Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй: НҮБ-ын Суурин зохицуулагч Үндэстний цөөнх цаатны отогт зочиллоо
НҮБ-ын Суурин зохицуулагч цаатны отогт зочиллоо.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра энэ сарын 1-ний өдөр Монгол орны хоймор нутгийн эзэд болох цаатан (духа) иргэдтэй уулзахаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2-р багийн нутаг Баруун тайгын Мэнгэбулагт нутаглаж буй цаатны отогт зочиллоо. Хөгжлөөс алслагдмал аж төрөх эдгээр иргэдэд хүрэхийн тулд гурав хоногийн турш аялсны дотор машинаар хүрэх боломжгүй бартаат замаар 7 цаг гаруй мориор явж хүрчээ.
Түүний айлчлалын гол зорилго нь цаатан иргэдийн амьдрал ахуй, соёлтой танилцахын зэрэгцээ тэдний хүсэл тэмүүлэл, мөн тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал бодлыг нь сонсох явдал байв.
Хамгийн ойрын суурингаас 30 км-ийн зайд амьдрах цаатнуудын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол эрүүл мэндийн үйлчилгээ аж. Яаралтай тусламж дуудахад дор хаяж 1-2 өдрийн дараа эмч ирдэг талаар цаачин Б.Наранжаргал хэллээ. Тэд эмнэлгийн тусламж хэрэгтэй үед сумын төвтэй холбогдох ямар харилцаа холбоо байхгүй тул ийнхүү хугацаа алддаг тухай ярьлаа.
НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзахдаа тэд үр хүүхдүүдийнхээ боловсролд санаа зовж буйгаа илэрхийлж байв. Тухайлбал, Б. Болормаа хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлэх нь нэн тэргүүний хүсэл гэдгийг уламжлав. Тэд сумын төвдөө сургалтын иж бүрэн төхөөмжтэй, биеийн тамирын талбай, танхимтайгаас гадна дулаан, тохилог, тав тухтай дотуур байртай сургуульд үр хүүхдүүдээ сургаж, чанартай боловсрол эзэмшүүлэх хүсэл мөрөөдөлтэй.
Гэвч 2000 онд нутгийн урчуудын гараар баригдсан сумын сургуулийн барилга стандартын шаардлага хангахгүй, нэн яаралтай стандартын тохьтой сургуултай болох нь нэн чухал гэж сумын Засаг дарга Б.Цэрэн-Очир ярив. Тэрээр өвлийн -40 хэм хүртэлх хүйтэрдэг энэ нутагт дотуур байрны халаалтын систем нь ажилладаггүй тул хүүхдүүд хахир өвлийн хүйтнээр гадаа модон жорлон ашиглах байгаад сэтгэл зовниж буй аж.
НҮБ-ын Суурин зохицуулагч цаатан болон дархад иргэдийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, түүний дотор дотуур байранд амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд дотуур байрны халаалтын системийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.
Мөн тэрээр энэ айлчлалаараа тогтвортой эко соёлын аялал жуулчлалыг зөв зохион байгуулах аваас цаатан иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих асар их нөөц боломжтой гэж үзэж байна.
"Онгон дагшин байгаль, биологийн олон янз байдлаараа алдартай Хөвсгөлийн тайгаар цаан сүргээ даган нүүдэллэн амьдардаг цаатан иргэдийн өвөрмөц соёл нь гадаад дотоодын жуулчдыг татдаг бөгөөд аялал жуулчлалыг оновчтой зохион байгуулах нь нутгийн иргэдийн хөгжил, амьдрал ахуйд ихээхэн тустай юм” гэж Тапан Мишра гэв.
Цаатан иргэдтэй мөн ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, тэжээллэг хоол хүнсний хангамж, зөв хооллолт зэрэгт анхаарахаас гадна байгаль орчноо хамгаалахын тулд хог хаягдлын менежментийг шийдвэрлэх зэрэг бусад сорилтуудыг ч шийдвэрлэх шаардлагатай талаар ярилцав.
Мөн тэрээр шинжлэх ухаан, технологийн дэвшил, цахим хөгжил, инновацийг нэвтрүүлэх замаар цаатан иргэдийн амьжиргааг дээшлүүлж, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтойг онцоллоо.
“НҮБ нь тогтвортой хөгжлөөс хэнийг ч хоцроохгүй байх зарчмын дагуу хүн бүр хөгжлийн үр шимийг ижил тэгш хүртэх ёстой гэж үздэг. Тиймээс, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө НҮБ-ын зүгээс үндэсний цөөнх цаатан иргэдийн эрхийг хангаж, тэдэнд тогтвортой, хүртээмжтэй хөгжлөөс хүртэх боломжийг бүрдүүлж, хэрхэн дэмжиж ажиллах талаар санал бодлыг нь сонслоо" гэж НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра онцлон тэмдэглэв.