Энэ жилийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдөр бидэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайлал урьд урьдынхаас илүү чухал болохыг сануулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байнгын ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолд өртөж, үндсэн эрхээ эдэлж, үйлчилгээ тэгш хүртэхэд нь тохиолдож буй саад бэрхшээлийн улмаас уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, зөрчил мөргөлдөөн, ядуурал, тэгш бус байдал зэрэг дэлхий нийтийг хамарсан хямралын хор нөлөөг хамгийн хүндээр үүрч байна.
Гэтэл тэд эдгээр хямралыг шийдвэрлэхэд оролцох, хувь нэмрээ оруулах эрхээ ч эдэлж чадахгүй байна.
Саяхан батлагдсан Ирээдүйн төлөөх гэрээгээр дэлхийн улс орнууд бүх насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өнөө болон ирээдүй хойч үеийнхний хувьд энэ шударга бус байдлыг засаж, залруулах үүргийг хүлээсэн билээ.
Үүнд хиймэл оюун ухаан зэрэг дижитал болон туслах технологийн ирээдүйг тодорхойлоход хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүрэг оролцоо чухал болохыг хүлээн зөвшөөрч, эерэг өөрчлөлтийг бий болгох, тэдний амьдралд нөлөөлөх шийдвэр гаргахад тэднийг зохих ёсоор оролцуулж, дуу хоолойг нь сонсох шаардлагатай.
Ирэх жил болох Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалт эдгээр болон бусад зорилтуудыг урагшлуулах чухал мөч байх болно.
Дэлхийн өнцөг булан бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрчлөлтийг бүтээж, энх тайвныг түгээн дэлгэрүүлж байна. Тэд мөн манлайлагчид юм.
Энэ чухал өдөр төдийгүй өдөр бүр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтран ажиллаж, хүн бүрд хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг цогцлооё!