн НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагаа, түншлэлийг энэхүү шинээр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд шинэ шатанд гаргах боломжтойг онцоллоо.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ
Тайлбар: Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурлыг нээж үг хэлэв

Тэрбээр, НҮБ нь цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн тэргүүлэх чиглэлийг боловсруулахдаа Монгол Улсын хөгжлийн “Алсын Хараа 2050” бодлогод тодорхойлсон тэргүүлэх чиглэлүүдтэй нягт уялдуулсныг мөн сайшаан тэмдэглэв.

Ирэх таван жилд Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратегийн баримт бичиг нь НҮБ-ын системийн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдаж буй анхны хамтын ажиллагааны баримт бичиг болж буйг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, хэлсэн үгэндээ НҮБ нь Монгол Улсад хэрэгжүүлэх цаашдын хамтын ажиллагаагаа хөгжлийн тусламжаас хөгжлийн хамтын ажиллагааны түншлэлд шилжүүлэх болно гэдгийг онцлов.

Монгол Улсын Засгийн газар, хөгжлийн олон талт түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний болон залуучуудын байгууллагуудын төлөөлөл бүхий оролцогч талуудтай хамтран хэлэлцсэний үр дүнд НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх ирэх таван жилийн хамтын ажиллагаа нь хүний хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх, ногоон хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжих, хүн төвтэй засаглал, хүний эрх, эрх зүй төрийг бэхжүүлэхэд чиглэсэн байхаар тодорхойлов.

Монгол Улсын Ерөнхий сайд НҮБ-д хандаж, цаашдын үйл ажиллагааны хөтөлбөртөө монгол хүний эрүүл мэндийг нэн тэргүүнд чухалчилж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд анхаарахыг хүслээ. Ингэхдээ хүний амьдрах таатай орчныг бүрдүүлэх, хот суурин газрын хэт төвлөрлийг бууруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд тодорхой ажлууд дээр хамтран ажиллах боломжтойг дурьдав.

Тус хурлаар Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ)-баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг хэлэлцээд дэмжлээ.

ТХҮХ
Тайлбар: Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурлаар НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнг хэлэлцлээ.
Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд