Өнгөрсөн оны эцсээр өнөөгийн нөхцлийг урьдчилан таамаглаж, Монгол Улсын Засгийн газраас тус улс дахь НҮБ-ын агентлагууд, олон улсын болон үндэсний хүмүүнлэгийн байгууллагуудаас бүрдсэн Хүмүүнлэгийн тусламжийн багт малчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад шаардлагатай дэмжлэг тусламж үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагаар ахлуулсан Хүмүүнлэгийн тусламжийн баг нь Улсын Онцгой комисс болон төрийн бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, зудад нэрвэгдсэн малчдад нэн шаардлагатай дэмжлэг үзүүлэхээр хүч, нөөцөө дайчлан хамтран ажиллаж байна.
Улсын Онцгой комиссоос зудын эрсдэлд буй малчин өрхүүдэд хоол хүнс, эм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түлээ, нүүрс, бэлэн мөнгөн тусламж зэрэг нэн шаардлагатайг мэдээлсэн.
Хүмүүнлэгийн тусламжийн багаас 2023-2024 оны Зудын эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд тус хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжийг зорилтот бүлгийн 150,000 гаруй хүнд хүргэхийг зорьж байна. Эдгээрээс нэн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай 33,400 иргэдэд бэлэн мөнгөн тусламж, эм тариа, эрүүл ахуйн хэрэглэл, өвс, тэжээл, түлш төдийгүй сэтгэл зүйн дэмжлэг зэргийг нэн тэргүүнд үзүүлэхээр ажиллаж байна.
“Маш хүнд нөхцөлд буй эдгээр 33400 эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхэд залуучуудад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргүүлэх шаардлагатай байна” гэж Тапан Мишра онцлов.
Зудын эрсдэлийг бууруулж, хохирол багатай даван туулах талаар бүх талын арга хэмжээг авч байгаа ч цаг уурын нөхцөл байдлаас үүдэн хаваржилт хүндэрч, эрсдэл улам ихсэж байгаа тул олон талын дэмжлэг шаардлагатай болж байна. Одоогоор Монгол дахь Хүмүүнлэгийн тусламжийн баг зудад нэрвэгдсэн малчдад туслахаар нийт 1,8 сая ам. долларын санхүүжилтийг босгосон ч илүү их санхүүжилт шаардлагатай байна. Иймд, Хүмүүнлэгийн тусламжийн багаас НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн байгууллагаар дамжуулан олон улсын байгууллагуудад хандаж уриалга гаргаад байна.
Монгол Улсад тохиолдож буй хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам дордохоос сэргийлэхийн тулд Монголын малчдын төлөө эв санаагаар нэгдэн, өгөөмөр дэмжлэг тусламж үзүүлэхийг олон улсын байгууллагуудад хандан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра уриалав.
Хүмүүнлэгийн тусламжийн багийн цаашдын зорилго бол хүмүүнлэгийн яаралтай тусламжийг шаардлагатай бүлэгт хүргэхээс гадна ирээдүйн хямралаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээг сайжруулах замаар гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газар болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, бэхжүүлэхэд анхаарч ажиллах юм.
2023-2024 оны Зудын эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг татаж авах холбоос (англи хэл дээр)
Dzud Early Action and Response Plan for 2023/2024