Монгол Улсын Ерөнхий сайд хөгжлийн түншүүдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.
2023 оны есдүгээр сарын 27
Есдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүдийн хамт Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Удахгүй эхлэх УИХ-ын Намрын чуулганаар Улсын төсвийг хэлэлцэхийн өмнө хөгжлийн түншүүддээ улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн төлвийг танилцуулж, нээлттэй санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулав.
Цаашдаа энэхүү уулзалтыг уламжлал болгож, олон талт түншүүдтэйгээ хөгжлийн тулгамдсан асуудлаар санал солилцдог индэр болгох саналтай байгаагаа Ерөнхий сайд дурьдлаа.
Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын хувьд КОВИД-19 цар тахлын дараах хямрал, олон улсын геополитикийн хурцадмал байдал зэргийн улмаас эдийн засгийн өсөлт удааширч, ихээхэн сорилттой тулгарч байсан бол 2023 онд хямралыг даван туулах, эдийн засгаа сэргээхэд чиглэсэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд нэлээд нааштай үр дүн гарч буйг онцоллоо.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлвийг танилцуулахдаа хөгжлийн гол салбаруудын өсөлт цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтэд хүрсэн тул ирэх 2024 онд эдийн засаг өсөх төлөвтэй байгааг дуулгав.
Монгол Улсын Сангийн сайд Б. Жавхлан мөн энэ жил нэг хүнд ноогдох ДНБ анх удаа 5000 ам. долларт хүрсэн бол 2024 онд 6000 ам долларт хүртэл өснө гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийллээ.
Илтгэлийн дараагаар нээлттэй хэлэлцүүлгийг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра чиглүүлэв.
Олон улсын байгууллагуудын тэргүүд тогтвортой хөгжлийн асуудлууд, тэр дундаа ТХЗ-ын хэрэгжилтийг хурдасгах, хүн амын хүнс тэжээлийн баталгаат байдлыг хангах, боловсролын салбарт цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж, шинэчлэлийг хурдасгах талаар саналаа илэрхийлэв.
Эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж эрчим хүчний салбарт шинэчлэл хийхэд анхаарахыг төлөөлөгчид Засгийн газарт санал болгож байна.
Бодлого, шийдвэрээ олон улсын хөгжлийн түншүүдтэйгээ нээлттэй хэлэлцэж, санал зөвлөмжийг сонсох уулзалтыг санаачилсанд НҮБ-ын Суурин зохицуулагч нийт түншүүдийнхээ өмнөөс Засгийн газарт талархлаа илэрхийлж, тус улсын хөгжлийн төлөө бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ.