Нийгмийн даатгалын системээр дамжуулан малчдын цочролд тэсвэртэй байдлыг сайжруулах нь
Хямрал, цочролд нэврэгдэх цагт нийгмийн даатгал нь малчдыг ядууралд өртөхөөс хамгаалж байна:
“Би 15 жил мал маллаж байна. Гэвч, мал малласан эдгээр жилүүдийг хөдөлмөр эрхэлсэн гэж бүртгүүлж чадаагүй, бас сайн дурын даатгалд хамрагдаагүй байсан” гэж Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат өдгөө жаран настай Авилдолдагийн Бударах гуай ярив. "Одоо би тэтгэвэрийн нас хүрсэн ч, тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна."
Мал маллахыг албан бус, хувиараа хөдөлмөр эрхэлдэгт тооцдог тул малчид нийгмийн даатгалд сайн дураараа хамрагдаж шимтгэл төлдөг. Гэвч Монгол улсын нийт хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг малчдын дийлэнх нь (бараг 85 хувь) Булдарах гуайн нэгэн адил нийгмийн даатгалд хамрагдаагүй тул үр шимийг нь хүртэж чадахгүй байна.
Нийгмийн даатгалд хамрагддаг малчдын тоо ийм бага байгаа нь ихэнхдээ, малчид нийгмийн даатгал, түүний ашиг тусын талаар мэдлэг дутмаг байгаатай холбоотой аж.
Малчдыг нийгмийн даатгалд хамруулах нь тэднийг цаашид ядуурал, уур амьсгалын нөлөөллөөс шалтгаалсан цочролд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга зам гэж "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" НҮБ-ын хамтарсан хөтөлбөр үзэж байна. Иймд, уг хөтөлбөрийн хүрээнд малчдад сайн дурын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ашиг тусын талаар сурталчлан таниулахад анхаарч байна.
Нийгмийн даатгалын ажилтнуудыг чадавхжуулж, мөн малчид бие биенээсээ суралцаж байна
Алслагдсан бүс нутагт тархан суурьшсан малчдад мэдээлэл хүргэж уламжлалт, үр дүнтэй арга замуудын нэг нь нийгмийн даатгалын ажилтнуудыг сургаж, чадавхжуулах явдал гэж үзэж байна.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нийгмийн даатгалын мэргэжилтэн н.Алтанбек 2021 оны зун малчдыг сайн дурын нийгмийн даатгалд хамруулах асуудлаар сурталчлан таниулах ажлынхаа үеэр Б.Булдарах гуайд 2017 онд Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан 2021 оны эцэс хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх нэмэлт өөрчлөлтөөр малчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох талаар тайлбарлаж өгсөн.
Нийгмийн даатгалын ашиг тус гагцхүү өндөр насны тэтгэврээр хязгаарлагдахгүй. Монгол Улсын сайн дурын нийгмийн даатгалд тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа сэргээх тэтгэмж, нөхөн сэргээх эмчилгээний тэтгэмж багтдаг.
Малчид зуд, үер, шороон шуурга зэрэг цаг агаарын нөлөөллөөс шалтгаалсан цочирдолд өртөмтгий байдаг. Ийм нөхцөл байдал нь тэднийг ажил мэргэжлээс шалтгаалсан гэмтэл авах эрсдэлтэй болгодог.
Завхан аймгийн Идэр сумын малчин Довоогийн Батсайхан малаа хариулж яваад тэмээнээс унаж хөл, мөрөндөө гэмтэл авсаны улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны нөхөн төлбөрийг авчээ. Учир нь түүний гэргий Нийсүрэнгийн Амарбаясгалан нь НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан малчдад зориулсан сургалтад хамрагдаж, ийм төрлийн тэтгэмжийг нийгмийн даатгалаас авах боломжтойг олж мэдсэн аж. Тэд сайн дурын нийгмийн даатгалд 17 жил хамрагдсан ч, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны нөхөн төлбөр зэрэг бусад тэтгэмжийн талаар төдийлөн мэддэггүй байсан гэв.
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ашиг тусын талаарх мэдээлэл, мэдлэг түгээх нь малчдын сайн дурын даатгалд хамруулахыг нэмэгдүлэхэд хангалтгүй байв. Учир нь олон даатгалд хамрагдахын ашиг тусыг мэддэг ч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх бэлэн мөнгөөр дутагддаг.
Малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх уламжлалт бус арга замууд
НҮБ-ын хамтарсан хөтөлбөр нь малчдын, ялангуяа эмзэг бүлгийн малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх бусад шинэлэг арга барилуудыг туршиж үзсэн. Энэхүү туршилтын арга хэмжээнд малчдын хоршоо, бэлчээр ашиглагчдын бүлэг зэрэг малчдын бие даасан байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэв.
Цөөн малтай, даатгалын шимтгэлээ төлөх бэлэн мөнгөгүй, орлого багатай малчид хоршоодтойгоо хамтран ажиллаж, үр шимийг хүртээд байна. Малчид мал, түүхий эд зэрэг бэлэн бус төлбөрийг хоршоодод даатгалын шимтгэл болгон төлж байхаар болжээ.
Завхан аймгийн Идэр сумын Хатан идэр хоршооны тэргүүн Сэнгэжавын Бямбацэрэн сумынхаа хоршооны гишүүд, малчдад нийгмийн даатгалын ашиг тусыг сурталчлан таниулах чиглэлээр орон нутагтаа ажиллахаар бэлтгэгдсэн.
Хэлж ирдэггүй хямрал, гамшиг тохиоход малчдад “аврал” мэт нийгмийн даатгалын ашиг тусыг таниулж, тэднийг даатгалд хамрагдахыг идэвхтэй уриалагч С.Бямбацэрэн малчидтай ганцаарчлан уулзаж, ярилцахад тэд ихээхэн сонирхож, мэдээлэл авдаг тухай ярив.
Малчдын аж ахуй эрхлэх ур чадвар, орлогоо нэмэгдүүлэх ур чадварыг дэмжих нь малчдын гамшиг цочролд бэлэн байх, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, мөн хөгжиж дэвших боломжийг олгох үр дүнтэй арга байх болно. Иймд НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд сүү, арьс шир, мах боловсруулах зэрэг мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг ажил, амьдралын мэдлэг олгох өргөн агуулгатай “Малчин хөтөлбөр”-ийг амжилттай судлаад байна.
Цочролд шуурхай хариу үзүүлэх нийгмийн даатгалын үндэсний чадавхыг бэхжүүлэх нь
ОУ-ын Хөдөлмөрийн Байгууллага тэргүүлэн, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг НҮБ-ын системийн дөрвөн байгууллагаас хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хамтарсан хөтөлбөрийн үр дүнд 2020-2021 онд улсын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах иргэдийн тоо дунджаар таван хувиар өссөн гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлээд байна. Харин Завхан аймгийн зорилтот таван суманд малчдын сайн дурын даатгалд хамрагдалт 10 хувиар өсчээ.
Туршилтын үйл ажиллагааны үр дүнгээс үзвэл, шинэ санаачлага, тууштай хүчин чармайлт тэр дундаа малчдын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, малчдын байгууллагаар дамжуулан хөшүүргүүд зэргийг хэрэгжүүлбэл, малчдын нийгмийн хамгааллын тогтолцоонд хамрагдах хүрээг үндэсний хэмжээнд нэмэгдүүлэх боломжтойг нотлон харуулсан бөгөөд хамтарсан хөтөлбөр нь цаашлаад, цочролын үед хариу арга хэмжээ авах асуудлыг нийгмийн хамгааллын тогтолцооны нэг хэсэг болгох чиглэлээр сурталчлан таниулах ажил хийж гүйцэтгээд байна.
НҮБ-ын "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хамтарсан хөтөлбөр нь Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудыг тус улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд хамтран шийдвэрлэхийг зорьсон анхны хамтын хүчин чармайлтын нэг юм.
Энэхүү хөтөлбөр нь үндэсний нийгмийн хамгааллын тогтолцоон дахь хамгийн стратегийн, өөрчлөлт шинэчлэлийн шинжтэй бодлогын сорилт бэрхшээлүүдээ шийдвэрлэхэд нь зориулж нотолгоонд суурилсан шийдлүүдийг санал болгох зорилготой байв. Уг хамтарсан хөтөлбөрийг НҮБ-ын системийн байгууллагуудын нэгдсэн бодлогын дэмжлэг, стратегийн санхүүжилтийн нэгдсэн механизм болох ТХЗ хамтарсан сангаас санхүүжүүлэв.
---
Монгол дахь ОУХБ-ын мэдээлэл харилцааны зөвлөх Б.Жавхлан болон НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газрын Мэдээлэл харилцааны ажилтан Д.Соёлмаа бэлтгэв.