Өгүүлэл
2026 оны нэгдүгээр сарын 26
Монгол Улсын тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих нь
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгдэх Улаанбаатар хот өвөлдөө ихэвчлэн цельсийн -30 хэмээс доош орж хүйтэрдэг. Өвлийн тэсгим хүйтэнд гэр хорооллын өрхүүд нүүрс түлж гэрээ халаадаг тул хот бүхэлдээ нүүрсний хорт хар утаагаар бүрхэгддэг. Улаанбаатар болон бусад суурин газрын оршин суугчдын хувьд хахир хатуу өвлийг өнтэй давах гэдэг том сорилтоос гадна амьжиргаа, эрүүл мэндэд нь ихээхэн хөнөөлтэй агаарын бохирдолтой нүүр тулдаг. Тухайлбал, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн гэр хороололд гурван хүүхдийнхээ хамт амьдардаг Гантуяагийнхны хувьд гал алдахгүй өвөлжих гэдэг нь олон бэрхшээлийн зөвхөн нэг нь. Монгол Улсад нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг олон судалгаа нотолж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд, тэр дундаа хортой бохирдуулагч бодист өртсөн хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж ураг амьгүй төрөх, дутуу төрөлт, уушгины хатгалгаа, амьсгалын замын бусад хүндрэлийн тохиолдлууд нэмэгдэхэд нөлөөлж байгааг тэмдэглэсэн.“Манайхыг нүүрс түлдэг байхад гэр доторх тоосонцор, нүүрсний утаанаас болж том охины маань харшил байнга хөдөлж, тэвчихэд үнэхээрийн хэцүү байсан” хэмээн Гантуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн нийтлэлд өгүүлжээ.Нүүрсний хэрэглээнээс татгалзаж цэвэр эрчим хүчинд шилжих нь зоримог төдийгүй боломжтой шийдэл болохыг нотолж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Нарны илч” туршилтын төсөлд хамрагдсан 68 өрхийн нэг болох Гантуяагийн түүх Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хийх боломжтойг бэлхнээ харуулж байна. “Гэр орон маань үнсний тоос тортогонд дарагдахаа больж дулаахан, тав тухтай ч боллоо. Нарны эрчим хүчний систем ашиглаж эхэлснээр нүүрс худалдаж авах шаардлага үгүй болж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ч хэмнэгдэж байна. Хүү маань нүүрс авах гэж цаг алдахгүй, хичээл номоо давтах илүү цаг завтай болж, охины маань харшил ч илааршиж байна” хэмээн Гантуяа ярьсан. Монгол орны хатуу ширүүн өвлийн улирлыг даван туулах чадавхтай, ухаалаг тоолуур бүхий нарны эрчим хүчинд суурилсан системийг ашигласнаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, агаарын чанар сайжирч, цаашид нүүрстөрөгчийн кредитийн бүртгэлийг бий болгох боломж бүрдэж байна. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сан ч агаарын бохирдолтой тэмцэхэд олон эх үүсвэртэй халаалтын системийг туршиж, нүүрсний хэрэглээнээс татгалзаж нүүрсхүчлийн хий бага ялгаруулах сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний систем ашиглан хөдөөгийн таван бага сургууль, 10 сумын эрүүл мэндийн төвийг цэвэр эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд арван аймагт нарны эрчим хүчээр ажилладаг ус, ариун цэврийн байгууламжуудыг ашиглалтад оруулснаар нийт 37,500 орчим хүн ашиг тусыг нь хүртэж байна.Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас гэр хорооллын өрхүүдийн дулаан алдагдлыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах ЧИП багцын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2025 он гэхэд 13 аймаг, Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн гэр хорооллын нийт 6000 гаруй өрхийн 25000 гаруй хүн дулаан, тав тухтай, утаа тортоггүй гэр оронд амьдарч цахилгаан халаагуур, орчин үеийн цахилгаан хэрэгсэл ашиглах боломж бүрджээ.Гэргийн хамт амьдардаг өндөр настан Амаасүрэнгийн хувьд өвлийн хүйтэнд хальтаргаа гулгаатай замаар нүүрсээ зөөхөд ихээхэн хүндрэлтэй байсан бөгөөд ЧИП хөтөлбөрийн ачаар нүүрс түлэхгүйгээр гэрээ халаадаг болсноор нүүрс авах гэж санаа зовохгүй, өвлийг өнтэй давдаг болсон гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Туршилтын хөтөлбөрийн цар хүрээг улам тэлж Цэвэр эрчим хүчний бодлогын шинэчлэлийг эрчимжүүлэх нь Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 90 гаруй хувийг нүүрс ашиглан үйлдвэрлэсэн хэвээр байгаа бөгөөд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт (ҮТХН) 3.0 болон Алсын хараа-2050 хөтөлбөрийн хүрээнд тус улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр нүүрснээс татгалзаж цэвэр эрчим хүч рүү шилжих зорилтуудыг дэвшүүлсэн.Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц хүчин чадал нь нар, салхины нөөцийг оролцуулан 2600 гегаватт (ГВт)-аас давах тооцоо бий. Иймд Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийн жинг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьж байна. 2023 оны байдлаар энэ үзүүлэлт 18.3 хувь байна. Гэтэл сэргээгдэх эрчим хүчний энэхүү асар их нөөцийн дөнгөж 0.06 хувийг нь л тус улс одоогоор ашиглаж байна.НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй цэвэр эрчим хүч ашиглах туршилтын төслүүд тодорхой үр дүнд хүрч, айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг бууруулж, төсөлд хамрагдагчдын амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна. Эдгээр амжилтад тулгуурлан Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчинд тулгуурлан айл өрхийн эрчим хүч, халаалтыг шийдвэрлэхийг зорьж байна. Улмаар цаашид тогтвортой байдлыг хангах үүднээс нүүрстөрөгчийн зээлийн боломжуудыг туршиж байна. Хандивлагч түншүүдийн дэмжлэгтэйгээр төсөлд хамрагдсан өрхүүд эхнээсээ илүүдэл эрчим хүчээ төвийн системд нийлүүлж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болж байна.Ийнхүү, туршилтын төслийн үр дүн нь цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих бодлого, нүүрстөрөгчийн зээл, уур амьсгалын санхүүжилтийн бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, НҮБ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар нь “Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ” бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү баримт бичиг нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн тэнцэлийг хангасан цогц төлөвлөгөө юм. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын Хамтарсан сангийн санхүүжилтээр НҮБ-ын Суурин Зохицуулагчийн удирдлага доор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комиссын хамтын дэмжлэгтэйээр боловсруулсан энэхүү бодлогын хүрээ нь цэвэр эрчим хүч, жижиг дунд үйлдвэрүүд, ногоон дэд бүтцийг хөгжүүлэхийг дэмжиж, хүн амын эмзэг бүлгүүдийн ашиг тусыг хангахыг баталгаажуулна.Энэхүү бодлогын баримт бичиг нь Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн гол цөмд хүний эрх ашгийг тавьж, хүн амын бүхий л бүлгүүдийг зохистой ажлын байраар хангах, эрсдлийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхийг эн тэргүүний зорилт болгосныг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Яап ван Хиерден цохон тэмдэглэв. 2035 он гэхэд уг Бодлогын баримт бичиг нь тэгш шударга бөгөөд эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхтай эрчим хүчний шилжилт хийх Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангах луужин болж хөгжих учиртай.НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска "Монгол Улсын эрчим хүчний ирээдүй нь ногоон төдийгүй тэгш хүртээмжтэй байх хэрэгтэй. Энэ нь нэг ч өрх, ажилтан, бүс нутгийг орхигдуулалгүйгээр цэвэр эрчим хүчний тогтолцоог бий болгох шаардлагатай гэсэн үг юм” гэв.Монгол Улсын Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар илүү их хүчин чармайлт гаргахаа дахин нотолж, уг бодлогын баримт бичиг нь эрчим хүчний болоод уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, түүнчлэн олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэх нийтлэг зорилтыг хангаж байгааг Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтий газрын дарга Ж. Хичээнгүй онцлон тэмдэглэв.Монгол Улсын Цэвэр эрчим хүчний шилжилтийн санхүүжилтМонгол Улсын Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ нь уур амьсгалын санхүүжилтийн механизмыг эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлийн замын нэгдсэн зураглалтай уялдуулж, хэнийг ч орхигдуулахгүй байхыг баталгаажуулах юм. Энэхүү шилжилтийг хэрэгжүүлэхэд 2035 он гэхэд 10-16 тэрбум ам.долларын хөрөнгө санхүүжилт шаардлагатай бөгөөд төр, хувийн хэвшил, олон улсын түншүүдээс холимог санхүүжилт татах хөрөнгө нөөц дайчлах тууштай арга хэрэгслүүдийг ашиглах болно.Нарны илч төсөл нь НҮБХХ-ийн Санхүүжилтийн цонх меxанизмаар Францын Засгийн газар, БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Чингэлтэй дүүргийн санхүүжилтээр, Улаанбаатар хот, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран, дотоодын стартап URECA болон Ger Hub ТББ-ын инноваци, техникийн шийдэл, иргэдийн оролцооны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн юм.Гэр хорооллын өрхүүдийн дулаан алдагдлыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах зорилготой НҮБ-ын Хүүхдийн сангийн ЧИП (CHIP) багцын хөтөлбөрийг Засгийн газрын татаас, хөнгөлөлттэй ногоон зээл, өрхүүдийн зүгээс оруулах хувь нэмэр зэрэг эх үүсвэрийг хослуулсан холимог бөгөөд шинэлэг, хүртээмжтэй санхүүжилтийн загвараар хэрэгжүүлж байна.