Өгүүлэл
2025 оны аравдугаар сарын 24
ХАМТДАА ХҮЧТЭЙ: ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ, ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨХ 80 ЖИЛ БА ИРЭЭДҮЙ
Монгол Улс, Улаанбаатар хот – 2025 оны 10 дугаар сарын 24 – Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Монгол улсын Гадаад харилцааны яамтай хамтран НҮБ-ын 80 жилийн ойг тохиолдуулан долоо хоногийн аяныг хэрэгжүүллээ.Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд НҮБ-аас 80 жилийн хугацаанд дэлхий дахинаа гаргасан ололт амжилтаа дүгнэж цэгнэн, ирээдүйн төлөөх үүрэг амлалтаа бататгахыг зорьлоо. Монгол Улс НҮБ-ын гишүүн болсноор тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж буй хэрэг юм.Монгол Улс НҮБ-д 1961 онд нэгдэн орсноос хойш дэлхийн тавцанд энх тайван, яриа хэлэлцээ, дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэхэд уриалан, идэвхтэй оролцдог гишүүн орон байсаар ирсэн бөгөөд тогтвортой хөгжлийн төлөө НҮБ-ын найдвартай түнш байсаар ирсэн билээ. Ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагааг уламжлал ёсоор бид мод тарих үйл ажиллагаагаар эхлүүлсэн. НҮБ-ын 75 жилийн ой, Монгол Улс НҮБ-ын гишүүн болсны 60 жилийн ойг тохиолдуулан 2020, 2021 онд Баянзүрх уулын доройтсон ойн нөхөн сэргээх үйл ажиллагааг үргэлжлүүлэн, НҮБ болон ГХЯ-ны хамт олон хамтран 10-р сарын 10-ны өдөр мод тарих үйлсэд нэгдэв. 10-р сарын 20-ны өдөр “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” хэмээх өндөр түвшний уулзалтаар 80 жилийн ойг тэмдэглэх НҮБ-ын 7 хоногийн цуврал үйл ажиллагаа эхэллээ.Энэхүү уулзалтад засгийн газрын төлөөлөл, хөгжлийн түншүүд, манлайлагч залуус, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид зэрэг НҮБ-ын гол түншүүд оролцов.Энэхүү уулзалтаар 80 жилийн хугацаанд НҮБ-ын дэлхий дахинд оруулсан үнэт хувь нэмэр, олон талт харилцаанд Монгол Улсын оруулсан онцгой хувь нэмрийг дүгнэж ярилцлаа. Түүнчлэн Монгол улсын үндэсний тэргүүлэх зорилгыг дэмжихэд НҮБ болон Монгол улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л. Мөнхтүшиг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын санаачлагуудыг Монгол улс тууштай дэмжих бодлого баримталсаар ирснийг онцлон тэмдэглэв. Тэрээр:“НҮБ-ын эрхэм зорилгод Монгол Улс идэвхтэй оролцож, түүний зорилго, санаачилгыг дэмжиж, олон талт хамтын ажиллагаанд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ” гэв. Энэхүү уулзалтаас гарах үр дүн нэн чухал болохыг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиерден онцоллоо. Тэрээр хэлэхдээ: "Бид зөвхөн өнгөрснийг дүгнэж цэгнээд зогсохгүй, НҮБ-ын ирээдүйг цоо шинээр төсөөлөх учиртай. Наян жилийн түүхэн цаг мөчид НҮБ-ын 80 санаачилгыг хэрэгжүүлж, Монгол улс дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ТХЗ-уудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-тай нягт уялдуулах учиртай" хэмээв. НҮБ-ын ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх долоо хоногийн аян хүрээнд Монгол улс дахь НҮБ-ын зүгээс хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд иргэний нийгмийн түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол улсын оролцоо” сэдвээр олон талт уулзалт зохион байгууллаа.Энэхүү арга хэмжээнд иргэний нийгэм, засгийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR), НҮБ-ын гэрээний хороодын санал зөвлөмж, тэдгээрийн хэрэгжилт, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн бодит шийдлүүдийг ярилцав. НҮБ-ын 7 хоногийн аяны хүрээнд Лхагва гарагт зохион байгуулсан уулзалтаар олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар идэвхтэй хэлэлцүүлэг, үнэтэй саналуудыг залуусын зүгээс дэвшүүлсэн нь Монголын залуучууд ямар эрч хүчтэй, алсын хараатай болохыг тодотгож, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг цогцлоох үйлсэд тэд хичнээн чухал үүрэгтэй болохыг нотлон харуулав. Энэ долоо хоногт мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон улсын жил”-ийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай яриа хэлэлцүүлэг өрнүүллээ. НҮБ-ын долоо хоногийн аяны хүрээнд НҮБ-аас Монгол Улсад 60 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн дүнтэй ажлуудыг олон нийтэд өргөн хүрээнд мэдээлж, танилцууллаа. Монголчуудад тэгш хүртээмжтэй, дэвшилтэт нийгмийг бүтээхэд НҮБ итгэл түнш байсаар ирснийг онцолсон мэдээллийн ажлыг сарын турш өрнүүлсэн билээ. Монгол улс дахь НҮБ-ын Удирдлагын багийн зүгээс НҮБ-ын үйл ажиллагаа, түүний үр дүнг олон нийтэд мэдээлэх, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд уриалсан мэдээллийн аянд нэгдсэн бүх түншүүддээ талархал илэрхийлж байна. Энэ өдрүүдэд бидний хамтын зорилго, сайн сайхан ирээдүйн төлөөх амтлалтаа дахин нотолж, НҮБ-ын түнш, хамтрагч байгууллага, хамт олноос илгээсэн урам зориг өгсөн, баяр хүргэсэн мэндчилгээ байлаа. Түншүүдийнхээ хамт бүтээсэн амжилтын түүхүүдийг онцолсонд бид ихэд урамшиж, гүнээ талархаж байна.Өнөөдөр Монгол Улсын болон НҮБ-ын далбааг мандуулж, мөн төрийн ордоныг энхтайван, харилцан ойлголцлын бэлгэ тэмдэг болсон НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлж, Монгол Улс НҮБ-ын үнэт зүйлсийг дэмжиж, эв нэгдэл, хамтын хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэв. "НҮБ-ын 7 хоног"-ийн хүрээнд манай түнш байгууллагууд #НҮБ80 мэдээллийн аянд нэгдэж, олон хүний амьдралд нөлөөлсөн эерэг өөрчлөлтийн түүх, хамтран хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгээс олон нийтэд өргөн танилцууллаа. НҮБ-ын өдрөөр Улаанбаатар хотын Соёл амралтын хүрээлэнгийн алсын харагч дээр Голомт банкнаас баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын цагдаагийн ерөнхий газраас НҮБ-ын далбааг Богд ууланд мандуулж баяр хүргэх зэргээр НҮБ-ын 80 жилийн ойд гайхалтай мэндчилгээ бидэнд илгээсэн бүх түншүүдээ гүн талархал илэрхийлье. Энэ бүхэн энх тайван, хөгжлийн төлөөх бидний урт хугацааны хамтын хүчин чармайлтын илэрхийлэл юм. НҮБ-ын 7 хоногийн тойм видео хүлээн авна уу.