Хэвлэлийн мэдээ

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэлээ тавина

2023 оны дөрөвдүгээр сарын 25

Монгол Улс энэ оны долдугаар сард НҮБ-ын Хөгжлийн асуудлаарх улс төрийн дээд хэмжээний чуулга уулзалтад Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрхэн хэрэгжүүлж буй талаарх Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлээ (ҮСДИ) танилцуулахаар бэлтгэж байна.


second VNR national consultation
Тайлбар: ТХЗ-ын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын 2 дугаар илтгэлийн хэлэлцүүлэг
Зургийг: © Ministry of Economy and Development

Илтгэлийн төслийг олон нийт, мэргэжилтнүүд, судлаачдын дунд хэлэлцүүлж, санал шүүмж авах зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яамнаас НҮБ-ын дэмжлэгтэйгээр ҮСДИ-ийн үндэсний хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт олон улсын хөгжлийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн, эрдэм шинжилгээний байгууллагуудыг төлөөлсөн 90 гаруй хүн оролцлоо.

ҮСДИ-ээр дамжуулж улс орнууд 2030 он гэхэд хүрэхээр зорьж буй ТХЗ-ын хэрэгжилтэд хэр ахиц дэвшил гаргаж буйгаас гадна тулгарч буй сорилт бэрхшээл, сургамжаа тайлагнадаг.

Улс орны засгийн газрууд энэхүү илтгэлийн хүрээнд ТХЗ-ыг хангахад бодлогын болон институцыг бэхжүүлэх, хэрэгжилтийг хангахад чиглэсэн олон талт түншлэл, хамтын ажиллагаагаа сайжруулах боломжтой болох юм.

Монгол Улсын Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийг НҮБ-ын Ази Номхон далай бүсийн эдийн засаг нийгмийн комисстын дэмжлэгтэйгээр тогтвортой хөгжлийн зорилго тус бүрийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулсан.

Уг илтгэлээр орон нутгийн хөгжлийн асуудлыг онцлон авч үзсэн. Монгол Улсын хүн амын 47 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Их дээд сургуулиудын 90 гаруй хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бизнесийн үйл ажиллагааны 76 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, нийт автомашины 54 хувь нь Улаанбаатар хотод төвлөрчээ. Мөн Монгол Улсын ДНБ-ий үйлдвэрлэлийн 65 хувь нь нийслэл хотод өрнөж байна.

“Орон нутгийн хөгжлийн асуудлыг хөндсөн нь маш цагаа олсон явдал гэж үзэж байна. Эдийн засгийг төрөлжүүлж, нийгмийн үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх, газарзүйн байршлаас үүдсэн хөгжлийн эрс тэс ялгаатай байдал буюу хөдөө орон нутаг дахь ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, хотоос орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг дэмжих зэргээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах боломж байгааг энэхүү тайлан онцолсныг дурьдахад таатай байна” гэж НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлэв.

TM speaking at the VNR Consultation
Тайлбар: НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нээлтийн үг хэлж байгаа нь

Зөвлөх багаас боловсруулсан энэхүү илтгэл тайланд орон нутгийн хөгжлийг тодорхойлох системтэй бодлого, төлөвлөгөө хангалтгүй, хөрөнгө оруулалт татах, иргэдийг хөдөө рүү шилжин суурьших таатай нөхцөл бүрдээгүй нь орон нутгийн хөгжлийн гол саад гэж дүгнэжээ.

ҮСДИ-ийн анхны тайланд хүүхэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд, ахмад настнууд, малчид болон хөдөөнөөс хотод шилжин суурьшсан хүмүүсийг хөгжлийн хоцрогдох өндөр магадлалтай бүлэг гэж тодорхойлсон бол энэ удаагийн илтгэлдээ боловсролгүй эрэгтэйчүүд, дунд насныхныг нэмж оруулсан байна.

ҮСДИ нь Монгол Улсын Засгийн газарт Тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэхэд чиглэсэн үүрэг амлалт, бодлого хөтөлбөрөө эргэн харж, илүү ахиц гаргах талаар олон чухал зөвлөмжийг санал болгосон юм.


VNR consultation participants
Тайлбар: Хэлэлцүүлэгт оролцогчид
Зургийг: © Ministry of Economy and Development
Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд