Монгол Улсад хүн амын цахим ур чадварыг хөгжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлж байна
Алслагдмал, хөдөөгийн хүн амын бүлгүүдийн цахим боловсролын суурь мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.
Нийт хүн амын, нэн ялангуяа алслагдмал, үйлчилгээ төдийлэн авч чадахгүй байгаа хүн амын бүлгүүдийн цахим боловсролын суурь мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх нь Монгол орны хувьд цахим үндэстэн болох зорилгодоо хүрэх чухал алхам болох юм. Нүүдлийн аж ахуй эрхлэн, алслагдмал орон нутгийн иргэдийнхээ цахим боловсролд анхаарснаар Монгол Улс төрийн цахим үйлчилгээг хүн бүрд хүртээмтэй, хэрэглэхэд хялбар дөхөм болгохыг зорьж байна.
Монгол Улсын Цахим үйлчилгээний нэгдсэн портал болох Е-Mongolia платформ нь өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан хүн ам, нүүдэлчин малчид, нийгмийн бүлгүүдэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх үндсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлж буй маш чухал хөтөлбөр билээ.
Цахим E-Mongolia үйлчилгээг бэхжүүлэх, хүн амыг чадавхжуулах чиглэлээр НҮБ-ын Суурин Зохицуулагчийн манлайлал дор хэрэгжүүлж буй Хамтарсан хөтөлбөр нь Дархан-Уул, Хэнтий, Дорнод аймаг, Улаанбаатар хотын хүн амын цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэн тэлэх, алслагдсан, орхигдох эрсдэлтэй хүн амын бүлгүүдийг чадавхжуулах замаар Монгол Улсын Засгийн газрын энэ чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг дэмжихэд чиглэнэ.
Дархан-Уул аймаг: Цахим шилжилтийн жишиг аймаг болох нь
Тус хөтөлбөрийн үйл ажиллагааг Монгол Улсын “Жишиг цахим аймаг” болох зорилго бүхий Дархан-Уул аймгаас эхлэн хэрэгжүүлж байна. Дархан-Уул аймаг нь Төвийн бүсийн жишиг төв болохын хувьд хамтарсан хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн цэг болох юм.
“Аймгийнхаа иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар дамжуулан илүү хурдан, хүртээмжтэй хүргэх мөн иргэдийн цахим мэдлэг, боловсролыг дээшлүүлэх хүрээнд энэхүү төсөлтэй хамтран ажиллаж байгаадаа таатай байна” гэж Дархан-Уул аймгийн төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н. Соёлмаа хэллээ.
Цахим ур чадвар, дижитал бичиг үсгийн мэдлэгийн хэрэгцээг хангахын тулд тус хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэд, ялангуяа алслагдсан нутгийн хүн амын бүлгүүдэд цахим боловсролын суурь мэдлэг олгох, цахимаар харилцах ур чадварыг хөгжүүлэхэд туслах анхны Цахим сургалтын төвийг байгуулахаар тус аймгийн удирдлагатай хамтран ажиллаж байна.
E-Mongolia платформын нэг чухал хэсэг болох интернэтийн орчинд ажиллах “ХурДан” төвүүд нь төрийн үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилготой цахим үйлчилгээний ТҮЦ машин юм. Олон нийтийн цахим бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ХурДан Явуулын Нэгжүүдийг тус хөтөлбөрийн хүрээнд байгуулахаар төлөвлөж байна. Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны зүгээс ийм явуулын нэгжүүдийг автомашинаар хангах, сургалт зохион байгуулах байр танхим гаргаж өгөхөө амласан нь том дэмжлэг болж байна.
Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх нь
Эдгээр хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хүн амын бүлгүүд, төрийн албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, явуулын нэгж, сургалт зохион байгуулах газруудад ашиглах сургалтын модуль боловсруулахаар ажиллаж байна.
Орон нутгийн хөгжилд бүх шатны сургуулиуд чухал үүрэг гүйцэтгэж байдгийг онцгойлон анхаарч, тус хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хүн амын цахим орчинд ажиллах ур чадвар, хүртээмжийг сайжруулах зорилгоор сургуулиудад түшиглэсэн Олон нийтийн цахим мэдээллийн ажилтнуудын сүлжээ (ОНЦМАС)-г байгууллаа.
Маш их зүйлийг зааж сургасан, их үр өгөөжтэй сургалт байлаа. Иргэд олон нийтийг цахим мэдээллээр хангаж цахим үйлчилгээг авахад нь туслахад хүмүүс тун талархалтай хүлээн авч байна. Интернэт сүлжээний холболт зэргийг мэргэжлийн багийнхантай хамтран гүйцэтгэж, сүлжээний тоног төхөөрөмжөөр хангагдсанаар цаашид учирч болох зарим асуудлыг шийдэх чадвартай боллоо. Мөн интернэт дэх мэдээллийг зөв зохистой ашиглах, өөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр иргэд олон нийт, сурагчдад цэгцтэй мэдлэг мэдээлэл өгөхөд суралцлаа гэж Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолборын багш Намсрайн Эрдэнэтуяа ярьлаа.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтот аймгуудын 30 гаруй сургуулийн 60 орчим багш, орон нутгийн боловсролын байгууллагын ажилтнуудыг хамруулан удирдамж чиглэл өгөх сургалтыг 5-р сарын 22-нд зохион байгуулж, улмаар оролцогч талуудад чиглэсэн цахим болон танхимын сургалт явуулах болон чадавх бэхжүүлэх чиглэлээр нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн.
Эдгээр сургалтын хөтөлбөрийг Giga буюу НҮБ-ын Хүүхдийн сан болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Дэлхийн бүх сургуулийг интернэтэд холбох хамтарсан санаачилгын олон улсын шинжээчидтэй хамтран цахим боловсрол, ур чадварын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд боловсруулсан бөгөөд энэ нь бүх оролцогчдод хамааралтай төдийгүй хүртээмжтэй байх болно.
Сургуулиудын интернэт холбоо сайжирснаар цахим мэдээллийн бэлтгэгдсэн ажилтнуудын тусламжтайгаар сурагч оюутнууд болон олон нийтэд цахим орчин дахь чухал эх сурвалжууд, үйлчилгээнд нэвтрэх боломж нэмэгдэж, цахим хуваагдал ялгааг арилгах нөхцөл бүрдэнэ. Багш, сурагчдаас гадна эцэг эхчүүд ч төрөлжсөн сургалтуудад хамрагдах боломжтой.
Монгол Улсын цахим ирээдүй
“Монгол Улс тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хүрэх боломжийг нээх гол түлхүүр бол цахим хөгжил юм. Энэхүү хамтарсан хөтөлбөр нь алслагдан тусгаарлагдсан нүүдэлчин ард иргэдийн цахим ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах төдийгүй Монгол Улс Цахим Үндэстэн болох зорилгоо биелүүлэхэд нь чухал дэмжлэг болно” хэмээн НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра онцлон тэмдэглэв.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамтай хамтран хэрэгжүүлж буй “E-Mongolia цахим үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх нь” НҮБ-ын Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон зорилтот гурван аймгийн 3000-аас доошгүй иргэнд цахим ур боловсролын суурь мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдагсадын талаас цөөнгүй хувь нь эмэгтэйчүүд байна.
Үүнээс гадна, энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүн амын цахим бичиг үсгийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх 12 мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх сургалтуудыг зохион байгуулна. Эдгээр сургагч багш нар нь үндэсний болон орон нутгийн түвшинд 300-аас доошгүй төрийн албан хаагчийг сургах бөгөөд суралцагсадын талаас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх юм.
НҮБ-ын ТХЗ-ын Хамтарсан сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү хамтарсан хөтөлбөр нь Монгол Улсын Цахим хөгжлийн шилжилтийг хурдасгах чухал алхам болох төдийгүй цахим хуваагдлыг арилгах, илүү хүртээмжтэй, харилцаа холбооны хүртээмжийг сайжруулахад үр нөлөө үзүүлнэ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дууссаны дараа Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг нь тус хөтөлбөрийн үр дүн, цар хүрээг улам өргөжүүлэн тэлэхийн төлөө ажиллана.
Монгол Улсад ТХЗ-ийг хэрэгжүүлэх үйлсийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Европын Холбоо болон Бельги, Дани, Герман, Ирланд, Итали, Люксембург, Монако, Нидерланд, Норвеги, Польш, Португал, БНСУ, Саудын Араб, Испани, Швед, Швейцар улсын засгийн газруудад Монгол Улс дахь НҮБ-ын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.