Хэвлэлийн мэдээ

НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурлаар хэлэлцлээ.

2024 оны гуравдугаар сарын 28

Улаанбаатар хот, 3 сарын 28 -- Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар болон НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны өргөтгөсөн хурал өнөөдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд боллоо.

НҮБ-ын Суурин зохицуулагч, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамтран удирдсан энэхүү хурлаар Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд гарч буй тогтвортой хөгжлийн ахиц дэвшил, үр дүнг хэлэлцэв. 

НҮБ-ын суурин болон суурин бус 24 агентлаг 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг 

  • Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах 
  • Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих 
  • Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр тодорхойлсон. 

Энэ удаагийн Удирдах хорооны хурлаар дээрх зорилгуудын хүрээнд НҮБ-аас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны 2023 оны үр дүнгийн тайланг танилцууллаа. 

2023 онд НҮБ-ын системийн байгууллагууд хамтран нийт 51,4 сая ам. долларын санхүүжилт бүхий 158 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, хүн амын эрүүл урт наслах, амьдралын чанарыг сайжруулах зорилго бүхий хөтөлбөрийн үр шимийг 250,000 гаруй ахмад настан, хот суурин газрын ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71,000 гаруй иргэд хүртсэн байна. 

Түүнчлэн, дотоодын нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэмжлэгийн үр дүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ингэний сүүн бүтээгдэхүүний экспорт нэмэгджээ. Гамшгийн эрсдэл, үер усны аюулаас сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын гэр хороололд барьсан үерийн хамгаалалт далан, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71,000 гаруй иргэд хүртжээ. 

Доройтсон газрыг сэргээх, бэлчээр хамгаалах үйл ажиллагааны үр дүнд нийт 49,000 гаруй га бэлчээрийг нөхөн сэргээж, 82,000 гаруй га талбайд бэлчээр ашиглалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлж байна. 

Сонгуульд нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн квотыг 30-аас доошгүй хувьд хүргэх тухай нэмэлт өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд тусган батлахад НҮБ-ын бодлогын зөвлөмж, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн. 

Хурлын төгсгөлд Удирдах хорооны гишүүд НҮБ-аас 2024 он болон цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцэж тодорхойллоо. Тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагад илүү нийцтэй, үр дүнтэй, үр ашигтай хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын системийн байгууллагууд үйл ажиллагаа, нөөц санхүүгээ илүү уялдуулж, хамтран хэрэгжүүлэхэд чиглэх болно.

2023 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо болсон Тогтвортой хөгжлийн зорилгын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс 2023 онд үндэсний хэмжээний өргөн хэлэлцүүлгийн явцад боловсруулсан Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлээ танилцуулж, цаашид ТХЗ-ын хэрэгжилтийг хурдасгах амлалтаа дахин бататгасан юм. 

Удирдах хорооны хурлыг хааж хэлсэн үгэндээ НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра НҮБ нь Монгол Улсын хэнийг ч хөгжлөөс орхихгүй, эрх тэгш, хүртээмжтэй тогтвортой хөгжлийг хангахад Монгол Улсыг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Энэ удаагийн Удирдах хорооны хуралд Монгол Улс дахь элчин сайдын яамд, хөгжлийн түншүүдийн төлөөлөгчид урилгаар оролцов. 

 

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ХААХОУС
Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
ОУХТ
Олон улсын худалдааны төв
ОУЦХБ
Олон улсын цахилгаан холбооны байгууллага
ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар
НҮБАНДЭЗНК
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс
НҮБ-Эмэгтэйчүүд
НҮБ-ын Жендэрийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах байгууллага
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
ХДХВ/ДОХ
ХДХВ / ДОХ-ын асуудлаарх НҮБ-ын хамтарсан хөтөлбөр
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБ-ын ГЭББ
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллага
НҮББОХ
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр
ЮНЕСКО
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага
МБГХТА
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба
НҮБ-ын ТҮА
НҮБ-ын Төслийн үйлчилгээний алба
НҮБСДХ
НҮБ-ын сайн дурын хөтөлбөр
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд