Хэвлэлийн мэдээ

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ–аас гаргасан мэдэгдэл

2020 оны арван хоёрдугаар сарын 10

  • Улаанбаатар хот, 12 сарын 10-ны өдөр -- НҮБ–ын Ерөнхий Ассамблей 1948 оны 12–р сарын 10–нд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг соёрхон баталснаар жил бүрийн энэ өдрийг олон улс даяар Хүний эрхийн өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Дэлхийн тив бүрээс хуран цугласан улс улсын тэргүүн удирдагч хамтдаа “Хүн үндсэн эрхтэй, хувь хүн нэр төр, үнэ цэнэтэй, эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй” хэмээн тунхаглаж, хүмүүн төрөлтөн нийтээрээ цоо шинэ харилцаанд дэвших итгэл найдвар бий болсон билээ.

Хүний эрх бол Тогтвортой хөгжлийн зорилгуудын цөм үндэс мөн бөгөөд хүний нэр төр баталгаажаагүй орчинд тогтвортой хөгжил бүрэлдэн биежих арга зам байхгүй.  Хүний эрх бол Тогтвортой хөгжлийн бүх 17 зорилгын хэрэгжилтийн ахиц дэвшлээс хамаарахын нэгэн адил Тогтвортой хөгжлийн зорилгууд нь хүний эрхийн хүрээнд гарах дэвшилтэй шууд уялдаатай хэрэгждэг.

Энэ жил тохиож буй Хүний эрхийн өдрийн сэдэв Ковид-19 цар тахалтай холбоотой бөгөөд цар тахлыг даван туулж, илүү сайнаар цогцлоохдоо хүний эрхийг эн тэргүүнд анхаарахыг цохон тэмдэглэж байна.

Эдүгээ дэлхийн өнцөг булан бүрд охид, хөвгүүд, эмэгтэй, эрэгтэй хүн бүгдээр Ковид-19 цар тахлаас улбаалсан, урьд өмнө тохиож байгаагүй хүндрэл, бэрхшээл, гай гамшигтай тулгарч байна. Тодруулбал, жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдэж, чанартай боловсролын хүртээмж багасч, ажлын байр цөөрч, орлого хумигдаж, хүмүүсийн амьжиргаа доройтож байна.

Бид хүсэн тэмүүлж буй нийтлэг зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бүх хүнд тэгш боломж бүрдүүлэх, COVID-19 цар тахлын үеэр алдсанаас сургамж авч, түүнтэй оновчтой, цогц тэмцэх, хүний ​​эрхийн олон улсын хэм хэмжээг чанд баримтлан тэгш бус байдал, гадуурхах, ялгаварлах зэрэг урьд өмнөөс бугшин хэвшил болсон дэг жаягийг халах хэрэгтэй юм.

Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр бол бид хүсэж мөрөөдөж буй дэлхий ертөнцөд хүний ​​эрхийн ач холбогдол, дэлхий дахины эв санааны нэгдэл, бидний харилцан шүтэлцээ, хүн төрөлхтний нийтийн хэрэгцээ шаардлагаа нэгтгэн хардаг.

Монгол Улс хүний эрхийг хангах үйлсэд ихээхэн ахиц дэвшил гаргасаар байгааг бид талархан тэмдэглэж байна. Тухайлбал цаазаар авах ялыг халсан, бэлгийн чиг баримжаагаар болон хүйсээр ялгаварлан гадуурхах явдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох боллоо. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмийг бий болгох эрх зүйн баталгаа бүрдлээ. Жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эрх, хамгаалал, залуучуудын хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, ахмад настны талаарх хууль тогтоомжоо НҮБ – ын Хүүхдийн эрхийн тухай конвенци, Ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенци, Эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци зэрэг НҮБ-ын холбогдох баримт бичигтэй нийцүүлэн боловсруулж байна. Түүнчлэн иргэдийн оролцоог баталгаажуулах, бодит нөлөөтэй олон тооны хэм хэмжээг батлах, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулах зэргээр ахиц дэвшил гарч байна.

НҮБ-ын Хүний эрхийн төлөө үйл ажиллагааны “Хүний эрхийн төлөө нэгдэцгээе” уриалган дор олон нийт, хамтран ажиллагч түншүүд, НҮБ гэсэн ам бүл бид хамтдаа бодитой, бусдад үлгэрлэхүйц байдлаар цар тахлыг даван,  илүү тэсвэртэй, шударга нийгэм бүтээн байгуулах, хувирган өөрчлөхийн төлөө ажиллаж байна.

Монгол Улс хүний эрх хамгаалагчийн тухай хууль боловсруулан баталж бүс нутгийн улс орнуудад үлгэр жишээ болоосой гэж бид чин сэтгэлээсээ хүсч байна. Мэдээж, хүний эрх, үндсэн суурь эрх чөлөө, түүний дотор амьд явах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний чөлөөт орон зай зэрэг олон эрх, эрх чөлөөг биелүүлэхэд амьдрал дээр тулгамдсан, шийдвэр хүлээсэн асуудал хэвээр байна.

Ковид-19 цар тахал хүн төрөлхтний эв нэгдэл, хамтын ажиллагаа ямар байгааг шалгаж байна. Бид цар тахлыг даван туулахдаа асуудлыг угтан харж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрхийг хүлээн зөвшөөрч, үйл хэрэг болговол зохино. Ялгаварлан гадуурхах, адлах, гадуурхах, ялгаварлан зайлуулах нь хувь хүнийг төдийгүй нийгмийг дордуулж, эмзэг болгодог. Бид бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг, ялангуяа Ковид – 19 туссан өвчтнүүдийг гутаан доромжлохыг тэвчих ёсгүй. Өнөөдөр бүгдээрээ эв нэгдэлтэй байж, бие биедээ, найз нөхөд, хөрш, саахалт айлынхандаа сайхан сэтгэл гаргах, халамжлах, дэмжих мөч мөн. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт, хүн бүрд чиглэсэн нийгмийн хамгаалал бүхий шинэ хэв хэвшил бий болгохын төлөө зүтгэцгээе.

Энэ гамшигт цар тахал үй олон хүнийг эмзэг байдалд оруулж байна, цар тахлын дараа сэргэн босох нөр их ажил гарах нь гарцаагүй. Тэр ажлын эхлэл нь хүний суурь эрхийг эн тэргүүнд хангахад чиглэсэн засаг төрийн үйл ажиллагаанаас шууд хамаарах бөгөөд үүнд анхаарахыг бид Засгийн газарт уриалж байна.

Бид цар тахалтай нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэнд, хууль сахиулах, нийгмийн хамгаалал, бүртгэл, гаалийн байгууллага, хяналт шалгалтын ажилтнууд зэрэг фронтынхонд гүн талархал илэрхийлж байна.

Бид эв санааны нэгдэлтэй байгаа учраас илүү сайнаар хамтдаа сэргэн босох нь эргэлзээгүй.

Хүний эрхийн төлөө хамтдаа нэгдэцгээе.

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
ЮНЕСКО
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБДАЭДК
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд