Дундговь аймгийн Засаг дарга, эрхэм хүндэт С. Мөнхчулуун танаа,
СОР17-ын Бэлтгэл ажлын албаны захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Н. Чимгүүндарь танаа,
Үе тэнгийн залуу малчдаа төлөөлөн үг хэлэх залуу малчин Г. Сангидорж танаа,
Эрхэмсэг зочид, хамтран зүтгэгчид, анд нөхөд, ялангуяа форумд оролцож буй залуу төлөөлөгчид өө,
Та бүхний өглөөний амгаланг айлтгая.
Өнөөдөр та бүхний өмнө үг хэлэх завшаан тохиосонд туйлын баяртай байна.
Энэхүү чуулганыг хамтран зохион байгуулж, биднийг халуун дотноор хүлээн авсан Засаг дарга Мөнхчулуун танд талархал илэрхийлье.
Бид Монгол Улсад цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртсөн бүс нутгийн нэг болох Дундговь аймагт хуран цугларч байна. Иймд “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” Үндэсний чуулганыг энд зохион байгуулах нь илүү утга учиртай болж байна.
Энэхүү чуулга уулзалт нь зүгээр нэг форум төдий бус, харин Монгол орны унаган байгаль, нүүдлийн соёлоо хамгаалах, газар нутгаа сэргээх хүсэл зорилго бүхий залуусын уриалга бөгөөд 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын бага хурлыг (СОР17) эх орондоо зохион байгуулахын өмнөх чухал цаг үед тохиож байгаагаараа онцлог юм.
Бидний өмнө олон сорилтууд байна. Монгол орны газар нутгийн 77 хувь нь доройтсон. Цөлжилтийн улмаас малчдын амьжиргаа доройтож, экосистем, хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна. Үндсэн шалтгаанууд нь тодорхой. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй агаарын температурын өсөлт, хур тунадасны хэлбэлзэл, мөн бэлчээрийг сэлгэхгүйгээр хэт ихээр ашигласнаас газрын гарц муудаж, шимт ургамал цөөрч, улмаар хөрсийг доройтуулж байна.
Гэвч бид итгэлээ алдах ёсгүй. Шийдлүүд бэлхнээ бидний дунд, малчдын уламжлалт ухаан, мэдлэгт, залуусын эрч хүч, хамтын ажиллагаа, эв нэгдэлд байна.
Эдгээр өдрүүдэд бид олон гайхалтай түүхийг сонсох болно. Бид залуу малчид, судлаачид, шинийг санаачлагч, манлайлагчид болон орон нутгийн удирдлагын дуу хоолойг сонсоно. Тэдний арвин туршлага, оновтой санал санаачилгаас суралцана. Тухайлбал, бэлчээрээ өнжөөн сэлгэж ашиглах аргаас аваад оторт яваа малчид туслах дижитал технологийн ухаалаг шийдэл, иргэдийн оролцоотой ойн зурвас байгуулсан туршлага зэрэг олон сайхан санаачилгуудтай танилцана. Залуус өөрчлөлтийг хүлээж зүгээр суухыг хүсээгүй. Тэд өөрсдөө түүчээлж байна.
Өнөөдрийн чуулган бас СОР17 бага хуралд залуучуудын дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэхүү чуулганаас гарах Дундговийн тунхаг нь цаашид үргэлжлэх үндэсний хэлэлцүүлэг, СОР 17 бага хурлын бэлтгэл ажлын нэг хэсэг болно. Та бүхэн хэлэлцүүлэгт оролцогч төдий бус хэлэлцэх асуудлыг тодорхойлогчид болж байна.
Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, СОР17-ын Бэлтгэл ажлын алба, мөн бидний халуун дотно хүлээн авсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт гүн талархал илэрхийлье.
Элчин Чимгүүндарь таны удирдлага, манлайлалд мөн талархал илэрхийлье.
Хувийн нэг бодлоо хуваалцъя. Би саяхан Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн тусгай хамгаалалттай газраар аялаад ирлээ. Энэ газар миний төрсөн нутаг болох Нидерланд улсаас ч том газар нутаг бөгөөд энэхүү алслагдсан хязгаар нутагт Мазаалай баавгай, хавтгай, хулан зэрэг дэлхийн нэн ховор амьтад нутагладаг. Энэхүү дархан цаазат газрын ач холбогдол нь зөвхөн биологийн олон янз байдлыг хадгалж буйгаар хязгаарлагдахгүй, харин цөлжилтийн эсрэг байгалийн хамгаалалтын бүс болж байна. Уугуул ургамал, эмзэг экосистемийг хамгаалснаар энэхүү экологийн эмзэг бүс нутгийн хөрсийг тогтворжуулж, байгалийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Энэхүү аялал надад байгалийн унаган төрхийг хамгаална гэдэг нь зэрлэг ан амьтдыг хамгаалах төдий бус, харин нутгийн иргэд, тэдний ахуй соёл, ирээдүйг хамгаалах ёстой гэдгийг дахин ухааруулсан юм. Ялангуяа Дундговь шиг экологийн эмзэг бүс нутагт байгалийн цогцолбор газрыг бий болгож, хамгаалалтыг сайжруулах нь газрыг нөхөн сэргээхэд нэн чухал түлхэц болох юм.
Эцэст нь хэлэхэд:
Монголчууд энэхүү өргөн уудам нутгийн эзэд бөгөөд олон зууны туршид нүүдлийн соёл, мал маллах уламжлалт ухааныг өвлөж, тээж ирсэн юм. Удахгүй болох СОР17 бага хурал нь Монгол Улсыг дэлхий дахинд байгаль дэлхийгээ хамгаалах, газар нутгаа нөхөн сэргээхэд манлайлан түүчээлэгч орон гэдгийг харуулах таатай боломж юм.
НҮБ нь Монголын ард түмний байгаль, дэлхийтэйгээ зохицон амьдрах ухаан, тэсвэр тэвчээрийг үргэлж хүндлэн биширч ирсэн.
Газар нутаг, хүн ард, эх дэлхийнхээ сайн сайхны төлөө энэ өдрүүдэд чадах бүхнээ зориулъя.
Баярлалаа.