НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра: Хүмүүс хаана ч байсан хариуцлага, ил тод байдал, ёс суртахуунтай байвал дэлхий ертөнц сайхан болно
“Хүний эрхийн төлөө нэгдэж, цар тахлыг даван туулъя” уриан дор тэмдэглэж буй Хүний эрхийн өдрөөр НҮБ-ын СЗ Тапан Мишратай хүний эрхийн талаар ярилцлаа.
-Дэлхийн хоёрдугаар дайны дараа 75 жилийн тэртээ үнс нурам дундаас улс орнууд эдийн засаг, нийгмээ сэргээн босгохын тулд хамтаараа энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийг үүсгэн байгуулсан нь НҮБ. Энэ хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллага хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэв?
-Хөгжил, хүний эрхийн түүхэн үечлэлийг харвал 1945 онд хүн төрөлхтний угаас заяасан эрхэм чанар, адил тэгш, салшгүй эрхүүдийг тодотгохдоо арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл ялган хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэхээ зөвшөөрч НҮБ-ын дүрмийг баталсан. Удалгүй НҮБ-ын Хүний эрхийн комиссыг байгуулж, 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг соёрхон баталснаар олон улсын хамтын нийгэмлэгийн үндсийг тавьсан юм. Цааш 1946-1986 онд хүний эрхийн бүсийн тогтолцоог байгуулж, хөгжих эрхийг хүлээн зөвшөөрсөн нь дан ганц эдийн засгийн өсөлтөөр улс орны хөгжлийг харахгүй, хүний эрхийг эдлүүлж байгаагаар үнэлэхэд нөлөөлсөн.
Таны сайн мэдэх Хүүхдийн эрхийн тухай конвенцыг 1989 онд баталж, цогц байдлаар эрх агуулагч, үүрэг хүлээгчийн харилцааг зохицуулсан бол 1986 оны Хөгжих эрхийн тунхаглалд хөгжлийн төвд тавих этгээд бол хүн юм гэж үзсэн. Үүний мөрөөр 1993 онд Хүний эрхийн дэлхийн чуулга уулзалт нь хүний эрхийг хөгжилтэй уялдуулж үздэг жишиг тогтоосон. Мөн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар байгуулсан билээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 1997 онд шинэчлэл хийхдээ НҮБ-ын бүх тогтолцоонд хүний эрхийг чухалчлан үзэхийг онцолсон. Ийнхүү 2000 онд Хүний хөгжлийн илтгэл, Мянганы хөгжлийн зорилт, 2003 онд Хүний эрхэд суурилсан хандлага, 2006 онд Хүний эрхийн зөвлөл, 2008 онд UPR буюу Хүний эрхийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, 2004-2008 оны Хүний эрхийн дэлхийн хөтөлбөр, 2010 онд НҮБ-ын Суурин зохицуулагч, түүний багийг дэмжих Хүний эрхийн ажлын хэсэг байгуулах зэргээр үр бүтээлтэй ажлууд хийгдсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес 2017 онд бүрэн эрхээ хэрэгжиж эхэлмэгц хөгжил, энх тайван, аюулгүй байдал, захиргааны шинжтэй томоохон шинэчлэл эхлүүлсэн. Энэхүү шинэчлэлийн хүрээнд миний одоогийн албан тушаал ч бий болсон хэрэг. Өмнө нь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн үүргийг нэг хүн хавсран гүйцэтгэдэг байсан бол НҮБ-ын гишүүн улсуудаас өгсөн зөвлөмж, Ерөнхий Ассемблейн тогтоолын дагуу 2019 оноос одоо чиг үүргийг салгасан. Хараат бус, эрх мэдэлжсэн НҮБ-ын Суурин зохицуулагч нь ТХЗ-д үр дүнтэй хүрэх, Нэг НҮБ зарчмаар Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудыг илүү өгөөжтэй ажиллах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, илүү үр дүнтэй, үр өгөөжтэй байлгахаар зорин ажиллаж байна.
Үүний зэрэгцээ энэ жил НҮБ-ын 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2045 онд нэгэн зуун туулсан байгууллага ямар байхыг дэлхий дахинаар хэлэлцүүлж, улс орон, ард түмний дуу хоолойг сонслоо.
Энэ хүрээнд бид Монгол Улс дахь нийгмийн бүх бүлэг, төлөөллийн дуу хоолойг НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо болон бусад хамтрагч, түншүүдийнхээ дэмжлэгтэйгээр сонсож чадсан. Мөн энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд НҮБ-ын цаашдын шинэчлэлийн талаар илэрхийлсэн бүх талуудын санал хүсэлт дуу хоолойг бид нэгтгэж Ерөнхий нарийн бичгийн даргын албанд уламжилсан ба НҮБ-ын Ерөнхий Ассемблейд хэлэлцсэн.
-Та НҮБ-ын 75 жилийн ой гэж дурдлаа. Энэ ойн хүрээнд ямар ажлууд өрнөв. Энэ санаачилга хэр үр дүнтэй болов. Манай улс төдийгүй дэлхий дахин юу юуг анхаарахыг хүссэн бэ?
-НҮБ-ын 75 жилийн ойг бид маш амжилттай тэмдэглэсэн. Дээр хэлсэнчлэн дэлхий нийтээр иргэдийн саналыг сонсох аян өрнүүлсэн. Монгол Улсын хувьд 500 гаруй хүнийг оролцуулсан 10 гаруй удаагийн уулзалт зөвлөлгөөнөөр олон талын дуу хоолойг сонссон. Мөн цахим асуулгад Монголын ард түмэн маш идэвхтэй оролцож, нийт 1400 хүн саналаа илэрхийлсэн. Дэлхийн улс орнууд, ард түмэн дараагийн 25 жилд юуг онцолж буйг энэхүү санаачлагын үр дүнгээс тодорхой харах боломжтой болсон юм. Жишээлбэл, аль тивд амьдарч буйгаас үл хамааран нэгдүгээрт эрүүл мэнд, ус, ариун цэврийн байгууламжаар хангах, боловсрол олгох, хоёрдугаарт цар тахлын үеэр олон улсын эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаар эмзэг нэгнээ дэмжиж, дэлхийн эдийн засаг, нийгэм соёлын хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй хөгжих, гуравдугаарт тэгш бус байдлыг арилгах, урт хугацаандаа дэлхий даяар боловсрол, эмэгтэйчүүдэд анхаарах, дөрөвдүгээрт уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудал, тавдугаарт хүний эрхийг хүндэтгэх, зөрчилдөөнийг арилгах, ядуурал, авлигыг арилгахыг хүн төрөлхтөн хүсэн хүлээж байна. Хөгжиж буй улсуудын дунд ядуурал, авилга, иргэдийн дундах хүчирхийлэл “шүдний өвчин” болсныг цохон тэмдэглэжээ. Залуучууд өөдрөгөөр ирээдүйгээ харж, хөгжлийн хамтын ажиллагааг улам дэмжих нь чухал гэсэн байна. Хүн бүрийг илүү тэгш хамруулсан байж чадвал эдгээр асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж бид үзэж байна.
Төгсгөлд нь хүмүүс хаана ч байсан хариуцлага, ил тод байдал, ёс суртахуунтай байвал дэлхий ертөнц сайхан болно гэсэн бат итгэлтэй байна.
-Хүний эрхийн өдрийн “Хүний эрхийн төлөө нэгдэж, цар тахлыг даван туулъя” уриалгад нэгдэхийн тулд улс орнууд ямар алхам хийх хэрэгтэй вэ?
-Энэ жилийн хүний эрхийн өдрийн “Хүний эрхийн төлөө нэгдэж, цар тахлыг даван туулъя” уриалга нь өнөөдрийн хүнд нөхцөлд тусгайлан анхаарахыг уриалж байна. КОВИД-19 цар тахал хүний эрхийн талаарх хоёр хөдөлшгүй үнэнийг тод томруун харууллаа. Нэгт, хүний эрхийн зөрчил хүн бүрд хор хохиролтой. КОВИД-19 цар тахал нь шууд нүүр тулан ажиллаж буй алба хаагч, ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настан, эмэгтэйчүүд, охид, цөөнх зэрэг эмзэг бүлэгт маш хөнөөлтэй нөлөөлж байна.
Ядуурал, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, байгаль орчны доройтол, сүйрэл, хүний эрхийн бусад асуудлын улмаас бидний нийгмийг үлэмж хэмжээгээр эмзэг болгож байгааг харлаа.
Үүнтэй хамт цар тахал нь аюулгүй байдлын хариу арга хэмжээг хатуу чанд авах, чанга арга хэмжээ тогтоосноор иргэний орон зай, хэвлэлийн эрх чөлөөг боомилон хүний эрхийг дордуулахад хүрч байна. Хоёрт, цар тахал бидэн хүний эрх бол түгээмэл шинжтэй, бид бүгдэд хамаатай, хамгаалах асуудал гэдгийг нотлон харуулав. Цар тахлын эсрэг тэмцэх үр дүнтэй хариу арга хэмжээ бол эв санаагаараа нэгдэх, хамтран ажиллах билээ.
-Ер нь хувь хүн өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд нэн тэргүүнд юуг хийх ёстой бол?
-Би яриандаа дурдсан даа. НҮБ 2003 онд хүний эрхэд суурилсан хандлагыг бүх тогтолцоондоо нэвтрүүлж, бүхий л төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаагаа хүний эрхтэй холбодог болсон. Үүнийг хөрсөндөө буулгавал нэг талаас эрх агуулж байгаа хүн бүр эрхээ мэддэг ухамсарладаг, зүй ёсоор шаарддаг, оролцдог байх, нөгөө талаас үүрэг хүлээж байгаа этгээд бүхэн хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих, хангахын төлөө хариуцлагатай ажиллах ёстой. Үүнд хүний эрхийн боловсрол маш чухал. Төрийн алба, хувийн хэвшил, иргэний нийгэм, хүний эрхийн үндэсний байгууллага, академик салбар бүгд өөрийн мэргэшил, сэдвийн дор хүний эрхийн боловсролыг албан, албан бус, амьдралаас сурах байдлаар түгээвэл зохино. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр үүний тод жишээ юм. Хүн та эрхээ мэдэж, шаардан, оролцоорой. Хүн бүр хүний эрхийн мэдлэгээ дээшлүүлж, өөрийн болон бусдын эрхийг хамгаалахын төлөө идэвхтэй оролцохыг хүсч байна.
-Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс 4.5 жил тутам гишүүн улсынхаа хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцдэг. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-ний өдөр манай улсын талаар хэлэлцсэн. Монгол Улсад ямар ахиц дэвшил гарав, цаашид анхаарах асуудал юу байсан бэ?
-НҮБ-н Хүний эрхийн зөвлөл 2010, 2015, 2020 онд гурван удаа Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол улс хүний эрхийг хангах талаар нэлээд ахиц дэвшил гаргасныг сайшаан хүлээж авсан. Тухайлбал, цаазаар авах ялыг халсан, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар ялгаварлан гадуурхахыг гэмт хэрэгт тооцдог болсон. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах хууль зүйн баталгааг бүрдүүлсэн. Жендэрийн эрх тэгш байдал, хүүхдийн эрх, хамгаалал, залуучуудын хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, ахмад настныг анхаарсан хуультай болсон. Мөн иргэдийн оролцоог баталгаажуулж, бодит үйл болгохуйц олон хэм хэмжээг баталсан, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хуулийн төслийг бэлэн болгосон зэрэг ахиц дэвшилттэй байлаа. Хүний эрхийн нөхцөл байдлын хэлэлцүүлэг бүрд ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх, тэгш бус байдлаас үүдэлтэй асуудал үүсэх, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүрээлэн буй орчны доройтол, шилжин суурьших, хөгжил, сайн засаглал, хууль дээдлэх ёстой холбоотой асуудал хөндсөөр байна,
-Таныг бүрэн эрхийн хугацаандаа хүний эрхийн зөрчил үүсгэгч таван асуудлыг барьж аван шийдэх боломж бүрдвэл юуны төлөө ажиллах вэ. Яагаад?
-Нэгд, цар тахалтай тэмцэх. Хоёр, цар тахлаас үүдэлтэй эрүүл мэнд, хүмүүнлэг, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах. Гурав, гэр бүлийн хүчирхийлэл, охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, жендэрт суурилсан гээд бүх төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалттай тэмцэх. Дөрөв, усны хүртээмж, ариун цэврийн байгууламж зэрэг тэгш бус байдыг бууруулах, арилгах, мөн хүн бүр илчлэг чанартай хоол хүнсээр хангагдсан байхыг хүсэж байна. Эцэст нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицоход чиглэн ажиллах.
Эдгээр асуудлуудыг тодорхой хэмжээгээр шийдэж чадвал Монголчууд айх айдасгүй, гачигдах зовлонгүй амар амгалан, эрүүл, аюулгүй хүрээлэн буй орчинд өсөн дэвжиж сайн сайхан амьдрах нөхцөл, бололцоо бүрдэх юм.
-Тэгвэл одоо хүний эрхийн ямар сэдвүүдэд голлон анхаарч байна вэ?
-Цар тахлаас үүдэлтэйгээр эрүүл мэнд, хүмүүнлэг, нийгэм, эдийн засгийн хүндрэл, төрийн зүгээс авч байгаа хариу арга хэмжээ, шилжих хөдөлгөөн, хүүхэд хамгаалал, цахим шилжилт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нөөц, дэмжлэг туслалцаа зэргийг анхааран ажиллаж байна.
Бид Монгол Улсын иргэн бүрийг тэгш хамруулсан, тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож, хэнийг ч, ялангуяа эмзэг бүлгийн ард түмнийг хөгжлөөс орхихгүй байхыг хичээж байна.
Түүнчлэн, хүний эрхийн зөрчлийг арилгах, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт эмзэг бүлгийн эрхийг хангаж хамгаалахад анхаарлаа хандуулах болно. Ялгаварлан гадуурхах, адлах, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх, ялангуяа Ковидоор өвчилсөн хүмүүсийг гадуурхах явдалтай тэмцэх чиглэлээр бид Засгийн газрын түншүүдтэй хамтран ажиллаж байна. Хууль тогтоомжийн хувьд төсөв, татвар, орон нутгийн удирдлага, шүүхийн багц хууль, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах, ус, авлига зэрэг асуудлыг хөндсөн төсөл ч бий.
-Та иргэний нийгмийн талаар дурдсан. Ер нь манай улсад хүний эрх хамгаалагчийг хамгаалах нөхцөл хэр бүрдсэн гэж бодож байна вэ?
-Монгол Улсад ардчилал динамик, өөрийн гэсэн өнгөтэй байгаа нь иргэний нийгэмтэй шууд холбоотой. Чөлөөтэй үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдэж, шаардлагатай тохиолдолд эмзэг нэгний дуу хоолой, нүд чих, гар хөл болдгоороо иргэний нийгэм тод ялгардаг. Иргэний нийгэм, тэр дундаа иргэний орон зайг тэлж, үнэт зүйлсийн төлөө зүтгэдэг хүмүүс бол яах аргагүй хүний эрх хамгаалагчид. Тэд мэргэжлийн эсвэл сайн дураараа нэг удаа, заримдаа тасралтгүй дангаар болон бусадтай хамтран хүний эрхийг эдлүүлэхээр ажилладаг.
Жишээлбэл, чанартай боловсролын төлөө дуугарах хүүхэд, залуучууд, агаарын бохирдлын эсрэг эцэг эх, жендэрийн эрх тэгш байдлын төлөө зүтгэж байгаа хүмүүс, авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан явдлыг эрэн сурвалжлах сэтгүүлч, зохистой хөдөлмөрийн төлөөх үйлдвэрчний эвлэлийн гишүүд, иргэний, ардчилсан орон зай, хараат бус шүүх шаардсан залуус, хүчирхийлэлтэй нүүр тулах нийгмийн ажилтан гээд олон хүн бол хүний эрх хамгаалагчид юм.
Хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдал хариуцсан Тусгай Илтгэгч Мишель Форст, мөн шинээр албаа эхлүүлсэн Мэри Лоулор нар Монгол Улсад хүний эрх хамгаалагчийг хамгаалах зохицуулалт чухал бөгөөд олон үйл явдал гарч байгааг анхаарах хэрэгтэй, төрийн зүгээс хууль зүйн баталгааг бүрдүүлснээр хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлооход, иргэний орон зайг тэлэхэд, ардчилсан байгууламжийг бэхжүүлэхэд тустай гэж үзсэн.
-Яагаад хүний эрх хамгаалагчийг хуулиар хамгаалах, тэр дундаа төр үүрэг хүлээн ёстой билээ?
-Үндсэн хуульдаа хүн бүр өөрийн эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэхүйц хууль зүйн баталгааг хангах үүрэгтэйг заасан байдаг. Мөн үндэсний хууль тогтоомжийн зэрэгцээ хүний эрхийн олон улсын гэрээг дотооддоо нийцүүлэн мөрддөг. Иймээс иргэний нийгэмд хамгаалуулж чадахгүй, дарам, шахалт, халдлагад өртөж, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн хохирогч, золиос болохоос хүн нэг бүрийг хамгаалах нь төрийн үүрэг гэсэн үг. Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэний нийгмийн оролцоотой хууль тогтоогчтой хамтран боловсруулсан хуулийн төсөл нь хүний эрх хамгаалагчийг хэн гэж үзэх, ямар этгээд байх, шалгуур нь юу болохыг заасны хамт дээр дурдсан асуудал, бэрхшээл тулгарвал төрийн ямар этгээд хариуцах, хэрхэн шийдэх талаар заасан дэвшилтэт зохицуулалт бий.
-Хүний хөгжил, Мянганы хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь хүний эрх, эрх чөлөөг гардан эдлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гэж болно. Төрөөс 2019 онд ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд агаарын бохирдлыг тойрсон ямар бэрхшээл, асуудал байсныг хөгжлийн олон тулгамдсан асуудлуудын нэг жишээ болгон Сайн дурын илтгэлдээ тайлагнасан. Үлдсэн арван жилд бид юуг чухалчлах ёстой вэ?
-Тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлсэн үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшингээ тодорхлойлж, үүнийгээ урт, дунд, богино хугацааны бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнүүддээ үе шаттай тусган суулгаж нэгдсэн зохицуулалттайгаар хэрэгжүүлж үр дүнгээ хянадаг цэгцтэй тогтолцоо хэрэгтэй. Аль ч улс ТХЗ-г хэрэгжүүлэхэд гурван зүйлийг анхаарч ажиллаж байж бодитой үр дүнг авчирна. Нэгд, ТХЗ-н үндэсний бодлого хөтөлбөртөө харилцан уялдуулж тусгах, хоёрдугаарт, бодлого хөтөлбөрт сууж эрэмбэлэгдсэн тэргүүлэх зорилтуудтайгаа хөгжлийн санхүүжилтээ чиглүүлж зарцуулах, гуравдугаарт, хөгжлийн үр дүнгийн хяналтыг ТХЗ-ын шалгуур үзүүлэлттэй уялдуулж тусган хянадаг байх. Мөн хөгжлөөс хэнийг ч орхигдуулах байхад анхаарч тэдэнд чиглэсэн тодорхой арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлдэг байхад анхаарах хэрэгтэй. Бас энэ цар тахлын үед хамгийн их хохирол үзэж байгаа өдрийн хоолныхоо мөнгийг өдөрт нь олдог албан бус салбарт ажилладаг хүмүүст мөн онцгой анхаарвал зохино. ТХЗ-ыг нэг бүрчлэн харвал миний дээр дурдсан хүний эрхийн олон асуудал, бэрхшээл, зөрчлийг арилгах шийдэл гэж болно.
-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс шинэ бүрэлдэхүүнтэй болсон. Одоо даруй Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах нь чухал гэж хүний эрх хамгаалагчид шаардаж байна. Энэ механизм нийгэмд ямар үр өгөөжтэй вэ?
-Хорь орчим жил ажилласан туршлагатай хүний эрхийн үндэсний байгууллага саяхан бүрэлдэхүүнээ шинэчиллээ. Энэхүү шинэ бүрэлдэхүүнд гурван эмэгтэй гишүүн томилсон нь ахиц дэвшилттэй алхам гэж харж байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмийг байгуулснаар хүнлэг бус, хэрцгий, доромжилж харьцах, шийтгэж байгаа үйл явдлыг дотооддоо таслан зогсоох боломж бүрдэнэ гэж харж байна.
-2021 онд манай улс НҮБ-ын гишүүн болсны нэгэн жарны ой болно. Энэ арга хэмжээг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?
-Монгол улс нь НҮБ-д 1961 онд гишүүнээр элссэн байдаг. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд НҮБ болон Монгол улсын хооронд тогтсон харилцаа маш бат бөх, түншлэл, хамтын ажиллагаатөгс хэлбэрээ олж чадсан байна. Өнөөдөр, Монгол Улсын цэнхэр дуулгатан, хүмүүнлэгийн ажилтнууд зөрчил мөргөлдөөнтэй бүс нутагт болон байгалийн гамшгийн тэргүүн шугаманд ажиллаж байна. Монгол улс бол НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж буй, НҮБ-ын идэвхитэй гишүүн улс билээ. Ирэх жил тэмдэглэх 60 жилийн тэмдэглэлт ойг Монгол Улсын Засгийн газартай хамтран тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хийн ажиллаж байна. Дэлхий дахиныг хамарсан олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүнээр элссэн энэхүү түүхэн өдрийг өргөн хүрээнд тэмдэглэхээр зорьж байна.
-Та Монгол Улс 2030 онд ямар болсон байгаасай хэмээн төсөөлж харж байгаа вэ?
-Миний төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн хүсэж байгаачлан эрүүл, аюулгүй, таатай хүрээлэн буй орчиндоо ээлтэй, шударга, эрх тэгш, тогтвортой, тэсвэртэй нийгэмтэй болсон байхыг хүсэж байна.
-Хүний эрхийг дээдлэх, хамгаалах чиглэлд дорвитой өөрчлөлтүүд гарч чадах болов уу?
Төрийн алба хаагч, хувийн хэвшил, иргэний нийгэм хэмээн ялгалгүй хүн нэг бүр хүний эрхийн талаар мэдэж ойлгож, эрх, үүргээ зүй ёсоор ухамсарлаж, үүнийхээ мөрөөр эрхээ эдэлдэг болсон цагт бүрэн боломжтой гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.
О. Ариунцэцэг
Энэ ярилцлага анх 2020 оны 12 сарын 10-нд Өдрийн сонинд нийтлэгдсэн болно.