Тогтвортой хөгжлийг дэмжихэд нийгмийн нөлөөллийн үнэлгээг нэвтрүүлэх нь
2025 оны дөрөвдүгээр сарын 01
2025 оны 4 дүгээр сарын 1, Улаанбаатар хот
“Тогтвортой хөгжлийн хүрээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээг нэвтрүүлэх нь” сэдэвт олон талт хэлэлцүүлэг уулзалт 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр НҮБ-ын байранд зохион байгуулагдаж, тэргүүлэх судлаачид, олон улсын байгууллагууд, төр болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Тус арга хэмжээг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Оксфордын их сургуулийн Газарзүй болон байгаль орчны сургууль болон Хил хязгааргүй алхам ТББ нар хамтран нийгмийн хариуцлагатай, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд нийгмийн нөлөөллийн үнэлгээг нэвтрүүлэх ач холбогдлыг хэлэлцэх зорилгоор зохион байгууллаа.
Нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь аж үйлдвэр болон дэд бүтцийн томоохон төслөөс үүдэлтэй нийгмийн үр нөлөөг судлах, төлөвлөх, удирдах үйл явц бөгөөд ингэснээр сөрөг нөлөөллийг бууруулах, үр ашгийг шударгаар хуваарилах, орон нутгийн иргэдийн оролцоог хангах чухал ач холбогдолтой, олон улсад өргөн дэлгэр танигдсан арга хэрэгсэл юм.

Уг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нийгмийн нөлөөллийн үнэлгээг Монгол Улсын үндэсний хөгжлийн бодлогод нэвтрүүлснээр иргэд, ялангуяа хамгийн эмзэг бүлгийнхний хүний эрх болон сайн сайхан байдлыг хамгаалах механизм болох юм гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тэрээр цааш нь:
“Тогтвортой хөгжил гэдэг нь зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хязгаарлагдахгүй, харин эдийн засаг, нийгэм, байгаль орчны гурван хэмжээсийн тэнцвэрийг хангахад чиглэнэ. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь урт хугацааны тогтвортой хөгжил, нийгмийн шударга ёс, байгаль орчны зохистой менежментийг хэрэгжүүлэхэд мэдээлэл, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах боломжийг олгох юм” гэж хэлэв.
Тус олон талт хэлэлцүүлэг уулзалтад Оксфордын их сургуулийн Газарзүй болон байгаль орчны сургуулийн доктор, профессор Ариел Ахерн Монгол Улсад уул уурхайн олборлолт, дэд бүтцийн төслүүд эрчимтэй нэмэгдэж буй энэ үед нүүдэлчин малчдын эрх, ардын уламжлал, өв соёлын өмнө тулгарч буй сорилтуудын талаар илтгэл танилцуулсан бол Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н. Баярсайхан уул уурхайн салбарт нийгэм, байгаль орчны үнэлгээний хүрээнд тулгамдаж буй асуудал, боломжийн талаар танилцууллаа.

Түүнчлэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Ч. Хандсүрэн байгаль орчны үнэлгээний талаар Засгийн газрын баримталж буй бодлогын хэрэгжилтийн талаар илтгэл танилцууллаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Төслийн менежер Р. Ариунбилэг нийгмийн нөлөөллийн үнэлгээний чиглэлд авч хэрэгжүүлсэн ажлын талаар, Саблайм ХХК-ийн захирал Н. Наранцэцэг Уурхайн олборлох үйл ажиллагаатай холбоотой нийгэм эдийн засгийн судалгааны үр дүнг тус тус танилцууллаа.
Түүнчлэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Ч. Хандсүрэн байгаль орчны үнэлгээний талаар Засгийн газрын баримталж буй бодлогын хэрэгжилтийн талаар илтгэл танилцууллаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Төслийн менежер Р. Ариунбилэг нийгмийн нөлөөллийн үнэлгээний чиглэлд авч хэрэгжүүлсэн ажлын талаар, Саблайм ХХК-ийн захирал Н. Наранцэцэг Уурхайн олборлох үйл ажиллагаатай холбоотой нийгэм эдийн засгийн судалгааны үр дүнг тус тус танилцууллаа.

Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсад нийгмийн нөлөөллийн үнэлгээг хөгжүүлж дэлгэрүүлэх, олон улсын сайн туршлагыг нутагшуулахад бие даасан төсөл хөтөлбөрийг эхлүүлэх цогц санаачилгын эхлэл бөгөөд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Оксфордын их сургуулийн Газарзүй болон байгаль орчны сургуулийн доктор, профессор Ариел Ахерн болон Хил хязгааргүй алхам ТББ хамтран бусад олон улсын донор байгууллагуудын дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааг эрэлхийлж байна. Тус шинээр хэрэгжүүлэх төсөл нь хүний эрхийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, мөн хөдөө орон нутаг, алслагдсан аймаг, сумдын малчдын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжих юм.
НҮБ нь энх тайван, шударга ёс, хууль дээдлэх ёс, тогтвортой хөгжлийг дэмжин, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх, байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилготой засгийн газар хоорондын олон улсын байгууллага болох Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэг Монгол Улсад тогтвортой хөгжлийн хэрэгжилтэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Холбоо барих:
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын ажилтан Д. Соёлмаа – Soyolmaa.dolgor@un.org
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын ажилтан С. Агизул – asumber@idlo.int