Тэрбээр энэхүү уриалгынхаа нэг жилийн ойн босгон дээр хэзээ ч, хаана ч, ямар ч нөхцөлд хүн нэг бүрийн эрхийг хамгаалахад хамтын хүчин зүтгэл гаргахыг дэлхийн улс орнуудад хандаж дахин уриалсныг Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага сайшаан дэмжиж байна. НҮБ-ын Дүрэм болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд баталгаажуулсан хүний эрхийг хамгаалахад хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө Монгол Улс дахь НҮБ, Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад оролцогч талууд бүгд хүчээ нэгтгэх учиртай.
КОВИД-19 цар тахлын уршгаар дэлхий нийтээрээ хүний амьд явах эрхээс эхлээд зохистой түвшинд амьдрах, нийгмийн хамгаалал, ажил, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, жендэрт суурилсан хүчирхийллээс хамгаалуулах зэрэг өргөн хүрээнд хүний эрх ноцтойгоор зөрчигдсөөр байна. Үүний нөлөөгөөр тэгш бус байдал, ядуурал улам бүр гүнзгийрч, хүнсний аюулгүй байдал алдагдаж, ялгаварлан гадуурхах явдал нэмэгдэн, хүний эрх олон хэлбэрээр зөрчигдөж, эмзэг бүлгийн хүмүүст хамгийн хүндээр тусч байна. Дэлхий даяар нүүрлэж буй эрүүл мэндийн хямрал бол хүний эрхийн хямрал юм.
КОВИД-19 цар тахал нь Монгол Улсад ч мөн адил олон талаар сөрөг нөлөө үзүүлж байна. Халдварын тархалт эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг нэмэгдүүлж, ядуурал, өлсгөлөнгийн хүрээг тэлж, хэдийнээ сорилт болоод байсан асуудлуудыг улам даамжруулж байна. Хөл хорио болон КОВИД-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээний улмаас олон мянган хүн ажилгүй, орлогогүй болж, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хаалгаа барихад хүрч, тэдний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөж байна. Ялангуяа, энэ байдал төр засгийн туслалцаа бага авдаг албан бус хөдөлмөр эрхлэгчид болон тэдний гэр бүлийнхэнд илүү хүндээр тусч байна. Урьд өмнө эмзэг бүлэгт тооцогдож байгаагүй олон мянган хүн шим тэжээлтэй, зохистой хоол хүнс олж авах, суурь хэрэгцээгээ хангахын төлөө илүү хичээх шаардлагатай боллоо. Сургууль цэцэрлэг хаагдсанаар олон мянган хүүхэд суралцах нөхцөл, шаардагдах хэрэгсэл үгүйгээс зайнаас суралцах хүндхэн асуудалтай нүүр тулж байна. Урт хугацааны хөл хорио, хязгаарлалт олон хүний аж амьдралд сөргөөр нөлөөлж байгаагийн нэг илрэл нь эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үлэмж нэмэгдсэн явдал юм.
Халдварын тархалтыг хумих зорилгоор дижитал төхөөрөмж ашиглан хүмүүсийн чөлөөт хөдөлгөөнд хяналт тавин хязгаарлаж байна. Хил боомтыг хааснаас болж олон мянган монголчууд эх орондоо ирж чадахгүй хилийн чанадад гацаж байна. Хүмүүсийн бухимдал, таагүй байдал улам бүр нэмэгдэж, олон нийт цахимаар болон бусад хэлбэрээр дургүйцлээ илэрхийлэхэд хүргэж байна. Зарим хэсэг бүлэг, хувь хүн, тэр дундаа КОВИД-19 халдвар авсан хүмүүс болон халдварын голомт, тэргүүн шугамд ажиллаж буй хүмүүсийн эсрэг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, үзэн ядалтаа илэрхийлсэн үг хэлээр доромжлох зэрэг тохиолдлууд ч гарч байна. Үзэн ядалт, буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх зорилгоор авч буй хязгаарлах арга хэмжээ нь зарим талаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний мэдэх эрхийг зөрчиж буйд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зүгээс эмзэглэж байгаагаа илэрхийлж байна. КОВИД-19 цар тахалтай тууштай тэмцэхийн тулд эрүүл мэндийн болон бусад үнэн зөв мэдээллийг хүн бүрт ойлгомжтой хэлбэрээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүртээмжтэй түгээх нь нэн чухал байна.
Монгол Улс дахь НҮБ-ын зүгээс Монгол улс тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хүрсэн ололт амжилтаа алдах вий хэмээн санаа зовниж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүний эрхийн төлөөх уриалга бол тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш байдал, иргэдийн чөлөөт орон зайг хамгаалах, дижитал технологийг сайн сайхныг бүтээгч хүч болгож ашиглахыг дэмжихийн зэрэгцээ олж авсан ололт амжилтаа хамгаалж, бататгахад чиглэж байна.
Монгол Улс дахь НҮБ-ын зүгээс Ерөнхий нарийн бичгийн даргын дээрх уриалгыг дэмжин, Монгол Улсын Засгийн газарт хандан хүний эрхийг хамгаалах, дэмжихэд онцгойлон анхаарч, хүний эрхийг онцгой байдлын үеийн арга хэмжээ болон цар тахлыг даван туулах үйл ажиллагааныхаа төвд тавьж, нийт монголчуудын төлөө илүү сайн, тогтвортой ирээдүйг бүтээн байгуулахыг уриалж байна. Хямралын энэ үед хүний эрхийг хүндэтгэх замаар онцгой нөхцөл байдлыг даван туулах, маргаашийг сэргээн босгох, ирээдүйг бүтээх үр дүнтэй, хүртээмжтэй шийдлийг олж чадна. Монгол Улсын зүгээс гаргаж буй хүний эрхийн төлөөх бүхий л хүчин чармайлтыг НҮБ хэзээд дэмжин ажиллахад бэлэн байна.