Хэвлэлийн мэдээ

“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ - 2022” олон улсын цахим форум 9 сарын 5-6-ны өдрүүдэд болно

2022 оны есдүгээр сарын 02

Монгол Улсын санаачилгаар боловсролын салбарын шинчлэлийг хурдасгах, хүнсний тогтвортой тогтолцоог бий болгох, хүртээмжтэй эдийн засгийг тэтгэж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зэрэгт томоохон түлхэц өгч буй дижитал шилжилтийн талаар улс орнуудын туршлага солилцох яриа хэлэлцээрийг эхлүүлэхээр Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран 2022 оны 09 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурлыг цахимаар анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус хуралд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцох бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан дижитал шилжилтийн стратегийг дэлхийн улс орнууд хэрхэн хэрэгжүүлж, тулгарч буй бэрхшээл сорилтыг хэрхэн даван туулж буй талаар өөр хоорондоо туршлага солилцох бөгөөд Монгол Улсын хувьд НҮБ-ийн гишүүн бусад улс орнуудад өөрсдийн туршлагаа хуваалцах юм.

“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь дэлхийн болон бүс нутгийн түвшний хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд 2023 онд болох “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт”-аар эцэслэн батлагдах “Дэлхийн дижитал гэрээ хэлэлцээний талаарх зөвлөлдөх уулзалт”-ад дижитал ирээдүйн хамтын зарчмуудыг бий болгох зорилготой юм. Энэхүү уулзалтаар цахим засаглал, цахим хуваагдал, цахим ялгаварлан гадуурхалт, өгөгдөл хамгаалах, хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Тус олон улсын цахим хуралд Бангладеш, Эстони, Энэтхэг, Шинэ Зеланд, Австрали зэрэг олон улсын удирдагчид, бодлого боловсруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн зэрэг өндөр түвшний илтгэгч, шинжээч, мэргэжилтнүүд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тэмдэглэснээр, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд асар их боломж төдийгүй шинэ эрсдэл дагуулж буй технологийн эрин үе ирж байна. Энэхүү “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь бидний хүсч буй ирээдүйн талаарх үндсэн асуултуудыг хөндөж, шийдэлд урам зориг өгөх, дижитал өөрчлөлтийн үед бид хүүхдүүддээ ямар ертөнц үлдээх гэж байгааг тодорхойлох зорилготой юм.

Энэхүү олон улсын цахим хуралд оролцож, олон нийтэд уг хурлын талаар мэдээлэл хүргэхийг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлж оролцох боломжтой. Хурал англи, монгол хэл дээр болох уг хурал 9 сарын 5-ны өдөр Улаанбаатарын цагаар 15 цагт эхэлнэ.

Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3B1jU6G

Холбоо барих:

ЦХХХЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Э. Уранцэцэг

urantsetseg@mddc.gov.mn

Утас: 94999598

НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д. Соёлмаа

Soyolmaa.dolgor@un.org

Утас: 94111220

 

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ОУЦХБ
Олон улсын цахилгаан холбооны байгууллага
НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан

Энэхүү санаачилгад хамрагдсан бусад байгууллагууд

ABL
Abt Britain Limited

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд