Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх НҮБ-ын хамтарсан төслийн хаалт боллоо
2025 оны зургаадугаар сарын 12
Улаанбаатар, 2025 оны 6-р сарын 12– Тогтвортой хөгжлийн зорилтын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран хэрэгжүүлсэн “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” (DEMOSC) төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Төслийн хаалтын үйл ажиллагаа болон Удирдах хорооны хурал өнөөдөр болж, алслагдсан хүн амын бүлгүүдийн цахим оролцоог нэмэгдүүлэх чиглэлд бодит ахиц дэвшил гарсныг онцоллоо.
DEMOSC хамтарсан хөтөлбөрийг 2024 оны 6-р сараас 2025 оны 6-р сарын хооронд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) тэргүүлэн, НҮБ-ын Хүүхдийн сан (НҮБХС)-тай хамтран хэрэгжүүлэв. Хөтөлбөрийн хүрээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын бүлгүүдийн цахим боловсролын суурь мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх замаар цахим хуваагдлыг арилгах чиглэлд анхаарч ажиллалаа.
Хөтөлбөрийн хаалтын Удирдах хорооны хурлыг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Цахим, хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран даргалан явуулав. Хуралд үндэсний болон орон нутгийн төрийн байгууллага, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж, тогтвортой байдал, цар хүрээг тэлэх боломж бололцоог судаллаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баатархүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Цахим шилжилтийг анхнаас нь хүртээмжтэйгээр хэрэгжүүлэх нь чухал. DEMOSC хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн гэр хорооллоос авхуулаад алслагдсан сумдын иргэдийг чадавхжуулж, тэдний цахим мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шаардлагатай үйлчилгээнд хамрагдах бодит боломжоор хангаж, сайн жишгийг тогтоож чадсан” хэмээн онцлов.
НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн “Энэхүү хамтарсан хөтөлбөр нь цахим хүртээмж зөвхөн чадамжийн асуудал биш, нийгэм, эдийн засгийн хувьд асар чухал хэрэгцээ, шаардлага гэдгийг дахин харууллаа. Бид нягт хамтын ажиллагааны үр дүнд бүх нийтийг хамарсан, хүртээмжтэй цахим хөгжлийг дэмжих сайн загварыг бий болгож чадлаа” гэв.
“DEMOSC-ын ирээдүй: Цахим үндэстэнг хамтдаа бүтээе” сэдвийн хүрээнд зохион байгуулсан төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр хэрэгжилтийн үр дүн, ололт амжилт болон гол сургамжуудыг танилцууллаа. Төслийн хүрээнд ХурДан Явуулын Нэгж болон Цахим сургалтын төвүүдээр дамжуулан 5,000 гаруй иргэнд E-Mongolia платформын үйлчилгээний хүртээмж, үр ашгийг хүргэж, 3,200 гаруй иргэн, төрийн албан хаагчийн цахим ур чадварыг дээшлүүлжээ. Түүнчлэн, орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймагт ХурДан явуулын нэгж болон Цахим сургалтын төвийг туршилтын байдлаар хэрэгжүүлсэн нь орон нутгийн оролцоог хангахын зэрэгцээ бусад аймгуудад хэрэгжүүлж болохуйц сайн жишгийг тогтоосон юм.
Мөн, хамтарсан хөтөлбөрийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтын модуль боловсруулж, гар утасны үйлчилгээний стандарт үйл ажиллагааны журам, хяналтын системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлснээр институтын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Хүртээмжтэй цахим шилжилт нь нийгмийн эрх тэгш байдлыг хангах хүчтэй хөшүүрэг болж чадна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн оролцоо, жендэрийн мэдрэмжтэй арга барилд түшиглэн хүн бүрд хүртээмжтэй цахим шилжилтийн үндэс суурийг амжилттай тавьж чадлаа” хэмээн онцоллоо.
Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн сургуулиудыг цахим ур чадвар, дижитал бичиг үсгийн төв болгон хөгжүүлсэн. Мөн сурагч, эцэг эхчүүдэд төрийн цахим үйлчилгээг аюулгүй, үр дүнтэй ашиглахад дэмжлэг үзүүлэх 70 гаруй сургагч багшийг бэлтгэн, Олон нийтийн цахим мэдээллийн ажилтнуудын сүлжээ (ОНЦМАС)-г байгуулсан. Үүний үр дүнд 10,000 гаруй иргэний дижитал бичиг үсгийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлснээс гадна хяналтын системийг ашиглан сургуулиудын интернэт холболтын найдвартай байдлыг сайжруулжээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Монгол Улсын цахим хөгжил дэвшлийн ирээдүй бол хүүхэд, залуучууд. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид сургуульд түшиглэсэн цахим ур чадварын санаачилгуудыг хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн тэсвэр, чадавхыг нэмэгдүүлэн, хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй цахим орчинд өсөж, торних боломжийг бий болгож байна” гэв.
Оролцогч талууд цаашдаа хөтөлбөрийн үр дүн, цар хүрээг улам тэлж, сайн туршлагуудыг орон даяар түгээн дэлгэрүүлэхийн төлөө нөөц бололцоог дайчлан, хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “Цахим үндэстэн” болох зорилтот хөтөлбөрийг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв.
ТХЗ-ын Хамтарсан сангийн тухай
ТХЗ-ын Хамтарсан сан нь Улс орнууд дахь НҮБ-ын Удирдлагын багуудад ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгах, улмаар 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын санаачилга гаргах, нэгдмэл арга хандлагыг баримталж, стратегийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэх онцгой боломж олгодог. ТХЗ-ын Хамтарсан Сан нь Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ)-ад хүрэх ахиц дэвшлийг хурдасгаж, 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэнийг ч орхигдуулахгүй байх амлалтаа биелүүлэхэд улс орнуудад тусалдаг.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
НҮБ-ын Хүүхдийн сангийн тухай
НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн нэн хүнд хэцүү газруудад аж төрж буй дэлхийн хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүрч туслах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн 190 гаруй улс орон, нутаг дэвсгэрт аж төрж буй хүүхэд бүрийн төлөө, шаардлагатай газар бүрд хүрч ажиллан, хүн бүрд илүү сайн сайхан ертөнцийг бий болгохоор ажиллаж байна.