Охид, эмэгтэйчүүдийн хөгжил, манлайллыг цогцоор дэмжих нь
Монгол охид эмэгтэйчүүд нийгмийн хөгжил дэвшлийг манлайлж, эдийн засгийн өсөлтийг түүчээлж, инновацыг хөгжүүлэхэд ямагт тэргүүлж ирсэн.
Тэд тэсвэр хатуужил, бүтээлч сэтгэлгээ, манлайллаараа хүртээмжтэй, тогтвортой нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр сорилт бэрхшээлийг даван туулж, сайн сайхан ирээдүйн төлөө хичээнгүйлэн зүтгэж, үйл хэргээрээ манлайлж буй зарим охид, эмэгтэйчүүдийг онцлон танилцуулж байна.
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох нь
Архинд донтсон, хүчирхийлэгч нөхрөөсөө 2-12 насны гурван хүүхдийнхээ хамт зориг гарган зугтаж, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд зориулсан аюулгүй байранд амь өрсөн ирсэн Болорыг (аюулгүй байдлын үүднээс нэрийг нь өөрчилсөн болно) танилцуулж байна.
“Та нар энд аюулгүй” гэх энгийн мэт боловч хамгийн ихээр сонсохыг хүссэн үгс нь байлаа. Болор бол Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байраар үйлчлүүлж буй мянга мянган эмэгтэйчүүдийн нэг юм. Түр хамгаалах байр тэдний аюулгүй байдлыг хангахаас гадна эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ, нийгмийн болон сэтгэлзүйн зөвлөгөө засал, хууль эрхзүйн зэрэг долоон төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2016 – 2023 онуудад нийт 11 Нэг цэгийн үйлчилгээний төвийг нийслэлийн дөрвөн дүүрэг, долоон аймагт байгуулсан юм.
Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байраар үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь хүүхэдтэйгээ ирдэг бөгөөд 2023 оны байдлаар нийт 4037 үйлчлүүлэгчдийн 3308 нь насанд хүрээгүй иргэд байв. НҮБ-ын Хүн амын сангаас Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны ажилтнуудад зориулсан жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг мэргэжлийн сургалт, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Эмэгтэйчүүдийн бизнесийн ур чадварыг дэмжих нь
Төв аймгаас Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү шилжин суурьшсан таван хүүхдийн ээж, гахайн ферм эрхлэгч Номинтой танилц. Таньж мэдэхгүй шинэ газарт нөхөр, хүүхдийн хамт амьдралаа шинээр эхлэх нь түүний хувьд тийм амархан байсангүй. Түүний гэр бүл бага хэмжээний газар худалдаж аваад байшингаа барьжээ. Түүгээр ч зогсохгүй амьжиргаагаа тэтгэхээр гахайн ферм байгуулсан нь түүний хувьд урьд өмнө төсөөлж байгаагүй шинэ ажлын гараа байв.
КОВИД-19 цар тахлын үеийн хямралыг даван туулахад зориулж 2021 онд Монгол улсын Засгийн газраас иргэн бүрд өгсөн 300,000 төгрөгийн тусламж олгосон юм. Энэ тусламжийн мөнгөөр Номингийн гэр бүл гахайн фермтэй болохоор шийдэж, 4 тоорой, нэг эр гахай худалдан авсан нь өдгөө 50 хүртлээ өсжээ.
Номин өөрийн ферм дэх гахайн генетик, удамшлыг сайн чанарын үүлдрээр төрөлжүүлэн, сайжруулж фермээ орчин үеийн дэвшилтэт аргаар хөгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Гахайн аж ахуйгаа өргөжүүлж, усан хангамжийг сайжруулж, хүнсний ногоо тарьж, хашаа барих зэргээр фермээ өргөжүүлэх дэвшилтэт арга барилд тууштай суралцаж байлаа.
Амжилттай фермийн эзэн болох мөрөөдөлтэй ч түүнд туршлага дутаж, сорилт бэрхшээл мундахгүй байлаа. Харин 2023 оны 3-р сард НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага Шударга Дэнс Төв ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн шилжин суурьшигч эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төсөлд хамрагджээ. Энтрепренюрийн сургалтын үеэр Номин шилдэг оролцогчоор тодрон төслийн санхүүжилт авсан бөгөөд үүгээрээ бизнесээ өргөжүүлэхэд шаардлага тоног төхөөрөмж буюу махны хөрөө, вакуумжуулан битүүмжлэх машин худалдан авсан байна. Шинэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тэрээр гахайн жижиг фермээ томруулж, орлогоо нэмэгдүүлэв. Номин вакуумжуулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлогоо нэмэгдүүлэн, амьжиргаагаа дээшлүүлж, хот, хөдөөгийн зах зээлд сайн чанар бүхий мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж байна.
Тэмээчдийг дэмжиж, ингэний сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг өргөжүүлэх нь
П.Мөнхдөл нь Дундговь аймагт гэр бүлийн хамтаар 400 гаруй тэмээ малладаг тэмээчин эмэгтэй. Монголдоо анхдагч болсон тэмээчдийн хоршооны гишүүн болсноор тэрээр нутгийн бусад тэмээчидтэй туршлага солилцон, хувийн хэвшилтэй хамтрах болжээ. Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ХХААБ-ын хэрэгжүүлж буй төслийн дэмжлэгтэйгээр Мөнхдөл ингэний сүүний өртгийн сүлжээнд сүүгээ нийлүүлж, орон нутгийн эдийн засагтаа хувь нэмэр оруулж байна.
