Хэвлэлийн мэдээ

НҮБ-ын Удирдлагын баг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулав 

2022 оны арван хоёрдугаар сарын 02

Улаанбаатар хот – Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Удирдлагын баг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн (ХБХ) төлөөллийг хүлээн авч, санал солилцов. 


UNCT with people with disabilities
Тайлбар: НҮБ-ын Удирдлагын баг ХБХ-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Зургийг: © UNRCO

Монгол дахь НҮБ нь 2023 оноос эхлэн “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” стратегийн баримт бичгийг хэрэгжүүлэх тул энэхүү зөвлөлдөх уулзалт цаг үеэ олсон чухал үйл явдал болохыг  НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нээлтийн үгэндээ онцоллоо. 

НҮБ-ын төрөлжсөн агентлагийн удирдлагууд нь цаашид ХБХ-ийн төлөөллийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах, түншлэлийг бэхжүүлэх, тэдгээр хүмүүсийн эрхийг хангах, хамгаалах, тэдэнд тулгамдаж буй бэрхшээл, сорилтуудыг даван туулахад үр дүнтэй дэмжлэг үзүүлэх зорилгоор харилцан санал солилцож, мэдээлэл хуваалцлаа. 

UNCT with PwD 2022

Энэхүү уулзалтад Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Ч. Ундрахбаяр, НХХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С. Тунгалагтамир болон холбогдох яамд, албаны хүмүүс оролцож, ХБХ-ийн эрхийг хангах талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. 

Тухайлбал, Ч. Ундрахбаяр Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ХБХ-ийн эрхийг хангахад чиглэсэн тодорхой бодлого, шийдвэрүүдийг танилцуулав. Тэрээр, төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж тусгай хэрэгцээт хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь чухал болохыг онцлов.

Undrakhbayar PwD day 2022
Тайлбар: Еранхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Ч.Ундрахбаяр

ХБХ-ийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг энэ жил “Инновацын шийдлээр хүртээмжтэй, оролцоотой хөгжлийн шийдлийг бий болгох нь” уриан дор тэмдэглэж байгаа юм. Энэ хүрээнд, Ерөнхий сайдын зөвлөх Засгийн газраас хэрэгжүүлж буй инновац, хөгжлийн шинэ санаачлагуудын нэг болох e-Mongolia цахим системээр дамжуулж төрийн үйлчилгээг тусгай хэрэгцээтэй хүмүүст илүү хялбар, хүртээмжтэй болгох талаар авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг онцлон дурдав

Түгээмэл хөгжил ТББ-ын тэргүүн Я. Авирмэд НҮБ-ын санаачлагаар 2022 онд Монгол дахь ХБХ-ийн орон сууцаар хангагдах эрхийг хэрэгжилтэд мониторинг хийсэн судалгааны урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа. 

ХБХ-ийн дийлэнх нь төвийн төвлөрсөн халаалт, дулаанд холбогдоогүй, зөөврийн устай, стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж бүхий орон байранд гэр хороололд амьдарч байгаа нь тэдэнд хямд өртөгтэй орон сууцанд амьдрах нөхцөл хязгаарлагдмал байгааг харуулж байна.

Housing situation of P W D

 



Тэдний нэг төлөөлөл болох Н. Тамирхүү эмзэг бүлгийн иргэдэд ипотекийн орон сууцны хангамж, зээлд хамрагдах болон урьдчилгаа төлбөрийн нөхцөл нь тусгай хэрэгцээт хүмүүст хүртээмжгүй байна гэж онцлов. 

Орон сууцаар хангагдах эрхийн хэрэгжилт хангалтгүйгээс гадна ХБХ-ийн хөдөлмөр эрхлэх, боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал төдийгүй зам тээвэр зэрэг дэд бүтэц тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход саад учруулж буйг оролцогчид онцоллоо. 

Тэд, ипотекийн зээлийн хүүг тэглэх, эсвэл 3-4 хувь болгож бууруулах замаар төрийн хэрэгжүүлжбуй бодлогын үр нөлөөг илүү олон хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүргэх зэрэг шийдлийг хөндөн олон тооны санал гаргалаа. 



НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын удирдлага ийнхүү ХБХ-тэй уулзаж, зөвлөлдсөнөөр цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртөө тэдний эрхийг хамгаалах, илүү таатай, хүртээмжтэй хөгжлийг дэмжих үйл ажиллагааг тусгах боломжтой болох юм.

PWD reps

 

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачилгад хамрагдсан бусад байгууллагууд

MNG MoLSP
Mongolia Ministry of Labour and Social Protection

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд