Хэвлэлийн мэдээ

Монгол Улсын Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хурдасгах НҮБ-ын Хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2024 оны арван хоёрдугаар сарын 19

Тайлбар: Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хурдасгах НҮБ-ын Хамтарсан хөтөлбөр

2024 оны 12 дугаар сарын 19. Улаанбаатар хот – Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Эрчим хүчний яам хамтран Монгол Улсад Эрх тэгш, хүртээмжтэй, ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр нэг жилийн хугацаанд хэрэгжих Хамтарсан хөтөлбөрийг эхлүүллээ. 

Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тэргүүлэн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран  хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн үндэсний төлөвлөлт, санхүүжилтийн үйл явцын харилцан уялдааг сайжруулах зорилготой.   

Тус хөтөлбөрийг НҮБ-ын Суурин зохицуулагч болон Эрчим хүчний яам хамтран даргалах Удирдах хороо удирдлагаар хангана. Удирдах  хороо нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам болон Азийн хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Монголын Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөллүүдээс бүрдэнэ. 

Энэхүү хөтөлбөр нь үндэсний болон олон улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудтай уялдуулан Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээг тогтоох, энэхүү шилжилтийг дэмжих уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, нийт хүн ам, нэн ялангуяа эмзэг бүлгийн хүн амын аюулгүй, эрүүл амьдрах орчныг хангах үүднээс эрүүл мэнд, боловсролын салбарын тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн замын зураглалыг боловсруулах гэсэн гурван үндсэн үр дүнд хүрэх зорилго тавьж байна.  

Тайлбар: Эрчим хүчний яамны Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г. Энхтүвшин

Эрчим хүчний яамны Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г. Энхтүвшин “Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж  эхэлсэн нь манай улсын эрчим хүчний шилжилтэд чухал дэмжлэг болно. Бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг өдөөж, иргэдийнхээ  амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн шинэлэг шийдлүүдийг хөгжүүлэхийн төлөө  түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллана” хэмээн тэмдэглэв. 

Удирдах хороо нь жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, тус хөтөлбөрийн явц, ахиц дэвшилд хяналт тавьж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр стратегийн шийдвэр гаргаж ажиллах бөгөөд Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд байгуулагдах Мэргэжлийн баг нь сар бүр хуралдан тус хөтөлбөрийн төлөвлөгөөний биелэлтэд байнгын хяналт тавьж, удирдан чиглүүлж ажиллана.  

Тайлбар: Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Энэхүү Хамтарсан хөтөлбөр нь Монгол Улсын Эрчим хүчний тогтвортой, хүртээмжтэй ирээдүйг бүтээх чухал алхам болж байна. Бид хүчин чармайлтаа нэгтгэн үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдуулж, олон улсын дэмжлэгийг авах замаар Монгол хүн бүр ашиг тусыг нь хүртэх, эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадвартай, тэгш, хүртээмжтэй эрчим хүчний тогтолцоог бий болгохыг эрмэлзэж байна” хэмээн онцлов. 

Тайлбар: Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска

Түүнчлэн “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт нь Монгол Улсын хувьд байгаль орчны стратеги болох төдийгүй хүний ​​хөгжилд чухал нөлөөтэй. Энэ нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг шийдвэрлэхийн зэрэгцээ өсөлт хөгжлийг дэмжиж, эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадвар, эрх тэгш байдлыг хангах шинэ боломжуудыг нээх болно. НҮБ-ын Суурин зохицуулагчийн манлайлал дор НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэхүү том ажлыг тэргүүлэн хэрэгжүүлж байгаадаа бид баяртай байна” хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэмдэглэв. 

Нээлтийн арга хэмжээ болон Удирдах хорооны хуралд ТХЗ-ын Хамтарсан сангийн хандивлагчдын төлөөлөл болох Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл Ханаа Габриэль болон Монгол Улс дахь Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Төслийн менежер Г. Пүрэвтогтох нар оролцлоо.  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. 

Д. Соёлмаа, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн албаны  Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн: soyolmaa.dolgor@un.org 

О. Эрдэнэсүх, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцааны мэргэжилтэн, erdenesukh.otgonbayar@undp.org 

Д. Ариунзаяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл харилцааны мэргэжилтэн, adavaa@unicef.org 

ТХЗ-ын Хамтарсан сангийн тухай 

ТХЗ-ын Хамтарсан сан нь Улс орнууд дахь НҮБ-ын Удирдлагын багуудад ТХЗ-уудын хэрэгжилтийг  хурдасгах, улмаар 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын санаачилга гаргах, нэгдмэл арга хандлагыг баримталж, стратегийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэх онцгой боломж олгодог. ТХЗ-ын Хамтарсан Сан нь Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ)-ад хүрэх ахиц дэвшлийг хурдасгаж, 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэнийг ч орхигдуулахгүй байх амлалтаа биелүүлэхэд улс орнуудад тусалдаг. 

 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.  

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн тухай

НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн нэн хүнд хэцүү газруудад аж төрж буй дэлхийн хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүрч туслах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн 190 гаруй улс орон, нутаг дэвсгэрт аж төрж буй хүүхэд бүрийн төлөө, шаардлагатай газар бүрд хүрч ажиллан, хүн бүрд илүү сайн сайхан ертөнцийг бий болгохоор ажиллаж байна. 

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд