2021 он бидний хувьд амаргүй сорилтын жил байлаа. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал Монгол Улсын хувьд ихээхэн хүчин чармайлт гарган байж хүрсэн хөгжлийн ололт амжилтуудад заналхийлэв. Урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй хүндхэн сорилт бэрхшээлтэй тулгарсан ч бид хамтын хүчээр тууштай сөрөн зогсож чадлаа. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын баг хамт олон энэ онд Монгол Улсын Засгийн газар, хамтрагч түншүүдийнхээ хамтаар Монголчуудын сайн сайхны төлөө хэрэгжүүлсэн 10 ОНЦЛОХ үйл явдлыг нэрлэж байна
1. Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалт, цар тахалтай тэмцэх чиглэлээр үзүүлсэн НҮБ-ын хамтарсан дэмжлэг
Монгол Улс хүн амаа вакцинжуулах чиглэлээр гаргууд ажиллалаа. Өнөөдрийн байдлаар зорилтот хүн амын 90 гаруй хувь нь Ковид-19-ийн эсрэг бүрэн вакцинд хамрагдсан бол бараг 50 хувь нь гурав дахь тунг хийлгээд байна. Монгол Улс дахь НҮБ нь Ковид-19 цар тахлын эсрэг нэн шаардлагатай дараах тусламж дэмжлэгийг олон талт хариу арга хэмжээгээр дамжуулан үзүүлээд байна. Үүнд:
- АНУ, Япон Улсын санхүүжилтээр болон КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авч нийлүүлэв.
- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вакцины төв агуулахыг өргөтгөх, хүйтэн хэлхээг сайжруулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр техник, логистик, санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
- Вакцинжуулалтын үндэсний аяныг үр дүнтэй зохион байгуулах, зохицуулах, тэргүүн шугаман дахь эрүүл мэндийн ажилтнуудыг сургах, нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр хангах, түүнчлэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зэргээр олон талын дэмжлэг үзүүлэв.
2. ЕБС-ийн сургалтыг зайны болон цахим сургалтад шилжихэд дэмжлэг үзүүллээ.
Монгол Улсад хэрэгжүүлж буй НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагууд зайн болон цахим сургалтад шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын боловсролын талаар баримтлах бодлогыг боловсронгуй болгох, ЕБС-ын цахим сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулгад эрүүл мэндийн боловсрол зэргийг тусган өргөжүүлж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулахад дэмжлэг үзүүлэв. Тухайлбал:
- Үндэстний цөөнхийн хэлээр ашиглах боломжтой, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан интерактив цахим сургалтын агуулгыг хөгжүүлэв.
- Цахим хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа малчин өрхийн болон амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд зориулсан оффлайн сургалтын агуулгыг боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг олгов.
3. Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн НҮБ-ын хамтарсан дэмжлэг
Монгол Улс дахь НҮБ-ын дэмжлэг зөвхөн эрүүл мэндийн салбараар хязгаарлагдаагүй. Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд хамтран Монгол Улсын Засгийн газарт Ковид-19-ийн нийгэм, эдийн засгийн нөлөөллийг арилгахад нь тус дөхөм үзүүлэх чиглэлээр дараахи дэмжлэгийг үзүүлэв. Үүнд:
- Ковид-19 цар тахлын улмаас гадаадад гацсан эмзэг бүлгийн 1100 гаруй монгол иргэнийг эх орондоо буцаж ирэхэд, мөн дотооддоо зорчих хөдөлгөөний хязгаарлалтаас үүдэн орон нутагтаа буцах боломжгүй болсон 60 гаруй мянган иргэнд шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлсэн.
- Ковид-19 цар тахлын үеийн "шинэ норм"-д зохицон улсын хилээ дахин нээхэд нь Засгийн газарт туслалцаа үзүүллээ.
- Нийгмийн халамж үйлчилгээг цар тахлын үед хамгийн эмзэг бүлэгт цахим платформыг ашиглан хүргэх талаар нийгмийн ажилтнуудыг сургав.
- Цар тахлын үед малчид, эмэгтэйчүүдийг орлоготой болгохын тулд ноолуур, сүүн бүтээгдэхүүний салбар зэрэг тасалдсан өртгийн сүлжээнд дэмжлэг үзүүллээ.
- Ковид-19-ийн нийгэм, эдийн засгийн нөлөөллийн хэд хэдэн судалгааг зорилтот хүн амын дунд хийв.
- Ковид-19-ийн хязгаарлалтад өртсөн гэр хорооллын 2500 гаруй эмзэг бүлгийн өрхөд хүнсний болон бусад нэн шаардлагатай тусламж үзүүлээд байна.
4. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган биелүүлэхэд НҮБ-ын оруулсан хувь нэмэр
Монгол Улс 2021 оны 10 дугаар сарын 4-нд зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилго- дээд түвшний чуулга уулзалт”-ын үеэр ТХЗ-ийн хэрэгжилтийг түргэтгэх амлалтаа дахин баталгаажуулав. Монгол Улс өнгөрсөн онд:
- ТХЗ-уудын үндэсний зорилтууд, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан.
- Тогтвортой хөгжлийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээсэн.
- УИХ-ын дэд хорооноос Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийг байгуулав.
5. Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох шавыг тавив
НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” (ТХХАХ) баримт бичгийн угтвар болгон, Монгол дахь НҮБ-ын баг хамт олон Засгийн газрын дээд түвшний төлөөлөл зэрэг бүх талуудын оролцоотойгоор, хөгжлийн түншүүд, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил зэрэг бүх түншүүдтэй өргөн зөвлөлдсөний үндсэн дээр Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээг хийсэн.
- Улс орны хөгжлийн төлөв байдлын шинжилгээ нь хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх, хүний эрхэд суурилсан хандлага, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зарчимд тулгуурлан үндэсний хөгжлийн төлөв байдал, ТХЗ-ын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор боловсруулдаг иж бүрэн дүн шинжилгээ юм.
- ТХХА-ны хүрээнд НҮБ-ын үйл ажиллагааны цар хүрээ "хөгжлийн тусламж"-аас Засгийн газар болон түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх "хөгжлийн хамтын ажиллагаа"-нд шилжихэд анхаарна.
6. Хүнсний тогтолцооны асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын оролцоо ба үүрэг амлалт
Монгол Улс үндэсний хүнсний тогтолцоогоо илүү аюулгүй, илүү бат бөх, тогтвортой болгох үүрэг амлалтаа анх удаа зохион байгуулсан “Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр дахин илэрхийлэв. Улс орны өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй бодлого боловсруулагчид, тариаланчид, залуучууд, иргэний нийгмийн бүлгүүд, хүнс үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачид зэрэг олон талын оролцогч талууд улсын хэмжээнд зохион байгуулагдсан нийт 12 цуврал хэлэлцүүлэгт оролцлоо.
“Хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэгт дараахь асуудлыг нэн тэргүүнд авч үзсэн. Үүнд:
- Аюулгүй, тэжээлллэг хоол хүнс хэрэглэх, тогтвортой хэрэглээг дэмжих
- Тэгш амьжиргаа, өртгийн хуваарилалтыг боловсронгуй болгох
- Байгальд ээлтэй үйлдвэрлэл
7. Монгол Улс бүс нутагтаа Хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиглэлээр анхдагч болов.
Монгол Улсын Их Хурал 2021 оны 4-р сард Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, хүний эрхийн асуудал, хүний эрхийн зөрчлийн асуудлаар дуу хоолойгоо өргөж буй хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн Ази тивийн анхны улс болсон.
- Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар болон ИНБ-уудыг хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, хүний эрхийн талаар хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлд алхам хийхэд нь дэмжиж хамтран ажилласан.
8. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгчийн Монгол Улсад хийсэн айлчлал
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч Монголд айлчилж, Монгол Улсад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг бодит ажил хэрэг болгох ажлыг эрчимжүүлэхийг зөвлөв. Тэрээр, айлчлалын үр дүнгийн талаарх урьдчилсан дүгнэлтдээ:
- Монгол Улс гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, жендэрийн тэгш байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах зэрэг хууль тогтоомжоор жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч
- Эдгээр хуулиудын хэрэгжилтэд анхаарч, үндэсний хэмжээнд илүү үр дүнтэй болгох шаардлагатай гэж онцлов.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн нөхцлийг зохицуулах эрх зүйн зохицуулалтад ахиц гаргалаа
Монгол Улсын Их Хурал 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд уг хуулийн хамрах хүрээг нь өргөтгөн, олон улсын хөдөлмөрийн стандартад илүүтэй нийцүүлж, зах зээлийн харилцаанд чиглүүлж, зайнаас болон ээлжээр ажиллах зэрэг шинээр үүсч буй хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар тусгав. Хөдөлмөрийн шинэ хуулиар дарамт шахалт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих хөдөлмөрийн орчныг бүрдүүлэхийг ажил олгогчдод үүрэг болгов.
- НҮБ-аас хууль тогтоомжийг олон улсын хөдөлмөрийн стандарт, шилдэг туршлагад нийцүүлэх техникийн тусламж өгөх, засгийн газар, ажилтан, ажил олгогчдын гурван талт яриа хэлэлцээг зохион байгуулах, хөдөлмөрийн үндсэн зарчим, эрхийг сурталчлах, мөн төрийн албан хаагчид, бусад оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр өргөн хүрээний дэмжлэг үзүүлээд байна.
10. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойг тэмдэглэв.
2021 онд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож, 1961 онд 101 дэх гишүүнээр элссэн түүхэн үйл явдал тохиов. Энэхүү онцгой өдрийг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг хамтран “НҮБ-ын долоо хоног” аяныг 2021 оны аравдугаар сард зохион байгуулав.