Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтад монголчуудын дуу хоолойг хүргэх хэлэлцүүлэг өрнүүллээ
2024 оны есдүгээр сарын 06
2024 оны 9 сарын 6-ны өдөр. Улаанбаатар хот – Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагаас хамтран энэ 9 сард болох НҮБ-ын “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцох Монгол Улсын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго” Үндэсний хэлэлцүүлгийг 9 сарын 6‑ны өдөр зохион байгууллаа.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ:
“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт бидэнд аливаа хөгжлийн бүхий л сорилтыг шийдвэрлэх гарц бидний гарт байгааг харуулах болно” гэж онцлов.
Тэрээр, энэхүү зөвлөлдөх уулзалт нь Монголын олон нийт, хөгжлийн оролцогч талуудын нэгдмэл дуу хоолойг дэлхийн дээд түвшний уулзалтын индэрт хүргэхэд оршиж байна гэв.
Тогтвортой хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд үүрэгтэй оролцогч талууд, түнш, идэвхтнүүдийн төлөөлөл бүхий энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын Хөгжлийн дунд хугацааны бодлогод Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах талаарх бодлого, төлөвлөлтийг хэрхэн тусгасан талаар Эдийн засаг хөгжлийн яамнаас танилцууллаа.
“Тогтвортой хөгжлийн зорилгын гол уриа болох “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон хүн амын бүлгүүдэд нийцсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна” ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л. Балчинлувсан илтгэлдээ онцлон тэмдэглэлээ.
Засгийн газрийн үйл ажиллагааны хөтөлбөрт тогтвортой хөгжлийг санхүүжүүлэх механизм, мөн цогц хөгжлийг хангахын тулд хувийн хэвшлийн үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга С. Баясгалан нар илтгэл тавьлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулган”-аар хэлэлцэх үндсэн асуудлуудын хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгах, үүний тулд шинжлэх ухаан технологи, дижитал шилжилт, инновацыг нэвтрүүлэх төдийгүй тогтвортой хөгжлийг санхүүжүүлэх механизм болон ирээдүйн хөгжлийг түүчээ залуучуудын цогц хөгжлийн асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг эрэлхийллээ.
Энэхүү хэлэлцүүлгээс дэвшүүлсэн хөгжлийн шийдэл, санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах илтгэлд Монголын олон нийт, оролцогч талуудын дуу хоолойг хүргэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
НҮБ-аас зохион байгуулж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт” нь энэ 9 дүгээр сарын 22-23-нд Нью-Йорк хотод дэлхийн улс орнуудын тэргүүнүүд оролцож, дэлхий нийтийн ирээдүйн хөгжлийн асуудал, хамтын ажиллагааг хэлэлцэх өндөр түвшний арга хэмжээ юм. Энэ нь дэвжин хөгжиж буй гариг дэлхий дээрх хүн бүрийн сайн сайхан, ирээдүйн хөгжлийг баталгаажуулах үндсэн төлөвлөгөө болсон 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-уудын хэрэгжилтийн хурдасгуур болох үндсэн зорилготой.
Хэн юу гэв? Онцлох видео:
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.un.org/en/summit-of-the-future
Зургийн цомог: