Е. Кана: Та нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын ажилд гар бие оролцоорой.
НҮБ-ын Сайн дурын ажилтны хөтөлбөрт хамрагдсан миний түүхээс
Сайн байна уу. Намайг Кана Эндо гэдэг. Би Япон Улсын иргэн бөгөөд Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 2 дугаар сар хүртэл мэдээлэл харилцаа, олон нийттэй харилцах олон улсын сайн дурын ажилтнаар ажиллаж байна.
Олон улсын сайн дурын ажилтны өдрийг тохиолдуулан Монгол дахь НҮБ-д сайн дурын ажил хийж буй өөрийн туршлага, сэтгэгдлээсээ хуваалцаж байна. Надаас гадна 3 сайн дурын ажилтан НҮБ-д ажиллаж байгаагийн хоёр нь гадаад, нэг нь Монгол.
Би багадаа шинэ зүйл сурах эрмэлзэлтэй ч дотогшоо, нээлттэй бус хүүхэд байсан. Гэвч би англи хэл болон олон улс орны соёлын талаар суралцах хүсэлтэй байсан. Хэзээ нэгэн цагт гадаад улс оронд суралцана гэж мөрөөдөж байлаа.
Миний энэ мөрөөдөл 2019 онд биеллээ олж, АНУ-ын Ореган мужийн Лэйн Коммунити коллежид суралцах болсноор миний амьдралд цоо шинэ хуудас нээгдсэн юм.
Харамсалтай нь КОВИД-19 цар тахал олон хүний амьдралд нөлөөлсний адил миний хувьд АНУ-д суралцах боломж хязгаарлагдсан.
КОВИД-19 цар тахлаас болж АНУ-д Ази гаралтай иргэдийг арьс, үндсээр ялгарлан гадуурхах хандлага илт нэмэгдэх болсон нь миний хувьд ирээдүйн төлөвлөгөөг эргэн харахад хүргэж би Япон улсдаа эргэж ирсэн. Ингээд, би Мэйжи Гкауин Их сургуульд шилжин суралцаж байгаа бөгөөд одоо олон улсын харилцааны төгсөх курсын оюутан.
Амьдралын туршлага, боломжууд миний ертөнцийг үзэх үзэл, амьдралыг үнэ цэнийг харахад нөлөө үзүүлсэн гэж би боддог. Бидний амьдарч буй дэлхий ертөнцөд тулгарч буй аливаа асуудалд анхаарал хангдуулж өөрийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж эхэлсэн.
Тиймээс ч өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж болох сайхан боломжийг олгож буй НҮБ-ын Сайн дурын хөтөлбөрт хамрагдахаар зориглон шийдсэн.
Өмнө дурьдсанчлан би одоо ч гэсэн шинэ, танил бус орчинд чимээгүй, нээлттэй байхдаа сул. Гэхдээ үнэхээр нийгмийн сайн сайхан үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг хүсэхэд таны чимээгүй, сул байх нь тийм ч чухал биш. Өөрийгөө хөгжүүлэх цорын ганц хүн нь би өөрөө. Тийм болохоор би байнга өөртэйгээ ажиллаж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямагт шинэ боломжийг эрэлхийлж байна.
Би одоо Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилд дэмжлэг үзүүлж байна. Миний гол үүрэг дижитал орчинд хөгжлийн асуудлыг хөндсөн контент хийж бэлтгэхээс гадна НҮБ-аас Монгол улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах зэрэг ажилд гар бие оролцож байна.
НҮБ-аас олон улсын түвшинд дэвшүүлж буй асуудлуудыг Монгол улсын хувьд хэрхэн нөлөөлж болох талаар мэдээллийг нутагшуулж хүргэх нь миний хувьд хамгийн том сорилт болж байна. Гэхдээ энэ ажлыг хийх явцдаа би маш их суралцаж байна.
Дэлхийн хамгийн том байгууллага болох НҮБ-д ажиллаж буй энэ завшаан дэлхий нийтэд тохиож буй аливаа асуудлыг шинэ өнцгөөс харах боломж өгч байна. Сайн сайхан ирээдүйг бүтээх, өөрчлөлт шинэчлэлийг авчрах асар хүч залуучуудад байна гэдгийг би илүү ихээр ухаарч байна.
Монгол дахь НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч залуучуудтай танилцсандаа маш их баяртай байгаа. НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороо, НҮБ-ын Нийгэмлэгийн Залуу төлөөлөгч хөтөлбөр, МУИС-ийн дэргэдэн Загвар НҮБ хурал зэрэг хөтөлбөрүүдэд оролцож байна, монгол залуус нийгмийнхээ сайн сайхны төлөө үе тэнгийнхний манлайлан оролцож буйг хараад бахархаж байна.
НҮБ-ын сайн дурын ажилтнаар ажиллах нь миний хувь маш үр өгөөжтэй хэрэг юм. Монгол, Япон Улсын хооронд таван цагийн зайтай нислэгтэй боловч үнэнийг хэлэхэд НҮБ-д ажиллахаас өмнө би хэзээ ч Монгол Улсад ажиллаж амьдарна гэж огтхон ч төсөөлж байгаагүй.
Эцэст нь, та ч гэсэн бусдын сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахад хэзээ ч оройтохгүй гэж хэлмээр байна. Хамгийн хүнд сорилт, шийдвэр заримдаа танд хэзээ ч байгаагүй шинэ боломжийг нээж өгдгийг бүү мартаарай. Өөртөө итгэлтэй байж, шинэ зүйлд өөрийгөө сориорой. Таны амьдралыг харах өнцөг өөрчлөгдөх болно.
НҮБ-ын сайн дурын хөтөлбөрөөр дамжуулж өөрийн хүсэл тэмүүллийг олж, ур чадвар, авъяасаа хөгжлүүлэх боломж танд ч бас нээлттэй.
Та хүсвэл өөрийгөө сориод үзээрэй.