Блог: Далайд гарцгүй Монгол Улсын Цахим Үндэстэн болох замнал: Ахиц дэвшил, сорилтууд
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч, Тапан Мишра
Далайд гарц үгүй ч үргэлжийн “цэлмэг хөх тэнгэртэй” Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг (ТХЗ) хэрэгжүүлэх үйлсээрээ жишиг орон байх асар их нөөц бололцоотой гэдэгт би итгэдэг. Монгол Улс нь цахим хөгжлийн боломжоо ашиглан цахим шилжилтийн замналд хэдийнээ орсон.
Өнгөрөгч Есдүгээр сарын 5-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд (ЦХИХХ) эрхэмсэг ноён Ц. Баатархүүтэй уулзаж байхад тэрээр Монголын цахим хөгжлийн чадамжийг онцлохдоо “Монгол Улс нь далайд гарцгүй хэдий ч оюун санааны хувьд түгжигдмэл бус учир бид бүхэнд цахим ертөнцөд аялах хязгааргүй боломж бий” хэмээн тэмдэглэсэн юм. Түүний зөвөө. Монгол Улсын хувьд цахим шилжилт нь зөвхөн технологи нэвтрүүлэх төдий биш бөгөөд ТХЗ-ыг хэрэгжүүлэх нэн чухал нөхцөлийг бүрэлдүүлж байгаа гэсэн үг юм.
Нэг сая таван зуун мянга гаруй хавтгай дөрвөлжин км өргөн уудам газар нутагтай, 3.5 сая хүрэхгүй хүн амтай, дэлхийн улс орнуудын хүн амын нягтрал хамгийн багатай нэгэн болох далайд гарц үгүй хөгжиж байгаа Монгол Улсад цахим харилцаа холбоо саяхныг хүртэл олон монголчуудын алс холын мөрөөдөл байсан. Гэсэн ч Монгол Улс цахим хөгжилд маш том ахиц дэвшил гаргаж, сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүс нутагт үлгэр жишээ орон болж байна.
Монгол Улсын Цахим хөгжлийн онцлох амжилтаас:
Цахим хөгжлийн замналд тууштай орсноо Монгол Улсын Засгийн газраас 2024 оны Есдүгээр сарын 18-ны өдөр бахархалтайгаар зарласан. Түүнчлэн НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 193 орноос 46 дугаар байрт орж, 2022 онд 74 дүгээр байр, 2020 онд 92 дугаар байрт орж байсантай харьцуулахад мэдэгдэхүйц үсрэлт хийсэн. Мөн Монгол Улсын нийт хүн амын 99 орчим хувь нь үүрэн холбооны 4G/LTE сүлжээнд холбогдож, 100 хүн ам тутамд 117.9 гар утасны өргөн зурвасын интернетийн захиалга ногдож байна. Энэхүү гайхалтай ахиц дэвшил нь 2020 онд Монгол Улс Цахим Үндэстэн болох амбицтай зорилт дэвшүүлж, их үйлсийн гараагаа эхлүүлснээс үүдэлтэй.
Монгол Улсын Цахим шилжилтийн гол цөм нь төрийн 1170 гаруй үйлчилгээг 1.7 сая гаруй иргэндээ цогцоор үзүүлж буй цахим систем болох Е-Mongolia платформ юм. Энэхүү платформ нь газар зүйн алслагдмал байршлаас улбаалсан саад бэрхшээл, засаг захиргааны болон логистикийн хүнд суртлын сорилтуудыг даван туулж, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэйгээр, цаг тухайд нь, зардал чирэгдэл багатай хүргэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтууд
Нааштай алхамууд хийж байгаа хэдий ч цахим хөгжилд гарч буй ахиц дэвшил улс орон даяар авч үзвэл жигд бус байна. Дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс орны нэг болох Монгол Улсад цахим хөгжлийн хүчирхэг дэд бүтцийг бий болгоход хялбар биш бөгөөд өндөр өртөг шаардагдах өвөрмөц сорилтуудтай тулгарч байна. Түүнчлэн, нүүдэлчин амьдралын хэв маягаа хадгалсаар алслагдсан бүс нутгуудад амьдарч буй олон мянган малчдад цахим үйлчилгээг найдвайртайгаар хүргэх нь амаргүй бөгөөд өртөг зардал ч өндөр гарах сорилт тулгарч байна.
Монгол Улс нь харилцаа холбооны дэд бүтэц, үйлчилгээг сайжруулж байгаа ч иргэдийн цахим ур чадвар, тоон бичиг үсгийн боловсролын түвшинг хэмждэг хүмүүн капиталын индекс буурчээ. Улмаар, Монгол Улс 2023 оны Дэлхийн инновацийн индексээр 68 дугаарт жагссан нь цахим инновац, хүртээмжтэй байдлыг хөгжүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатайг харуулж байна.
Цахим шилжилтийг хурдасгах цогц арга хандлага
Монгол Улс Цахим Үндэстэн болох алсын хараатай зорилтоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд цахим хөгжлийн олон хүчин зүйлсийг тэнцвэртэйгээр авч үзсэн цогц арга хандлагыг мөрдөх шаардлагатай байна.
Харилцаа холбооны ялгаатай байдлыг арилгах: Цахим дэд бүтцийг бий болгох чиглэлээр гайхалтай ахиц дэвшил гарч буй хэдий ч Монгол Улсын алслагдсан бүс нутгуудын газарзүйн нөхцөлөөс шалтгаалан харилцаа холбоо хязгаарлагдсан хэвээр байна. Сансрын холбоо, интернетийн үйлчилгээ зэрэг шинэлэг шийдлүүдийг судалж, нийгмийн бүхий л бүлгүүд цахим холбооны олон талын боломжийг тэгш ашиглах нөхцөлөөр хангагдах ёстой.
Цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах: Цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг хүн амын эмзэг бүлгүүд болон хүн нэг бүрт нээлттэй болгох нь маш чухал юм. Үүний зэрэгцээ илүү олон иргэд цахим үйлчилгээ авч, дижитал эдийн засагт бүрэн оролцох боломжоор хангахын тулд иргэдийн тоон бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Монгол Улс дахь НҮБ болон ЦХИХХЯ хамтран ТХЗ-ын төлөөх Хамтарсан Сангаас санхүүжүүлж буй Цахим шилжилтийг дэмжих төслийг алслагдсан болон үйлчилгээ сул байгаа орон нутагт цахим үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн уялдаа холбоог сайжруулах зорилготойгоор хэрэгжүүлж байна. Энэ нь орон нутгийн иргэдэд цахим үйлчилгээг хүртээмжтэй болгох, тэдний тоон бичиг үсгийн чадавхийг сайжруулж, цахимаар бие даан, тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэх болно.
Шинээр бий болж буй цахим технологиудыг ашиглах: Монгол Улс нь инновацийг хөгжүүлж, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийг ашиглах хэрэгтэй. Үүний зэрэгцээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, нийгэм, эдийн засгийн алагчлал гадуурхалд хүргэж болзошгүй эрсдэл зэрэг дээрх технологиудтой холбоотой асуудлыг эхнээс нь анхаарч шийдвэрлэх шаардлагатай.
Цахим инновацийг дэмжих: Жинхэнэ цахим шилжилтийн мөн чанар нь дэд бүтцийг бий болгох төдийгүй эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт цахим технологийг нэвтрүүлэхэд оршино. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үндсэн чиг үүрэгт инновацийг хөгжүүлэх асуудлыг нэмж оруулснаар Монгол Улс маш чухал алхам хийсэн. Энэ нь бүх салбарт цахим инновацийг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгыг хэрэгжүүлэхэд маш чухал нөхцөл болно.
Цаашдын зорилт: Монгол Улс цахим шилжилтийн загвар улс орон болж хөгжихөд НҮБ-ын зүгээс үзүүлэх дэмжлэг
Монгол Улс нь цахим харилцаа холбоо, инновацийг хөгжүүлж хүртээмжийг сайжруулснаар газарзүйн сорилтуудаа даван туулаад зогсохгүй иргэддээ тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн замыг нээж өгч чадна. Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг нь цаашид Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж Олон улсын цахим шилжилтийн гэрээ (GDC)-гээр хүлээсэн цахим шилжилтийг дэмжих амлалтаа хэрэгжүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ирэх арван жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын манлайлал нь бүс нутаг даяар цахим инноваци, хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Монгол Улс дахь НҮБ-аас Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ОУСТ)-тэй хамтран Судалгаа, инновацийн сүлжээг танилцуулах арга хэмжээг саяхан зохион байгуулсан. Энэхүү сүлжээ нь Монгол зэрэг далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим шилжилт, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах чадавхийг нэмэгдүүлэх зорилготой.
Цахим үндэстэн болох замнал нь ээдрээтэй, сорилт ихтэй байж болох ч өнөөг хүртэл гаргасан Монгол Улсын амжилт нь оновчтой алсын хараа, тууштай байдал, түншлэл ямар чухал болохыг нотолж байна. Энэ их үйлсийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг Монгол Улс дахь НҮБ тууштай түншийн хувиар алхам тутамд нь дэмжин хамтран ажиллахад бэлэн байна.
Онцлох видео: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын 3 дугаар бага хурлыг угтан Далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд тохиож буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулж, цахим худалдаа, төлбөр тооцооны системийг амжилттай ашиглаж буй бизнес эрхлэгч, Лхамор компаний захирал Даваадоржийн Хуланд онцолж байна.
Энэхүү блогийг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагчийн албаны Эдийн засагч Сангвон Лим, Харилцаа холбоо, нөлөөллийн асуудал хариуцсан ажилтан Д. Соёлмаа нарын дэмжлэгтэйгээр бэлтгэв.