Мөнхдөл тэмээтэй хамт өссөн учраас бага наснаасаа сүү сааль авч сурчээ. Анх дэлэн шувтарч сүү гарган авна гэдэг чанга, хэцүү ажил шиг түүнд санагддаг байв. Харин одоо ингэ саахад түүртэхгүйгээр барахгүй өнгөрсөн жил гэхэд 20 тонн сааль авчээ. Мөнхдөлийн хөдөлмөр өндөрт үнэлэгдэж “Улсын аварга саальчин” шагнал хүртсэн ба энэхүү эрхэм шагналыг ингэ сааж авсан анхны хүн болжээ. Мөнхдөл хэлэхдээ “Өөрийн ажлаа үнэлүүлсэндээ сэтгэл дүүрээд сайхан байдаг. Ингэний сүүг бид ахуйдаа хэрэглэж, 10 гаруй төрлийн цагаан идээ гарган авдаг.” гэв. Ингэний сүү нь шим тэжээл, амин дэмээр онцгой баялаг төдийгүй Монгол соёлын чухал нэгэн хэсэг юм.
Цахим хөгжлөөс үүдсэн ялгааг арилгахаар алслагдсан бүс нутгийн хүүхдүүдийн цахим ур чадварыг хөгжүүлэх нь
Программ хангамжийн инженер болж, код бичиж, программ зохиох мөрөөдөлтэй 15 настай А. Бүжмаа охинтой танилц. Тэр бол Хөвсгөл аймгийн Ханх сумын сургуулийн сурагч бөгөөд сургуулийнхаа Мэдээлэл технологийн клубт хамрагддаг цөөхөн охидын нэг юм.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас ЕБС-ийн сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Монголд анх удаа ICT клубуудыг байгуулж байна. Цар тахлын үед Монгол орон даяар олон хүүхэд, тэр тусмаа Ханх зэрэг алслагдсан сум, орон нутгийн хүүхдүүд технологийн боломжгүйгээс шалтгаалж зайны сургалтад хамрагдаж чадахгүй байв. Хүүхдэд цахим ур чадвар эзэмшүүлэх цаашлаад бүх хүүхдэд тэгш боловсрол олгох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сан нь үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобикомтой хамтран “Smart Education” санаачилгыг хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилгын хүрээнд Мобиком нь найман сургуульд цахим анги байгуулсан.
НҮБ-ын Хүүхдийн сан нь “Ази тивийн сургуулиуд” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн багш, сурагчдад цахим бичиг үсгийн боловсрол, хосолмол заах арга зүй, технологийн төхөөрөмж ашиглах, цахим контент бүтээх, хөгжүүлэх зэрэг сургалтуудыг явуулж байна.
Хүйсийн хэвшмэл ойлголтыг халж, эмэгтэйчүүдийн манлайллыг дахин тодорхойлох нь
Хүйсийн талаарх хэвшмэл ойлголтуудыг улам бүр дэвэргэж байдаг уламжлалт ойлголтыг сөрөн зогсож, өөрчлөлтийг түүчээлж буй иргэний нийгмийн манлайлагч Б. Батцэцэг, Б. Цэрэнлхам, Р. Оюунбилэг нарыг танилцуулъя.
Тэд Монгол Улсад, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулж, цаашид орон нутагт руу хүрээгээ тэлэхээр тэмүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-ний идэвхтэн гишүүд юм. Өдгөө 2,000 гаруй гишүүнтэйгээр орон даяар үйл ажиллагаагаа явуулж байгаа тус сүлжээ нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА) болон НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй төслийн санаачилгаар байгуулагдсан.
Сүлжээнд нэгдсэнээр эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгдэж, нийгмийн хэм хэмжээ, хэвшмэл ойлголтуудтай идэвхтэй тэмцэж байна хэмээн Б.Батцэцэг хэллээ. Тэрээр сүлжээгээрээ дамжуулан эрэгтэй болон эмэгтэй хүйсийн аль алинд байдаг жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэх чиглэлээр орон нутагтаа ажиллаж байна.
“Сүлжээнд хамрагдсанаар би өөрийнхөө манлайлах чадварт илүү итгэлтэй болж, улс төрд хандах хандлага маань эергээр өөрчлөгдөж байгаа” хэмээн Б.Цэрэнлхам онцлов.
Эмэгтэй хүн удирдлагын түвшний ажил эрэлхийлэх үед түүний гэр бүл, нэр хүндтэй холбоотой асуудлыг ярьж зүрх сэтгэлийг нь мохоохын оронд тэднийг дэмжин, “Чи чадна аа”, “Би чамайг дэмжинэ ээ” гэх мэт үгсээр нэг нэгнээ дэмжиж, урам зориг хайрладаг хандлагатай байгаасай гэж Р. Оюунбилэг үзэж байна.
Ийнхүү эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих олон төрлийн санаачилгуудаас гадна НҮБХХ-ийн төсөл нь УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 2024 оны сонгуулиар 30 хувь, 2028 оноос эхлэн 40 хувиар тогтоох заалтыг батлуулахад томоохон дэмжлэг үзүүлэн ажилласан. Энэхүү өөрчлөлт нь улс төрийн намууд жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 болгох, улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдээс дэнчин, барьцаа авахыг хориглох зэргээр шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болж буй юм.