Блог: Малчдын нийгмийн хамгаалал, гамшгийн эсрэг хариу арга хэмжээг сайжруулах нь
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишрагийн бичсэн блог
2020 оны 2-р сарын 20-ны өдөр. Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Гадаах агаарын хэм -30°C орчим хүйтэн байсан санагдана. Цас нэлээд хунгарласан уулын энгэрт өвөлжиж буй малчны хотод жавар тачигнаж байлаа. Их цас орсон учраас манай машин цасанд суугаад, цааш явах боломжгүй болсон тул бид уулын энгэр дэх өвөлжөө рүү явган алхаж хүрсэн юм.
Монгол дахь НҮБ-ын Суурин Зохицуулагчаар томилогдож ирснээсээ хойш анх удаа Монгол орны хүйтэн, ширүүн өвлийг биеэр мэдэрсэн маань энэ байлаа. Тогтвортой хөгжлийн зорилгын Хамтарсан сангаас санхүүжүүлсэн НҮБ-ын анхны Хамтарсан хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас бүрдсэн НҮБ-ын хамтарсан баг Монгол Улсын баруун зах хязгаарт орших Завхан аймагт эхлүүлэх томилолтоор явсан юм.
Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг суурьшсан, далайд гарцгүй Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай янз бүрийн байгалийн гамшиг болон цочролд өртөх нь элбэг. Биднийг томилолтоор ажиллах үед Монгол орны баруун аймгуудад зуд нүүрлэсэн байв. Зуд гэдэг нь зундаа гантай байсны улмаас бэлчээр хомсдож, малын өвс тэжээл бэлтгэж чадаагүй тохиолдолд өвөл их хэмжээний цас орж, бэлчээр цасаар хучигдсаж, улмаар мал өлдөж, өлсөж, осгож олноороо үрэгдэх цаг агаартай холбоотой байгалийн онц үзэгдэл юм. Бид зудын үнэлгээнээс гадна тухайн үед дэлхий дахинаа ихээхэн гамшиг учруулж байсан КОВИД-19 цар тахалд Монгол улс бэлэн эсэх үнэлгээг ч мөн хийсэн билээ.
Монголын хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг малчдын байгалийн гамшиг болон бусад төрлийн гамшиг цочролд эмзэг өртөмхий байдлыг нийгмийн хамгааллын цогц үйлчилгээгээр дамжуулан бууруулах зорилго бүхий “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” гэх НҮБ-ын агентлагуудын Хамтарсан Хөтөлбөрийг эхлүүлэхэд хамгийн тохиромжтой үе байлаа.
Бэлчээр, усаа даган эргэх дөрвөн улиралд нүүдэллэж амьдардаг хагас нүүдлийн амьдралын хэв маяг нь эдүгээ малчид өрхийн нэлээдгүй хэсгийг гамшигт өртөмхий, амьдралын нөхцөл тааруу, ядуу амьдрах нэг шалтгаан нь болж байна. Төвөөс алс зайдуу амьдрах тэд нийгмийн суурь үйлчилгээг хүртэхэд ч олон сорилттой тулгардаг.
Малчдын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх нь
Нийгмийн хамгаалал бол байгалийн гамшигт үзэгдлээс үүдсэн аливаа цочролын сөрөг нөлөөллийг бууруулах нэг арга зам юм. Манай Хамтарсан хөтөлбөр малчдыг нийгмийг даатгалд хамруулах нь тэдний нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй арга гэдгийг тодорхойлсон. НҮБ-ын судалгаанаас харахад малчдын 20 хүрэхгүй хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан бөгөөд дөнгөж 40 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байв.
Малчдыг нийгмийн даатгалд хамрагдахаас цааргалах явдлыг арилгах хүчин зүтгэлийнхээ хүрээнд бид богино хугацаанд илүү үр дүнд хүрэх боломжтой арга барилыг нэгэнт тогтсон институтийн бүтэц суурь болон боломжит нөөцөд түшиглэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ шинэлэг бөгөөд уламжлалт бус арга барилуудыг ч давхар эрэлхийлсэн юм. Тухайлбал, малчдын хоршоо нөхөрлөлийн гишүүдийн дунд нийгмийн даатгалын хураамж төлөхөд уян хатан, бүтээлч, шинэлэг арга замуудыг санаачилж, даатгалд хамрагдах сонирхлыг нь өдөөж байв.
Бид Насан туршийн боловсролын үндэсний төв (НТБҮТ), малчдын хоршоо нөхөрлөлүүд болон бэлчээр ашиглагчдын бүлгүүд зэрэг уламжлалт бус түншүүдээс гадна үйлдвэрчний эвлэл, ажил олгогч байгууллагууд болон нийгмийн даатгалын хэлтсүүдтэй хамтран малдчын дунд нийгмийн даатгалд хамрагдахын үр өгөөжийг сурталчлан танилцуулсан юм. Нийгмийн даатгалын үр өгөөжийг хүртсэн малчид ч мөн сайн ухуулагчид болж байлаа.
2021 онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар НҮБ-ын Хамтарсан хөтөлбөр эвлэлдэн нэгдэх болон хамтын хэлэлцээ хийх зэрэг хөдөлмөрийн эрхийн үндсэн зарчмуудыг илүү их дэмжиж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн зүгээс ОУХБ-ын санаачлагаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад туслах малчдаар гишүүнчлэлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн нь улмаар үндэсний хэмжээний кампанит ажил болж өргөжсөн байна.
Цочролд хариу арга хэмжээ авах байдлыг сайжруулах нь
Монгол улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд илэрсэн дутагдалтай талуудын нэг нь цочролд хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах асуудал байдал юм. Цочрол тохиолдох үед түүнд хамгийн ихээр өртсөн, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст нэн яаралтай тусламж үзүүлдэг байх хэрэгтэй. Цочролд хамгийн түрүүнд, хамгийн ихээр өртөж, хамгийн их дэмжлэг авах шаардлагатай бүлгүүдийн нэг бол хүүхдүүд юм.
Цаг агаарын үзэгдлийн улмаас гэмтэж бэртэх, түүнчлэн амь эрсдэх аюул төдийгүй сургууль завсардаж, амьжиргаа доройтсон улмаас шимт хоол хүнсээр гачигдах, өлсгөлөнд нэрвэгдэх зэргээр аливаа цочрол гамшгийн хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө нь үлэмж их байдаг.
Зудын болон гамшгийн үнэлгээ хийж буй манай баг Завхан аймгийн өвөлжилт нэлээд хүндэрсэн сум болох Тосонцэнгэл сумын малчин Мөнхжаргалын гэр бүлд зочилсон юм. Тэд 1-15 насны дөрвөн хүүхдийн хамт алс бөглүү ууланд өвөлжиж байв. Тэднийх ноолуур, цагаан идээ гарах үед л жаахан орлого олдог.
Малчдын цочролд бэлэн байж, даван туулах чадварыг бэхжүүлэх НҮБ-ын Хүүхдийн Сангийн арга барил нь Засгийн газраас шинэлэг санаачилга болгон хэрэгжүүлж буй гамшгийн үеийн хүүхэд хамгааллын хөтөлбөрүүдийн нэг болох Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хүрээнд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байв. Банкны үйлчилгээ, хүний нөөц, хяналт мониторингийн систем нь хэдийнэ бүрэлдэн тогтсон Монгол Улсын нийгмийн халамжийн одоогийн тогтолцоонд түшиглэн ажилласнаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гамшиг цочрол, онцгой байдлын үед үндэсний хэмжээний бэлэн байдлыг хангах болон хариу арга хэмжээг эрт төлөвлөх арга хэрэгсэл болгон түр хугацаанд, шуурхай өргөжүүлсэн юм.
Тухайлбал, биднийг халуун дотноор зочилсон Мөнхжаргалынх хүүхдийн мөнгөө хүүхдүүддээ өвлийн гутал хувцас, амин дэм болон эм авахад зарцуулсан байв.
Зудын улмаас эрсдэлд ороод байсан хөдөөгийн олон хүүхэд энэхүү санхүүгийн дэмжлэгийн үр шимийг хүртсэн юм. Малчид хүүхдийн мөнгөн тэтгэмж нэмэгдсэн нь хүүхдээ аливаа эрсдэлээс сэргийлж, нэн шаардлагатай хэрэгцээнд нь зарцуулахад нь цагаа олсон дэмжлэг болсоныг сайшааж байлаа.
Эмзэг байдлыг бууруулах эдгээр арга хэмжээний шууд үр өгөөжийг үнэлж, Монгол Улсын Засгийн Газар 2022 оны арванхоёрдугаар сард тус хөтөлбөрийг өргөжүүлж, 18 нас хүрээгүй хүүхэд бүрийг хамруулахаар шийдвэрлэсэн.
КОВИД-19 цар тахлын удаан хугацааны хөл хорионы улмаас олон өрхийн амьжиргаа доройтсон бөгөөд энэ үед Хүүхдийн мөнгөн тэтгэмж олон өрхийн амьжиргаагаа залгуулах гол эх үүсвэр болж байв.
Энэхүү мөнгөн тэтгэмж нь одоогийн тогтолцоог ашиглан үндэсний болон орон нутгийн нийгмийн халамжийн тогтолцоонд нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр саадгүй хэрэгжсэн байна. Мөнгөн тэтгэмжид ямар нэгэн банкны хураамж ногдоогүй бөгөөд өрхийн зээл эсвэл хүүгийн төлбөрт зарцуулагдаагүй учраас тус хөтөлбөрийг одоогийн тогтолцоогоор хэрэгжүүлэх нь үр шим хүртэгчдэд шууд хүрч, хэрэгцээг нь хангах хамгийн бага захиргааны өртөгтэй шийдэл болсон юм.
Ийм учраас, энэхүү хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өсөн нэмэгдэж буй цаг агаарын онц ноцтой үзэгдэл зэргээс хүүхдийн сайн сайхан байдлыг хамгаалах арга хэмжээг эртнээс, цаг алдалгүй авч хэрэгжүүлэх туйлын амжилттай шийдэл болсон билээ.
Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээний цаашдын үр өгөөж
Миний бие 2022 оны 4-р сард Завхан аймагт дахин зочлохдоо төслийн хаалтын арга хэмжээний үер зарим төслийн бодит үр дүнгийн заримыг нь нүдээр үзээд туйлын их баярласан билээ.
Тус төсөл нь эцсийн дүндээ малчдыг урт хугацаанд хараат бус байдлаа бэхжүүлэх тогтвортой арга замаар цочрол болон эмзэг байдалд илүү тэсвэртэй болгохыг зорьсон юм. Энэ хүрээнд, ХХААБ-аас Даван туулах чадварын индексийн хэмжилт, шинжилгээний (RIMA) хэрэгслээр малчдын гамшгийг даван туулах чадавхыг сайжруулах дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн, НҮБ-ын Хүн амын сангаас малчдын хувиараа бизнес эрхлэх ур чадварыг дэмжиж, гарааны бизнес эхлүүлэхэд нь тусалсан юм.
Завхан аймгийн Их-Уул сумын малчин Отгондэмбэрэл 2022 оны наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлах үеэр ажил үйлсээсээ танилцуулсан юм. Тэрээр НҮБ-ын Хамтарсан хөтөлбөрийн дэмжлэгээр мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан арьс, шир боловсруулах жижиг төсөл эхлүүлсэн байна. Ингэснээр нэмэлт орлоготой болж, гэр бүлээрээ эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж чаджээ.
Төслөөр хэрэгжүүлсэн ажлуудыг эргэн харвал, 14 гарааны бизнес хэдийнээ хөл дээрээ босож, малчдын амьжиргааг сайжруулахад хувь нэмэр оруулж эхэлжээ. Эдгээр гарааны бизнесүүд нь манай төслийн хувиараа бизнес эрхлэх ур чадварыг сайжруулах санхүүгийн болон маркетингийн сургалт зэрэг бизнес бойжуулах үйлчилгээний үр шимийг хүртсэн юм.
Бид малчдын бизнесийн ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ амьдралын ур чадварын сургалтад хамруулах замаар бие махбодын болон нийгмийн эрүүл мэндийг нь дэмжих шаардлагатай байсан юм. Ийнхүү, хүмүүстэй харилцан ойлголцох ур чадвар, согтууруулах, мансууруулах бодисын буруу хэрэглээнээс татгалзах, стрессээ удирдах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийн талаарх мэдлэг ойлголтоо дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалт явуулсан нь бидний бүрэн цогц арга барилын амин чухал хэсэг байсан билээ.
Монгол Улс дахь НҮБ-аас хэрэгжүүлсэн эдгээр практик арга барилын үр дүнд үндэсний хэмжээнд малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамралт таван хувиар нэмэгдсэн гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлжээ. Харин хөтөлбөрийн зорилтот аймаг буюу Завхан аймгийн таван суманд малчдын нийгмийн даатгалд хамрагдах нь 10 хувиар өсөв.
Ийнхүү, ТХЗ-ын Хамтарсан сангийн санхүүжилтээр Монгол дахь НҮБ-ын дөрвөн агентлаг үйл ажиллагаагаа өөр хоорондоо уялдуулж, орхигдох эрсдэлтэй, эмзэг бүлгүүдийн нэг болох малчдын гамшгийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрийг илүү сайн хэрэгжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэж, санхүүжилтыг татан төвлөрүүлж чадсан юм. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө агентлаг тус бүр өөрийн онцлог бүхий, хамгийн сайн нөөц бололцоогоо ашиглаж ажиллалаа. Энэ нь НҮБ-ын тогтолцоо нэгдмэл бөгөөд хамтын хичээл чармайлтаар түнш орнууддаа эерэг суурь өөрчлөлтийг авчрах болно гэсэн амлалтаа хэрэгжүүлж чадна гэдгийг баталсан юм.